Хөлбөмбөг бол дэлхийн хэмжээнд ойролцоогоор 3.5 тэрбум шүтэн бишрэгчтэй, хамгийн алдартай спорт юм. Анх 1930 онд Уругвайд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон цагаас хойш дөрвөн жилд нэг удаа (Дэлхийн хоёрдугаар дайны улмаас 1942, 1946 оныг эс тооцвол) зохиогдож байгаа билээ.
Энэ жил буюу 92 жилийн дараа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 22 дахь удаагаа Катар улсад болж өндөрлөлөө. Тэгвэл бид тус тэмцээний цомын түүхэн хувьсал, найрлага, бүтцийн тухай та бүхэнд танилцуулж байна.
1930 онд анх удаа ДАШТ зохиогдсоноос хойш тэмцээний цом хоёр удаа шинэчлэгдсэн. Тэдгээр цомуудыг үнэт метал болон ховор чулууг хослуулан хийсэн байна. Улмаар 1970 он хүртэл Францын уран барималч Абел Лафлерын бүтээсэн анхны цом болох "Жюль Риме" цомыг ашиглаж байлаа. Тэрхүү цомыг мөнгөөр цутгаж, "Цэнхэр номин" чулуугаар суурийг нь бүтээсэн байдаг. Тухайн үед цомын суурь хэсгийн хажуу талд ДАШТ-д түрүүлсэн улсуудын нэрийг бичдэг байв.
Харин 1974 онд Италын уран барималч Сильвио Газзанига цомын шинэчилсэн хувилбарыг бүтээсэн нь өнөөгийн бидний мэдэх цом билээ. Уг цомын найрлагад 18 каратын 5 кг алтыг хөндий хэлбэрээр цутгажээ. Мөн ногоон өнгийн "малахит" чулууг суурь хэсэгт бөгж хэлбэрээр бүслэн шигтгэсэн байна. Энэхүү цомын ёроол хэсэгт 1974 оноос хойших ДАШТ-ий аварга болсон орнуудын нэрс бичдэг уламжлалтай. Өнөө жил тэнд Аргентины нэр бичигдэхээр болсон билээ.
Л.Сайнаа