Монголын яруу найрагт цуутай нэгэн найрагч бий. Захын хүнээс асуувал Б.Лхагвасүрэн, Т.Галсан гэх зэргээр хариулж мэдэх авч би түүнийг л жинхэнэ яруу найрагч гэж хэлнэ. Гэвч түүнд ямар магтаал хэрэггүй гэж боддог. Шүлэг нь л түүнийг өөрийг нь магтчихна. Түүнийг Цэвэгжавын Батбаатар гэдэг.
1. Гадаа намрын шөнө цав цагаан бороотой...
Газрын хүнд хэтийдсэн намуухан дуу эгшиглэнэ.
Согтчихоод бас жаахан гутарч явсан болохоор
Сонсоод сууж чадсангүй ээ...амандаа дагаж аяллаа.
Солгой буруу хоолойтой ч хүний л халуун сэтгэлтэй...
Согтуу хөлчүү нь хамаагүй ээ... бусдын л ижил нулимстай...
Дуулаад мартаж чадахгүй Монгол ардын зовлон минь
Дураараа ямар мөнхийн ингэж амьдрах биш дээ...
"Элс манхан нутагт эмгэн буурал ээжтэй ..."
Энэ юуны дуу вэ..хүний дуу мөн үү...
Элин халих дүүлэх жигүүртэний дуу биш үү..
Ээрэм холд зэрэглээтэх алсын бараа ч юм уу
Энд уймарч суугаа залуу нас минь ч юм уу...
Энгийн адууны унага нь гүйж ирдэг газраас
Ээжийгээ хотоос санахаараа дуу захиаллаа гэв үү...
Хэл мэдэхгүй адгууснаас нууж уйлмаар санагдлаа.
Хэний дуу вэ энэ....хүний дуу мөн үү...
2. Ахиад би танайхаар хэзээ ч шагайхгүй гэж
Хор шарандаа шидээд гарсан хаалгануудыг
Ахин тогшихоор, ахин тогшихоор зогсож байна
Хорвоогийн өөдөөс бардаж дайрсан амаараа
Бахыг нь хангахаар зүрхэлж ядан зогсож байна
Хоолой зангирам харалган тэнэг үгнүүдийг
Ахин сонсохоор өвдөг чичрэн зогсож байна
Одоохон энэ хаалгыг тогшихоос өмнө
Омогтой шазруун үе минь эргэн ирдэг ч болоосой
Шалавхан энэ хаалгыг тогшихоос өмнө
Шамбалын гэгээн ертөнцөө нээгээд өгдөг ч болоосой
Уур хилэндээ саваад гарсан хаалгануудыг
Уучилж чадахгүй нулимсаа залгиж тогшсондоо би.
Унтаад сэрээгүи айлын харанхуй цонхон дээр
Уймраа хаврын цагаан цас бударсан даа
Уйлаад гарсан цайлган багын гоморхлоо
Эгцэлж харалгүй газар ширтэн аргадсаар
Уяхан замба тивийн наран гийсэн шуранхайн доор
Энэхэн дэлхийнхээ араншин бүхэнд дассан даа, би.
3. Барахын аргаггүй жимсийг би чамд үлдээлээ
Бас дээр нь нэмээд ойлгохын аргаггүй зуныг
Бараг л хайртай болсныгоо хэлчих дөхсөн намрыг
Баяртай... бүсгүй минь бүгдийг нь чамд үлдээлээ
Хааяа нэг ганцаардвал хууртаж гансрахын учрыг
Хаа хамаагүй бороо шивэрсэн ч дагаад л уярдаг шалтгааныг
Хагацая даа... би чамд үлдээж байна.
1996 он
4. Тавагтай чихэрт гараа дөхүүлбэл
Танихгүй хүн авчих гээд байдаг
Танхил нууцхан эрдэнэ байлаа
Аавынхаа хажуугаас жоохон л холдвол
Айлын хойморт төөрчих гээд байдаг
Аймхай, бяцхан тэнгэр байлаа
Харанхуй шөнө гэрээсээ цухуйвал
Хадны мангаа идчих гээд байдаг
Халирхай, зөөлөн хүүхэд байлаа
Бүсэндээ гялбуулсан урт хутгаар
Бөөсгий засдаг хүмүүсийн дунд
Бүлтийсэн чимээгүй бурхан байлаа.
1995 он
5. Нэг удаа гэртээ харивал
Эхнэр маань өөр хүнтэй унтаж байлаа...
Нийтээрээ согтуурдаг тавлингаас
Би ч бас амссандаа баярлалаа...
Цамнан цовхчиж, сүр үзүүлмээр байсан ч
Цагийг сул үрээгүй эхнэрээрээ
бас бахархлаа
Буцаад хойшоо сэмээрхэн ухарч гарахдаа
Бусдын архинаас хороох шалтагтай болсондоо гялайлаа.
1994. Төв. Угтаалцайдам
6. Тэндэхийн ярианд шүлэг байдаггүй
Энэ боловсрол нь гүнзгийрхээрээ
Сул хормойт эмсийн ховыг
Сурч хүмүүжих соёлоо болгодог
Ийм газрын өдрийн уртыг ээ
...
Тэндэхийн охидод гуниг байдаггүй
Тэр дутагдлыг нь үгүйлхээрээ
Нийлж дарвисан олон хөвүүдээс
Нэг нь заавал шоронд ордог
Тийм газрын жимсний хурцыг ээ...
1997 он
7. Орон сууцныхаа тагтан дээрээс
Орилолдон буй хятадуудын дуу
Одоо ч чихэнд өрөмдөн үлджээ.
Ухань ялна... Ухань тэснэ .. гэж
Умрын нүүдэлчний чихэнд
Наалдацгүй аялгаар хашгиралдах нь
Урд хөршдөө дургүй
Чулуун зүрхийг минь эмтэлж
Уруугаа дүүжлэгдсэн багваахайг
Амьдаар нь зулгаамаар хилэгнэлээ.
Тэвчинэ.. ялна гэж хашгиралдан буй
Энэ дуу хоолойнууд
Тэс ондоо бүрэлдсэн харь гаригийн
Амьтадынх биш ээ...
Тэд цөм чиний л ижил хүмүүс
Тэр тусмаа надтай адилхан шаналж
Эрлэг тахалын илдний ирнээс
Эмзэгхэн гараараа тас атгаад
Эсэн мэнд үлдэх гэсэн
Эгэл жирийн хүмүүсийн л дуу...
Тиймээ хүн хэзээ ч юунд ч ялагдахгүй гэж
Тэднийг би дэмжин уухайлж шүлэглэнэм
Тэнэмэл солир дэлхийг онож зад мөргөсөн ч
Тэрслүү Прометейн өмгөөлсөн хүний удам тасрахгүй...
Титэмт вирус мянгантаа хувирч
Чөтгөрийн зараа болсон ч
Тээх хэвлий нь тэнгэрээс зохиогдсон
Оюун ухаан ялагдахгүй...
Газрын цөм дотроосоо гадагш зад үсэрсэн ч
Ганцхан тоосны ширхэгээс мөн чанар нь амилна.
Гариг сүйрч тэнэмэл солирын хэлтэрхий үлдлээ ч
Галба эриний зуун сая жил улирсаны дараа
Хүйтэн харанхуй сансарын сэтгэшгүй уудам мандлаас
Хүний ялалтын бүрээн дуу хангинан цуурайтахыг сонсном би...
8. Биеийг нь шүргэхэд
Бэлхүүсээр нь орооход
Бэлэн зэхээний л цалгиж халгисан
Тачаал хүслээ
Би тийм задгай хүүхэн биш ээ гэдэг
Бэртэгчин санваартны жүжгээр хэдий болтол нь ингэж
Бэлхүүснээс доошоо нүцгэрсэн умдагаан халхалж нуухав дээ
... Энэ муусайн хүүхнүүд...
Эгзэгийг нь тааруулж
Эмзэг газрыг нь олоод
Эвтэйхэн манж үг
Чихэнд нь ганц шивнэхэд л
Эрх муур шиг шарваганаж
Зөөлхөн дуугаар гийнасаар
Элс доошоо нурах шиг
Урсаад л ирдэг шүү дээ
... Энэ муусайн хүүхнүүд...
Өнө эрт... үеийн үед та нар
Ийм л нөмгөн байсаан
Өглөө ч тэр үдшээр ч тэр
Өвөрт маань хальсалсан сонгино шиг нүцгэрч
Өгзөг хонгоо хайвгануулан
Өвдөөд байна, өвтгөөд өг
Өшөө.. чанга... хүчтэй гэж... орилсоор л ирсэн биз дээ
... Өөдгүй муусайн хүүхнүүд ...
Л.Сайнаа
Сэтгэгдэл (6)