Огторгуйд ойлгомжгүй үүл хөөрч, учрыг нь олох гэж бясалгах зууртаа алхаж явна. Өвөл гэдэг өнгө төдий биш. Өвөртөлж явахад нэмэртэй өврийн дэвтэр шиг л хэрэгтэй санагдана. Энэ цагаар ууланд нэгэн мод болчхоод цангаар биеэ чимэглэн зогсмоор… гэснээс модыг амьсгалдаг гэдэгт итгэдэггүй байв. Саяхан ууланд алхаж явтал бүх модод цантсан үзэгдэхэд л ухаарсан билээ.
Өвөл, үүрийн жавар, нохдын боргох дуун. Өөр надад хань болох нь хавирга, тэгээд хашлагууд л байдаг. Нохдын боргох дуунаас нэгийг нь чимээлэн дагавал хуучин танилын минь банзан хашаадын дундах энгийн амьдралд хүргэхэд өнөөдөр энд саатах учиртайгаа үүдэнд уяатай буй нохойн харцнаас олов.
Түүний нэрийг Банхаалай гэдэг. Одоо хоёр настай, эрхийн мангар. Угсаа гарвалийг нь асуувал “Монгол банхар”-ын үр төл. Нүд нь нуухтай, харц нь гунигтай, сэтгэл нь хоригтой. Үүр нь л гэхэд “Амьжиргаа цагаан” гэх машины хаягдсан кабин байв. Өглөөнөөс эхлэн боргон хуцаж, үүдээр өнгөрөх хүмүүсийн цас гишгэхийг өндөлзөн чимээлнэ. Энд зочин ихтэй ч түүнийг харах бүртээ бэргэн, алсуур өнгөрөх нь олонтаа. Гэвч тэр хэнд нь ч хор хүргэхийг хүсдэггүй. Магад уншигч та “Нохойны тухай сурвалжилга хийсэн” тэнэг, мангараар цоллож болно. Гэвч энгийн нэгэн нохойн зүрх таныхаас илүү ариун, шударга, үнэнч байж болохыг бодоорой.
Явган яваадаа гутрахын зовлон өвлөөр л ирнэ. Найз минь “Суутнууд л явган явдаг” гэж хэлснийг дурсав. Ялгаагүй л нохойн амьдрал. Хүслийн хүнд гинж хүзүүнд хяхрахыг сонсоно. Хэрэв би нохой байсан бол нохой л байх байсан. Зовохгүй. Тоть байсан бол хэл сурахгүй байх байлаа. Харин золбин нохойн тавилан оноогдсон бол чонын сүрэгт нийлж, үлдсэн амьдралаа үмх махны төлөө үхтэл тэнүүчилж өнгөрөөх байсан. Сүнс гэдэг биеийг хөлөглөгч, сэтгэл гэдэг хамгийн чухал мэдрэхүй байх.
Нүд нүдээ ширтэлцэн хэсэг зогссон бид жавар амьсгалан санаа алдах нь адилхан. Тэр надаас 22 насаар дүү. Үүрийн жингээр эзэн нь түүнд эхний хоолыг нь өгдөг. Идүүрээ долоочхоод хэвтэнэ, эзэн нь ирвэл эрхэлнэ. Өөр түүний чадах зүйл хуцах, үнэрлэх, улих л юм. Харахад л атгамааргүй санагдах хүйтэн гинж хүзүүнээс нь газар чирэгдэнэ.
Эсрэг хашааны нохой эелдэг биш бололтой. Гинж хяхран чирэгдэх болгонд төмөр хаалганы доогуур барьж идэх шахна. Банхаалай түүний энэ байдалд дассан, эсвэл тэр угаас төлөв даруу болоод ч тэр үү үл тоон хэвтэнэ. Идүүр нь хуучны Хятад будаа агшаагчийн хувин аж. Нялх амьтан тэрбээр илэх бүрд эргэн дээш харж унана. Эрх нь дэндсэн ч энүүгээр холхих хэнд ч “хашаа минь эзэнтэй шүү” гэж хэлэх шиг хүр хүр хуцах нь хэнийг ч айлгаж дөнгөнө.
Эзэн нь түүнийг гудамжинд бяцхан гөлөг эхээс төөрсөн явахад нь олсон гэнэ. Анхандаа энгийн нэгэн банхар нохой байх гэж бодож байсан ч яваандаа “Монгол банхар”-ын гөлөг гэдгийг нь мэджээ. Анхандаа алимны жижигхэн хайрцагт багтдаг байсан Банхаалай одоо “Амьжиргаа цагаан”-ы кабинд үүрлэх болж. Энэ өвөл бусад өвлөөс илүү хүйтэн санагдана. Дор нь хэвтэр болчих дулаан дэвсгэр ч үгүй, гэвч энэ нь түүнд хамаа ч байхгүй мэт. Аргагүй л хоёр дахь өвлөө үзэж буй туршлага гэж энэ дээ.
Үс, зогдроо гуужуулсан идэр залуухан нохой, энд тэнд холхин, идүүрээ чимээлэн амьдардаг. Дэнжийн мянгын банзан хашаад болжморын жигүүр амраана. Болжморуудын түүнд шивнэсэн шивнээ хүнд гинжийг тайлах түлхүүр байвал яах вэ? Нэг өглөө тэр хашаа даван зугтсан байвал миний сэтгэл баясна. Золбин нохойн амьдрал “эрх чөлөө” нь байдаг бол яах вэ? Өглөө ирэхэд ямар байсан тэр л янзаараа үе үе эвшээн хэвтэхэд чимээт амьдралын нэгэн шөнө жиндүүлж ирэх нь мэдээж.
Гудамж бүхэнд л золбин нохдын айдас дүүрэн харц, гөлөн гөлөн хийсээр зөрнө. Тэр харцуудыг хүмүүс бидний шидсэн чулуу, зандарсан хоолой ийм болтол нь будсан гэхээр хүнээс илүүтэй нохойтой нөхөрлөмөөр санагдах нь аргагүй л юм. Ийн бодолхийлэн гэрийн хаяанд суун түүнийг ажиглах үест нэгэн шүлэг зурсхийв.
“Өчигдөр хэсэг хань болсон гудамжны нохой
Өөрлүү минь дөхсөөр дэргэд ирээд эрхэлсэн
Чи хүн л биш байгаасай? гэж итгэл тавих шиг
Чимээрхэн уртаар санаа алдсан
Халаасанд минь байсан бараагүй жигнэмгийг
Хамраараа тэр тэмтрэн олсон
Түүнд өгөх зүйл надад өөр
Дулаан гар,дотно үнэр бас
Довжоон дээр хамт суух сэтгэл л юм
Дутаж одох орчлонгийнх нь нэгэн хормыг
Дулаацуулж өгсөн минь өвтгөм байсан
Толгойг нь илж, элгэндээ хэсэг тэврээд
Тоомжиргүй орхиж явах минь хүний л төрх
Хүйтэн гудамжинд ширтэн үлдсэн тэр харц
Хүн байсан намтрын минь хамгийн сүүлчийн цэг…” гэх энэ мөртүүдийг өнгөрсөн зун “Баянмонгол” хороололд амьдарч байхдаа нэгэн нохойтоо жигнэмэг хувааж идэн, хэсэг хань болсны дараа бичигдсэн сэн. Хачин ихээр гуних шалтгаан минь түүн шиг золбин амьтад байлаа. Гэвч энэ өдөр Банхаалайг сурвалжилж, түүний эрх чөлөө хайсан харцыг ойлгосны дараа бодоход тэдний өмнөөс баярлах сэтгэл төрөв. Амьдрахын утга учир ердөө нь эрх чөлөөг эдлэхэд байдаг ч юм шиг.
Монголчуудын нохой тэжээх арга барил гаднынхнаас тэс ондоо. Их Британид л гэхэд нохой, мууранд зориулсан хууль баталсан. Нэг үгээр тэд гэр бүлийн гишүүний байр сууринд заларсан. Харин Монголын нийгэмд тэс өөр. Бид нохойгоо тэднээс дутахгүй хайрладаг авч гадаа уяж, аюулгүй байдлаа хангуулдаг. Анд авч явж, адуу малаа уулын эзнээс хамгаалуулдаг.
Орой болж түүний ээлжит хоол идүүрт унах нь багахан будаа, шаржигнуур тахианы үлдэгдэл аж. Азтай өдрөө булууны яс зооглоно. Азгүй өдрөө хоолны үлдэгдэл иднэ. Байрны нохойнууд зориулалтын хоол зооглож байхад гэр хороолол, малчны хоточ ноход хоолны үлдэгдэл төдийхөн иддэгт гэнэт эмзэг зан хөдлөв. Алагчлал, ялгаварлалын алиныг нь ч мэддэггүй хөөрхий амьтдын өмнөөс дэмий л уймарч суусаар өдөр өнгөрлөө.
Саяхнаас “Азтай савар” гэх фейсбүүк группт нэгдэж, өрөвдөлтэй, хаягдсан олон амьтдын зургийг цаг тутам харах болсон юм. Тэдний зарим нь даарсан, шархадсан, хүний бусармаг үйлдлийн нөлөөтэй шаналсан байдаг. Амьтан үрчилж авна гэдэг хүүхэд асрахын дайтай чухал, хариуцлагатай ажил гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй гэж боддог. Нялх байхдаа бүхий л амьтад өхөөрдөм. Гэвч том болоод таалагдахгүй болсон гээд хаяж лав болохгүй. Тэдэнд ч зүрх сэтгэл, хайрлах өгөгдөл, хайрлуулах эрх бий шүү дээ.
Уймарсан урт саарал өдөр урсан өнгөрсөн ч нүүгэлтсэн хүнд бодолд дараатай явна. Би яг одоо өгсөж байна. Шатны хонгил цуурайлж, амьсгал минь нэг хоёр, гурваар хөвөрнө. Бид бүгд л өгсөж яваа. Хэзээ ч уруудахгүй гунигтай замыг бид сонгосон. Өгсөж явсаар дуусна. Өгсөж одсон хүмүүс эргэж лав ирээгүй. Цаг хугацаа гэдэг хүлээлтийг бүтээгч юм. Тэнд тэвчээр заасан хэн ч юу ч олж долоохгүй. Учир нь хүлээлтийн хариу урам хугаралт авч ирэх нь олонтаа. Яг эдгээр бодол Банхаалайгаас надад дайсан далд хэлний орчуулга мэт бодолд хөврөв. Түүнтэй л адилхан амьтан атлаа илүү ухаалаг, илүү мэдрэг байдаг нь бидний эмгэнэлт хувь заяа, өөр юу ч биш. Буцахын үест харанхуй буланд өнгийн үзвэл тэрбээр дулаанаа хадгалах гэж хамаг байдгаар биеэ хураасан харагдана. Яг л хураалгаастай хөөвөр шиг эвхрэлдэж, амьсгалдаа цантсан байх нь аль нь нүүр, бие эсэхийг ялгахад бэрх байв. Нэг л өдөр амьсгал хураах зөөлөн, үслэг энэ амьтан нэг ч үг хэлэхгүйгээр надад олон зүйлийг ойлгуулж чадлаа. Харилцаанд хамгийн чухал үүрэгтэй нь харц л юм байна.
Одоогоос дөрвөн жилийн өмнө Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэргэнд Михаил Булгаковын “Нохойн зүрх” номыг уншиж байв. Тухайн бүтээлд Шарик хэмээх золбин нохой Ш.Шариков гэх хүн болон хувирч буй эмгэнэлт, инээдмийн үйл явдлыг зурагладаг. Энэ нь цаг үе өөрчлөгдөж, техник технологи хөгжихийн хэрээр хүний чанараа алдаж буй хүн төрөлхтөнд жинхэнэ өврийн дэвтэр болох биз.
"Эгэл жирийн нохойд аз жаргалтай байхад юу хэрэгтэй вэ? Халуун хоол, хайртай эзэн байхад л энэ хорвоод нохой болж төрсний хэрэг гардаг гэлтэй. Гэвч амьдрал угаасаа ийм үлгэрийн биш. Эзэнгүй гудамжны нохойд бол аз жаргал гэж бүр ч мөрөөдөлтгүй зүйл, харин ч ходоод хоосон биш тэгээд дулаан хонож байвал дээдийн заяа. Гэвч Шарик гэж эргэн тойрныхон нь нэрлэхээр шийдсэн энэ нохойд харин их хувь заяа оногджээ. Гудамжны золбин нохойн амьдралаас хангалуун амьдралтай профессорын гарт орсон нь хүний заяанд түрхэн зуур хувирах хачирхалтай тавиланг дагуулна гэж тэр яахин мэдэх билээ. Ингээд тэрээр азтай ч гэх юм уу эзтэй ч гэх юм уу нэгэн туршилтад орж өнчин тархийг нь хүний тархиар сольсноор Шарик нохой Полиграф Полиграфович Шариков гуай болон өөрчлөгдөнө. Гэвч түүний төрх байдал, чадвар нь машид өөрчлөгдсөн ч нохойны зарим араншин нь хэвээр, хамгийн хэцүү нь өөдгүй муу хүмүүсээс үлгэр авч тэвчихийн аргагүй нэгэн болон хувирснаар хосгүй туршилт хийсэн Преображенский эрдэмтэн аргагүйдэж түүнийг буцаан нохой болгон хувиргадаг. Нохойн дундаа жаргалтай амьдралын захад хүрсэн байсан түүнийг хүний дунд багтаж шингэмгүй нэгэн болон хувиргах гэдэг чинь аргагүй л аймшигтай түүх мөн биз дээ. Гэхдээ асуудлын гол нь Шарик нохойд сольж суулгасан өнчин тархины эзэн нь засаршгүй хулгайч, худалч, архичин Клим Чугункин байсныг мартаж болохгүй. Хэдийгээр нохойнд хүний тархи суулгаж түүнийг төрөл ахиулсан ч адгийн хүний тархи байсан учраас хүний дунд амьдарч чадахгүй буцаад нохой болохоос өөр зам үлдсэнгүй шүү дээ. Үг бүр нь далд утга агуулсан, өөр хоорондоо нарийн нягт холбоотой, шинжлэх ухааны уран зөгнөлт төрлөөр бичигдсэн хэдий ч ёс суртахууны шүүмжлэлт зохиолын шилдэгт зүй ёсоор тооцогдох М.Булгаковын “ Нохойн зүрх” туужийн товч үйл явдал ердөө л энэ” хэмээн номын тэмдэглэл хөтөлснөө олов.
Тийм ээ, нохой бүхэн зүрхтэй. Тэдний нэг Банхаалай хүртэл эзэндээ үнэнч байх тангараг өргөсөн мэт хүйтэн цасан дээр элгээрээ хэвтэж, он цагийг банзан хашаадын завсраар оруулж гаргана. Энэ шөнө л гэхэд гадаа 30 градус хүрч хононо. Элэг эмтэрч түүнийг бодно. Удахгүй л мартана. Учир нь би нохдын сайн мэддэг өнөөх хүмүүсийн нэг болохоор...
Л.Сайнаа
Сэтгэгдэл (7)