УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна. Чуулганы нэгдсэн хуралдаанд 60 гишүүн оролцож байгаа юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан үг хэлж, санал дэвшүүллээ.
Тэрбээр, “Аливаа улс орны шийдвэр гаргагчийн гаргаж байгаа шийдвэр бүр, аливаа үйл ажиллагаа бүр нь хүүхдийн эрхэм дээд язгуур эрх ашигт нийцэж байна уу гэдгийг нягтлан үзэж байж шийдвэрээ гаргах ёстой. Гэсэн хэдий ч хүүхдийн эрхийг хангах асуудал, салбар дундын уялдаа холбоогүй байдлаас болж илт цалгардаж, хүүхдийн эсрэг гарч байгаа хүчирхийлэл, гэмт хэргийн тоо буурахгүй байгаад сэтгэл түгшиж байна.
Нэгдүгээрт, насанд хүрээгүй хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн ялыг чангатгах ёстой гэсэн байр сууриа дахин дахин илэрхийлж байна. 2002 оны эрүүгийн хуулиар бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн хүчирхийллийн хэргүүдийг шийдвэрлэхдээ гэмт этгээдэд дунджаар 22.2 жилийн хугацаагаар хорих, эсвэл цаазаар авах ял оногдуулж байсан бол 2015 оны эрүүгийн хуулиар шийдвэрлэсэн дээрх төрлийн гэмт хэрэгт дунджаар 14.2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж байгаа нь өмнөх хуультай харьцуулахад ялын бодлого найман жилээр суларсан байна.
Хоёрдугаарт, Монгол Улс бол хүүхэд залуусын орон. Үндэсний статистикийн хорооны 2022 оны тоон мэдээгээр Монгол Улсын нийт хүн амын 45.2 хувийг 0-24 насны хүүхэд залуус эзэлж байна. Бид боомт түгжрэл зэрэг цаг үеийн шинжтэй олон асуудалд онцгой анхаарч төрийн сайдыг хүртэл томилсон. Гэтэл Монгол Улсын хамгийн үнэт эрдэнэ болсон хүүхэд, энэ улс орны бодлогыг авч явах залуу үед чиглэсэн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх агентлаг нь нийгмийн хамгийн том, эмзэг асуудлуудыг хамаардаг ХНХЯ-ны дор хавсарга шинжтэй явж ирсэн нь хүүхэд залуучууд руу хандсан бодлого хэрэгжихгүй, үр дүнгээ төдийлөн өгөхгүй байгаагийн суурь шалтгаан болж байна. 2025 онд манай улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой болно. Энэ цаг хугацаанаас өмнө гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан Хүний хөгжлийн яамтай болох санаачилгыг дэвшүүлж байна. Төсөвт ямар ч дарамт учруулахгүйгээр одоо байгаа агентлагийн бүтэц, эрх, хэмжээ, цар хүрээг нь өөрчлөх замаар энэ асуудлыг амархан шийдэж болохоор байна” гэв.
Сэтгэгдэл (2)