Нэгдүгээр хороолол надад нийслэлийн хамгийн тайван, амар амгалан бүс шиг санагддаг. Хуучин Оросуудын барьсан орон сууцны хорооллын нэгэн тоотод Б.Санчир эмээгийн хамт сууна. Жаргалыг тэд хэмждэггүй, харин тэд өөрсдөө жаргал мэт амьдардаг. Гэрт нь ороход хуучны орос эдлэл, цүнх, хивс угтана. Б.Санчир энд мэндэлж, 22 жил амьдарсан. Магад эндээ үхнэ.
Энд амьдрал бүхэн адилгүй ч цонх бүхэн гэрэлтэй, цаана нь цохилох олон зүрхнүүдийн өнгийг гэвч таашгүй. Тэр олон зүрхний даруухан нэг өнгө Б.Санчирын цээжинд шатаж буйг мэдэхээр сурвалжилгынхаа зочноор сонгосон юм. Тэрбээр өдгөө 22 настай, МУБИС-ийг Утга зохиол судлаач мэргэжлээр дүүргэсэн ч өөрийн дур сонирхлоо даган нэгэн хувийн студиүдэд ажилладаг.
Өглөө: Хайр надаар олон ч шүлэг бичүүлсэн дээ
Эмээгийнх нь бие өвдсөн учир тэр эмээдээ цагийн тариа хийж байгаа. Таньдаг амьдралын дүр зураг. Амьдрахад нэг их зүйл хэрэггүй. Дулаан гэр, дуртай ажил, нандин атлаа цөөхөн номын цуглуулга байхад л тэснэ, туулна гэж тэр боддог. Түүний хамгийн хайртай үйл шүлэг бичих.
Б.Санчир “Их сургуульд орсон цагаасаа л шүлэг бичих дуртай байв. Ах эгч болон найзуудтайгаа их сургуулиудын утга зохиол, яруу найргийн дугуйлан хэсэж,оюутан насаа харамсахааргүй өнгөрөөсөн. Би их дурламтгай золиг байгаа юм л даа. Хайр дурлал надаар их ч юм бичүүлсэн дээ. Би даруухан атлаа хүчирхэг эмэгтэйд илүү их татагддаг. Шүлэг бичнэ гэдэг дур тавихаас ч гоё зүйл. Бичихгүйгээр амьдарна гэдэг миний хувьд хар дарсан зүүд. Ажил орой тардаг болохоор унтаж амраад өглөө яаралгүйхэн сэрдэг. Оюутан байхдаа их эрт босдог байж. Одоо тийм ч эртэч хүн биш болсон. Сургуулиа төгсөөд нэг мэдээллийн сайтад сэтгүүлчээр орсон боловч миний хийх ажил биш гэдгийг ойлгоод гарчихсан. Надад олон ном байлаа. Ихэнхийг нь хандивлачихсан. Одоо хэдэн нандин номтой. Миний хамгийн хайртай ном яруу найрагч Б. Эрдэнэсолонгынх ” гэв.
Түүний номууд дотор яруу найрагч Б.Эрдэнэсолонгын “Гүзээлзгэний амьдрал” байх нь хараа булаана. Энэ бол түүний хамгийн хайртай ном. Доторх шүлгүүдээс нь тэр,
“Ахиад хэзээ ч архи амсахгүй
Амар тайван аж амьдралаа бодно
Галав юүлж, газар хөдөлсөн ч
Гадуур хэсүүчлэхгүй
Гараа халаасандаа шургуулахаа болино
Одоо ердөө ч тэдэнд дурлахгүй
Охид гэдэг үймээний эзэд
Уйлаад гуйгаад ирсэн ч эгцэлж харахгүй
Ухаангүй дэврүүн сэтгэлээ барина
Ахиад хэзээ ч…” гэх шүлгэд нь хачин их дуртай.
Б.Эрдэнэсолонгын шүлгүүд түүнд дутуу мэдрэмжүүдийг нь нөхөж өгдөг учир унших бүртээ дүүрч явдаг гэнэ.
Өдөр: Хэрмэл амьдралаасаа хүсэх зүйл минь өчүүхэн
Бид өдөр тэднийхээс гарч, ажил руу нь явлаа. Шинэ цагийн салхи эргэж, Монголын олон залуус хүсэл мөрөөдлөө нэгтгэн урлагийн ажил өрнүүлж, хамтдаа студи байгуулан ажиллан буй.
Тэдний нэг нь “Ethno” студи юм. Ажил дээр нь ирэхэд хэн ч байсангүй. Урд шөнө бүгд ажиллаад завгүй байсан тул үдээс хойш цуглаж, оройн ажилдаа орох гэнэ. Харин Санчирт хийх ажил бий. Тэр энд дууны найруулагч, зураглаач, оператор, эвлүүлэгч, ая зохиогч, цэвэрлэгч гээд л бараг бүгдийг нь хийдэг аж. Энэ нь түүнийг ажилдаа хайртайг илтгэнэ.
Тэр ажлынхаа талаар “Манайхан ойрд шинэ жил гээд захиалгын ажил их хийж байгаа. Ихэвчлэн завгүй байдаг улс даа. Бага ангидаа анх компьютертой болж байлаа. Тэр цагаас эхлээд дууны эвлүүлэг, beat хийх дуртай болсон. Мэргэжлээ ондоо сонгосон ч дуртай зүйлээ орхиж чадахгүй яваа минь энэ л дээ. Хэзээ нэг өдөр үүгээрээ амжилтад хүрэх болно. Бодоод байхад хүнд мөнгө чухал биш, сайхан хамт олонтой байх нь л чухал юм билээ” гэв.
Төлөвлөсөн ажлаа хийж дуусгаад, ажлын өрөөгөө цэмцийтэл нь цэвэрлээд тэр цааш хотын төв рүү алхлаа. Алхана гэдэг түүний хувьд өдөр тутмынх нь дадал болжээ. Тэр хотын төвд нэгэн эрхэмтэй уулзах байв. Тэр эрхэм хүн бол Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан юм. Б.Явуухулан найрагч цэцэрлэгтээ хэв нэг, тухтай гэгч нь суух бөгөөд Б.Санчир түүнтэй уулзан мэнд мэдээд хэсэг ярилцсанаар бид төв талбайн жагсаалд очиж, нөхцөл байдалтай танилцахаар явлаа.
Эхэн үеэ бодоход иргэд, тэмцэгчдийн хөл татарсан ч үзэл бодол, үгээ хэлэх чинхүү зориг нь анхных шигээ хүчтэй байлаа. Б.Санчир “Төр засаг гэдэг дотроо хагаралтай, идэх шуналтай байхад түмэн олон хичээгээд ч амжилт гэдэг асар хол байна шүү дээ. Саяхан хэдэн нэр зарлалаа. Зүгээр л дургүй нэгнээ жийж байгаа хэрэг ч юм шиг. Эсхүл хамт алтны эрэлд мацаад олонгуутаа зарим нэгнээ уулын уруу түлхэж байгаа ч юм шиг хар төрөх боллоо ” гэсэн юм.
Орой: Тайвширал, эрх чөлөө хоёр ахан дүүс
Өнөөдөр тэр ажил багатай, төлөвлөсөн ажил нь шөнө эхлэх байлаа. Тийм учир бид төв талбайн жагсаалаас цаашилж, МУИС-ийн Утга зохиол судлалын ангийн оюутнуудын найзуудаараа нэгдэн нийлж, нээсэн “Arca cafe”-д ирэв. Энд нийт 10 мянга гаруй уран зохиолын ном байх бөгөөд хүн тус бүрийн номын сангаас хуран цугласан аж. Үүнд мөн Б.Санчирын гар бие оролцож, олон ч хүний хандиваар номууд иржээ.
Тэрбээр “Би энэ газар стрессээ тайлж, тайвшрах гэж ирдэг. Үргэлж энд ирдэг гэж хэлж болно. Бид чөлөө заваараа ээлжилж энд байдаг. Хүн гэдэг ер нь олуулаа атлаа олон дундаа ганцаардах үе нь их юм байна лээ. Тэр болгонд энд ирж, өөртөө хань болох сайхан байдаг. Би хааяа боддог юм. Нийслэл хотын амьдрал бухимдах, шүүмжлэх асуудал олонтой ч бид хотоо хайрлах учиртай. Хөөрхий муу хотод минь золбин муур, нохой, тагтаа, болжмор мэт нь л хань болж байгаа шүү дээ. Бид харин хотоо муулсаар л байгаа. Намар ирэхэд шувууд нүүгээд явчихна. Гэвч өвөл болж, үүрийн гэгээнээр болжмор дуугарч, хэрээ хаа нэг гуаглан, нохой боргох нь их хотын хань мэт санагддаг” гэсэн юм.
Б.Санчир гаднаа энгийн нэг залуу боловч дотроо түмэн янзын өнгө хутгаж, энгийн сэтгэхүйгээр энгүй сайхныг төсөөлөгч, мөрөөдөгч гэдгийг би олж таньсан юм. Хар багаасаа өвөө, эмээ дээрээ өсөж, өвөөгөө өөд болсноос хойш эмээдээ хань болж, хайр нь болж яваа сайн хүү.
Тэр “Эмээтэйгээ өснө гэдэг асар их аз юм шүү. Би муу хүн болох гэж хорвоо дээр ирсэн байж болно. Гэхдээ өвөө, эмээгийн халуун хайранд хэнбугай нь ч муу хүн болж өсөхгүй гэдгийг л би хамгийн сайн мэднэ. Буруудаад ирэхэд зэмлэдэг, зөвдөөд ирэхэд дэмнэдэг буурал эмээдээ би дэндүү хайртай. Надад орчлонд инээж явах, нартад мишээж амьдрах ганцхан шалтгаан байгаа бол тэр нь миний эмээ” хэмээн өглөөхөн ярьсан нь гэнэт санаанд буув.
Нээрээ л тэр сайн хүү. Түүний өрөвч зан, сайхан сэтгэл, тусархуу байдал нь үргэлж өөрийг нь чимж явдаг гэж ойрын танил нь надад ярив. “Arca cafe”-д бид ном уншиж, шүлэг дуудан хэсэг суулаа. Эндхийн халуун кофе, цай нь хаана ч амтлаагүй амт. Хаанаас ч мэдрээгүй дотно, тухтай орчин энд л бий болсныг нүдээр анх үзсэн сэтгэгдлээ "өндөр" гээд хэлчихье.
Түүний бичлэгийн арга барил бусдаасаа тэс ондоо. Жишээлбэл,
“Аав минь тамхи татдаг
Гэхдээ гэртээ утаа гаргаж үзээгүй
Хааяа балгах дуртай
Эмээ бид хоёрын гаргасан
Тайтгарлын замаар
Гэртээ ирээд гэмгүй унтаад л өгдөг
Эмээ минь 76 тай
Насыг нь хүндлээд
Гэрийн онгон ганц ч үг дуугардаггүй
Тэр гурил зуурдаг
Хоолны мах хөшиглөдөг
Хорин гурван жил надад хоол хийсэн
Найман жилийн өмнө өвөө тэнгэр зүг
Байнга зогсдог тагтыг нь би өвлөж авсан
Дээрээ хов зөөх ахгүй өссөн
Ганцаардал бид хоёр сайн найз
Эмээ байсан болохоор
Зодооноос харин холуур явсан
Ганц хоёр удаа алдагдуулж явсан удаа бий л дээ
Гэхдээ өвдөлтгүй амьдралыг ямар амьдрал гэх юм
Айлын хүүхдүүдийг ээж нь сургуульд нь хүргэж өгдөг
Харин намайг эмээ өвөө хоёр л зөөдөг байсан
Авга эгч эмээ хоёр зах дээрээс
Тор дүүрэн тайтгарал авчирч өгсөн
Би өлсөж үзээгүй
Товчхондоо амьдрал
Ганцаардахыг бас өглөгч байхыг заасан
Тоглоомуудаа би ганцаардлаас
Ганц ч удаа харамлаж байгаагүй...” гэх шүлгийг нь дэлгэж болно.
Удаан үргэлжилсэн өдрийн төгсгөлд сэтгүүлч би түүний тухай цөөхөн үгээр та бүхэнд таниулахыг хичээлээ. Өвлийн нар эрт хэвийдэг. Үүнийг дагаад бидний нэг өдөр дуусаж, Б.Санчир хүү гэрийн зүг буцлаа. Буцахдаа хэлсэн шүлэг нь,
“Эндхийн хүмүүсийн сүнс нь
Махан биедээ дургүй
Сүүдэр нь амиа хорлох хүсэлтэй
Эрээвэр хураавар үхмээр байна мэтийн үгс
Тэдний цээжний гүнд амьдардаг
Тэжээвэр сүнснийх нь байдаг
Зүсийг нь үл таних бурханд (Бурхан биш ч байж болно)
Сүүдрээ алдсан хүмүүсийн нэрс
Хотоос зайдуу боржин чулуун дээр шивээстэй байдаг
Эндхийн хүмүүсийн сүнс ийшээ л очих хүсэлтэй
Эндхийн хүмүүс харин зөвхөн өөртөө л хайртай” гэх шүлэг...
Хүмүүс түүнд магад хөндий санагддаг байх. Түүний хүсэл нь ердөө л халуун тэврэлт, даруухан бүсгүйн өөр лүү нь зүглэх сэтгэл л байх... бид салан тус тусын замыг хөөсөн ч ярих хүсэл, дотно мэдрэмжүүд хамтдаа гэлдэрсээр хаа нэг тийш одсон юм. Эргэн уулзахын ерөөл салан одсон цэгээс эхэлдэг. Эндээс бидний сурвалжилга өндөрлөлөө.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)