Галт тэрэгний дуут дохио, цонх нүдэх аадар бороон дундуур довтолгосоор бид Дархан хотод ирлээ. Энд бүх зүйл ажин түжин. Эрин цагаа мартсан эл хуль гудамжаас хөл үймээнт биржийн зүг салхи татуулан давхиж байна.
Яг ийм салхи, үгүй ээ хуй салхи шиг хүн, одоо нам гүм.
Амьдралын “үнэн” гашуун. Тийм гашуун цаг үеийн дуу Р.Чойном билээ. Түүний охин Ч.Мөнхтэмүүлэн Дархан хотод бяцхан номын мухлагтай. Эцгийнхээ нэрээр нэрлэсэн эл мухлагт эртний зохиолоос эхлээд орчин үеийн Монголын уран зохиолын шидээврүүд эгнэнэ.
Үүдээр нь гараад арав алхахтай үгүйтэй хүнсний мухлаг, хувцасны худалдаа, зоогийн газар залгах аж. Мэдээж, ном борлуулаад хоол хүнс шиг мөнгө олохгүй. Гэвч тэрбээр гэгээ тасартал хаалгаа барихгүй.
“Урьд шөнө ном уншаад нойргүй хоносон, үс зүс зүгээр байна уу” гэж асууна. Аавын тухай ч олон ярьсан, хүмүүс залхаж байгаа биз дээ гэнэ. Бид Чойномын охинтой биш, Мөнхтэмүүлэн гэх хүнтэй ярилцмаар байна гэдгээ ч хэлж, амьдралын баяр гуниг хосолсон цаг үе рүү татагдан орсон юм.
Хүүгээ алдсан нь түүний хувьд тулаад ирсэн хамгийн хэцүү өдрүүд байжээ. Үрийнхээ тухай ярихдаа нэг гараа нөгөө гараараа атгаж сууна. Хувь тавилан гэдэг үгээр өөрийгөө аргадаж, зовлонг зөөлрүүлсээр ирсэн нь илхэн. Тийн суухдаа, “Би энэ хорвоод эх хүний нэр, дүрээр л үлдэнэ” гэж тэр хэлсэн юм.
Орчлонд туулж болж өчнөөн гуниг бий. Мөнхтэмүүлэн түүний тэн хагастай амьдарчээ гэхэд хилсдэхгүй. Орон байраа алдахын даваан дээр очиж, хүн хүнээ үдэхийн харуусал, өнчрөлийг ч үзжээ. Энэ бүхнээс “Сэтгэл өнчрөх” шиг хэцүү зүйл үгүй. Тэгвэл өөдөөс минь харан суугаа энэ бүсгүй сэтгэл бүтэн өссөн, туулсан гэж нүүр бардам өгүүлнэ.
“Хүнд хэцүү үед сайн сайхан хүмүүс хаанаас ч юм гараад л ирдэг, эргэн тойронд минь оршин байдаг” гэж хэлсэн түүний үгээс мухлагийн хаяг дээрх шүлгийн мөртийн утга ургах шиг санагдсан юм.
“Буруу биш зөв сэтгэлтэй явбал
Бурхан биш хүн чамайг аварна” хэмээсэн түүний шүлгийн мөр дурайна. Ч.Мөнхтэмүүлэнгийн амьдралыг хүмүүс аварсан. Нугарах, мохохыг үзсэн бүсгүй, хайрлах хайрлуулахын сайхныг хүмүүсээс л мэдэрчээ.
Хүн түүнийг босгож, хүн түүнийг хайрласан. Тийм болохоор л “даваад гарсан” гэж өгүүлнэ.
Ааваасаа авсан зүйл түүнд үгүй. Харин ааваас нь үлдсэн зүйл их юм. Нүд, монхор хамар гээд л. Мөн авьяас. Тэрбээр “Би бол чи” хэмээх шүлгийн түүвэртэй. Номынхоо хавтас шиг хар цагааныг аав охин хоёр хоёулаа л туулсан юм билээ. Охин нь биш гэж хэлүүлж явахдаа, нэрийг нь барилаа гэж үл тоомсорлуулахдаа бүхнийг орхичихож болох байсан. Гэтэл тэр тэгээгүй. Чойном гэх хүний амь халууныг буйдхан мухлагаараа дамжуулан түгээсээр байна. Хүний үр байх ийм. Үлдэх үр гэдэг ийм.
Мөнхтэмүүлэнгийн шүлгээс Чойномынх шиг эрэмгий хийгээд эх хүний нинжин сэтгэл, орчлонг хайрлахын цагаан дуу түгэж байлаа.
Цаг хугацаа гол мөрөн шиг урсан ирж, гол мөрөн шиг урсан одно. Түүний аав амьдралын үнэнийг дуулснаараа адлагдаж, басхүү амьдралын үнэнийг дуулснаараа“үлдсэн” юм.
“Ураг сайхан Монголынхоо алдар, түүх хоёрыг
Улаан бүслүүрт малгайтай цагдаа нарын дундаас
Удам хойчийн үрсдээ монгол сэтгэлээр хүргэх гэж
Уушгины гурван судсаа тасартал би дуулна аа” хэмээх Р.Чойномын шүлгээр энэхүү тэмдэглэлээ жаргааж байна.
М.Дэвээ