44 их наяд төгрөгийн нүүрсний хулгайн асуудалд бухимдсан иргэдийн жагсаал хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж буй. Уг жагсаалд дуу хоолойгоо өргөж, бусдыгаа уриалан дуудаж яваа олон залуусын нэг нь “Эмоци” продакшны жүжигчин У. Цогтбаяр юм. Тэрбээр одоогоос яг дөрвөн жилийн өмнө, 2018 оны 12 дугаар сард манай сайтад ярилцлага өгч байв. Тэрхүү ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.
-Та урлагт хэрхэн хөл тавьж байв. Эндээс яриагаа эхэлье?
-Би тавдугаар ангиасаа хүүхдийн жүжгийн дугуйланд хамрагдсан. Тэгж анх драмын урлагтай холбогдож байлаа. Түүнээс өмнө дөрөвдүгээр ангидаа шүлэг бичээд “Залуучууд” театрын тайзан дээр уншиж байсан. Манай ээж зохиолч, сэтгүүлч, нэвтрүүлэгч хүн л дээ. Харин аав маань гарын ур дүйтэй, зураач, мужаан хүн. Аав, ээж хоёр маань хоёулаа урлагийн хүмүүс учраас яах аргагүй би урлагаар хүмүүжчихсэн дээ. Урлаг гэдэг өөрөө гоё, сайхны ухагдахуун. Хүн үүсэхээс өмнө байгаль гэдэг урлаг үүссэн гэж би боддог.
-Урлагийн хүний хувьд өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ?
-Би бусдаас юугаараа илүү билээ гэж бодож, тэр талаа сайн хөгжүүлэхийг хичээдэг. Ном уншиж, тэндээс сонин хачин зүйл байвал үзэж, судлахыг зорьдог. Автобусанд суугаад явж байх үедээ ч гэсэн хүмүүсийн хоорондын харилцааг анзаардаг. Миний хувьд бусад жүжигчдийг бодвол уран зохиолын авьяас үл ялиг илүү л дээ. Түүгээрээ би ялгарч чадна гэж боддог. Тийм учраас би текст дээр илүү их ажиллаж, бүтээж буй дүрээ улам илүү амьдруулахыг хичээдэг.
-“+17” цуврал нэлээд шинэлэг зүйл болсон. Хэн ийм зүйл хийе гэж санаачилсан юм бэ?
-Яахав, энэ төсөл Оросоос, Америкаас санаа авсан байж болно. Гэхдээ энэ нь хөрөнгөө босгох ажил байсан. Хөрөнгөө босгосныхоо араас жинхэнэ оюуны өмчийн бүтээлээ гаргасан байгаа. Гэхдээ “UB comedy”, “Онц дүмд” зэрэг төслүүд бидний өмнө гарсан. Жишээ нь “Онц дүмд” гэхэд аниме буюу зурган хэлбэрээр контентоо гаргадаг. Харин манайх бол арай амьтай л даа. Түүгээрээ ялгарч байгаа. Текстийн хувьд “UB comedy” ёс бус үг их хэрэглэж гарч ирсэн. Гэхдээ Жижигээ ах бид хоёрын хувьд хэн хэн нь туршлагатай. Жижигээ ах “Маск” продакшнд 11 жил, би “Эмоци”-д зургаан жил болж байна. Хэрвээ бид хоёр тус тусдаа, өөр уран бүтээлчтэй хамтраад явбал гар нийлэхгүй байх гэж бодогддог. Бид хоёр бие биедээ зориулагдсан жүжигчид л дээ.
-“Эмоци” продакшнтай ажил амьдралаа холбосон дурсамжаасаа яривал?
-Хувийн ажил, хувьсгалын ажил гэж ярьдаг шүү дээ. “Эмоци” продокшн бол миний хувьсгалын ажлын тэргүүнд тавигдана. Хамт олонтойгоо гар гараасаа атгалцаж “Эмоци”-ийг байгуулаад зургаан жил өнгөрсөн байна. Миний амьдралын хамгийн чухал зүйлсийн нэгдүгээрт гэр бүл маань, хоёрдугаарт хамт олон маань байдаг.
-Хошин урлагийн юу нь таныг татсан юм бэ?
-Би хошин урлагийн ах, эгч нараа арай даруухан гэж боддог. Тэд нар маань үзэгчдээ их хүндэлдэг. Тийм учраас алдаа гаргахыг хүсдэггүй. Жижигээ ах бид хоёрыг хошин урлагийг шинэ түвшинд хүргэсэн гэж яриад байдаг юм. Ямартай ч төсөл хэрэгжүүлсэн. Тэр маань амжилттай болчихсон. Би бол хошин урлагтай салшгүй холбоотой хүн. Зохиолч, сэтгүүлч Б. Цэнддоогийн “Би хүнийг доромжилдоггүй. Шоолдог юм” гэж хэлсэн үг байдаг. Үүний адилаар ер нь хүн шоолоход яадаг юм. Жишээлбэл, манай ангийн Баатар гэдэг хүүхэд хувцсаа, амаа угаахгүй яваад, би түүнийг шоолчихвол тэр эмзэглээд цамцаа угаагаад , амаа угаагаад хүрээд ирнэ. Тийм учраас л амьдралын бүхий л шатанд хошин урлаг зайлшгүй байх шаардлагатай гэж боддог. Гэхдээ аливаа зүйл хэм хэмжээтэй байдаг. Тэрийг л баримтлах хэрэгтэй.
-Танай цуврал нэг хэсэг хулгайд алдагдсан. Мэдээж уран бүтээлч хүний хувьд хэцүү л байсан байх. Оюуны өмчийг үл хүндэтгэгч нарт юу гэж хэлмээр байна?
-Сая би гадагшаа яваад ирлээ. Уран бүтээлч хүний хийсэн бүтээлүүд хүмүүсийн амьдралыг хөглөдөг шүү дээ. Тухайлбал, эхнэрээсээ хол байлаа гэж бодоход хайрын дуу сонсоод л эхнэрээ санаад л ирнэ. Орлоод байна гэсэн үг шүү дээ. Гадаадад бол уран бүтээлчийг, оюуны өмчийг нь маш ихээр дээдэлж, хүндэлж байна. Харин Монголд бас л хэцүү шүү дээ. Учраа мэдэхгүй хүмүүс л хулгайлаад байна гэж бодсон. Тэдгээр хүмүүсийн ухамсрынх нь гүнд ойлгуулж өгөх хэрэгтэй байх л даа. Зүгээр хэлбэл ойлгоод больчих юм биш. Хэлээд ч нэмэр байхгүй. Тоглоомоор ярихад, хулгайлбал буудна гэж хууль гараад, хэд хэдэн хүнийг буудахгүй бол зогсохгүй байх аа. Гэхдээ цаг хугацааны эрхээр хүмүүс ухамсартай болоод, хулгай хийхээ больчих биз. Болиосой.
-Уран бүтээлээ хийж байх үед мэдээж хэцүү үе тулгардаг л байх. Тэдгээрийг даван туулах хүчийг юунаас авдаг вэ?
-Миний амьдрал дардан, сайхан байсангүй. Улаанбаатар хотод дүүгээ хөтлөөд, цүнхтэй хувцсаа бариад орж ирсэн үе надад байдаг. Хүнд хэцүү үе тохиолдоход хаанаас эхэлснээ үргэлж санадаг. Тэр үеийг бодоход л одоогийн энэ даваа, шалгуур юу ч биш юм шиг санагддаг.
-Таныг амьдрал дээр ч ялгаагүй шогч хүн байх гэж боддог?
-Амьдрал дээр ялт ч үгүй тийм юм шиг байгаа юм. Хошин урлаг, хошин мэдрэмж гэдэг өөрөө гайхалтай зүйл. Хүн болгон өөрийн гэсэн хошин мэдрэмжтэй. Харин тэр хошин мэдрэмж энгийн хүмүүст будааны ширхэг шиг заяадаг гэж үзвэл, надад саримсны хумсын чинээ илүү заяасан юм шиг санагддаг. Гэхдээ амьдрал дээр марзганах үедээ марзганана. Хүн л юм чинь өөр олон ааш, зан надад бий шүү дээ.
-Гадаа шинэ жилийн уур амьсгал хэдийн орчхож. Та шинэ оноо бусад хүмүүсийн адил угтдаг уу?
-Дүүтэйгээ, ганц нэг хамт найзуудтайгаа хэдэн жил тэмдэглэсэн. Тэгээд гэр бүлтэй болсон болохоор сүүлийн нэг жил гэр бүлтэйгээ тэмдэглэсэн юм байна. Үнэхээр сайхан байсан. Өмнө нь би яг “Гринч” шиг л байлаа. Тэгээд “Гринч” эцэст нь гэр бүлтэй байхын сайхныг мэдэрдэг шиг, яг тийм мэдрэмж намайг угтсан гэх үү дээ. Хадам ээжтэйгээ тэмдэглэсэн. Би хадам гэдэг үгэнд их дургүй. Тэгээд хүү маань яг баярын өдөр төрсөн. Гоё байгаа биз. Энэ жил гадаадаас урилга их ирсэн. Гэхдээ эх орондоо оноо гаргана гээд шийдчихсэн байгаа. Хэдийгээр гадаадад он гаргахыг хүссэн ч гэр бүл гэдэг хамгаас чухал шүү дээ.
-Энэ шинэ жилээр цувралаараа үзэгч түмэндээ гэнэтийн бэлэг барих уу? Хүлээлт их байгаа.
-Харин хүлээлт үнэхээр их байгаа байх. Гэхдээ бид хоёр тэгж төлөвлөөгүй. Цуврал маань ингээд түр зогсох ёстой. Гэхдээ цааш яаж үргэлжлэхийг үзэгчдэдээ хэлж чадахгүй байна. Төсөл маань эхэлсэн, дуусах болоогүй. Зүгээр л эхлэлээ тавьчихсан, өрнөж ч эхлээгүй байгаа. Сууриа дэвсчихсэн юм чинь маш өндөр барилга босгохыг хүсэж байгаа. Гэхдээ энэ шинэ жилээр уран бүтээл хийх бодолгүй байна.
-Жүжигчин Жижигээ та хоёр нэгэндээ сайн зохицдог хамтрагчид гэлээ. Тэгвэл хамтрагчдаа хандаж сэтгэлийн үгээ хэлбэл?
-Манай эхнэр ямар ч харгүй, сайхан сэтгэлтэй бүсгүй байдаг. Би эхнэрийнхээ тэр сайхан сэтгэл, уян зөөлөн занд нь татагдсан байх. Гэхдээ эхнэр маань хааяа тоглоомоор “Чи арай ижил хүйстэн юм биш биз дээ” гэдэг. Ингээд бодохоор эхнэр маань ингэж хэлэх хэмжээний дотно ах дүү, хамтрагч болсон байна гэж өөрсдийгөө дүгнэдэг. Жижигээ ах хэдий надаас жижигхэн, туранхай ч гэсэн хайр халамж, сэтгэл нь надаас хамаагүй том. Түшиг тулгууртай, хариуцлагатай, ганхашгүй эр хүн дээ. Ямар хувь тохиолоор энэ хүнтэй учрав даа гэж бодон, баярлаж суудаг даа. Миний бүх амжилт Жижигээ ахаас шууд хамааралтай.
-Анх урлагт хөл тавьж байх үеийн Цогтоо, өнөөдрийн Цогтоо хоёрын хоорондын ялгаа?
-Үнэнийг хэлэхэд тухайн үеийн мөрөөдөл маань биелчихжээ. Би энэ цэг дээр ирэхийн тулд өөрийгөө маш дайчилж, хөдөлмөрлөх байх гэж бодсон байхгүй юу. Тэгсэн чинь ерөөсөө тийм юм болсонгүй. Зүгээр л би ажлаа хийж байсан. Зүгээр л амьдарч байсан. Цогтоо байгаагаараа л байсан . Хамгийн гол нь би дуртай юм аа л хийж байж. Нэг л мэдэхэд хүмүүсийн мэддэг, заримынх нь хүндэлдэг уран бүтээлч болжээ. Энэ нэрээ цааш нь ганхуулахгүй авч явахыг хичээж байгаа. Нэр хүндээ авч явна гэдэг чинь бас том хариуцлага шүү дээ.
-Ямарваа уран бүтээлчид үлгэрлэн дуурайдаг хэн нэгэн байдаг. Танд тийм хүн бий юу?
-Надад Жэкки Чантай “Оргил цаг”-т тоглодог Крис Такер их таалагддаг. Учиргүй их шүтэж, дуурайгаагүй. Бас “Hangover” буюу шарталтын Alan их зүгээр. Хамгийн гол нь зураг, хөргийг нь цуглуулаагүй ч гэсэн хайрлаж, хүндэлдэг хүмүүсээ хайрлаж явсаар өдийг хүрсэн.
-Таны мөрөөдлийг уултай зүйрлэе. Та тэр уулын яг хаана нь явна вэ?
-Би яг бэлд нь явж байгаа. Одоо дээшээ авирна даа.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)