Дөнгөж өвлийн эхэн сар гарч байхад өглөө, оройн цагаар гадаа агаарын хэм хөрсөн дээр хасах 30 градус хүрэх болжээ. Цаг агаарын мэдээ сонсох завгүй нэгэн бүсгүйн амьдралыг сурвалжлахаар өглөөний нартай уралдан гэрийнх нь гадаа хүлээвээс хөлийн хурууд мэдээ алдах нь энүүхэнд. Бид өнгөрсөн баасан гарагт уулзсан юм. Урд орой нь “Болор цом” яруу найргийн наадам болж, тэрбээр найзуудын хамт тус наадмыг үзсэн учир оройтож харьсан тухайгаа ярилаа.
Түүнийг Б.Хургаа гэдэг. Амьдралд өөрийн түүхээ бичиж яваа жирийн нэгэн бүсгүй. Тэр СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд өдгөө Монголын Үндэсний олон нийтийн радиогийн Цэнгээнт нэвтрүүлгийн албаны хөтлөгч, редактораар ажиллаж байна. Мөн тэрбээр яруу найрагчийн хувиар шаггүй бичдэг ч түүнийгээ ойшоодоггүй нэгэн.
Түүний өглөөний амьдрал эртлэн босож, хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөхөөс эхэлнэ. Хүүхэдтэй айлын жирийн өглөө түүний амьдралаас хол зөрөхгүй. Зарим өдөр түүний нөхөр энэ үүргийг хүлээдэг бол зарим өдөр түүнд ноогдоно. Бид уулзсан даруй түүний ажлын зүг хөдлөв. Өнөөдөр түүний эфирт гарах өдөр биш. Харин бага хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгөх ёстой. Түүний хүү “MNB Kids” цэцэрлэгт суралцдаг. Тэр 2016 онд “Цагаан Уул” хайрын шүлгийн уралдаанд гутгаар байрт шалгарч байлаа. Тухайн үед уншиж байсан шүлэг нь ур хийцийн хувьд олны анхаарлыг татаж байсан сан.
“Би чамайг даараасай гэж боддог
Даарсандаа над дээр ирж гараа дулаацуулаг.
Би чамайг өвдөөсэй гэж боддог
Шархалсан зүрхээрээ эм найруулж өгье, тэгээд чи эдгэг.
Би чамайг уйлаасай гэж боддог
Үерлэсэн нулимсаар чинь ядаж хатсан сэтгэлээ дэвтээе
Би чамайг уйтгарлаасай гэж боддог
Бага ч болов чиний сэтгэлд орон зай болон үлдье.
Би чамайг үхээсэй гэж боддог
Өөрийн болгож чадаагүй биеийг чинь чандар болгон шатаагаад
Өөр ертөнц дээр оччихоод ганцаардал дунд ирээч гэж хашхирахад чинь
Өөрөө би цогцос болон газарт уусаад
Очсон газарт чинь хоёулхнаа л үүл болон жаргана
Чи үхээсэй…”...энэ шүлэг л дээ. Бусад юу гэх нь огт хамаагүй. Зүгээр л өөрийн мэдрэмжээ өөртөө тоочиж байвал тэр л жинхэнэ шүлэг болно гэж боддог.
Тэр хамгийн түрүүнд Үндэсний телевиз дотор байрлах бяцхан кафегаас кофе худалдаж аваад өнөөдрийн ажлын төлөвлөгөөгөө гаргаж эхлэв. Хамгийн эхэнд Монгол Улсын филармони орж, саксафоныхоо сургалтад суух байлаа. Бид такси барин тийш явав. Төлөвлөсөн цагаас нь ялимгүй хождож байсан тул таксинд явах зуураа төлөвлөгөөгөө гүйцээж буй нь энэ.
Өглөөний 10 цагийн үед ачаалал хөнгөрч, замын түгжрэл бага буй нь ажиглагдсан. Улмаар зорьсон газраа хүрэхэд Улсын Филармонийн нэгэн өрөөнд түүний хөгжмийн багш биднийг угтав. Урлаг, хөгжим цангинасан газар гэдэг цаанаа л нэг өөр, сэтгэл татам байдаг. Анхан шатнаасаа суралцаж буй тэрбээр багшийнхаа хэлснийг үг бүрчлэн сонсож, хичээж буй нь нүднээ илхэн. Нэг л өдөр хүссэн аяа амархан тоглож чаддаг болно гэдэгт нь итгэж байлаа.
Хөгжмийн хичээл цаг гаруй үргэлжилж, тэр дараагийн ажилдаа яаравчлав. Түүний дараагийн ажил бол ирэх даваа гараг буюу өнөөдөр цацагдах радиогийн нэвтрүүлгийн нэг хэсэг, усанд живж буй хүнд үзүүлэх анхан шатны тусламжийн талаар байв. Аливаа ажлыг амжуулахад тухайн хүний авхаалж самбаа их чухал. Гэвч энэ тал дээр эмэгтэй хүн эрэгтэй хүнээс хавь илүү гэдгийг ухаарч явсан юм.
Бид цааш хөдөлж “Гамшгаас хамгаалах сургалтын төв” буюу Нийслэлийн аврах 105 дугаар ангийн Гавьяат аврагч Х.Цогбадрахаас яриа авлаа. Х.Цогбадрах биднийг тус ангийн “Алдрын танхим”-д хүлээн авч, үе үеийн баатарлаг гавьяатнуудын тухай түүх хүүрнэв.
Б.Хургаа түүнээс нэвтрүүлгийнхээ яриаг авснаар бид өдрийн 14 цагийн үед бидний нэрлэж заншсанаар “Зурагт” буюу Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз рүү явлаа. Замдаа бид ярилцав.
-Өдөрт хэдэн аяга кофе уудаг вэ?
Өдөрт хоёр аягыг уучихдаг шүү. Би мэргэжлийн кофечин биш. Гэхдээ сүүлийн үед яах ч аргагүй кофе уудаг болоод байна. Ихэнхдээ л латте, капучино уудаг даа.
-Ажлынхаа талаар ярихгүй юу?
Би саяхнаас радиогийн нэгдүгээр сувгийн Цэнгээнт нэвтрүүлгийн албанд ажиллаж байгаа. Өмнө нь би Монголын үндэсний радиогийн гуравдугаар суваг, "P3"-т ажиллаж байсан. Долоо хоногийн хоёроос гурван өдөр эфирт гардаг. Өчигдөр Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдөр, Дашням, Балжинтай бэлэгт сайн өдөр болж өнгөрлөө. Би бас энэ өдөр нэгдүгээр сувгийнхаа анхны эфирийн хөтлөлтийг хийсэн нь үнэхээр бэлгэшээлтэй байсан. Мөн талархлын сайхан үгээр ажлаа эхлүүлсэндээ баяртай байгаа.
-Өглөө тань хэрхэн эхэлдэг вэ?
Би ер нь өглөөний нойрондоо сайн, шөнийн нойрондоо муу хүн. Том хүүхэд маань сургуульд орсон учраас өглөө 06 цагт босоод охиноо сургуульд нь хүргэж өгөөд ажилдаа ирдэг. Хэрвээ өглөөний эфиртээ бол 04 цагт босоод ажилдаа явдаг. Өглөөний л хүн болчхоод байгаа даа.
-Тэгвэл өдрийн амьдрал тань хэрхэн өнгөрдөг бол?
Мэдээж саксафоныхоо сургалтад сууна. Эфирт гарахгүй өдрөө нэвтрүүлгээ бэлдэж, яриа авах ажил байвал тэрэндээ явдаг. Ажил дээрээ ажлаа хийнэ. Харин одоогоор шинэ жилийн уур амьсгал орж байгаа учраас хувийн бизнестээ илүү их анхаарал хандуулах шаардлагатай байгаа. Би өөрийгөө олон ажил зэрэг амжуулж чаддаггүй хүн гэдгийг мэдэж, их гутрах болсон. Миний өдөрт төлөвлөсөн ажлууд бүгд амжихгүй байна гэдэг нь би өөрөө маш муу төлөвлөгөө гаргагч гэсэн үг. Үүнээс болоод сэтгэлээр унаад байгаа л даа. Би өглөө босоод охиноо сургуульд нь хүргэж өгдөг. Тэгээд гэртээ эргэж ирээд хүүгээ босгож, хувцаслаад цэцэрлэгт нь хүргэдэг. Хэрвээ нөхөр маань байвал унтаж амраад ажилдаа ирдэг дээ. Хөгжмийн сургалт маань долоо хоногт хоёроос гурван удаа явагддаг болохоор тасалж, хойшлуулдаггүй.
-Нууц биш бол ямар бизнес вэ?
Би багадаа урлагт сонирхолтой, дуулж, бүждэг хүүхэд байлаа. Хөтлөлт хийх сонирхолдоо хөтлөгдөөд олон ч газар хөтлөгч хийсэн. Тэгээд одоогоос найман жилийн өмнө нөхөртэйгөө хамтран шинэ жилийн урлагийн үзүүлбэрийн бизнесээ эхлүүлсэн юм. Энэ ажилдаа дуртай, тэсэн ядан хүлээдэг дээ. Бидний үзүүлбэрийн багцад хамтлаг дуучид, циркийн үзүүлбэр зэрэг байж болох бүхий л номерууд багтсан байгаа.
-Монголд ажлын төлөвлөгөө гаргахад хүндрэл байдаг гэх юм. Энэ нь танд мэдрэгддэг үү?
Тэгдэг. Үнэхээр хэцүү. Хэн нэгэнтэй уулзах цаг товлоод тэрнээсээ хоцорчих вий гэж үргэлж айдаг. Байгалийн давагдашгүй хүчин зүйл гэдэг шиг энэ түгжрэл, бусад зүйлээс шалтгаалж их цаг алддаг даа. Нөхөр маань хөдөө ажлаар явсан үед миний ажил амждаггүй, бүх зүйл нуруун дээр ирдэг гэх үү дээ. Харин нөхөр гэртээ байгаад, ар ажилдаа санаа тавиад ирэхээр миний төлөвлөсөн ажил амжчихдаг. Ганцаараа бол барахгүй даваа.
-Нөхөр тань сайн ар тал чинь байх нь ээ?
Тийм шүү. Миний нөхөр их сайн хүн бий. Үргэлж миний ард байдаг. Бид хоёр арван жилдээ яруу найргийн шугамаар танилцаж байлаа. Хамт амьдраад 10 жил болсон байна. Аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, хөдөө гадаа их явдаг хүн дээ. Миний хүсэл сонирхлыг ойлгож, үргэлж дэмждэг сайн залуу шүү.
-Та өмнө нь гэр бүлээрээ хөдөө амьдарч үзсэн гэсэн үү?
Би төгсөөд мэргэжлээрээ нэг их ажиллаагүй л дээ. Өөр салбарт ажиллаж байгаад 2020 онд гэр бүлээрээ хөдөө амьдрахаар шийдсэн юм. Тэнд нөхөр төрийн албанд, би бүжгийн багш хийдэг байлаа. Хоёроос дөрвөн жил амьдарна гэж төлөвлөсөн ч хоёр жил болоод л эргээд ирсэн дээ. Одоо бол мэргэжлээрээ ажиллахыг хамгийн ихээр хүсэж байгаа. Хайртай, дурлаж сонгосон мэргэжил минь шүү дээ. Өөрийгөө олон талаар хөгжүүлэхийг бас эрмэлздэг. Өсөх боломж бий гэж харсан учраас.
-Орон нутагт ажиллах, энд ажиллах ялгаа бий биз?
Шал ондоо байдаг юм билээ. Жижигхэн газар жижигхэн л сэтгэдэг. Жоохон газар алхдаг, жоохон зүйлийн тухай ярьдаг. Миний байх ёстой газар биш гэдгийг мэдсэн дээ. Зүгээр л бүжгийн багш хийж байсан учраас дугуйлангийнхаа хүүхдүүдэд дасчихсан байсан.
-Амьдралын утга учрыг юу гэж хардаг вэ?
Дуртай зүйлээ урамтайгаар хийх, үр дүн гаргах, үнэлэгдэх. Тэгээд эрүүл, асуудалгүй амьдрах. Хэрвээ асуудал тулгарвал маш хурдан шийдэж чаддаг байх ёстой гэж боддог. Бас ажлын бүтээмж өндөртэй байхыг хүсдэг.
-Яруу найргийн хувьд өөрийгөө хэрхэн үнэлдэг вэ?
Би өөрийгөө яруу найрагч гэж боддоггүй. Уртаашаа, өргөөшөө 18-хан шүлэгтэй хүн л дээ. Би яг тоолж үзсэн. Энэ жил номоо гаргана гэж найздаа амлачихсан байгаа. Хамгийн сүүлд гурван жилийн өмнө л бичсэн байх даа. Гэхдээ одооноос өөрийгөө шахахгүй ч бичнэ гэж бодож байгаа. Нэгэнт л хайртай хойно яах ч билээ дээ.
-Таны хүрээлэлд ямар хүмүүс зонхилдог вэ?
Бодоод байхад дандаа л утга зохиолынхон байдаг юм байна. СУИС-ын РТМУС-ын “Алиус” утга зохиолын бүлгэмийн найзууд байна. Радиогийн “Гүлиранс”-ын ах нар байна. Тэгээд өөр бас бус олон яруу найрагч, танилууд бий. Магадгүй миний амьдрал утга зохиолтой салшгүй холбоотой болохоор тэр биз. Ер нь утга зохиолынхон дэндүү цагаахан хүмүүс шүү. Цасны ширхэг бүрээс амьдралын утгыг хайж явдаг, амьдралаас нэг их зүйл хүсдэггүй, байгаагаараа л байдаг тийм л хүмүүс.
-Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн шүлэг бичих чадвар, мэдрэмжид ялгаа бий юу?
Шүлэг бичих гэлтгүй бусад зүйл дээр ч эрэгтэйчүүдийн оролцоо их шүү дээ. Эрэгтэйчүүдийг бүдүүн баараг гэдэг ч маш нарийн мэдэрч чаддаг улс. Тэгэхээр яруу найрагч болгон эрэгтэй байх ёстой гэсэн үг биш. Мундаг бичдэг, мэдэрдэг олон эмэгтэйчүүд бий шүү.
-Өчигдөр “Болор цом”ын сүүлийн шатанд шалгарсан таван яруу найрагч эрэгтэй байсан. Энэ нь хүйсийн тэгш бус байдал мөн үү?
Үгүй. Энэ жилийн тэмцээн үнэхээр сайхан болсон. Сэтгэл ханамж маш өндөр байгаа. Өмнөх хэд хэдэн жил авьяастай ах нар минь түрүүлэхэд би бас ийм мэдрэмж авч байсан. Тэдний дундаас “Гэгээн хэсүүлчин” хочит Б.Баттулга ахыгаа дурсмаар байна. Миний хайрлаж явдаг яруу найрагч байгаа юм. Эмэгтэйчүүдээс Б.Энэрэл гээд оюутан цагийн найз минь бий. Үнэхээр л эмэгтэй хүний нарийн, торгон мэдрэмжээр бичдэг. Мөн яруу найрагч бүх найзууддаа хайртай.
Үдээс хойш 15 цагийн орчимд тэрбээр үндэсний телевизийн зоогийн газарт хооллох зуураа дээрх ярианы ихэнхийг хүүрнэсэн юм. Ажил бужигнасан энэ байгууллагаас олон уран бүтээлчид амьдралаа залгуулж, бидний мэдэх эрх, эрх чөлөөг хангаж буй. Тэдний ажил амьдрал үеийн үед дардан байх болтугай. Нэгэнт цаг энд ажиллаж явсан нагац ах Г.Ганхуягаа “Америк Хуягаа” дурсахад сэтгэлд буусан хэсэг манан нүдний аяга дүүргэнэ.
Цаг өнгөрч буйг ч үл анзааран суух энэ бүсгүй, ажилдаа дуртай, хамт олонтойгоо харилцаа сайтай, үргэлж инээж явдаг нэгэн. Өнөөх нүүрийн баясгалантай хүн гэдэг нь л энэ байх. Хааяа ажлын стресс, ядаргаанаас болоод дуугаа хураах, сэтгэлээр унах нь олон ч төд удалгүй инээгээд л ирэх нь тэр. Хийсэн ярилцлага нь нэг л болж өгөхгүй, баримт мэдээлэл дутуу байгаад тэр ихэд сэтгэлээр унаж байв. Түүний хувьд энэ өдөр хүнд өдөр байлаа.
Нийгэм даяар бухимдал, ажлын ядаргаанд даруулсан нь нэгэн жишээ энэ. Гэлээ гээд тэр бусдын итгэлийг цалгардуулдаг ,хариуцлагагүй нэгэн биш хэмээн өөрийгөө өмөөрчихдөг бардам хүн. Гадуур гарч иргэдээс нэмэлт яриа авах зэргээр удаан ноцолдсоны эцэст дийлэнхийг нь амжуулж, нэвтрүүлгийн ажлаа нугаллаа. Түүний нэвтрүүлэгт ажлынх нь найзууд тусалж, өөр өөрсдийн санал бодлоо хуваалцсан нь түүнд хамгийн том урам байсан нь илт.
Түүний ажил сая л нэг дууссан нь оройн 19 цагийн үе байв. Их ажлын алжаал тайлж хэсэг суугаад тэр ажлын өрөөгөө орхисон юм. Ядарсан нүдэндээ мишээл тодруулсаар гэрийнхээ зүг хөдлөхдөө “Хүнд өдөр өнгөрлөө. Аз болоход маргааш амралтын өдөр юм даа” хэмээлээ.
Амьдралын өдөр бүхэн нь өнөөдрийнх шиг хүнд байхгүй гэдэгт итгээрэй. Хэцүү санагдах мөч бүхэн дуусдаг гэдгийг санаарай… гэж хэлээд энэхүү бичвэрээ өндөрлүүлье.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (9)