Амьдрах энэхэн хугацаанд хэн байхаа бид өөрсдөө л сонгодог. Армийн генерал, ерөнхийлөгчийн туслах, оёдолчин гээд л... Бид энэ булангийнхаа зочдыг олны танил, хэвлэлийнхний байгаар сонгодоггүй. Сэтгүүлч миний хувьд гудамжаар зөрж буй хүнд ч амьдралыг бусдаас өөрөөр харах өнцөг бий гэж итгэдэг. Тийм дээ ч бид энэ дугаарын зочноороо Б. Энэрэл хэмээх бүсгүйг онцолж байна. Тэрбээр СУИС-ийг төгссөн ч нийгмийн харилцаанд орж, бусдын удирдлага дор ажиллах тун дургүй нэгэн.
Тэр бол жирийн л нэг ээж бас гэргий хүн. Их хотод өвөл морилж, цантсан цонхны цаана амьдралууд буцална. Тэрхүү амьдралуудын нэгийг буцалгасаар, яг л тогооч нь юм шиг завгүй байдаг түүний амьдралын нэгэн өдөр манай дуранд буув.
Жавар тачигнасан өглөө 21 хороололд байх тэдний гэрийг зорив. Нэг өрөө байрны цантай цонх “Өвөл” хэмээх зураачийн бүтээл, гоёмсог талстаар дүүрэн байв. Инээмсэглэн угтах энэ бүсгүй саяхнаас өөрийн мөрөөдөж явсан гар урлалын бүтээлүүдээ хийж цагийг өнгөрөөдөг болжээ. Түүний брэндийн нэр "Dandalion" буюу багваахай. Зарим эх сурвалжууд уг цэцгийг бурхны цэцэг гэх нь ч бий. Түүнийг Улсын нэгдүгээр эмнэлэгт эмчлүүлж байхад коридорт бурхны том хөрөг, өмнө нь зул асааж хүж уугиулсан байжээ. Үүнээс үүдэн тэр брэндийн лого болон нэрээ ийнхүү хоршуулсан байна.
Өглөө: Ажил гэдэг оффист суухаар хязгаарлагдахгүй
Тэрбээр өглөө босоод хамгийн түрүүнд гэрээ цэмцийтэл нь цэвэрлэх зуршилтай. Ээж байна гэдэг тийм ч амар ажил биш гэдгийг уншигч та бүхэн хэлүүлэхгүй биз. Гэрээ цэвэрлэж дуусаад тэр хүүгээ ундална. Энэ өглөөний цайнд тэднийх сүүтэй цай чанаж, бууз жигнэв. Буузны амттайг яана, цайны аагтайг яана.
Б.Энэрэл “Хүүгээ энэ жил цэцэрлэгт явуулаагүй. Учир нь гадуур ханиад томуу их байна. Миний өглөөний амьдрал энгийн хүмүүсийг бодвол сүүлд эхэлдэг. Яагаад гэвэл би сүүлийн гурван жил нойргүйдэлтэй тэмцэж байгаа. Өглөө босоод гэрээ цэвэрлэж, хүүгээ хооллодог. Гэр цэвэр байх нь аливаа зүйлд төвлөрөхөд их тус болдог шүү. Тэгээд л ажилдаа ордог доо. Саяхнаас өөрийн гар урлалын брэндийн ажлаа эхлүүлсэн. Гар урлалаа хийхээр цаг маш хурдан өнгөрчихдөг. Тэгээд ч над шиг хүнд бясалгал болдог доо. Зарим өглөө гадаа агаар сайхан байвал хүүтэйгээ гарч агаар амьсгалангаа зугаалдаг. Хүү маань дөрвөн настай ч хэрсүү болохоор яг л том хүн шиг яриа өрнүүлдэг. Мэдэхгүй модных нь нэрийг зааж өгөх, асуултад нь хариулах зэргээр бидний аялал өрнөдөг. Миний том хүү Сэлэнгэ аймагт өвөө, эмээ дээрээ байгаа. Бага хүү маань нэг удаа надаас ‘Ээж ээ, би төрөхдөө таныг өвтгөсөн үү’ гэж чухал царай гарган асууж байсан. Бас ‘Ээж ээ, та яагаад аавд хайртай юм бэ’ гэж асуусан. Би яагаад гэвэл аав чинь миний бүх зүйл болохоор гэж хариулсан. Нөхөр маань намайг яаж халамжилна тэрийг хүү минь дуурайдаг. Зарим үед сэтгэл санаа тавгүй, бие суларсан байдаг. Тэр үед шүлэг бичиж өөртөө тайвшрал олгодог гэх үү дээ. Сүүлийн нэг жил яг энэ амьдралын хэмнэлээр амьдарч байна ” гэв.
Түүний хүү Ж.Хувьтөгөлдөр дөрвөн настай. Түүний шүтээн нь Солонгосын хүүхэлдэйн баатар Пороро юм. Түүнийг Поророгийн цуглуулга бий.
Тэрбээр мөн өнгөрсөн жил нурууны мэдрэлийн судас дарагдсан суулт гэх өвчнөөр шаналж, ялан дийлжээ. Хүндээр өвдөж байх үедээ өвдөхийн оронд арван удаа хүүхэд төрүүлчихье гэж бодож байсан тухайгаа ярив. Тэр үед уудаг байсан эм, тариа нь үйлчлэхээ байж, шөнө ч унтаж чаддаггүй байжээ. Дасгал хөдөлгөөнөөр өөрийгөө эдгээхийг хүссэн ч санаснаар болоогүй бөгөөд саажилт үүссэн байна. Тухайн өвчнийг ялан дийлэхэд сэтгэлийн тэнхээ, гэр бүл, ханийнх нь дэмжлэг хамгийн их нөлөө үзүүлсэн хэмээн ярьж байлаа.
Тэрбээр “Тухайн үед олон хүн надад найдваргүй гэж хэлж байсан. Би том хүүгээ их хүнд тээсэн юм л даа. Хүндрэлээс болоод юу юугүй дутуу төрчих гээд байж байхад яруу найрагч агсан Г.Баяр ахын ‘Хүн сэтгэлийн тэнхээгээр л эдгэнэ. Өвдгөө шалбалаад уйлж суугаа хүүд хөлгүй хүний инээмсэглэлийг харуул. Ах нь чамд өөр юу ч хэлэхгүй ’ гэж хэлж байсан нь санаанд орсон доо. Эмнэлэгт өвдөөд байж байхад насаараа суумгай, хэвтэрт орсон эгч нарын инээмсэглэлийг хараад би тэмцэх ёстой гэдгээ хамгийн түрүүнд ойлгож авсан. Бас өвдөж байхад хүмүүс надад ямар муухай хандаж байсан, тэр бүгдийг бодоод өөрийгөө гэртээ байлгах замыг сонгосон” гэсэн юм.
Түүний амьдрал өвчнөөс нь хойш гэрэлтэй буй. Учир нь тэр амьдралыг өөрийнхөөрөө харж эхэлсэн байна. Гэртээ суугаад өдрийг өнгөрөөдөгтөө огт гутардаггүй. Харин нийгмийн харилцаанаас өөрийгөө тусгаарлаж, өөрийгөө өөрөөр нь авч үлдэж чаджээ.
Өдөр: Дуртай зүйлээ хийх нь хамгийн том эрх чөлөө
Б.Энэрэл өдрийн ихэнх цагийг брэндийнхээ ажилд зарцуулдаг. Дургүй ажлаа хийж мөнгө олсноос дуртай зүйлээ амжилтад хүртэл нь дурлаж хийхийг илүүд үзсэн байна.
Тэрбээр гар урлалынхаа талаар “Ээж минь сонсголын бэрхшээлтэй хүн байдаг. Намайг наймдугаар ангид байхад ээж бид хоёр санамсаргүй байдлаар шүрэн урлалын сургалтад суусан юм. Тэрнээс хойш ээж өдөр болгон гар урлал хийдэг болсон доо. Одоо тэр жижиг дунд бизнес эрхлэгч болсон. Тэгээд ээж маань намайг өвчтэй байхад шүрээр урлал хийвэл бясалгал болдог гэж хэлж байсан. Түүний хэлснээс үгнээс л би энэ бүгдийг эхлүүлсэн дээ. Үнэхээр л асар том бясалгал болж өгдөг. Урлалаа хийж байхад олон зүйлийн талаар бодож, тайвширдаг. Асуудлаа ч шийдэж, өөрийгөө хүчирхгээр мэдэрдэг. Үүнийг хийхэд миний нөхөр үнэхээр сайн дэмждэг. Тэр надад ‘Чи энийг хийгээд мөнгө олох нь чухал биш. Зүгээр л өөрийгөө жаргалтай, хүчтэй байлга’ гэж хэлдэг. Тэр хэмжээгээр би хүчтэй ба жаргалтай болдог. Ер нь хүний амьдралд сайн хань байвал бусад нь аяндаа бүтнэ. Өвдсөн бол эдгэрнэ, өөрчлөгдсөн бол засарна. Би урлалынхаа материалыг ихэвчлэн Нарантуул зах дээр суудаг, хөгжлийн бэрхшээлтэй ахаас авдаг. Тэр хүн их сайхан сэтгэлтэй, надад үргэлж хямдруулж зардаг. Ер нь ажиглаад байхад зовлон туулж яваа хүн л бусдаас сайхан сэтгэлтэй байдаг юм шиг санагддаг даа. Би энэ ажлаа зогсолтгүй хийж, амжилтад хүрэх ёстой гэж өөртөө үргэлж, сануулдаг шүү. Бусдын хараа хяналтгүй өөрийгөө жаргааж байгаа хойно амжилт энүүхэнд л байгаа гэж найддаг” хэмээлээ.
Мөн тэрбээр эмнэлэгт эмчлүүлж байх хугацаандаа эмнэлгийн өрөөнүүд яагаад цав цагаан байдагт гайхширсан гэнэ. Хүн гэдэг сэтгэлийн амьтан учир эмнэлгийн өрөөнд хөгжим эгшиглэж, уран зураг ярайж байвал өвчтөний эдгэрэлтэд сайн нөлөө үзүүлж болно гэсэн юм.
Орой: Гэргийн ажил гэрээр дүүрэн
Өдрийн турш хүү Ж.Хувьтөгөлдөр нь хань болж, ээждээ саад болохгүй хүүхэлдэйн кино үзнэ. Хааяа бас эрхэлнэ, уйлна. Хүүхэд л хойно аргагүй биз. Ээжтэйгээ усны дусал мэт адилхан төрсөн, энгэрийнх нь зүүлт адил нандин өсөж байгаа энэ өхөөрдөм хүүгээс асуухад ирээдүйд Пороро болно хэмээн хариулав.
Өдөржин ажилласан нөхөр нь удахгүй ирэх тул тэрбээр оройн 18 цагийн алдад гар урлалаа дуусгаж, хоолоо бэлдэхээр зэхэв. Өдөржин хийсэн бүтээлүүдээ гараар хийсэн хар өнгийн хавтан дээр өлгөж байгаад гар утсаараа зургийг нь дардаг ажээ. Хийж бүтээхийн галтай яваа түүний хувьд “сэтгэл байхад юуг ч бий болгож болно” гэж хэлээд инээмсэглэж зогссон юм. Бас түүний хамгийн сайн модел нь түүний хүү ажээ.
Оройн хоолонд тэднийх цуйван хийхээр болжээ. Түүний нөхөр хувиараа бизнес эрхэлдэг монголын олон залуусын нэг. Зах зээлийн ороо бусгаад амьдралаа авч явна гэдэг амаргүй ч сайн аав, нөхрийн үүргээ давуулан биелүүлж яваа нэгэн. Түүний нөхөр гэртээ ирэхэд өдрийн турш болж өнгөрсөн хөгжилтэй зүйлсийг ярилцах зуураа тэд “Puzzle” эвлүүлж, хүүтэйгээ цагийг өнгөрүүлнэ.
Оройн хоолонд амттай цуйвангаар дайлуулаад гэрийн зүг хөдөллөө. Түүний нэгэн өдрийн амьдралын даруухан мөчүүд ийн өнгөрлөө. Өвчнөө ялж, өөрийгөө өөрөөр нь авч үлдсэн Б.Энэрэл амьдралын утга учрыг гэр бүлээ гэсэн юм. Амьдралын хэцүү цагт үргэлж хамтдаа байдаг тэдний гэр бүл нийслэлийн олон энгийн айлуудын адил.
Цаг хэдийн орой болж, гадаа жавар тачигнахтай зэрэгцэн гэрийн зүг алхаж яваа миний хувьд түүний амьдралаас эрх чөлөө, сэтгэлийн тэнхээ, хийж бүтээхийн сайханыг ойлгоод харилаа.
Л.Сайнаа