Бид та бүхэнд энэ өдрүүдэд олон нийтийн сүлжээнд казино тоглосон гэх үгнээсээ болж бөөрөлхүүлж яваа 2005 оны "Болор цом"-ын эзэн, "Болор цом-29" наадмын дэд байрын шагналт, УИХ-ын гишүүн, УИХ-ын Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнбатын шилдэг 11 шүлгийг танилцуулж байна.
Гарын таван хуруу шүлэг
Эрхий хуруу шигээ байх сан
Эсгэсэн тангарагтаа дэндүү үнэнч
Ижил бусаддаа гэмгүй тусч
Сайн бүхнийг илэрхийлсэн утгатай
Салаавч өгөхөд чухал үүрэгтэй
Эрхий хуруу шигээ явахсан
Долоовор хуруу шигээ явахсан
Доромжилж тарласан нүдний харцыг сох хатгаж чадах
Довтлох дайсны өөдөөс бууны гох атгаж чадах
Долоовор хуруу шигээ явахсан
Дунд хуруу шигээ явахсан
Дургүй хүргэсэн нэгний өөдөөс
Дураараа гозойж чаддаг
Дурлалт бүсгүйнхээ нандин газарт
Дурыг нь оргилтол бүжиж чаддаг
Дунд хуруу шигээ явахсан
Ядам хуруу шигээ байхсан
Янагийн бөгж зүүж гангарсан
Ямбалж сэржим өргөж чангарсан
Элдэв бүхэнд орооцолдоод байдаггүй
Эрхэмсэг бас ихэмсэг
Ядам хуруу шигээ явахсан
Чигчий хуруу шигээ явахсан
Чих болон хамар ухахад нэн чухал
Чигчлүүр мэт амин хэрэгцээтэй
Тангаргаасаа няцаж зангаргаасаа ухарвал
Тас огтлуулахад ч бэлэн
Чигчий хуруу шигээ явахсан.
Андын ёсоор сунгасан
Атгасан гар шигээ эвтэй явахсан
Зангирсан их эрч хүчээр дүүрэн
Зангидсан нударга шигээ эрэмгий явахсан
Шударга үнэний төлөө хугачуулж чадах
Шууныхаа махыг тасартал хэмлүүлж чадах
Энэ муу хоёр гар шигээ л явахсан
Эцсийн эцэст эрхий хуруу шигээ
Эс бөгөөс дунд бас хуруу шигээ АМЬДРАХСАН
Омгорхол
Хорол тоонон дор аргал түлсэн нүүдэлчний
Хойморт мандсан нарыг
Дагаж өссөн юм болохоор
Хомоол үнэртсэн тостой бор Монголдоо
Хийморийн гэгээн дарцаг шиг
Дэрвэж өссөн юм болохоор
Гунигийн сараал мананд
Бүдчиж явахын цагт
Нутгийн хөх уулс нь
Салхиараа аргаддаг болохоор
Гурван усны нэрмэлд
Халамцаж явахын цагт
Нулимст хөх уулс нь
Жавраараа алгаддаг болохоор
Өвгөдийнхөө сүнстэй
Эх нутагтаа эзэн нь би гэж
Өвчүү юүгээн дэлдэн
Омгорхохгүй яах юм
Өнчин ганцхан чулууг нь
Бүтэн байлгахын төлөө
Үхэж би чадна гэж
Онгирохгүй яах юм
Миний Монголоос өөр
Ширэн зодогны
Ширээсийг тасалж хэн чадах юм
Шимийн нэрмэлд халамцчихаад
Уртын шуранхайг хэн аялж чадах юм
Мойног муу ижийгээс минь өөр
Надад шүтээн хэн байх юм
Монголжингоогоос минь өөр
Намайг хэн дурлуулж чадах юм
Дэлхийд хаана гэмээнэ
Миний Монгол нутгийн
Дэрэвгэр хархан нүдтэй
Зураг охид байна уу, үзээд өгье
Дэргэж гарах аялгуунд нь
Ингэн тэмээ ч уйлдаг
Дэндүү яруухан эгшигтэй
Хуур гэж байна уу, сонсоод өгье
Арван галавын тэртээгээс бие биеэ хөнөөж
Аль ч улс гүрний авахсан гэж шунадаг
Алттай чулуугаар чинь би бага байхдаа
Аараг толгодынхоо энгэрт
Гэр барьж тоглодог байлаа
Гаансны бохь шиг амьдралд
Зоргоор нь явахгүй юм бол
Гал юугаа манасан энэ нутагтаа
Дураар нэг жаргахгүй юм бол
Суугаа бус зогсоо нөгчдөг
Өвгөдийнхөө удам нь би гэж
Судсандаа чонын цустай
Хийморлог түмний үр нь би гэж
Магтаал зэмлэл хоёрт нь
Буяныг нь даах хүү нь би гэж
Марал гурван оддын дор
Цээжээ дэлдээд яах юм
Бүлээн судсаар минь цус урсдаггүй юм
Бөртэ чоно шиг шогшиж явдаг юм
Голт зүрхэнд минь өс хурдаггүй юм
Гоо марал зогсож байдаг юм
Оосор бүчгүй энэ орчлонд би
Омгорхож амьдрахгүй яах юм
Долоо бурхны дор би
Домгорхож гайхуулахгүй яах юм
Морин туурайнд цэцэг нь бүтэн үлддэг
Монголоороо бид бардамнахгүй яах...
Болор цом-29" наадмын дэд байр. Ж.МӨНХБАТ
ТӨРД ХЭЛЭХ ҮГ
Атга шороо ширхэг чулууны чинь төлөө
Хэчнээн олон эрс
Амиа зул болгож өргөснийг сана
Эх орон минь
Алтан соёмбын чинь ихэр загасыг амгалан байлгах гэж
Хэчнээн ч аавын үрс
Асгарсан цус урссан хөлсөөрөө чамайг өмөөрснийг сана
Эрхт төр минь
Ижий бүхэн цацлаа төрийн сүлдэндээ өргөж
Эцэг бүхэн сэржмээ төрийн сүлдэндээ дээжилж
Буруудаж зөвдөхийн алинд ч хоёргүй сэтгэлээр
Бурхнаас ч илүү дээдэлж ирснийг сана
Төгөлдөр эрхэм бүхний дээд нь хэмээн итгэж
Төрийн сүлд өршөө гэж уулга алддагийг нь сана
Буудах цаазтай төмөр зарлигийг чинь сонссон
Буруугүй хичнээн зүрх чамд гомдоогүйг сана
Хаан богд Чингисийн халуун цусаараа гэрээсэлсэн
Хамаг монгол түмний халуун амиараа өмөөрсөн
Морин сүлдтэй морин нүүдэлтэй
Монголын төр чамд хэлэх үг байна
Гэм хийсэн буруутанг гэсгээж шийтгэхдээ чи
Аав шиг төр бай
Гэнэдэж яваа үрсийнхээ гэмийг нь уучлахдаа чи
Ээж шиг төр бай
Буруутай бол буруугаа хүлээчихдэг
Хүү шиг төр бай
Бусдын төлөө бүхнээ зориулсан
Бурханлаг төр бай
Төр чамайг мэргэн байх аваас
Төгөлдөр бас тунгалаг байх аваас
Арслантай тамганы чинь дардас хатваас
Цусаараа дэвтээхэд ч бэлэн
Алтан соёмбыг чинь хазайваас
Ясаараа ивж тулахад ч бэлэн
Ард түмэн чинь хүлээж байна
Агуу бас тэнгэрлэг бай
Харцаа буруулсан ч сэтгэлээ буруулдаггүй
Амраг шиг төр бай
Хамаг монгол түмнээ л гэсэн
Төр шиг төр бай...
Би тийн ялгал
Би тийн ялгал
Бие сэтгэлээрээ тийн ялгал
Нэр дүр хоёр минь
Нэрлэхийн тийн ялгал
Хайртай гэсэн бүсгүйн зүрхэнд
Харъяалахын тийн ялгал
Өгөө аваатай амьдралд өөрийгөө элээсэн
Өгөх оршихын тийн ялгал
Заримдаг нэгэнд нь хүн чанарыг
Заахын тийн ялгал
Галзуу барын аманд орж бас
Гарахын тийн ялгал
Үнэн худлын хорвоод нүгэл буяныг
Үйлдэхийн тийн ялгал
Хаяа өлзийтэй сэтгэл зөвтэй хэнтэй ч гэсэн
Хамтрахын тийн ялгал
Чин хүсэл гэгээн мөрөөдөл минь
Чиглүүлэхийн тийн ялгал
Мөнхбат гэдэг нэр тэр чигээрээ
Мөн чанарын тийн ялгал
Хүсэлд хөтлөгдөж хясалд татагдсан
Хүн чанарын тийн ялгал...
Явлаа
Хаалга үүдийг минь
Дахиж битгий тогшоорой
Хацар дээрээсээ чи
Уруулын минь хээг арчаарай
Сэм хэн нэгэнд алдарсан
Сэтгэлээс чинь би явлаа
Инээд хулжсан зүрхэнд чинь
Итгэлээ үлдээгээд явлаа
Дасаж дурласан сэтгэлийг
Дахиж битгий гомдоогоорой
Шаналсан зүрх хөг орохгүй ээ
Шархлуулж бүү үлдээгээрэй
Надаас урвасан чамайг
Уучилж чадсан намайг
Нандин гэгээн дурсамж
Нулимстай минь хамт мартаарай
Бусдад алдарсан сэтгэлээс чинь
Буцаад би явлаа
Харуусал асгарах зүрхэнд чинь
Хайраа үлдээгээд явлаа...
Санах тусам
Гэгээн гэгээн бодол хөглөрүүлж
Гэнэхэн насны хайраа би дурслаа
Намар намрын навчис шиг эмзэгхэн
Намайгаа чи бас үгүйлээ болов уу
Дэргэд минь үгүй чиний төрх
Дэндүү дулаахан харцыг чинь үгүйлж
Сэмрэн асгарах нууцхан гунигаар
Сэтгэлээ аргадан чамайгаа саналаа
Зүүдэн зүүдэн учрал зөгнөж
Зөнгөөрөө би чамайгаа саналаа
Сэмрэн асгарах нууцхан гунигаар
Сэтгэлээ аргадан чамайгаа саначаа
Нандин нандин дурсамж үерлүүлж
Чинийхээ тухай би бодон сууна
Насан багын сэтгэл нялхарч
Чимээгүй нулимс минь хацар эсгэлээ...
Шинэ өглөө
Өвөрт минь гүнж шиг нойрссон бүсгүй
Өглөө босоод усанд ороход би дуртай
Шүршүүрийн доор дагина мэт зогсоход
Шүүдрэн дусал гэзэгнээс нь унахад би дуртай
Надаас авсан бүхнээ усанд үйж
Нартад заяаснаас бусдаа усанд гээж
Нойтон гэзгээ цээжин дээр минь асгахад
Нойрмог өглөө цочин сэрэх би дуртай Гүн нойрыг минь чимж
Гүнж шиг нойрссон бүсгүй
Халуун хөнжлөөс сэмхэн сугарч
Хүйтэн шүршүүрт ороход
Дусал дусал ус зүрхэн дээгүүр
Дурлал хайр мэт бөмбөрч
Шүүдрийн дусал мэт ариухнаар
Шүлгэн сэрэл өдөөдөгөө
Будаг ч үгүй, юу ч үгүй төрмөл биеэрээ
Бурханы бүтээл шиг эрхэмсэг бүсгүй
Уруулаа хацарт нааж, энгэрт эрхлэхэд дуртай
Унаган харцаа нууж удаахан ширтэхэд нь дуртай
Шүүдэрт орчлонгийн өглөө бүхнээс
Шүршүүрт орсон амраг өвөрт эрхлэхэд дуртай
Нүргэлэх тэнгэрийн асгарах бороонд
Нүглээ арилгаж нүцгэн зогсоё бүгдээрээ
Бусдаас нүглээ нуухгүй гэсэн шиг
Бурхан хүртэл нүцгэн байдаг шүү дээ
Төрөхдөө нүцгэн ирээд
Төрөл арилжихдаа нүцгэн буцдаг хорвоод
Тэнгэрийн шүршүүрт нүглээ гээж
Тэмүүлэх наранд дулаацаж явах минь.
Бурхан хүсэл - 2005 оны "Болор цом"-ын тэргүүн шүлэг
Мэнэнгийн тал мэт тархсан их эвийг нэгтгэж
Сэлэнгийн урсгал мэт их хүчийг хурааж
Ерөөлийн хадагт хүслээ ес болгон зангидаж
Есөн тугтаа хүчээ нэг болгож залбирсан
Өвгөдийн минь өв
Өрлөгийн минь эв
Мандаж гандаж зовсон эх орноо
Маргааш хайрлана гэвэл орой биш үү элгэн түмээн
Төрийн сүлд өршөө гэж сүүгээ өргөдөг үрэстээ
Төмөр мэд хатуурхвал буруу биш үү эх ороон Хадаг дэлгэсэн гарт чинь эв байна уу гэж
Хаан төрдөг гэрт чинь эе байна уу гэж
Хасбуу тамганы дардас бүтэн байна уу гэж
Хаан төрийн чинь сүлд босоо байна уу гэж
Бүтэн заяатай Монголын хаяа бүтэн байна уу гэж
Бүүвэйн дуутай гэрт чинь удам ариун байна уу гэж
Эх орныхоо дархан хилийг алтан шарилаараа зурсан
Эцэг өвгөдийн сүнс биднээс асууж байна
Эрхт төрийн сүлдэн биднээс асууж байна
Арга билэг зөрөлдсөн алтан соёнбо шиг
Арслан заан ноцолдсон аавын гэрийн хормой шиг
Ерөөл ерөөлийн нүд тааруулж хүслээ шивнэе
Есөн зоосны нүх таруулж хүслээ шивнэе.
Жадны үзүүрээр монгол гэдэг нэрийг
Хадны сүг зурагтай нь сийлж үлдээснийг амилуулж хайрла
Тургиж манддаг номхон улаан наран дор
Тулганы гал шиг бадарсан төрийг минь амилуулж хайрла
Буутай дайсан ирвээс онинд нь эхэлж орох
Бугтай нөхцөж ирвээс ширгэнд нь эхэлж орох
Булгилах энэ л зүрхнийхээ чин ганцхан хүслийг
Бурхан танд шивнэлээ шүү,
Бурхан чамайг бурхан өршөөг өө!
Өчил
Надад юу ч байхгүй
Баян хоосны зовлон багаасаа л амсаж
Байх байхгүй дунд байгаагаараа л амьдарч
Согтуу ухаан шиг амьдралын дэнсэнд би
Сохор зоос ч үгүй алхадаг
Надад юу ч байхгүй ээ
Агтын нуруунд зоох
Хүйтэн мэстэй болохгүйн тулд
Амиа бодсон тийм хүний мөстэй болохгүйн тулд
Атаархалын хар сүүдэрт нуугдсан
Алдар хүндийг би тоож ч хардаггүй
Надад юу ч байхгүй ээ
Ертөнцийн гоо бүсгүйчүүдэд бүгдэнд нь дурлах гэж
Ер бусын тансаг хэдэн шүлэг урлах гэж
Согоо харцанд нь эр хүн гэдгээ мэдрэх гэж
Сониуч орчлонд би зүрхээ гээчихсэн
Надад юу ч байхгүй ээ
Шархан дээр минь давас үрэх өстнийхээ өмнө
Шаналал зовлонгоор жаргал хийгч бүгдийн өмнө
Муу явахгүй гэж дэндүү их хичээсэн
Муухай энэ зангаасаа болж
Өнгөний хорвоо мөнгөний амьдралт
Өөрийгөө би гээчихсэн
Надад юу ч байхгүй
Надад бас юм бүгд байдаг,
Зүгэр л хүн явах сан гэх
Зүрхэн тарни шиг хүсэл минь байдаг,
Өөрөө би өөрөөрөө л байх сан гэх
Өнөөх муу сэтгэл минь байдаг
Бусдаас би сөгдөж гуйгаагүй
Бурханаас ч бас сөхөрч гүйгаагүй
Хүсэл хясал хоёртоо хүлэгдсэн
Хүн чанар минь байдаг
Надад бас бүх юм байдаг
Миний гэсэн тэр бүгдийг багтаасан
Мэндийн сайхан үг шиг
Эх орон минь байдаг
Надад бас юм бүхэн байдаг...
Гэрч
Хээрээр гэр хийж
Хэтний цахиур шиг чулуужсан
Хэцээр дэр хийж, хэдэр заг шиг хатуужсан
Үнэн худлын хорвоод
Цоожтой гинданд гинжлэгдэж
Үхэл сэхлийн ирмэгт
Чонын ухаанаар амьдарсан Хэний ч өмнө сөгдөөгүй
Хэлтгий заяа
Хэцийн амьдралд сөхрөөгүй
Босоо тавилан
Шилийн сайн эрийг
Шилийн богд л гэрчилнэ
Догшин түүхт өвгөдийн минь
Цусны дусал
Доромжлогдож үзээгүй ардын минь
Зүрхний цохилт
Долоон бурханы доорх
Замхарсан аялгуу
Домог болон мөнхөрсөн
Шилийн сайн эр
Сэтгэлээ хуваалцах ханьтай байсан юм
Сэвлэгийг нь үнэрлэх үртэй явсан юм
Бусадтай л адилхан ард байсан юм
Бурханд хараалгасан хүн явсан юм
Ган төмөр биеийг нь
Есөн эрүү хэлтэлсэн ч
Гал халуун зоригийг нь
Ертөнцийн үхэл ч эмтлээгүй
Шилийн сайн эрийг
Шилийн богд л гэрчилнэ
Буян нүгэл хоёрыг нь
Бурхан мэднэ
Буруу зөв хоёрыг нь
Чөтгөр мэднэ
Буранхуй орчлонд хүн шиг явсаныг
Нар гэрчилнэ
Буугийн хараанд чоно шиг амьдарсаныг
Сар гэрчилнэ
Эрхийгээ эсгэсэн тангарагтаа үнэнч явсаныг нь
Шилийн богд гэрчилнэ
Эх орондоо тэр хайртай байсныг нь
Ширхэг чулуу ч гэрчилнэ
Шилийн сайн эрийг
Шимийн архины дээж гэрчилнэ
Шинийн гурваны сар гэрчилнэ
Шилийн богдын овоо гэрчилнэ
Шимширч асгарсан нулимс гэрчилнэ.
Дутах эс дутахын шүлэг
Жаргалтай нарны цацрагийг
Тоонон дээрээ аргамжиж
Жавартай шөнийн гурван одыг
Тотгон дээрээ залсан
Нар зөв монгол заяанд уйлж төрөхөд
Надаар эх орон минь дутаагүй ээ,
Тотго босго хоёроороо дэмнүүлж
Тоодон бойтгийнхоо хонхыг анх чимэглэхэд Аав суудалт уулс нь салхиараа дэмнэж
Алтан нар хүртэл цацрагаараа дэмнэж
Эхний мөрөө газар баярлуулан гишгэхэд
Эх орон минь надаар дутаагүй ээ!
Бялууртлаа түмнийхээ буянд эрхэлсэн
Балга цус амины үнэ мэдэхгүй намайг
Довон дунд дэгэнцсэн хөсөг тэрэг шиг хэдэн шүлгээ
Дотроо их томдож, омголон явахад
Чамаас ч илүү үрсийнхээ сүнсийг
Уулс дундаа бүвэйлж байдаг юм гэж
Чангахан зандарсан аавын харц шиг
Ухаарал өгөхдөө эх орон минь надаар дутаагүй ээ .
Надаар дутаагүй эх орноороо харин
Насаа үдтэл би дутаж амьдарна,
Хэнз яргуй аргалын үнэртэй
Хээрийн салхиар дандаа би дутдаг
Дөрөөн дээр сүү дусаасан учралын харгуйтай,
Дөрвөн улиралаар нь үргэлж би дутдаг аа,
Сүүлчийн амьсгал нь толгод болсон
Ааваараа би дутдаг
Сүүн цацал бүхэн нь цэцэг болсон
Бурхан ээжээрээ дутдаг
Морь буусан дөрвөн бэрхээр заяаг минь тэгшилсэн
Монголоороо би дутаж амьдрахын учир
Сүүдрээ дэвсэж элгэнд чинь нойрсохдоо ч
Сүнс минь танаар л дутна, эх орон минь ээ...
Л.Сайнаа
Сэтгэгдэл (6)