НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулж буй “Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023” Хүй долоо худагт эхэллээ. Энэ үеэр бид Халимагийн нэрт туульч, дуучин, биет бус өв тээгч Охийн Цагаанзамтай ярилцлаа.
-Сайн байна уу? та, Монголд хэзээ ирэв?
-Ирээд сар хагас болж байна.
-Та сая бас Говь-Алтайд “Жангар” хайлж байгаад ирлээ шүү дээ?
-Би ер нь дандаа л “Жангар” явдаг хүн дээ. Жангарын замаар л явж байна даа. Монголын сайхан орондоо ирээд сайхан байна. Маш их баяртай байна. Говь-Алтайн наадам сайхан болсон. Тэр наадмын дараагаар би Өвөр Монголд очиж, хэдэн найзтайгаа уулзчихаад ирсэн. Сэтгэл тарган (дүүрэн, өег), өндөр байна.
-Энд Даншиг наадамд мөн л Жангараа хайлах уу?
-Тийм ээ. Жангарыг магтаж, хайлах минь их хэрэгтэй зүйл гэж би бодож явдаг. Бурхны олон шашин дэлгэрээд байгаа энэ цаг үед Жангар хайлах шиг чухал зүйл үгүй. Жангар бол 40 гаран нэрт, онгодоор буулгаж буулгаж ирсэн тууль гэж ярьдаг. Дээр үеэс манай нэг шашин шиг, бурхад, Жангар, 12 баатартайгаа ард түмний төлөө улаан амиа хайрлалгүй байсан гэдэг. Тэр цагт манай Монголчууд элэг бүтэн, өвчин зовлонгүй, энх тунх байжээ. Жангар гэдэг ид шидтэй. Жангараа хайлаад явахад бид зөв замд, хөгжлийн төлөө явах учиртай.
-Та Даншиг наадамд хэд дэх удаагаа ирж байна. Сэтгэгдэл хэр байна?
-Би анх удаагаа л ирж байна. Наадам гэдэг сайхан юм шүү. Хүмүүс хуран чуулж, уртын дуугаа дуулж, морио уралдуулаад л ямар ч гоё юм бэ дээ. Монголын ард түмэн өвсөө соёлоо хадгалж, түгээн дэлгэрүүлж яваад сэтгэл ханамжтай байна.
-Та үргэлж л Жангараа хайлж явдаг гэж хэллээ. Монголын ард түмэн таныг сайн мэднэ. Тэгвэл таны хувьд Жангарын ид шидийг юу гэж хардаг вэ?
-Дээр үед телевиз, сонин, сэтгүүл байхгүй байлаа шүү дээ. Тэр цагт Жангараас олон зүйлийг таньж, мэддэг байсан. Олныг нийлүүлж, яаж амьдрах, хамт урагшлах замд нь оруулж, зөв санаатай явахад нэмэр болсон. Монголчууд бол бөөрөнхий газар дээр эв санаатай байж, юуг удирдаж чадах ард түмэн шүү. Эзэн Чингис хааны хүртэл бидэнд үлгэрлэсэн байна шүү дээ. Олон ард түмнийг нэгтгэж, татвар авдаг байсан. Гэтэл би Оросоос ирсэн хүн. Тэнд Чингис хааны үед 10 хувийн татвар авдаг байсныг хамгийн бага, хамгийн сайн татварын тогтолцоо гэж магтаж байна. Одоо хорин нэгдүгээр зуунд шүү дээ. Ард түмэн нь баяждаг, хөл дээрээ босдог тийм л цаг байж дээ. Миний бодлоор Эзэн Богд Чингис хаан туулиас бүх юмыг уудалж, өөртөө шингээж авсан хүн.
-Жангарыг бүтнээр нь хайлахад олон өдөр, хоног болдог гэдэг шүү дээ?
-Жангар ч урт шүү. Гэвч бид зарим хэсгийг мартчихсан нь харамсалтай. Миний зорилго бол бүтнээр нь хайлах л юм шүү дээ. Жангарыг мэдэж байхад үндэсний хэл мартагдахгүй. Учир нь Жангарыг үндэсний хэлээр бичсэн байдаг. Үүнээс гадна үгийн нарийн утгыг ой ухаандаа тогтоож авч болно. Үүнээс илүү баяр, бахдал гэж байхгүй.
-Туульч байх, Жангар хайлахын хамгийн сайхан нь юу юм бэ?
-Монгол улс хэдэн хэсэг салж, бидний Халимагууд 400 жил тусдаа явлаа шүү дээ. Гэвч би тэдний дундаас их хувь заяат хүн юм байна. Тийм ч учраас өдий зэрэгтэй Жангараа хайлаад л явж байна даа. Өөр ямар ч үндэстэнд ийм соёл, бахдал байхгүй. Манай ард түмэн мундаг шүү. Жангараа хайлж, магтаад л явж байгаа цагт бидний хувь заяа дуусашгүй. Жангараа хайлбал тэнгэр бидэнд баярлана. Нэг ёсондоо бид тэнгэрийн илгээсэн илгээмжийг залгамжилж яваа улс. Дээд тэнгэр үүнийг илгээсэнд их утга бий шүү. Одоогийн залуус эх хэлээ мэдэхээ байсан. Тийм болохоор би хүчээр Жангар заах ч хэрэг гардаг. Ийм агуу зүйлийг Монгол туургатан мартах эрхгүй. Бид коммунизм гээд л тэнэг байсан шүү. Ах дүүс нэгнийгээ хөнөөгөөд л. Аав ээжийгээ байгаа айлын хажуугаар гарч уул давж өөр айлд буучхаад “ааваа, ээжээ” гэж хашхирах шиг утгагүй зүйл байхгүй. Эцэг эхийнхээ амьдад хүн шиг амьдрах хэрэгтэй. Тийм учраас л Жангар бидэнд зөв амьдрах зам зааж өгдөг.
Л.Сайнаа
М.Дэвээжаргал