Даншиг наадмын үеэр МУЭ-ийн гишүүн, зураач Л.Амарсанаатай ярилцлаа. Тэрбээр Монгол үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд гар бие оролцож яваа нэгэн юм.
-Уран бичлэгийн төрлөөр бүтээл туурвих болсоор хэр хугацаа өнгөрч байна вэ?
-Сүүлийн 18 жил уран бичлэгээр бүтээл хийж байна. Өвөө маань монгол бичгээр их сайхан бичдэг хүн байсан юм. Өвөөгийнхөө бичихийг хараад суралцах хүсэл төрж байлаа. Түүнээс хойш бие даан монгол бичгийг үзэж, 1990 онд Ш.Чоймаа багшийг зурагтаар заахад нь гүнзгийрүүлэн суралцаж байсан юм.
-Хийж буй зүйлийнхээ, тэр дундаа монгол бичгийн үнэ цэнийг хэрхэн хардаг вэ?
-Аливаа үндэстний гол бахархал бол бичиг соёл гарцаагүй мөн.
Бичиг соёлтой ард түмэн мөнх оршдог.
Тэр ч утгаар мянган жилийн түүхтэй босоо бичгээ өвлөн, бас өвлүүлж, түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй гэж боддог. Энэ үйлсэд чадах ядахаараа гар бие оролцож яваа нь энэ.
Би зураач учраас бичгийн соёлыг урлаг болгож, уран бүтээлтэй хослуулах талаас нь ажлаа хийдэг.
Миний ихэнх бүтээл монгол бичгийн хэмнэл, бийрийн даралтын хүнд, хөнгөнийг шигтгэн зохиомжилж зурдгаар онцлог гэх үү дээ. Хар цагааны тэнцвэр бол уран бүтээл хийх гайхалтай боломж.
-Түгээн дэлгэрүүлэх үйлсэд оролцож байна гэлээ. Өөрөө монгол бичгээр бичээд зогсохгүй, өрөөлд заадаг гэж үү?
-Би боловсролын салбарт 23 жил багшилж байна. Одоо бол чөлөөт уран бүтээлч. Надад 200 гаруй шавь бий. Өмнө нь СУИС болон Гандийн нэрэмжит сургуульд багшилж байсан. Хэн нэгний шахалтаар бус өөрийн хүсэл сонирхлын замаар явж байна гэсэн үг.
-Хүмүүсийн сонирхлыг их татаж байгаа бололтой.
-Үндэсний бахархал маань сэргэж, үндэсний соёлоо бүгд л дээдэлдэг болсон шүү дээ.
Монгол бичгээр дурсгалын зүйл хийлгэх, суралцах, судлах сонирхолтой хүн олон болжээ.
-Та "Даншиг" наадамд хэд дэх жилдээ оролцож байна вэ?
-Долоо дахь жилдээ Даншиг наадамд оролцож, уран бичлэгээ хийж байна. Мөн үндэсний өв соёлоо сурталчлахын тулд наадмын талбайд 2008 оноос хойш гарч байна гэхээр 15 жил болжээ. Энэ хугацаанд зун бүрийн наадмаар гэж бодохоор, 16 удаа гарсан байна. "Даншиг" болон "Дээлтэй монгол" наадмуудыг эхэлсэн цагаас нь л бичиг соёлын ажлаа хийсээр ирлээ.
М.Дэвээ