Бороотой өдөр нарыг хүсдэггүй хүмүүс гэвэл яруу найрагчдыг л хэлэх байх. Тэд орчлон дээр байдаг ч хүмүүсийн төдийлөн мэдэрдэггүй зүйлсийг мэдэрч, түүнийгээ яруу сайхнаар бусдад түгээхээр заяагдсан улс. Өнөөдөр нийслэл хотод дуу цахилгаантай, аадар бороо орно гэж цаг уурын станцууд мэдээлж байна. Тэгвэл бид та бүхэнд Бороотой өдрийг гайхамшиг болгох ТАВАН шүлэг нийтлэлийнхээ хоёр дахь цувралыг хүргэж байна.
Яруу найрагч Х. Эрдэнэбаатар- Түрэг охин
Түрэг охины гишүү мэт харцанд
Түүдэг адил шатаж явахад
Жари эхийн тал нам гүм бороорхог
Жаахан тэр минь хөл нүцгэн байсан.
Хацарных нь хонхорт бороон дусал тогтож
Халгин инээхэд нь усан цацраг үүснэ
Мөнгөн лаа шиг бэлхүүс нь гэрэлтээд
Мөнөөхөн өдрийг зүүдлүүлж орхино
Асгарах бороон дунд хуурай салхийг хүснэм.
Амтат дарсыг нарны гэрэлд уунам
Эргэн тойрон усан бороо суунаг манан
Энд гүн ухааны тэрс уянга эгшиглэнэ
Оройн мѳрний тунгалаг уснаа хус модод сүүдрээ дүрэхэд
Охидын шилбэ цайран харагдах шиг сэтгэлд минь үймүүлнэ
Цасан ширхэг шиг одод гялалзах усны мандалд
Цайлган түүний минь хөхиүн инээдийг чихнээ урина
Ялдамхан шүлэгчид охидын үзэсгэлэнд уйтгараа сэлбэж
Яаж ч болохгүй дурлалын цүнхэлд унадаг юм
Зүрх норгосон хайрынхаа дарснаас тэд хэзээ ч
Зүүдэндээ ч хүртэл хагацаж чадахгүй зовдог юм
Түрэг охины гишүү мэт харцанд
Түүдэг адил шатаж явахад
Жари эхийн тал нам гүм бороорхог
Жаахан тэр минь хөл нүцгэн галархаг...
Яруу найрагч Х. Нямхишиг- Ээжийгээ саначихлаа
Болжмор шиг, жимс түүж идэх минь ч
Борооны тухай жиргэх минь ч яах вэ
Саглагар модноо сүрэглэн суух минь ч
Сарны тухай дуулах минь ч яах вэ,
эжийгээ саначихлаа
Оддын тэнд байгаа нүдээ авъя,
Үүлс нь тэнд нүүж л байг;
Охидын тэнд байгаа зүрхээ авъя,
Үс нь тэнд хийсч л байг,
эжийгээ саначихлаа
Хаврын хаварт харина гэж жиргэсэн ч
Хангайн модод жимслэхийг хүлээлээ;
Зун зунаар явна гэж жиргэсэн ч
Зулзаган жимс боловсрохыг хүлээлээ,
эжийгээ саначихлаа
Солонгын өнгөнд байгаа зүүдээ авъя,
Шүүдэр нь тэнд унаж л байг;
Согооны нүдэнд байгаа хүслээ авъя,
Шүлэг нь тэнд тунаж л байг,
эжийгээ саначихлаа
Намрын намарт зорино гэж жиргэсэн ч
Наалинхай үрсээ өдлөхийг хүлээлээ ;
Өвөл өвлөөр золгоно гэж жиргэсэн ч
Өдөлсөн үрсээ өлчиржихийг хүлээлээ,
эжийгээ саначихлаа.
Шинэ цаснаа мөрөө үзэх минь ч
Шиврээ бороонд мөчир хэсэх минь ч яах вэ,
эжийгээ саначихлаа
Бяцхан далавчаа ганцхан зүгт дэвье;
Бяд суунгуут орхисон үүрээ нэг эргэе,
эжийгээ саначихлаа...
Яруу найрагч Г.Хашбаатар- Хотын бороо
Дуулах хүүгийн хоосон малгай усаар дүүрсний дараа л
Дуугай тэнгэр уйтгарт гивлүүрээ сөхнө
Хүү явна
Навчис хүн төрлийг олохоор дээрээс нь өндийхөд
Нуруу нь амрах модон сандлын
Хэдэн хөлийг сүлжих салхинаа
Хөөрхий хүүгийн малгай хийснэ
Хожмоо би
Нэгэн дэлгүүрийн үүдний хашаанд өлгөгдсөн
Нөгөөх малгай цасанд дарагдсныг олж харсан сан
Саравчин дээрх бичиг нь цастай хамт дусалж
Сураг алдарсан эзнийхээ араас урсах шиг болсон доо...
Яруу найрагч Б.Баясгалан
Хотын дээрх тэнгэрийг хэн ингэтлээ гомдоочихоод
Хорин хоног тасралтгүй бороогоор уйлдаг байна аа
Гуниж дуслуулсан нулимсыг нь алгандаа тосч хөнтөрчихөөд
Гурван хоног би чинь согтуу юм шиг л алхаллаа
Үнэ хямдтай гоёлын шаахай бидний гунигийг даасангүй
Үүл болоод солонгын тухай үглэж дуулаад ч сонссонгүй
Норсон гэзэг, гандмал шүхэр, чихарсан нойтон савлуур л
Ноднин жилийн тэнэгхэн дурлалын тунгалаг шаналлыг сэдрээнэ дээ
Үргэлжийн бүүдгэр бүхэнд ингэтлээн адгаж дасчихаад
Үүр цайхад нар мандчихсан байвал үхмээр л санагдах байх даа...
Яруу найрагч С.Начин-Бороо
Бороо дусагнаад л тэгсэн хэрнээ
Нэг л гуниглангуй
Нулимсаа хатамжилсан эрх хүүхэд шиг
Бүр тийм л гэсэн шиг ганц хоёрхон дусал
Хаяад л
Яг миний зүрхний түг түг хийх цохилт шиг
Ялгуухан алгуурхан асгараач
Ямар үед нь ороод, хэдийд нь цурхирдагаа
Яг одоо хэлээд өгөөч
Асгараач...
Л.Сайнаа