Манай редакцын сурвалжлах баг Дархан-Уул аймагт байршилтай "Чойномын номын мухлаг"-ийг зорин очиж, алдарт найрагчийн охин Ч.Мөнхтэмүүлэнтэй ярилцсан юм. Түүнийг Р.Чойномын охин гэдгээр хүн бүр мэднэ. Харин энэ удаад бид Мөнхтэмүүлэнгийн бодол хүслийн дуу хоолойг уншигчидтайгаа хуваалцахыг хүссэн билээ. "Би дуртай ажлаа хийж байна. Дуртай зүйлсийнхээ дунд амьдарч байна. Би эрх чөлөөтэй байна" хэмээн ярих бүсгүйн хувь тавилан тийм ч дардан бус аа.
-Тухайн үед Ренчиний Чойномын охин биш гэгдэх “егөө” ч байж. Ер нь та хувь тавиланд итгэдэг үү?
-Би хувь тавиланд итгэдэг. Өөрийгөө зөнтэй ч гэж боддог. Хүмүүс төөрөг тавилангийнхаа замаар л явдаг.
Би үзэх ёстойгоо үзэж, даах ёстой зовлонгоо л үүрсэн. Ингэж л амьдрах ёстой байсан юм байлгүй. Үүнээс илүү дээр эсвэл илүү доор амьдарч болох байсан гэж бодож байгаагүй.
Би шаналсан ч бай, жаргасан ч бай энэ бол миний хувь тавилан.
-Хувь тохиолоо мэдэж авлаа. Янз бүрээр ч хэлүүлсэн юм билээ. Амаргүй л байсан байх. Тэр бужигнуур цаг хугацаа танд жаргалын дээд, зовлонгийн хүндийг ч адилхан мэдрүүлсэн үү?
-Жаргалын дээд гэвэл ямар нэгэн шаналгаагүй, сэтгэл амар амгалан байх. Үр хүүхэд эрүүл энх, сайн сайхан явахыг харах эх хүний жаргал. Гэвч үр хүүхдээ алдах бол хорвоогийн хамгийн хэцүү зовлон. Ээж маань хорт хавдар оноштойгоор эмнэлэгт байхад, дотны найздаа луйвардуулаад гудамжинд гарч байхад хэцүү л байлаа. Тэр үед Р.Чойномын охин биш гэгдэж, хүмүүс хүлээн зөвшөөрөхгүй байсан. Тийм үед нөхөртэйгээ учирсан.
Амьдралд муугаасаа сайн нь их. Сайн сайхан хүмүүс амьдралын минь хэцүү үед хаанаас ч юм гараад л ирдэг. Эргэн тойронд оршин байдаг.
-Бид уншсан. Таны хүүгийн шүлгүүд өөрийн гэсэн өвөрмөц өнгө аястай байжээ?
-Хүү маань биднийгээ нэг ч удаа зовоож байгаагаагүй юм шүү дээ. Тэр маань “би өөрийнхөөрөө бичнэ, би амьдралыг өөрийнхөөрөө харна” гэдэг байсан. Өөрийнхөөрөө бүх зүйлийг хийж ирсэн. Цомог гаргах гэж байсан боловч дуусгаж чадаагүй дээ. Миний хүү сэтгэл судлаач мэргэжлээр суралцаж байсан юм. Сэтгэцийн эмгэгтэй хүний талаарх зохиол бичиж байсан боловч дуусгаж амжилгүй бурхан зүг одсон.
-Та номын мухлагтай болоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ таны хүсэж мөрөөдөж байсан зам мөн үү?
-Би их дэврүүн, романтик хүүхэд байлаа. Гэхдээ л номоос хол амьдраагүй. Ном унших дуртай, цуглуулдаг байсан. Энэ бол миний хүсэл мөрөөдлийн зам мөн. Энэ мөрөөдлийг минь босгож өгсөн хүмүүстээ үргэлж талархаж явна.
Энэ бол байж болохуйц, миний хүсэн мөрөөдөж байсан хамгийн сайхан ажлын байр. Би дуртай ажлаа хийж байна. Дуртай зүйлсийнхээ дунд амьдарч байна. Би эрх чөлөөтэй байна.
Бусдад оюуны үрийг тарааж, түүгээр дамжуулан шинэ ирээдүй, шинэ оюун ухааныг бэлэглэж байгаа. Ийм болохоор л ном гайхалтай. Хүүхдэд үлгэрийн номоор дамжуулан шинэ ирээдүй бэлэглэж байгаа ч юм билүү, би тэгж л боддог.
-Танд боломж нь байсан бол уран зураг, утга зохиол хоёрын алийг нь сонгох байв?
-Зурах сонирхолтой л байлаа. Оюутан болоход миний ээж хүнд өвчинтэйгээ тэмцэж байсан үе таарчихсан. Амьдрал тийм ч боломжийн байсангүй. Бодоод байхад миний зураг зурах өчүүхэн авьяас охинд маань бас хүү минь авьяастай нэгэн байсан.
Энэ бол ааваас надад “үлдсэн зүйл”. Гэхдээ аль аль нь надад бүрэн ч байгаагүй, хагас ч байгаагүй.
Өөрийгөө хөгжүүлэхгүй залхуурсан. Залхуу хүн л дээ.
-Та бол “номын мухлагтай л болно” гэж хүсснээс ийм нэртэй гэж бодоо ч үгүй юм билээ. Хүмүүс аавынхаа нэрээр амьдарч байна гэх юм уу?
-Учиртай. Хамгийн түрүүн энэ мөрөөдөл маань л толгойд орж ирсэн. Түүнээс биш нурж унах гэж байгаа байшингаасаа нүүе, эсвэл нөхөртөө машин авч өгье гэж мөрөөддөг гэж хэлж болох л байсан. Гэхдээ орж ирээгүй. Өөрийнхөө дуртай номуудыг өрж тавьчхаад л уншаад, зараад сууж байхыг хүсдэг байлаа. “Мөрөөдөл биелэдэг юм” нэвтрүүлгийн багийнхан өрийг маань барагдуулж өгсөн. Бас Өвөр Монголчуудынхаа дэмжлэгтэйгээр ийм сайхан номын мухлагтай болсон юм. Тус дэмжлэгийг оройлсон залуу "Чойномын номын мухлаг" гэх нэрийг санал болгосон юм билээ.
Нэмж хэлэхэд, би аавынхаа нэрийг барьж амьдраагүй. Аавынхаа гараас авч чадаагүй атга чихрийг л хүссэн төдий.
-Ашиг орлогын хувьд хэр байна даа?
-Өдөр тутмын хэрэглээний зүйлсийг гүйцэхгүй л дээ. Хайсан ном нь манайд байх үгүйгээс, үйлчлүүлэгч маань мөнгөтэй байх эсэхээс хамааран ашиг орлого тогтвортой бус.
Гэхдээ дуртай зүйлээ хийж байгаа болохоор гомдоллохгүй. Амьдралд хүрэх үедээ хүрээд, хүрэхгүй үедээ хүрэхгүй.
Томоохон баярын дараа бол таг болно. Одоо мухлагт маань 500-гаад ном бий. Асуудлуудаа шийдчихээд ном түрээсийн үйл ажиллагаа явуулъя гэж бодож байна. Гэвч түрээс гэхээр номыг маань буцааж авч ирэх хүн ч байна, өгөхгүй алга болох хүн ч байгаа. Мөнгийг нь шууд авъя гэхээр тэр болгон мөнгөтэй хүн байхгүй. Мөн мухлагийнхаа үйл ажиллагааг өргөтгөөд “бичиг хэрэг зардаг болно” гэж бодож байгаа. Хүн орж ирээд дэвтэр, баримлын шавар асуувал өгчих хэмжээний.
-Дархан хотынхон хэр уншигч вэ, ихэвчлэн ямар номын сураг тавьж байна?
-Аавын номыг их асууна. Өсвөр насныхан ном сайн уншдаг болсон. “Алхимич”, “Ад үзэгдэх зориг" номууд борлуулалт сайтай. Миний үеийнхэн хуучны ном харахаараа “таньдаг хүнтэйгээ уулзсан юм шиг боллоо” гэдэг.
-“Би бол чи” номоо дахин хэвлүүлэх үү?
-Энэ номын нэрийг аав маань зүүдэнд орж ирж өгсөн юм. Бага зэргийн хэвлэлийн алдаатай. Засаж хэвлүүлэх гээд чадахгүй л явна. Мөн хүүхдийн тууж бичсэн. Ядаж цувралаар хэвлүүлчих юмсан гэж бодох л юм. Туужаас хойш дахиж бичээгүй л байна. Одоо унших ажилдаа орчихсон (инээв). Толгойгоо цэгцэлж байгаад л суух хэрэгтэй. Нөхцөл бүрдвэл нэг зузаан дэвтэр тавиад сууна даа.
-Номын нэрний утгыг тайлбарлавал?
-Хар цагаан хавтасны учир нь, харанхуй цаг үед миний аав гэрэл гэгээ нь байсан. Харин үргэлжлэл нь болох би, “гэрэл гэгээтэй цаг үед ч харанхуйлаад гэрэлтэж чадаагүй” гэсэн утгатай. Амьдрал хар цагаан өнгөөр ээлжлэн үргэлжилдэг. Миний шүлгүүд ч ялгаагүй. Амьдралын хар цагаан, сайн муу, жаргал зовлон.
Бүх зүйлийг гэрэл гэгээгээр бүтээгээгүй. Амьдрал дээр хар цагаан л голлоно. Дунд нь дурлалын улаан, ягаан өнгө байж болно л доо (инээв).
Би бас аавын нутагт “Оюухай” яруу найргийн наадам болвол очъё гэсэн бодолтой байна. Шүлэг бичих чинь үнэнийг хэлэхэд амархан шүү дээ. Бороотой өдөр, цонхоор харан гуниглаж зогсоход л шүлэг ороод ирнэ. Залуу нас бол галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй гэдэг шиг л үе. Хүнтэй бараг шүлгээр л ярина.
-Амьдралд хүн хүнийхээ орон зайг яаж нөхдөг юм бэ. Та аавын хайрыг үгүйлж л явсан биз дээ?
-Одоо бол тэр хайраар дутсан шиг эмзэглэхгүй.
Аавын хоосон орон зайг ханийн хайр дүүргэсэн. Багад бол хэцүү л байсан. Миний хувьд аав бол нагац ах. Тийм сайхан ахтай байсан болохоор “сэтгэл өнчин” өсөөгүй. Ахыгаа хүнтэй суугаад явсан хойно гунигтай санагдсан. Нөхөртэйгээ таарснаас хойш “аав ээж минь байсан бол” гэж нэг их бодогдоогүй дээ. Тэгж бодохын завдалгүй хайрлаж, дурлаж явлаа, хамт байлаа. Дөрвөн хүүхдийн ээж болж, амьдралын гал усан дундуур туучиж явахад хорвоо тийм сөхөө өгдөггүй юм билээ.
Ээжийг хүнд өвчтэй, хүмүүс намайг аавын охин биш гэж хэлж байх үед л “аав маань байсан ч болоосой” гэж бодож байсан. Яагаад надад зориулж ганц ч шүлэг бичээгүй юм бол, эсвэл бичсэн шүлгийг нь өгөхгүй байгаа юм уу гэх зэргээр боддог байсан. Одоо уужирсан. Угаасаа ааваараа овоглодог. Төрөл садангаа хүртэл мэднэ.
-Та ер нь гомдол тээж явдаг төрлийн хүн үү, түүнээс аль болох салахыг хичээдэг хүн үү?
-Би нэг л зүйлд гомдсон. Найздаа хууртагдахад, уучилсан гэж хэлсэн ч мартаж чадахгүй. Миний байрыг барьцаанд тавиад алдчихсан юм. Гэхдээ би дуугаа хурааж, аргадуулах гээд туниад байж чаддаггүй. Өөрөө түрүүлээд аргадчих гээд байдаг. Гомдож сураагүй гэх үү дээ.
-Хайраар дүүрэн амьдрах тухайд та юу гэж боддог вэ?
-Элэг бүтэн байвал тэр хайраар дүүрэн амьдрал. Өлгийтэй хүүхдээ тэврээд зогсож буй эцэг хүн надад их гоё харагддаг байлаа. Хатуу зөөлөн хоёрын туйл нийлээд, яг урлагийн бүтээл шиг.
Аавтай амьдрал аз жаргалтай. Үнэндээ эх хүн хэчнээн хичээсэн ч эр хүний ноён нуруу, нөмөр нөөлөг амьдралд үргэлж үгүйлэгддэг. Хайр дүүрэн байвал сэтгэл ч амар амгалан байна.
-Ярилцлагын төгсгөлд ном унших тухайд үг хэлбэл?
-Ном уншиж, төсөөлөн бодсоноор гайхамшигтай ертөнцөд тархиараа очиж чадна. Сэтгэн бодох, мөрөөдөх чадвар хөгжинө. Ирээдүй тэр хэрээр гэрэлтэнэ. Та бүхэнд сайн сайхныг хүсье.
М.Дэвээжаргал
Р.Батхишиг
Сэтгэгдэл (1)