Яруу найрагч Ж.Батцэцэг
Санд мэндхэн ирж өдөр хоног энгэр задгай одно
Салхи сандруухан залгиж зэгс цоорын аялгуу гаргана
Сарны туяа чиний миний царайг ялгалгүй гэрэлтүүлнэ
Санаа алдахдаа л харин чи надтай адил байсангүй.
Аниргүй огторгуйд үүлс хурын чуулаандаа цуглана
Ангирын сүүдэр өвсөнд торж үлдэх шиг нутагтаа хорогдоно
Алганы хэмжээгүй ч навчис маргааш ургана гэхдээ өнөөдөр унана
Ай даа сэтгэл гэдэг үргэлж алтан утсаар нэхэгдэх мэт
Онгодын эзэнд сөгдөж буй бүхнээрээ хадаг өргөнө
Орхигдсон бодлоо сэргээж найргийн мөр хэлхэнэ
Би очих эсвэл надад ирэх холын тэр өдрүүдэд
Бэрх юм бас сайхан өдрүүд хичнээн их хүлээнэ.
Санд мэндхэн ирж өдөр хоног энгэр задгай одно
Салхи сандруухан залгиж зэгс цоорын аялгуу гаргана
Сарны туяа чиний миний царайг ялгалгүй гэрэлтүүлнэ
Санаа алдахдаа л харин чи миний адил байсангүй.
__________________________
Хэн нэгэн өлгийний эрэлд гарахуй
Хэн нэгэн авсны эрэлд гарна.
Хэн өнөөдөр бидний дунд буй болох
Хэн өнөөдөр бидний дундаас салан одохыг хэн мэдэх
Хэн нэгэн хүний халуун энгэрээ эзгүйрүүлэн одно
Хэн нэгэн хүний халуун энгэрт багтахаар ирнэ.
__________________________
Уулын энгэрт бороо цайрна
Уйлж суугаа ижийн минь нулимс шиг
Бор, борхон дуслууд нь
Байг ч гэсэн над руу асгарна
Нүд рүү асгарна
Төрөх л гэж ижийдээ ирж
Өсөх л гэж яарахын эрхээр
Бие болж таныгаа өмлөн тасраагүй мэт
Би болж он жилээр холддогийн учир...