Хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид Дэлхийн аварга болох багийг Англи, Испани, Нидерланд, Бразил, Аргентин гэх мэтээр нэр цохож өөр өөрсдийн таамаг дэвшүүлж сууна. Ташрамд хэлэхэд, Аварга тодорч Цом өргөх финалын тоглолт хорь гаруй хоногийн дараа ирэх 12 дугаар сарын 18-нд болно.
Одоогоор дээр нэр дурдагдсан шилдгүүд ч, бусад дундаж түвшний багууд ч ялгалгүй юун аваргын финал бодох манатай, бүгдээрээ хэсгийн тойргийн тоглолтдоо хэрхэн амжилт гаргаж хасагдах шатны шөвгийн 16-д шалгарах вэ гэдэгтээ толгой гашилгаж сууна. (Плей-оффын хасагдах шатны оноолтыг зургаас харна уу).
ДАШТ-ий “В” хэсгийн хоёр тоглолт 11 дүгээр сарын 21-нд болж I тойрог өндөрлөлөө. Тус хэсгийн II тойргийн Уэльс-Иран, Англи-АНУ тоглолт 11 дүгээр сарын 25-нд, сүүлчийн III тойргийн Иран-АНУ, Уэльс-Англи тоглолт 11 дүгээр сарын 29-нд тус тус болох хуваарьтай.
Хожсон Англи, хожигдсон Ираны хөлбөмбөгчид 2 цагийн хугацаанд хамтдаа 8 гоолын “бороо” орууллаа
__В хэсэг. Англи-Иран 6:2. гоол: Беллингем 35 мин(1:0), Сака 43 мин(2:0), Стерлинг 45 мин(3:0), Сака 62 мин(4:0), Тареми 65 мин(4:1), Рэшфорд 71 мин(5:1), Грилиш 90 мин(6:1), Тареми 90+13 мин, торгуулийн цохилт (6:2)__ Английн хөлбөмбөгийн Премьер лиг, тивийн Аваргуудын болон Евролиг, дотоодын Цомын тэмцээний шахуу хуваарьтай тоглолтуудад өнгөрсөн 2021 оны намраас хойш оролцож байгаа Английн шигшээ багийн хөлбөмбөгчдийг ядрал ихтэй, одоогоор сэргэлт сайн авч чадаагүй учраас Ирантай тоглохдоо хурдтай довтолгоо, бөмбөггүй гүйлтэн дээр тулгуурласан тактикаар бус байрлалаар шахсан хамгаалалт давамгайлсан тоглолт хийнэ гэж хөлбөмбөгийн мэргэжилтнүүд таамаглаж байсан. Өөрөөр хэлбэл хаалгандаа гоол алдахгүй, ганц хоёр гоол айлын хаалганд оруулж цөөн бөмбөгийн зөрүүтэй хожно гэж үзсэн. Гэтэл бодит байдал эсрэг байж, Англичууд хамгаалалтдаа бус довтолгоондоо илүү анхаарсан тоглолт хийж Ираны багийн хаалгыг эхний хагаст дөрөв, хоёрдугаар хагаст бас дөрөв, нийт найман гоолоор мялаалаа. Иранчууд зүгээр зогссонгүй хариу барьж “нэр төрийн” хоёр гоол өрсөлдөгчийнхөө хаалганд орууллаа. Ийнхүү хоёр баг хамтдаа гоолын бороо оруулж цэнгэлдэхэд хүрэлцэн ирсэн үзэгчдийн талархал хүлээлээ.
Хэдийгээр тоглолтын 20 минутад Ираны шигшээ багийн үндсэн хаалгач Бейрандад өөрийн багийн хамгаалагчтай мөргөлдөж бэртэн талбайг чөлөөлж оронд нь нөөц хаалгач, харьцангуй ур чадвар тааруу Хоссейни хаалгаа манасан нь Англичуудыг олон гоол оруулахад нөлөөлсөн байж болох ч, тэдний багийн Беллингем, Сака нарын залуучуудын ур чадварын үнэлэмжийг бууруулан үнэлж болохгүй гэдэгт хөлбөмбөгийн шинжээчид санал нэгтэй байна. Хамгаалагч Шоугийн дамжуулалтаар мөргөж гоолдсон Беллингемийн, Сакагийн оруулсан гурван гоол, ялангуяа түүний хоёр дахь гоолоо хийхдээ үзүүлсэн хууралтын ур чадварыг хөгжөөн дэмжигчид шагшин магтаж байна. Эдгээр залуучуудыг энэ ДАШТ-ий нээлт болж хөлбөмбөгийн зүлэг ногоон дэвжээнээ шинэ од болж гарч ирнэ гэж олон нийт итгэлтэй буй.
Англи-Ираны тоглолтын анхаарал татсан зүйл нь дээр дурдсан хоёр хөлбөмбөгчний гайхалтай ур чадвараас гадна талбайн Бразилын Рафаэл Клаус болон VAR-ын шүүгч нар хамтын шийдвэрээр тус тоглолтын үргэлжлэх 90 минутын үндсэн хугацааг 24 минутаар нэмж бараг хоёр цаг болгосон явдал байсан. Хөлбөмбөгийн мэргэжилтнүүд, Ираны багийн бэртэл авсан үндсэн хаалгач 5 минутын эмчилгээ хийлгэсэн, нийт оруулсан найман гоолтой уялдсан цаг хугацааг нэмээд нэмээд нийтдээ 24 минут болохгүй, маш буруу жишиг гэж шүүмжилж эхэллээ.
Англичууд сайн тоглож, хэсгээсээ нэгдүгээр байраар шөвгийн 16-д шалгарна гэдгээ урьдчилан зарлалаа гэж ойлгож болох байх. Англи плей-оффын хасагдах шатны оноолтын хүснэгтийн В1-д бичигдвэл шөвгийн 16-д А2-оор гарч ирсэн Сенегал, Эквадор хоёрын аль нэгтэй тоглохоор байна.
Хэсгийн хоёрдугаар байрын төлөө гол өрсөлдөгч хоёр баг АНУ, Уэльс хоорондоо тэнцэж оноо хуваалаа
__В хэсэг. АНУ-Уэльс 1:1. гоол: Веа 36 мин(1:0), Бэйл 82 мин, торгуулийн цохилт(1:1)__ Энэ хэсгээс нэгдүгээр байраар Английн шигшээ баг шөвгийн 16-д шалгарах магадлалтай бол хоёрдугаар байраар шалгарахын төлөөх өрсөлдөөнд АНУ, Уэльсийн шигшээ баг нэрлэгдэж буй.
Америк хөлбөмбөгчид нэгдүгээр үеийн туршид тоглолтын санаачилгыг гартаа авч бөмбөгийг байнга эзэмшин довтолж байсан. Гоол оруулах бараг зуун хувь гэж нэрлэгдэх хоёр ч довтолгоог энэ үеийн эхээр хийсэн боловч Уэльсийн хамгаалалтын ар тал бат байж хаалгандаа бөмбөг алдсангүй. Гэвч төд удалгүй тоглолтын 36 дахь минутад Америкчууд сөрөг довтолгоог амжилттай дуусгаж гоолдон тооны харьцааг 1:0 болгосон. Уэльсийн хөлбөмбөгчид эхний үед Америкийн багийн хаалга руу ганц ч цохилт хийсэнгүй довтолгоогүй залхуу тоглолт хийсэн. Гэхдээ хоёрдугаар үе эхэлмэгц тоглолтын санаачилга авч өрсөлдөгчөө илүүрхэж байсан ч тэд гоол оруулах түвшний довтолгоо хийгээгүй.
Хоёрдугаар үе төгсгөл рүүгээ дөтлөх үеэр хоёр талаас тоглогчид бие биенээ харилцан “барьж” хамгаалсан, бөмбөг дамжуулах орон зайг хаасан нэлээд бохир тоглолт хийж байснаас талбайн шүүгч олонтаа алдаа зааж тоглолтыг түр зуур үе үе зогсоож байлаа. Ийм дүр зураг үргэлжилсээр тоглолтын 82 дахь минутад Америкийн багийн хамгаалагч Циммерман өөрийн торгуулийн талбайд Уэльсийн супер од “цахилгаан” хэмээх Бэйлийг ар талаас нь хөл тавьж унагаснаар торгуулийн цохилт өрсөлдөгч багтаа “бэлэглэсэн”. Багийн ахлагч Бэйл өөрөө торгуулийн цохилт гүйцэтгэж тооны харьцааг 1:1 болгож оноог тэнцүүлсэн. Энэ нь Уэльсийн шигшээ багийн, ДАШТ-д 1958 оноос хойш 64 жилийн дараа оруулсан анхны гоол, Бейлийн хувьд шигшээ багийнхаа төлөө оруулсан 41 дэх гоол байсан.
АНУ, Уэльс хоорондоо тэнцсэнээр шөвгийн 16-д шалгарах, энэ хэсгийн хоёрдугаар байрын төлөөх өрсөлдөөнийг гурван багийн дунд бий болголоо. Өөрөөр хэлбэл, Англи хэсгээсээ нэгдүгээр байраар шалгарна, харин хоёрдугаар байрыг АНУ, Уэльс, Иран, гурван улсын шигшээгийн нэг нь эзлэнэ гэсэн нөхцөл. Тэр баг нь шөвгийн 16-д шалгарна. Үлдсэн II, III тойргийн тоглолтууд энэ бүхнийг эцэслэн шийдэхээр болж байна.
Б.Ерэнтэй