Хөлбөмбөгийн ДАШТ-ий Хэсгийн шатны I тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Найман хэсэг тус бүрийн дөрвөн баг хоорондоо нэг удаа таарч гурван тойрог тоглож дүнгээ гаргана. Хэсэгтээ эхний хоёр байр эзэлсэн багууд хасагдах шатны шөвгийн 16-д шалгарна. (Плей-оффын хасагдах шатны оноолтыг зургаас харна уу). ДАШТ-ий “D” хэсгийн хоёр тоглолт арваннэгдүгээр сарын 22-нд болж I тойрог өндөрлөлөө. Тус хэсгийн
II тойргийн Франц-Дани, Тунис-Австрали тоглолт XI.26-нд,
III тойргийн Тунис-Франц, Австрали-Дани тоглолт XI.30-нд тус тус болох хуваарьтай.
Францын баг аварга гэж ямар байдгийг үзүүлбэр болгон харуулж тоглон Австралийг хожлоо
__D хэсэг. Франц-Австрали 4:1. гоол: Гудвин 9 мин(0:1), Рабьо 27 мин(1:1), Жиру 32 мин(2:1), Мбаппе 68 мин(3:1), Жиру 71 мин(4:1).
Дэлхийн аварга Францын шигшээ багийнхан тоглолтыг тун тоомжиргүй, өрсөлдөгчөө нэлээд бассан маягтай, хэн нь эхэлж гоол хийх вэ гэсэн аястай эхлүүлсэн. Гэтэл Австралийн хөлбөмбөгчид тэдний энэ налгар байдлыг боломж болгон ашиглаж тоглолтын 9 минутад Гудвиний гоолоор тэргүүллийг авсан. Хаалгандаа гоол алдаж цочроо авсан Францууд эцсийн шүгэл дуугарах хүртэлх үлдсэн 81 минутын хугацаанд дэлхийн аварга багийнхан ямар түвшинд тоглодгийг үзэгчдэд тодоос тод харуулсан. Хагас хамгаалагч Рабьогийн талбайн дунд шугам дахь бөмбөг хуваарилалт, довтлогч Мбаппегийн бөмбөг авангуут хурд хийсэн зугтаалт, довтлогч Гризманы нөхдөдөө гоолын боломж үүсгэж буй оновчтой дамжуулалт, довтлогч Жиругийн төгсгөлийг төгс гүйцэтгэж айлын хаалгын торыг хөдөлгөж гоол оруулж байгаа, бусад тоглогчийн байрлалаа зөв эзэлж байгаа, энэ бүхэн талбай дээрх хөлбөмбөгийн гайхамшгийг харуулсан үзүүлбэр мэт сэтгэгдлийг үзэгчдэд төрүүлж байв. Францууд хаалгандаа гоол алдсаны дараа нэгдүгээр үед тэнцээний болон тэргүүллийн гоолыг дараалан оруулж 2:1 үр дүнгээр эхний үеийг завсарлуулсан. Хоёрдугаар үед нэмж хоёр гоол оруулж 4:1-ээр Австралийн багийг буулган авлаа.
Энэ тоглолтын шилдэг нь довтлогч Жиру байлаа. Тэрбээр Францын шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч Тьери Анригийн 51 гоолын амжилтыг давтаж оруулсан бөмбөгийн тоогоо мөн адил 51 болголоо.
Түүнийг дараагийн гоолоо хэзээ оруулж шинэ рекордын эзэн болохыг л хүлээх үлдлээ. Ташрамд хэлэхэд, Францыг энэ жил ДАШТ-д түрүүлж Аваргын цомыг түүхэндээ гурав дахь удаа хүртэнэ гэсэн таавар Бооцооны конторууд дээр ноёлж байгаа ажээ.
Тунисийн шигшээ Данитай тэнцэж оноо хуваасан нь тус багийн хувьд амжилт байлаа
__D хэсэг. Дани-Тунис 0:0.
Багууд урьд нь хоорондоо албан ёсны тоглолт хийж байгаагүй. Хорин жилийн өмнө 2002 онд ганц удаа нөхөрсөг тоглолт хийж Даничууд 2:1-ээр хожиж байжээ. Хоёр баг ДАШТ-д адилхан зургаа дахь удаа оролцож буй. Тус тэмцээнд гаргасан амжилтаараа Данийн шигшээ Тунисчүүдээс хол илүү сайн үзүүлэлтэй. Тунисийн хөлбөмбөгчид хэсгээсээ хасагдах плей-оффын шатанд шалгарч үзээгүй бол Даничууд нэг л удаа плей-оффод шалгараагүй. Бусад таваасаа нэгд нь хамгийн том амжилт үзүүлж 1998 онд Францад шөвгийн 8-д шалгарч байсан замналтай.
Түүхэн замнал болон сүүлийн үеийн амжилтыг нь тооцоход Даничууд Тунисын багийг хожих магадлал өндөр байлаа. Гэсэн ч бөмбөг бөөрөнхий, үр дүн хаашаа ч эргэж болно гэдгийн жишгээр хожил санаснаар ирсэнгүй, тоглолт тэнцээгээр өндөрлөлөө. Тэнцэж нэг оноо авсан нь Тунист амжилт байсан бол Данийн багт “хагас” ялагдал боллоо. Тус баг хожлын бүтэн 3 оноо авч чадаагүй ч энэ хэсгээс Францын дараа хоёрдугаар байраар шөвгийн 16-д шалгарна гэсэн мэргэжилтнүүдийн тааварт өөрчлөлт ороогүй болохыг уншигчдадаа сонордуулъя.
Б.Ерэнтэй