Өвөл болж оюутан, сурагчдын амралт эхэлжээ. Сургуулийн сурагчид гэртээ амарч байгаа болоод ч тэр үү зам дээр түгжрэл багасаж, автобусанд ч сэлүүхэн байгааг та бүхэн анзаарсан л байх. Энэ цаг үеийг далимдуулан “Миний 24 цаг” булангийнхаа энэ удаагийн дугаарт нийслэлийн 24 дүгээр сургуулийн наймдугаар ангийн сурагч А.Билгүүнийг онцолж байна. Тэрбээр өвлийн амралтаараа гэртээ суугаад байхаас илүү сургуулийнхаа сагсанбөмбөг болон англи хэл, математикийн хичээлийн хамтарсан сургалтад хамрагдаж байгаа гэнэ. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлчихдэг түүний нэгэн өдрийн хэвлүүхэн сурвалжилгыг олон үгээр нуршилгүй буулгахыг хичээв.
А.Билгүүн “Би өглөө босоод хамгийн түрүүнд гар, нүүр, амаа угаагаад ороо хураадаг. Тэгээд л цайгаа уудаг даа. Би амралтаараа гэртээ зүгээр суугаад байхыг хүсээгүй. Миний сагсанбөмбөгийн сургалт мягмар, пүрэв гарагт ордог. Харин англи хэл, математикийн сургалт даваа, лхагва гарагт хичээллэдэг. Бусад үед гэртээ байж, ээждээ тусалдаг. Бас амралтын даалгавраа хийдэг дээ” гэв.
ХҮСЭЛ, МӨРӨӨДӨЛ
Түүний дуртай хичээл математик, биеийн тамирын хичээл ажээ. Бага ангид байхад нь л сонирхлыг нь татсан учир дунд ангид орсон ч дуртай хэвээр байгаа гэнэ. Хүүхэд бүхэнд л хүсэл мөрөөдөл бий. Тэрбээр том болоод улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах мундаг инженер болохыг хүсдэг. Ажиллахын хажуугаар сагсанбөмбөгийн тамирчин болохыг мөрөөддөг учир тавдугаар ангиасаа сагсанбөмбөгөөр хичээллэж эхэлжээ. Ирээдүйд мундаг инженер болохын тулд одоогоос эхлэн математик, газар зүй, англи хэл, физик, зураг зүйн хичээлээ сайтар судалж байгаа.
А.Билгүүн “Бага ангид байхад багш нар даалгавраар их дардаг байсан. Харин одоо хамаагүй багассан л даа. Энэ нь хичээлийн хажуугаар элдэв сургалт, бэлтгэлд хамрагдах боломжийг олгодог. Манай ангийн багшийг Г.Золбооцэцэг гэдэг. Тэр бидэнтэй яг л найз шиг харьцдаг. Эелдэг, зөөлөн зантай сайн хүн шүү. Багш л болсон хойно биднийг буруу зүйл хийхэд загнах үе бий. Гэлээ гээд бид нар багшдаа гомддоггүй. Намар хичээл эхлээд өвлийн амралт болтол асар удаан санагддаг. Дулаан намрын улиралд хичээлдээ ирж, очих төвөгтэй байдаггүй ч хүйтэн эхлэхээр автобусанд даарч, шахцалдаж, түгжирсээр байгаад өөрийн мэдэлгүй ядарчихдаг даа. Миний бодлоор арваннэгдүгээр сард нэг долоо хоног амарчихвал хүүхдүүд бидэнд хэрэгтэй юм шиг санагддаг. Яагаад гэвэл удаан хичээл хийхээр ядаргаанд ордог. Сургуулийн автобус зөвхөн бага ангийн хүүхдүүдэд биш бүх ангийнханд хүртээмжтэй байгаасай гэж би бас хүсдэг. Томчуудтай автобусанд явахаар дээрэлхэх хандлага их байгаа. Зарим нь өөрийнхөө хүүхэд шиг загнадаг. Зарим нь муу үгээр харааж, доромжилдог. Үүнээс болоод би том хүмүүст дургүй болчихсон. Уг нь бид нар чинь эх орны ирээдүй болсон хүүхдүүд шүү дээ. Томчууд үүнийг уншиж байвал битгий 'муухай үргэрлэгч' байгаарай” хэмээв.
ЧӨЛӨӨТ ЦАГ
А.Билгүүн чөлөөт цагаараа найзуудтайгаа уулзаж, хөгжилдөх дуртай. Түүний хамгийн сайн найз бол Ж.Цогтсайхан, Б.Энэрэл, Д.Эрдэнэчулуун, Б.Билгүүнсүх. Тэд нэгэнтэйгээ ижил сонирхол, зорилготой учраас найзууд болжээ. Тэд энэ амралтаар уулзаж, кино үзэх, гар утасны тоглоом, сагсанбөмбөг тоглох зэргээр цагийг үр бүтээлтэй өнгөрөөж байгаа гэнэ. А.Билгүүний хамгийн дуртай гар утасны тоглоом бол “Pubg Mobile”, “Mobile Legend” аж. Өсвөр насны хүүхдүүдээс эхлээд залуучууд хүртэл эдгээр тоглоомуудыг тоглодог болсон. Үүнийг дагаад манай улсын и-спортын хөгжил ч дэлхийд тэргүүлэх болжээ. Үүний тод жишээ гэвэл “STE”, “IHC” багууд юм. Саяхан болсон 2023 оны “Pubg Mobile”-ын ДАШТ-д дөрөв, тавдугаар байрыг эзэлсэн билээ.
Еsportsearnings сайтын мэдээлснээр манай улсын и-спортын тамирчид 2015 оноос хойш олон улсын тэмцээнээс нийт 1.8 сая америк доллар буюу Монгол мөнгөөр 6.2 тэрбум төгрөгийн орлого олсон аж. Эдгээрээс 2022 онд л гэхэд 3.1 тэрбум төгрөг олсон бөгөөд нийт орлогынхоо 50 гаруй хувийг гар утасны тоглоомоос олжээ.
Тодруулбал, нийт ашгийнхаа 3.4 тэрбум төгрөгийг “Pubg Mobile”, “Dota”-гаас 629 сая, “CS&GO” -аас 2.07 тэрбум, “Call of Duty Mobile” тоглоомоос 22 сая, “Valorant”-аас 48 сая төгрөгийг тус тус олжээ. Энэ нь дотоод гадаадын 270 гаруй тэмцээнээс олсон цэвэр ашиг юм. Тэрбээр “Pubg Mobile” дээр “Асе Master” цолтой. Түүний хамгийн хүрч байсан хамгийн өндөр цол “Ace Dominator” ажээ.
А.Билгүүн “Энэ тоглоомыг тоглох нь надад сонирхолтой, хөгжилтэй мэдрэмж төрүүлдэг. Бас хүн л юм чинь стрессдэнэ. Стрессээ тайлж, багахан тоглох нь зүгээр. Найзуудаасаа хол байгаа ч утсаар холбогдон хамт тоглох нь биднийг улам бүр дотно болгодог. Манай найзууд дунд маш сайн тоглодог хүүхдүүд байдаг учир өрсөлдөөн их өрнөдөг. Энэ нь надад амьдралын асуудлыг даван туулах суурь ухамсар суулгаж байна гэж боддог. Ээж хааяа тоглолоо гэж загнадаг л даа. Гэхдээ түүнд дандаа л тусалдаг болохоор ихэнхдээ намайг ойлгодог. Миний бодлоор хүүхэд, залуучууд энэ тоглоомыг байнга тоглохоос илүү бага цагаар, стрессээ тайлах, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор тоглосон нь дээр. Байнга тоглоод байвал ямар ч зорилгогүй мунхаг хүн л болох байх” гэлээ.
Ухаантай л хүүхдийн үг юм даа. Аливаа зүйлд дурлаж болох ч хэт их цагийг зарцуулах нь өөрт муу гэдгийг тэр том хүнээс ч илүү ойлгодог ажээ. Гэвч түүнээс насаар олон ах боловч үүнийг ойлгоогүй залуус дэндүү олон билээ.
Зарим томчууд “Буцаад хүүхэд болох юмсан” гэж бодох нь цөөнгүй.
“Хүүхэд насанд хүргэж өгдөг
Галт тэрэг хэрвээ байдаг бол
Хүн бүхэн сууна даа гэж
Хааяа би боддог юм” гэж дуу хүртэл зохиосон нь хүн бүрийн аманд эвлэгхэн аялагддаг. Гэвч хүүхдүүд эх орны ирээдүйн төлөө балчирхан биеэ хайрлалгүй хичээлдээ шамдаж, чөлөө заваараа өөрийгөө хөгжүүлж явааг бид санах хэрэгтэй. Өнөөдөр эцэг, эхчүүд та нар хүүхдээ өсгөх гэж цаг, наргүй ажилласаар буй. Үүнтэй адил бидний залгамж халааг авахаар бяцхан үрс ч өдөр бүхэн хөдөлмөрлөсөөр байгааг санах хэрэгтэй. Амьдралд бүгд л дор бүрнээ борви бохис хийлгүй хичээсээр байна. Тэдний нэг жишээ, бидний тэд болохыг хүсдэг жижигхэн хүмүүсийн нэг нь А.Билгүүн юм.
Том болоод инженер, тамирчин болно хэмээн хэлэх хэвлүүхэн энэ хүү эгэл жирийн олон хүүхдүүдийн төлөөлөл болж, бидний сурвалжилгын нэгэн дугаарыг чимлээ.
Хүүхдийг хичээлээ хийсэнгүй гэж зэмлэхээс урьдаар хичээлийнх нь хөтөлбөр хүүхдийн сэтгэхүй, ачаалал даах чадварт нь зохицож байгаа эсэхийг багш, нийгмийн ажилтантай нь ярилцаж, судлах хэрэгтэй гэж бодогдоно.
Олон нийтийн сүлжээнд “Нэг багш нэг л даалгавар өгдөг бол нэг хүүхэд олон багшийн даалгавар хийдэг” гэх гунигтай нийтлэл олж уншив. Үүний адилаар багш нар ч сурагчдыг хичээлээс дарахаас илүүтэйгээр заах арга барилаа өөрчилж, хичээлийн цаг дээр давтах, мэдлэгээ бататгах боломжийг олгож, гэрийн даалгавар бага өгөх нь зүйтэй гэж олны үгээр үг хийе.
Бүгд л сургуулиа төгсөөд оюутан болдог. Тэр үед хамгийн сайн ойлгох зүйл нь “Хичээл бүрийг уйгагүй давтаж, дүнгийн хойноос улайран тэмцсэн” цаг хугацаандаа харамсаж, хүүхэд насаа боловсролын буруу тогтолцооны золиос болгосондоо харамсах өдөр бидний ихэнхэд нь ирсэн. Дүн чухал биш, харин багаасаа ирээдүйд хэн байхаа тодорхойлж түүнд хүргэх гол хичээлүүд дээр төвлөрөн суралцах нь хамгийн зөв байсан.
Байдаг л нэг хуучны арга барилаар хүүхдүүдийг дарлах нь өнөөгийн шинэ нийгмийн зөв хандлага биш. Харин цаг үетэй нийцэх, орчин үеийн хүүхдүүдийн сэтгэхүй, мэдлэг мэдээлэл олж авах хөнгөн арга барилд тулгуурлан, цахим технологи, хөгжингүй арга барилаар хүүхдүүдэд мэдлэг олгох нь зүйтэй байж мэднэ.
Бид нэгэн хэвийн робот бус нэгэн цаг үеийг өөрчилж, хойчид сайжруулан залгамжлах өөр өөр баатрууд бэлдэж байгаа гэдгийг л ухамсарлаж чадвал идэр хүйтэнд жагсдаггүй, ирээдүйдээ санаа зовнидоггүй, стрессээр зүрхээ зовоодоггүй, сайхан нийгэмд амьдарч чадна.
Сурвалжилгын гол баатар маань удахгүй хөдөө явж, өвөө эмээдээ туслана. Түүн шиг сайн хүүхдүүд байгаа болохоор бидний ирээдүй гэрэлтэй, сайхан болно гэх итгэлтэй байгаа шүү.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)