Ээж ээ, энэ хорвоод мэндэлсэнд минь уучлаарай
Уучлаарай ээж ээ
Уучлаарай ээж ээ
Нартад мэндэлсэнд минь уучлаарай
Намайг үүрээд явах ээжийнхээ
Нарийхан ар шилэнд би шивнэнэ
Би л хэрвээ төрөөгүй байсан бол
Буурал цагаан үс танд минь ургахгүй
Томоо болсон намайг
Тэвэрч үүрээд явах уй гуниг ч үгүй
“Эрэмдэг хүүхэд байна” гээд
Эргэж харах бусдын хүйтэн харцанд
Эмтэрч та минь уйлахгүй л байсан биз ээ
Би л энэ хорвоод төрөөгүй байсан бол...
Энэхүү шүлгийг 1960 онд төрсөн Ямада Ясүфүми хэмээх төрөлхийн, хүнд хэлбэрийн тархины саажилттай хүү зохиосон аж. Тэрбээр ярьж, бичиж, үг хэлж чаддаггүй. Гэвч сувиллын сургуулийн багш Мүкайно нь түүнд янз бүрийн үг хэлж, хэрвээ хэлэх гэсэн үг нь мөн бол хүү нүдээ аньж, үгүй бол хэлээ гаргах маягаар шүлгээ бичсэн гэдэг. Иймээс дээрх шүлгийг бичихэд нөр их хөдөлмөр зарцуулсан аж. Эхлэл хэсгийн “Уучлаарай ээж ээ” гэх ганц мөрийг бичихэд л сар гаруй хугацаа зарцуулсан байна. Ээжийгээ хайрласан энэхүү гуниг төрүүлэм, үзэсгэлэнт шүлгийг 1975 оны дөрвөн сард хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн “Багваахай цэцгийн цуглаан”-аас зохион байгуулсан концертын тайзан дээрээс Японы алдарт жүжигчин, дуучин Мори Масако уншсан байна. Гэвч тоглолтын дараахан Ясүфүми хүү амьсгалын замын дутагдалаар хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Учир нь тэр хажуу тийшээ хараад унтаж байх үедээ дэрээрээ нүүрээ хаасан байжээ. Хожмоо түүний энэхүү гайхалтай түүх хөгжлийн бэрхшээлтэй олон хүнд амьдрах урам зориг хайрлаж итгэл бэлэглэсэн байна.
Хүүгийнхээ үнэн сэтгэлээс нахиалсан дээрх шүлгийн хариуд ээж Шинко нь ийн шүлэглэжээ.
Уучлаарай хүү минь
Уучлаарай хүү минь
Миний хүү ээжийгээ уучлаарай
Анх хүүгээ тархины саажилттай гэж мэдэх үед
Ай хүү минь ээжийгээ уучил гээд би уйлсан
Асгаруулан хайланхан уйлсан
Үүрд алхаж чадахгүй хүүгээ
Үүрээд алхаж явахад
Мөрөнд ирэх хүндийн жин биш
“Өөрөө алхмаар л байгаа байхдаа” гэх ээжийн сэтгэл
“Хүнд байна уу ээжээ” гэж асуух
Хүүгийн минь сэтгэл л хөөрхий байдаг
Баярлалаа миний хүү
Баярлалаа миний хүү
Хүүгээ энэ чигээр нь л
Хамгаалж ээж нь амьдарна
Хэтэрсэн их хичээл зүтгэл
Хэнийг ч дулаацуулах инээмсэглэлээр
Өдөр өдрийг даван туулах
Чамайгаа байгаа цаг мөч хүртэл...
Эх сурвалж: Кandouhiwa
Бэлтгэсэн:Л.Сайнаа
Шүлгийг орчуулсан: Г.Золзаяа