Хүн бүр өөр, өөрийн гэсэн “хөгжмийн хэл”-тэй. Харин амьд хөгжимд бүх зүйл бий. Зарим нь дуу хөгжмөөр дамжуулан нөхөрлөж, хэн нэгнийг халуун дулаанаар тэвэрч байхад нөгөө хэсэг нь түүнээс атгах гар, тэврэх биеийг эрж хайдаг. Энэ бол ердөө л “ганцхан зурвас”-аас эхэлж, “GALTMAH”-ыг сонссон миний дурсамж.
...Тэнгис хүчтэй давалгаалж,
Гэхдээ эргээ халихгүй
Тэнгэр хүчтэй дуугарч,
Гэхдээ бороо орохгүй... “Losers” дуунд ийн өгүүлнэ. Хар дарсан зүүднээсээ сэрж чадахгүй байгаа мэт, хэчнээн нэрийг нь дуудлаа ч тэр ирэхгүйтэй адил мэдрэмж.
Онцлог нь юу вэ гэвэл, зөвхөн шүлэг ба ая биш нэмээд дүрс болон “зохиол”-оос бүтсэн дуунууд юм. Хэрвээ, дуу болгон нь хоорондоо холбоотой байгааг олж харж чадвал эхнээс нь, дарааллын дагуу ахин дахин сонсох хэрэгтэй болно.
Баг: Хамтлагийн гишүүд үнэг, туулай, үхэр, буга, шар шувууны баг зүүсэн нь сонирхлыг минь татаж байв. Яагаад ийм баг зүүдэг гэж бодож байна? Гэхдээ миний таамаг буруу байсан л даа. Тэд үнэнээрээ, өөрийнхөөрөө байхыг хүссэн залуус. Гэсэн ч нэг зүйл бий. Бид олон төрлийн баг зүүсэн хүмүүстэй таарна. Хааяа өөрсдөө ч нэг хэсэг нь болно.
Нэр: “GALTMAH” энэ нэрийг ямар утгатайг, яаж дуудах ёстойг ойлгоогүй цор ганц хүн би биш байх. Эхэндээ гал махбодийн утгыг агуулсан юм болов уу гэж бодсон. Гэвч төөрөлдсөөр...
Урлагт авьяасаас гадна түүний үнэ цэнийг ойлгож, тогтоон барихуйц чадварлаг хүмүүс хэрэгтэйн мэдээж. Харин цаашид тэд амьд хөгжим, хүсэл мөрөөдөл, зүрх сэтгэлийнхээ эрх чөлөөнд яаж хүрэхийг хармаар байна. Тиймээс жилийн хугацаанд “Зүрхэн хэлбэрт бороо”, “Namuuhan”, “Losers”, “Lupino”, “15Headed”, “Galzuurhan”, “Нуурын үнэг”, “Болжмор” гэх зэрэг уран бүтээлийн ард гараад буй “GALTMAH” хамтлагийн дуучин Одноотой ярилцсан юм.
“GALTMAH” Одноо: Өөрсдийн төрхөөрөө байхад “жинхэнэ бид” гарч ирдэггүй
-Энэ орон зайд сонсогч хязгаарлагдмал шүү дээ. Гэтэл яагаад амьд хөгжмийн хамтлаг байгуулах болсон юм бэ?
-Багаасаа л амьд хөгжмийн хамтлагт тоглосон. “GALTMAH”-ыг байгуулах болсон шалтгаан нь эрс өөрчлөлт хийх хүсэлтэй холбоотой. Сонсогч нь хязгаарлагдмал байж болох ч олон хүнд хүрэх шаардлага бий. Тэгж байж зах зээл рүүгээ орно. Манай хамтлагийн дууг сонсдог хүмүүс хэн нэгэнтэй хуваалцахыг хүсдэггүй юм шиг санагдсан. Гэхдээ дуунууд маань ганцаараа сонсоход тохиромжтой ч байж мэднэ. Тэгээд л бяцхан орон зайдаа эргэлддэг байх.
-Бүгд амьтны багтай байгаа нь сонирхол татсан. Зүгээр л онцгойрмоор санагдсан юм уу? Эсвэл өөр шалтгаан байв уу?
-Багны наана, цаана өөр характертэй байгаагаа мэдэрсэн. Бид хөгжимдөө улам гүн орохын тулд баг зүүдэг. Өөрсдийн төрхөөрөө байхад “жинхэнэ бид” гарч ирдэггүй. Багны цаана байхдаа өөрчлөгдөж, илүү тухтай байдаг. Мөн амьд хөгжмийн хамтлагуудаас онцгойрох гэсэн хүсэл байхгүй ээ.
-Хамтлагийн гишүүдээ танилцуулахгүй юу?
-Манайх үндсэн гурван гишүүнтэй. Үхэр, туулайн баг зүүдэг хоёр маань одоохондоо үндсэн гишүүн гэж явдаггүй. Тийм болохоор түр орхисон нь дээр байх. Үнэгний багийг даралтат хөгжимчин Анар, шар шувууг соль гитарчин Эрхэмээ зүүдэг. Харин минийх бол буга.
-Та нарын ямар нэгэн араншинтай төстэй болохоор сонгосон юм болов уу гэж бодсон л доо?
-Амьтны багаа өөрсдөө сонгосон болохоор аль нэг араншин нь төстэй ч санагдсан байхыг үгүйсгэхгүй.
-Анхны уран бүтээлийнхээ ард гарахад, түүнийг бүтээж байх явцад ямар мэдрэмж төрж байв?
-Бидний анхны уран бүтээл бол “Болжмор”. Энэ дууг гаргаснаар цаашид хамтлаг болж, бүтээлүүдээ гаргах санаа бүрдсэн. Өөрсдийн дуутай болно гэдэг их сонирхолтой. Өмнө нь энд тэндэхийн кафед ч юм уу, бусдын дууг коверлож тоглодог байсан... Харин тайзан дээр тоглохоор бүх зүйл өөр болчихдог юм билээ. Бүтэн эргэсэн юм шиг л.
-Дууныхаа шүлгийг өөрсдөө бичдэг үү?
-Тийм ээ. Ихэнхийг нь би бичсэн. Гэхдээ аль нэг нь санаа гаргаж, бусад нь баяжуулаад илүү өргөн цар хүрээтэй болгодог. Хамтдаа...
-“Нуурын үнэг” уран бүтээл “кино шиг дуу” байна лээ шүү.
-Иймэрхүү түүх байвал хөгжимтэйгээ зохицож байсан. Тэгээд дүрүүдийг нь ямар байх ёстойг бодсон. Эмэгтэй дүр нь лусын дагина, эрэгтэй дүр нь үнэг. Энэ санаа маань таалагдсан болохоор бүгдээрээ “уран бүтээл” болгосон юм.
-Танай хамтлагийн хувьд байгуулагдаад жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд та нар хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-Жилийн дотор бодож, санаснаа хараахан хийж амжихгүй. Ахиад хоёр, гурван жилийн дараа л ярилцаж байсан зүйлсийнхээ дотор орох юм шиг санагдаж байгаа. Харин дуу хоолойны хувьд багагүй өөрчлөгдсөн. Гэхдээ өөр, өөр урсгал руу орж, өөр өөрөөр оршиж үзэх учраас одоогоор бидэнд урсгал хамаагүй. Энэ нь ч сонирхолтой байж магад. Манай хамтлагт электро, поп, ардын хөгжимтэй дуу ч бий.
-Тогтсон хэв маягийг олж авахын тулд бүх урсгал чиглэлээр дуу хийж үзье гэж бодож байна уу?
-Хийхийг хүссэнээ л хийнэ. Бүгдийг нь үзэхэд цаг хугацаа хүрэлцэхгүй байх. Тогтсон хэв маяг ч сонин биш. Ер нь “ямар ч байсан яадаг юм” гэж боддог.
-Тэгвэл таны хувьд “амьд хөгжим” ямар орон зайг эзлэх бол?
-Миний орон зай тэр чигээрээ амьд хөгжим. Ийм л байх ёстой юм шиг. Өөр зүйлийн тухай бодож байгаагүй. Хүүхдийн ордны морин хуурын дугуйлангаас энэ бүхэн эхэлсэн. Ахлах ангид ороод орцны гитарчин ах нараас болж амьд хөгжимд дурласан. Түүнээс хойш амьд хөгжимд хайртай энэ хүмүүстэй танилцсан даа.
-Амьд хөгжмийн тайзан дээрх уур амьсгал ямар вэ?
-Чихэвчээ зүүгээд сонсох, дотроос нь сонсох хоёр өөр л дөө. Тайзан дээр хөгжимчид нэг зүрхний цохилттой болоод, нэгэн зэрэг амьсгалдаг. Хэн нь юу хийх вэ гэдгийг хэлүүлэлтгүйгээр мэдэж, яг тэр цагтаа оршдог. Заримдаа үзэгчдийн уур амьсгалд хөтлөгдөн хөгжмөө өөрчилж тоглох шаардлага тулгарна. Тийм үед биесээ мэдрээд шууд өөр хөгжим рүү шилжин орж чаддаг. Энэ бол “амьд”.
-Энэ дуу хөгжим бүхлээрээ та нарын мөрөөдөл мөн үү?
-Мөрөөдөл. Мөрөөдөл байлгүй яах вэ. Олон жилийн өмнөөс төлөвлөж, өчнөөн цаг хугацааг зарцуулсан болохоор өнөөдөр, бас түүний цаана байгаа зүйлийг үзэхийн төлөө олон даваа давж байгаа. Даваа болгоны цаана, бүр цаана нь юу байгаа бол.
-Хамгийн хэцүү даваа нь юу юм бэ?
-Хамтлаг цугларах. Өөртэйгээ адилхан төрлийн хүн, адилхан тоглолттой хүн, санаа нийлдэг нэгнийг олохын тулд арваад жилийг зарцуулсан. Хаа нэгтээ тоглолттой үед аль нэг хөгжимчин маань байхгүй бол шинэ хүнтэй хамтран тоглох хэрэгтэй болдог. Олон хүний дундаас хамтдаа амьд хөгжмийн төлөө тоглоход эвтэйхэн байдаг хүнээ олж авна. Хамтлагууд ингэж л цугларч, хэн хэнийгээ олдог байх.
-Хамтлагийнхаа ирээдүйг хэрхэн харж байна даа?
-Маргааш ч зогсож магадгүй шүү дээ. Ер нь цаашаа яаж явдгийг сайн мэдэхгүй л байна.
-Шинэ уран бүтээл хийхээр ажиллаж байгаа юу?
-Хоёр дууны дараа цомгийн ажил дуусна. Нэг нь “Нуурын үнэг”-ийн хоёрдугаар анги. Түүнд үргэлжлэл байх ёстой. Цомгийн нэр гэхээсээ илүү цомог гарах нь чухал. Хоёр газраас пянз хэвлэх санал ирсэн. Тиймээс эхлээд цомгоо дуусгах хэрэгтэй байгаа.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (2)