Хөлбөмбөгийн ДАШТ-д түрүүлсэн багт гардуулдаг Алтан цомын загварыг бүтээсэн эрхэм нь Италын уран барималч, зохион бүтээгч Сильвио Газзанига (1921-2016) юм. 1970 онд Мексик улсад зохиогдсон хөлбөмбөгийн IX ДАШТ-д “хөлбөмбөгийн хаан” Пеле тэргүүтэй Бразилын шигшээ баг түрүүлсэн. Бразилын баг урьд нь 1958, 1962 онд түрүүлсэн байв. Олон улсын хөлбөмбөгийн холбоо ФИФА-гийн дүрэмд гурав түрүүлсэн багт аваргад өгдөг Жюль Римегийн цомыг үүрд хадгалуулна гэсэн заасан учраас Бразилчуудыг уг цомоор буцааж авах нөхцөлгүйгээр шагнажээ. Ингэж хойшид түрүүлсэн багт гардуулах аваргын цомгүй болсон ФИФА олон улсад ДАШТ-ий аваргад гардуулах шинэ цомын загварыг шалгаруулах уралдаан зарлажээ. Дэлхийн олон орны уран бүтээлчдээс ирүүлсэн 53 загвараас Италын уран барималч Газзанигагийнх шалгарч сонгогджээ.
Загвар зохиогч Газзанига Милан хот дахь өөрийн дархны урландаа 1973 онд хийсэн Аваргын цом нь 36, 8 см өндөр босоо хэлбэртэй, 3, 7 кг цэвэр алт орсон нийт 6,1 кг жинтэй. Хоёр хүмүүн Дэлхийн бөмбөрцөг өргөж байгаа дүрслэлтэй, доод талаараа үнэт чулуун болон алтан бүслүүртэй.
1974 онд Германд X ДАШТ зохион байгуулагдахад тус улсын шигшээ түрүүлж, багийн ахлагч Беккенбауэр уг Цомыг анх гардан өргөсөн байна. Алтан цомыг Швейцарын Цюрих хотноо ФИФА-гийн төв байранд хадгалдаг бөгөөд ээлжит ДАШТ эхлэхээс өмнө зохион байгуулагч улсаар аялуулдаг уламжлалтай. ДАШТ-ий финалын тоглолт өндөрлөж аварга тодроход багийн ахлагч нь Алтан цомыг эхэлж гардаж авдаг. Улмаар түрүүлсэн багийн тоглогчид гараас гар дамжуулан өргөж баяр хөөр болдог. Дараа нь цомыг ФИФА-гаас хураан авч оронд нь хуулбар хувь, гаднаас нь харахад огт ялгагдахгүй алтадсан хүрэл цомыг сольж өгч шинэ аварга багт хадгалуулдаг ажээ.
Тиймээс жинхэнэ Алтан цомыг оригоор нь 1974 оноос хойш өнгөрсөн хугацаанд Герман (1974 он), Аргентин (1978 он), Итал (1982 он), Аргентин (1986 он), Герман (1990 он), Бразил (1994 он), Франц (1998 он), Бразил (2002 он), Итал (2006 он), Испани (2010 он), Герман (2014 он), Франц (2018 он) дэлхийн аваргад түрүүлэхэд тоглогчид нь гартаа барьж үзсэн гэж ойлгож болно.
1994 оны ДАШТ-ий үеэр Алтан цомд нэмэлт өөрчлөлт хийсэн. Суурийн доод талд нь давхар хавтан нэмж түүн дээр нь 1930 оноос хойших ДАШТ-ий аварга бүх багийн нэрийг түрүүлсэн онтой нь бичиж, хойшид шинээр түрүүлсэн баг, оныг үргэлжлүүлэн бичих уламжлал тогтоожээ.
2010 онд Африкийн ӨАБНУ-д зохиогдсон XIX ДАШТ-д Испанийн баг түрүүлэхэд тус багийн хөлбөмбөгчин шилдэг тоглогч Хави Алонсо /14 дугаартай/ Алтан цомын доод талд бичигдсэн өөрийн улсын болон бусад аваргын нэр, оныг сонирхож байгаа гэрэл зураг тухайн цаг дор Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр хит фото болж түгж байлаа. Баттай эх сурвалжийн мэдээллээр бол аварга багийн нэр, түрүүлсэн он бичих хоосон зай тун бага үлдсэн бөгөөд “Катар 2022”-ын түрүү багийг оруулаад 2038 оных хүртэл ердөө таван удаагийн ДАШТ-ийнх бичигдэх боломжтой гэнэ.
Б.Ерэнтэй