Ойрын өдрүүдэд Улаанбаатарт дулаараад ч тэр үү утаагүй, сайхан өглөөг угтав. “Миний 24 цаг” булангийн өмнөх зочид ихэвчлэн урлаг, уран зохиолын хүмүүс байсан. Харин энэ удаагийн зочин бол тамирчин хүн юм. Бэртэл гэмтэл гэдэг тамирчин хүний хамгийн том дайсан бас хамгийн сайн багш гэж би боддог. Тэрбээр өнгөрсөн жил өвдгөндөө хоёр дахь бэртлээ авч, энэ жил багтаа туслах дасгалжуулагчаар ажиллаж байгаа залуу. Түүнийг Б.Тамжид гэдэг.
Тэрбээр Үндэсний дээд лигийн “Тэнүүн Өлзий Металл” багийн туслах дасгалжуулагч нэгэн. Түүнтэй уулзахаар Дулааны гуравдугаар цахилгаан станцын хойно байрлах “Агар” төв дээр уулзсан юм. Б.Тамжид өглөө эртлэн босож, хүүхдүүдээ хичээл сургуульд нь хүргэж өгөөд ажилдаа ирдэг. Гэвч түгжрэлээс үүдээд товлосон цагаас ялимгүй хоцорч ирэв. Үндэсний дээд лигээс өөрсдийн гэсэн заалтай цорын ганц баг бол “Тэнүүн Өлзий Металл” юм. Зааландаа өдрийг өнгөрөөдөг түүний ажлын оффис нь “баруун талын үзэгчдийн суудлын нэгээхэн хэсэг” хэмээн хошигнон хэлж байлаа.
Ажилдаа ирээд тэр хувийн багшийнхаа заавраар биеэ халаадаг. Түүнд би саад болохыг хүссэнгүй. Тэр дасгалаа үргэлжлүүлсээр л байлаа. Дасгалын гудас дэвсэж, дээр нь сунгалтын төрөл бүрийн дасгалууд хийж биеэ халаав. Энэ нь түүний сүүлийн үеийн амьдралын хэвшил болоод байгаа аж. Б.Тамжид “Өглөө 06:30 цагт босож хүүхдүүддээ цайг нь бэлтгэж өгдөг. Гэрээсээ 07:30 цагийн үед гараад 08:00 цагт тэднийг сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгдөг. Эндээс л миний нэг өдөр эхэлж байгаа юм. Эргэж гэртээ хариад цайгаа ууж, ажилдаа бэлддэг. Саяхнаас хувийн багштайгаар бялдаржуулах дасгал хийж эхэлсэн” гэв.
Бие халаалт 30 минут орчим үргэлжилсний дараа тэрбээр гурван давхарт гарч, бялдаржуулах төвд хүчний дасгалууд хийсэн юм. Түүний өвдөг бэртэлтэй байгаа учир ихэвчлэн хөлдөө ачаалал бага авах гар, мөрний дасгалууд хийж байлаа.
Бялдаржуулах төвд цаг орчим дасгал хийсний дараа тэрбээр эргэж зааландаа ирж, биеийн чилээ гаргаж, сунгалт хийв. Түүний өглөөний амьдралын хэв маяг нэг иймэрхүү байдаг гэнэ. Энэ үеэр түүнтэй хэдэн хором яриа өрнүүлэв.
-Дасгалжуулагч хүний ажил их биз?
-Туршлага судлах, бусад багийн тактикийг бичиж, тэмдэглэх гээд л хийх ажил их шүү. Үндэсний дээд лигийн тоглолтууд эхэлчихсэн байгаа. Манай багийн дараагийн учраа “Налайх Визон” баг. Тухайн багийн тоглолтод дүгнэлт хийж, тэдгээрт тохирсон багийн төлөвлөгөө гаргаж, ахлах дасгалжуулагчдаа танилцуулдаг.
-Бэртсэн тань туслах дасгалжуулагч болоход нөлөөлсөн хэрэг үү?
-Тийм. Өнгөрсөн жил, бэртэхээсээ өмнө би багтаа довтлогчийн үүрэг гүйцэтгэж байлаа. Бас “TRIBLE C+30” наснаас дээш лигийн хоёр багийг дасгалжуулж байгаа. Тамирчны хувиар одоохондоо тэмцээн уралдаанд орох боломжгүй болчхоод байна.
-Энэ спортод хөл тавьсан үеийнхээ тухай яривал?
-Тав, зургадугаар ангийн хүүхэд байхаасаа сонирхож, өдийг хүртэл хамт байна даа. Сагсанбөмбөг хөөж явж байгаад нэг л мэдэхэд лигийн тамирчин болчихсон байсан. Одоо болтол би энэ спортоос сахилга бат, тууштай байдал, тэсвэр тэвчээр гээд л тамирчин хүнд байх ёстой бүхий л зүйлсийг суралцаад явж байна. Анх лигт орсон жилдээ би 5 номер буюу төвийн тоглогч байлаа. Дараа жил нь байрлалаа сольж, тоглолтын нэгэн хэв маягт баригдахгүйн тулд зунжин шидэлтийн бэлтгэл хийсээр байгаад өөрчлөгдөж чадсан. Энэ бол миний спортоос авсан хамгийн сайхан мэдрэмж.
-Тоглолтын хэв маягаа эвдэх гэлээ шүү дээ. Тийм ч амар зүйл биш болов уу?
-Амар зүйл биш. Тэр жил АНУ-аас багшаас ур чадвар, залалтын гол ойлголтуудыг олж авсан. Тэр мэдлэгээрээ хүүхдүүдэд дасгалжуулагч хийсэн юм л даа. Хүн ер нь хүнд зааж байхдаа илүү их зүйлийг сурдаг юм билээ. Түүнээс хойш холбогчийн байрлалд тоглож үзэхээр шийдээд “Sprite”лигт холбогчийн байрлалд тоглосон.
-Сагсанбөмбөг өндөр хүний спорт гэх юм. Үүнтэй санал нийлэх үү?
-Өндөр бол зөвхөн нэг талын л давуу тал гэж боддог. Гэхдээ сагсанбөмбөг үнэндээ өндөр хүний спорт шүү. Нөгөөтэйгөөр тамирчид шидэлт сайтай, илүү хол зайнаас цагариганд оруулдаг болчихсон. Ингээд бодохоор бие жижиг ч ур чадвар, потенциал сайтай бол ялтгүй амжилт үзүүлж болж байна. Эсрэгээрээ том биетэй төвийн тоглогчид шахагдаад эхэлчихсэн.
-Сагсанбөмбөгт сонирхолтой хүүхдүүдийн гол хүсэл нь өндөр болох гэж ярьдаг. Тэгвэл санаан зоргоор тэгж өндөр болох боломж бий юу?
-Хамгийн гол нь өндөр байх үгүй нь удмын гентэй холбоотой асуудал. Төрөлхийн өндөр, намхан л гэж яригдах байх. Гэвч эмч нарын зөвлөгөөгөөр оройн 10 цагаас өмнө унтах нь хүүхдийн биед мелатонин гэдэг бодис ялгаруулж, өсөлтийг нь дэмждэг гэдэг. Оройн 22-02 цагийн хооронд унтаж байх нь эрүүл мэнд, өсөлт хөгжилтөд чухал нөлөөтэй гэж ярьдаг. Үнэний ортой байх шүү. Мөн нэмэлтээр Д витамин, эрдэс тэжээлүүд, зөв хоол хүнс хэрэглэж, тогтмол дасгал, сунгалтуудыг хийж байвал өсөлтөд нь дэмжлэг үзүүлнэ гэж боддог.
-“Тэнүүн Өлзий Металл” багтаа хэзээнээс тоглож эхлэв?
-2018 оноос хойш багтаа хүчин зүтгэж байна. Энэ багтаа тууштай тоглохыг хүсдэг дээ. Одоо бэртчихээд хүртэл дасгалжуулагч хийж байна шүү дээ.
-2018 оноос өмнө юу хийж байв?
-2013 оноос хойш дээд лигийн “Мон торх”, “Синтоза Лионс” багуудад тоглож байсан.
-Амжилтаа шагналаар хэмжих үү. Эсвэл өөр зүйлээр хэмжих үү?
-Миний хувьд амжилтыг шагнал гэхээс илүү гоё хамт олонтой байгаагаараа дүгнэнэ. Магадгүй өнгөрсөн жил дээд лигт багаараа шигшээ дөрөвт шалгарсан гэх мэтээр ярьж болно. Гэхдээ л миний амжилт бол тамирчин, дасгалжуулагчийн хувиар тасралтгүй суралцаж, тууштай байж, дуртай зүйлдээ цаг заваа зарцуулж байгаа минь л юм даа.
-Бэртлээсээ эргэж ирээд багтаа дахиж тоглох уу. Ер нь таны ойрын зорилго энэ мөн үү?
-Тийм шүү. Бэртлээ эдгээгээд хоёр, гурван жил багтайгаа дээд лигт, “UG Arena”-д тоглохыг хүсэж байна. Дасгалжуулагч байх сайхан ч дахиад тамирчны хувиар тоглохыг л их хүсэж байна даа.
-Бэртэл гэдэг тамирчин хүний замналд хамгийн хортой нь шүү дээ. Мэдээж хүнд байсан байх. Тэр үеийн мэдрэмж ямар байдаг бол?
-Тухайн үед бүх зүйл дуусчихсан мэт л байсан. Гэхдээ бэртэл надад олон зүйлийг заасан. Бэртсэнээрээ би өөрийгөө хайрлаж байх ёстойг хамгийн сайн ойлгосон. Хүн ер нь өөрийгөө хайрладаггүй юм билээ. Тийм ч учраас би дасгалжуулдаг хүүхдүүддээ өөрийн алдаанаас суралцуулж, яавал бэртэхгүй байх, илүү амжилт гаргаж болохыг сургадаг. Магадгүй энэ зовлонг туулаагүй бол өөрийгөө хайрладаггүй хүн хэвээр үлдэх байсан. Спорт гэдэг бол угтаа эрүүл хүний л хийдэг зүйл шүү дээ. Тийм болохоор заавал мундаг байхаасаа илүүтэй эрүүл байвал амжилт аяндаа ирнэ гэж боддог. Тухайн үед хүнд байсан ч одоо бодоход зүгээр. Учир нь би өөрийн алдаанаас суралцаж, бусдыгаа алдуулахгүй байхад зөвлөж байгаа болохоор.
-Тамирчин болохыг хүсэж байгаа хүүхдүүд багаасаа ямар хоол, хүнс хэрэглэж байвал зүйтэй бол?
-Манай улс эрс тэс уур амьсгалтай болохоор цаг уурын нөхцөл байдалдаа тохирсон хүнсийг хэрэглэх нь зүйтэй. Жишээлбэл, зуны улиралд махыг бага хэрэглэж, аль болох цагаан идээ, жимс жимсгэнийг хэвшүүлэх нь зөв. Намар гэхэд шинэ ургацын жимс, ногоо, хавар нь тойгоны шөл, өвөл нь халуун чанарын хүнс хэрэглэх зэргээр балансыг нь барьж байх хэрэгтэй дээ. Хүнснээс гадна тогтмол бүх төрлийн шинжилгээнд хамрагдаж, дутуугаа нөхөх зарчмаар явбал алдахгүй байх. Спорт гэдэг тэр чигтээ шинжлэх ухаан болчихлоо шүү дээ.
-Тэгэхээр тамирчин хүн өөртөө хайртай байх нь чухал байх нь ээ?
-Яг тийм. Өөртөө бүүр 200 хувь хайртай байж, эрүүл байх хэрэгтэй. Зөвхөн үе мөчөө биш, дотор эрхтэн, мэдрэл гээд бүхий л хэсэгтээ, өөрийгөө тордож явбал илүү урт хугацаанд эрүүл, тууштай байж амжилт үзүүлнэ.
-Бүхий л спортын тамирчид амьсгаагаа задалсан байх ёстой шүү дээ. Тэгэхээр агаарын бохирдол үүнд сөрөг нөлөө үзүүлж байгаа гэж боддог уу?
-Сагсанбөмбөг мэтчилэн гүйж, харайдаг спортын тамирчин энгийн хүмүүсийг бодвол хөлсөөрөө бохирдлоо гаргаад, илүү эрүүл байж чаддаг гэж би боддог шүү. Тамирчин хүн аль болох уул устай ойр байж, агаар салхинд тогтмол гарч, гүйж байх нь зүйтэй. Миний хувьд цэвэр агаарт гарсны орой нойр хүрч, бие ч сайхан амардаг.
-Ингээд бодохоор агаарын бохирдол тамирчдын амжилтын дайсан болж таарлаа шүү?
-Тийм шүү. Маргаж чадахгүй, шууд утгаараа саад учруулж байгаа хэрэг. Өөр бусад орны тамирчид эрүүл агаараас нөхөн сэргээлт авдаг бол манай улсад эсрэгээрээ шүү. -Монголчууд багийн спортоор амжилт гаргадаггүй нь эв нэгдэлгүй байдгийнх гэж хүмүүс ярьдаг. Энэ талаар өөрийн тань үзэл бодол? -Манайд багийн спорт хөгжиж байгаа. “3х3”, “5х5”, хөлбөмбөг, бүжиг, волейбол, хоккей гээд л олон төрлөөр амжилт гаргаж чадна гэдгээ олон улсын тэмцээнд гаргасан амжилтаараа хангалттай харуулж байгаа. Энэ бол хамгийн том дэвшил нь. Миний хувьд хүүхдэд багаас нь, ЕБС-д байхаас нь багаар ажиллах чадварыг суулгах хэрэгтэй гэж боддог юм. Тэгэж чадвал том зургаараа ирээдүй гийж байгаа.
-Зөвхөн бие бялдар гэхээс гадна оюуны чадамж, сэтгэлзүй чухал шүү. Тийм ээ?
-Бүх спорт сэтгэлзүй, оюун ухаан, бие бялдар дээр тулгуурладаг. Эдгээр шинжүүд зөв хэм хэмжээнд, хоорондоо зохицож чадвал амжилтад хүрэх юухан байх вэ дээ. Нэг нь илүү нөгөө нь дутуу бол бас амжилт харагдахгүй шүү дээ. Тэгэхээр дээр хэлсэнчлэн өөрийгөө бүхий л талаар тордох нь зүйтэй. Эдгээр гурван шинжийг өөртөө суулгахын тулд тохирсон харилцаанд орж, хөгжих зүйлсийг дадал болгох хэрэгтэй.
-NBA-ээс ямар баг, тоглогчийг дэмждэг вэ?
-Би ер нь Коби Брайнтаас болж сагсанбөмбөгт дурласан хүн дээ. Амьд ахуйд нь “Лос Анжелес Лейкэрс”-ийг дэмждэг л байлаа. Харин одоо “Даллас Маверикс”-ийг дэмждэг. Тэндээс Лука Дончичийг хардаг. Бас Дэрик Рөүзээс үлгэр жишээ авдаг. Гэхдээ л Коби Брайнт намайг энэ спорттой холбогдоход нөлөөлсөн.
-Лука Дончич саяхан бэртсэн. Тэр үед юу бодогдов?
-Одоо ч шинжлэх ухаан хөгжсөн байна. Тэгээд ямар газар билээ дээ. Тэгж бодоод нэг их санаа зовоогүй. Бэртэл нь эдгэрч, тоглоно гэсэн хугацаандаа л тоглоно.
-Монголоос хүндэлж, биширдэг тоглогч байгаа юу?
-Монголоос гэвэл ОУХМ Ганболдын Баттөр, Цэрэндагвын Азбаяр нарыг хүндэлж, биширдэг.
-Дасгалжуулагч байх, тамирчин нь байх хоёрын аль хэцүү вэ?
-Хэцүүгүй зүйл гэж байхгүй дээ. Хоёулаа л хэцүү үедээ хэцүү, сайхан үедээ сайхан. Гэхдээ дасгалжуулагчийн байр сууриас харахад спортоо илүү сайн ойлгодог юм байна. Заримдаа тэмцээн шүүж үзмээр санагддаг. Шүүгчийн гэлтгүй өөр өнцгөөс энэ спортыг харвал илүү сайн ойлгож, сайжрах байх гэж боддог.
-Тамирчин хүний ар гэр мундаг байвал амжилт үзүүлдэг гэх юм. Энэ тал дээр үзэл бодлоо хэлэхгүй юу?
-Тамирчин гэлтгүй ямар ч ажил мэргэжлийн хүний ар гэр мундаг, дэмждэг байвал сайхан. Гэхдээ гэр бүл гэдэг угтаа юу ч хийж байсан ард нь бат зогсох ёстой шүү дээ. Ямар ч хүний ард гэр бүл нь дэмжиж, тусалж, хамтдаа байвал тэр хүн сайн явж, амжилт үзүүлэх нь мэдээж. Хэрвээ би жолооч байлаа гэж бодоход нурууг минь бариад өгдөг бол тэр дэмжлэг болно. Бүхий л үед хамт байх нь гэр бүл гэдэг үгний утга учир байх.
Сурвалжилгаар бид түүнийг орой болтол дагах учиртай байсан ч түүнд яаралтай хувийн ажил гарсан тул явсан юм. Товлосон цагтаа эргэж ирэх байсан ч тэрбээр нийслэл хотын авто замын түгжрэлээс шалтгаалан оройн 19:00 цагт зааландаа эргэж ирэн, "Тэнүүн Өлзий Металл" багийн бэлтгэлийг дасгалжуулсан юм. Бэлтгэл 20:00цагаас дуусч “TRIBLE C+30"-аас дээш насны багаа дасгалжуулахаар хөдөллөө. Тамирчин хүний амьдрал тэр чигтээ тэвчээр, хатуужлын сургалт байдаг аж. Тэрбээр өөрийн алдаагаа бусдад сургамж болгохыг зорьж, эдгэрэхээ хүлээж, багтайгаа дахиад хэдэн жил тоглох даруухан хүсэлтэй нэгэн ажээ. Бэртсэн ч спортоо орхихыг хүсээгүй Б.Тамжидын бүтэн өдрийн нэгээхэн хэсгээс та бүхэнд сурвалжлан хүргэлээ.
Л.Сайнаа