Хаврын сүүл сарыг эмжин шувууд зэллэж ниснэ.
Алжааж цуцсан жигүүрээ амраахаар Улаанбаатарын тэнгэрийг эвхэж гол усныхаа зүг одно.
Зүйл, зүйлийн шувуудын дотроос бөхөн бөхөн бөхөлзөж, урт хоёр хөлөө аяар аяархан зөөж алхах "Тогоруу"-г хараагүй нэгэн үгүй биз ээ.
Хэдэн мянган бээрийг туулан Монгол орны ус намгархаг газрыг зорин ирж зусдаг найман зүйлийн тогоруу шувуу байдаг. Тэд тавдугаар сарын сүүлээс зургадугаар сарын эхэн хүртэл тал хээр эсхүл ус намаг бүхий газар өндгөө дардаг билээ.
Бага байхад "Чоно харайх" голын эрэгт "Цэн тогоруу" цөөнгүй харагддаг байв. Үргэмтгий тэр шувууны араас олон ч жил харуулдан хоцорсон доо.
Мал амьтан, хүний хөлд өртөмтхий газар явгалж, өндгөө дарах энэ шувууны тухай цөөхөн зүйлийг мэддэг байв. Гэтэл тэр аль болох хүн амьтан хүрэх боломж багатай намаг, нуурын арал, голын хөндийн өндөр өвстэй зэгс шагшуурга бүхий газрыг сонгож амьдардаг аж.
Тэд бас намрын шувуу шиг сүрэглэн шуугихгүй, хаа нэг хэсэг бусаг дайралдах нь өөр өөрсдийн өмнө нь өндөглөж байсан газраа очдогтой нь холбоотой аж. Хэрэв тэнд өндөглөх боломжгүй бол шинэ газар сонгодог байна.
Мал амьтны хөлд өндөг, ангаахай нь өртөж, зарим жилд нийт өндөгний 70 хүртэл хувь нь сүйддэг байна.
Мөн үржлийн хугацаанд олонтаа гардаг хээрийн түймэр, чоно, нохой, ойн солонго, бүргэд, хар ба хон хэрээ нь тогорууны өндөг, дэгдээхийд аюул учруулдаг юм. Эмзэг зүйлд багтах энэ шувууны амьдрал нэг талаар байгалийн хуулинд захирагдаж, нөгөөтэйгүүр хүний үйл ажиллагаанаас ихээхэн хамаарах нь ээ.
М.Д