2025 оны сагсанбөмбөгийн Азийн аваргын урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийн төлөөх тэмцээний “D” хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө.
Уг хэсэгт Монгол, Тайланд, Вьетнам, Малайз, Таити гэсэн таван улсын баг өрсөлдөж Тайланд, Монгол, Малайзын шигшээ баг хоёрдугаар шатанд шалгаран ирэх хоёрдугаар сард тоглох эрхээ авлаа.
Монгол Улсын сагсанбөмбөгийн холбооны хувьд 60 жилийн ойн босгон дээр ийнхүү олон улсын чанартай тэмцээнээс анхны хожил, анхны шатаа давж буй түүхэн үйл явдал боллоо.
60 жилийн түүхт ойгоо угтаж буй манай холбооны хувьд алдаж онож, салж сарниж явсаар энэ жилээс ийнхүү нэгдсэн нэг баг болон ажилласны анхы үр дүн гарч буй нь энэ юм.
Учир нь Монголын сагсанбөмбөгийн холбоо, Монголын Үндэсний сагсанбөмбөгийн холбоо гэх хоёр байгууллагын нэр дор хоёр дээд лигтэй олон улсад аль нь төлөөлөх нь мэдэгдэхгүй найман жил явсны эцэст энэ асуудал ийнхүү нэг талдаа гарсан.
ААШТ-ИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ОРНЫ ТҮҮХ
ААШТ-ий урьдчилсан шатны тэмцээни хуваарьт ёсоор D хэсгийн тоглолтууд Шри-Ланка улсын Коломбо хотод болох байсан нь тус улсын дотоод шалтгааны улмаас Монголын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах болсон. Энэ оны зургаадугаар сарын 2-4 хооронд “Степп Арена”-д болох товтой байсан ч хэсэгт багтсан багууд хүндэтгэх шалтгааны улмаас манай улсад ирэх боломжгүй учир хойшлуулан энэ сарын 10-14 хооронд шинээр баригдсан 3150 хүний суудалтай “UG Арена”-д зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд зургаадугаар сард зохион байгуулагдсан бол “D” хэсэгт дөрвөн багтайгаар зохиогдох байв.
МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН ХУВЬД
Зургаадугаар сарын 2-4 хооронд зохион байгуулагдсан бол манай шигшээ багийн хувьд бүрэлдэхүүн өөр байх байв. Учир нь зуны амралтын үе таарсан учир Солонгосын лигт тоглож буй Н.Батбаяр, Тайваны лигийн тоглогч Д.Баясгалан, NCAA-д тоглож буй Ш.Энхийн-Од нарын манай импорт тоглогч нар энэ удаагийн шигшээ багийн бэлтгэлд хамрагдан тоглохоор зэхэж байв.
Тухайн шигшээ багийн хувьд 3Х3 шигшээ багийн тамирчид ДАШТ-д оролцохоор бэлтгэлд хамрагдаж байсан үе учир шигшээ багт тоглох боломжгүй байсан юм. Тухайн шигшээ багт ОУХМ Болортулга, Г.Баттөр нар мөн багтаж байлаа.
ЭНЭ УДААГИЙН ШИГШЭЭ БАГИЙН ТУХАЙД
Ийнхүү энэ сарын 10-14 хооронд зохион байгуулагдсан “D” хэсгийн тоглолтод манай шигшээ баг хувьд
1. А.Энхбаясгалан (М Гарьд)
2. А.Ананд (Архангай АлтанДорнодын Дайчид)
3. А.Тэмүүжин (М Гарьд)
4. Т.Санчир (Уурхайчид)
5. Э.Цэрэнбаатар (Апес)
6. Б.Болдбаатар (М Гарьд)
7. Б.Билгүүн (Хүлэгүүд)
8. О.Энхбаатар (Архангай АлтанДорнодын Дайчид)
9. О.Сэргэлэн (Хүлэгүүд)
10. С.Өрнүүнбилэг (Хүлэгүүд)
11. М.Өлзий-Орших (Апес)
12. Э.Дөлгөөн (Ахан дүүс)
Дээрх 12 тоглогчийг нэрлэсэн. Уг жагсаалтад багтаагүй тоглогч нараас гэвэл бэртлийн улмаас “M” гарьд багийн тоглогч О.Эрдэнэцогт багтаагүй юм. Зургаадугаар сарын шигшээ багаас энэ шигшээ багийн хувьд төвийн байрлалд О.Энхбаатар, С.Өрнүүнбилэг нар нэмэгдсэн юм.
БЭРТЭЛ
Манай шигшээ багийн хувьд дээрх 12 тамирчинг эцсийн байдлаар энэ сарын 8-нд “FIBA”-д мэдүүлэгт багтаан илгээсэн. Гэвч хэсгийн тоглолт эхлэх өдрөөс нэг хоногийн өмнө бэлтгэлийн үеэр Э.Дөлгөөн зүүн гарын хуруугаа хугалан тоглох боломжгүй болсон.
Ийнхүү шигшээ баг 11 тамирчинтайгаар хэсгийн эхний тоглолтоо хийсэн. Уг тоглолтод шигшээ багийн холбогч О.Сэргэлэн зүүн гараа гэмтээж хэсгийн тоглолтуудыг үргэлжлүүлэн тоглох боломжгүй болсон юм.
ЭХНИЙ ТОГЛОЛТ МОНГОЛ МАЛАЙЗЫН ЭСРЭГ
Олон улсын тэмцээний түүх гэвэл манай улсын шигшээ сагсанбөмбөгийн түүхэнд хамгийн өндөр амжилт нь “Инчеон-2014” Азийн наадам, түүний дараагаар 2018 онд “Жакарта”-гийн Азийн наадамд тоглосон түүхтэй. Эхний тоглолт эх орондоо, чансаа олгох эрхийн төлөө гээд олон олон үүрэг хариуцлага дарамт тэр хэрээр тамирчдад байв. Тоглолтын эхний үед манай тамирчид хийж болох боломжит довтолгоонуудаа алдаж байсан нь үүний жишээ гэлтэй.
Хоёрдугаар хагасаас манай шигшээ багийн тоглолт хувилбар, компинацууд хэрэгжиж эхэлсэн. Мөн энэ тоглолтын үер гялалзсан тоглогч нь 1989 оны том төлөөлөл Т.Санчир, О.Сэргэлэн нар байлаа. Т.Санчирын хувьд тухайн тоглолтод 36 оноо авсан бол О.Сэргэлэн хэрэгтэй үед бөмбөг таслаж, багийн хамгаалалт болон тоглогчдыг тоглуулах тал дээр онцгой сайн байлаа. Тоглолтын шийдвэрлэх хэсэгт О.Сэргэлэн Малайзын шигшээ багийн төвийн тоглогч дээр алдаа гаргасан бөгөөд тухайн үедээ зүүн гарын бугуй болон дунд хуруугаа бэртээсэн юм. Ийнхүү тоглолт 94-92 харьцаатай манай шигшээ багийн ялалтаар өндөрлөж түүхэн эхний хожлоо байгуулсан юм.
ХЭСГИЙН ХОЁР ДАХЬ ТОГЛОЛТ МОНГОЛ ТАИТИГИЙН ЭСРЭГ
Хэсгийн хоёр дахь тоглолтын хувьд манай хэсгийн хамгийн сул гэж болох Таити улсын шигшээ багтай тоглолтоо хийсэн. Манай шигшээ багаас тус тоглолтод М.Өлзий-Орших 18 оноо авч багаа тэргүүлсэн. 62-91 харьцаатай манай баг ялалт байгуулав.
МОНГОЛ ВЕЬТНАМЫН ЭСРЭГ
88-77 харьцаатай шигшээ багт ялалт байгуулж хоёрдугаар шатанд шалгарах эрхтэй болов. Тус тоглолтод А.Энхбаясгалан 17 оноо авч багийн шилдгээр шалгарав.
СҮҮЛИЙН ТОГЛОЛТ МОНГОЛ ТАЙЛАНДЫН ЭСРЭГ
Хэсэгтээ нэг ч хожигдолгүй хоёр баг хэсгийн сүүлийн тоглолтоо хийв. Уур амьсгал, тоглолтын эхлэл үнэхээр гайхамшигтай байлаа. Тоглоглотын эхний үед 1989 оны төлөөлөл ОУХМ Б.Билгүүн 15 оноо авав. Эхний хагаст манай шигшээ 7 онооны илүү өндөрлүүлэв.
Гуравдугаар үед Тайландын шигшээ багийн легинор тоглогчид сайн байж манай байгаас 12 оноо илүү авч 75-70 харьцаатайгаар Тайландын шигшээ багийн давуу шийдвэрлэх үе эхэлсэн. Төгсгөлийн үед Т.Санчир, А.Ананд, Б.Билгүүн нар шилдэг тоглолт үзүүлж тоглолт дуусахад 2.54 дутуу байхад А.Ананд алсын зайн шидэлт амжилттай гүйцэтгэж 92-91 манай шигшээ хожиж эхэлсэн.
Гэвч Тайландын шигшээ багийн легонир тоглогч Лиш алсын зайнаас гурван удаа амжилттай довтлож 190-105 харьцаатай манай шигшээ ялагдал хүлээж хэсгээс хоёрдугаар байраар шалгарлаа. Манай багийн хувьд ийнхүү дараагийн шатанд “F” хэсэгт Гуам, Хонконг, Тайланд, Малайз, Сингапурын шигшээ багтай нэг хэсэгт багтлаа.
ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧИД
Монгол Улсын шигшээ багийн хөгжөөн дэмжигчдийг Олон Улсын сагсанбөмбөгийн холбоо онцложээ. Манай дэмжигчдийн хувьд үнэхээр хүсэн хүлээсэн тэмцээн байлаа. Найман жилийн дараа эх нутагтаа олон улсын тэмцээнд оролцож буй тамирчдадаа дэмжиж, зургаа дахь тоглогч байж чадлаа.
Мөн хэсгийн эхний тоглолт болох Малайзын шигшээ багийн тоглогчийг алдааны шидэлт гүйцэтгэх үед “Маск” продакшны жүжигчин Жижгээ үзэгчдийн суудлаас гүйн ирч даавуу даллан алдуулж талбай хөөгдсөн зэрэг онц сонин олон зүйл болов.
3150 хүний суудалтай шинэ ордон үнэхээр гадаадад тоглолт үзэж буй мэт олон давуу талтай байлаа. Сайны хажуугаар муу зүйлч энд мөн байв. Энэ бол тасалбар дамлан зарагчид. Энэ удаагийн тэмцээний тасалбар shoppy.mn сайтаар онлайн зарагдсан. Манай шигшээ багийн сүүлийн хоёр тоглолтын билет нэг хоногийн өмнө бүгд дууссан байв.
Гэвч тоглолт болох ордны гадаа гоё суудал байна шүү зарна гэсэн хүмүүс нилээд байлаа. Мөн тэд 25000 төгрөгөөр авсан билетээ 100.000 мянган төгрөг хэмээн аманд орсон үнээ хэлж байв. Хамгийн харуусал төрүүлж байсан зүйл гэвэл тэд нэг билетийг олон хүнд зэрэг зарсан байсан үйл явдал юм. QR бүхий тасалбарыг зурган байдлаар илгээж зарах бөгөөд дотор орох хэсэгт уншуулан орох үед алдаа заасан байдалтай, түүнийг утсаараа шалгуулахад өмнө нь уншуулаад хүн орсон байна гэх мэдээлэлтэй хоёр гурав хүнтэй таарсан юм. Мөн хүүхдүүдээ дагуулж ирсэн эцэг эхчүүдийн зарим нь хүүхдүүддээ тасалбар авалгүй өөр хүний суудлыг булаан суух үзэгдэл ч мэр сэр байв. Хоёр жаахан хүүхэд шатан дээр билет ээ хэвлээд барьчихсан уул нь энд миний суудал байгаа даанч тэр ах хүүхдүүдтэйгээ хамт сууж байна гээд босохгүй байна гэж байв.
БАХАРХАЛ, ХАРАМСАЛ
Манай шигшээ сайн байлаа. Хөгжөөн дэмжигчдийн хувьд хэсгээс нэгээр гараасай гэсэн битүүхэн хүсэл, санаархал байлаа. Гэвч бид хожигдлоо. Үүнд нөлөөлсөн зүйл олон. Баг бүрэлдэхүүн 12 тамирчнаас 10 тамирчин оролцлоо. Багийн гол холбон тоглогч О.Сэргэлэн бэртлээ. Зуны бүрэлдэхүүнээр байсан бол ч гэсэн бодол төрнө. Тэгэхдээ бид чадсан дараагийн шатанд шалгарсан ирэх хоёрдугаар сард болох тэмцээнд манай гадаадад тоглож буй тамирчид оролцох боломжтой болно, бэртэл авсан тамирчид мөн бэртлээ эдгээж бүрэлдэхүүн улам сайжирч энэ хугацаанд багийн ойлголцол улам сайжрах боломжтой.
Мөн энэ удаагийн шигшээ багийн дасгалжуулагчдын багийг магтах нь зүйд нийцнэ. Тэд үнэхээр тоглолт болгон зөв үед минутын амралт авч, сэлгээ оруулж, хувилбар компинацыг сайн ажиллуулсан. Мөн энэ хэсгийн тоглолтуудад манай залуу тамирчид болох А.Ананд, О.Энхбаатар, Б.Болдбаатар, А.Тэмүүжин, А.Энхбаясгалан, М.Өлзий-Орших зэрэг тоглочид сайн тоглож шигшээ багийн ирээдүй гэрэлтэй байгааг харуулав.
Энэ их сэтгэл хөөрөл, баяр бахдалын цаана хэсэг гүнд харамсал төрөв. Тайландтай тоглосон тоглолтод 31 оноо авсан ОУХМ Б.Билгүүн тоглолтын дараа хэвлэлийн хурлын үеэр, “Би хамгийн чухал тоглолт гэж бодон Тайландтай тоглох тоглолтод бие нөөж энэ тоглолтод дайрч довтлохоор бодож байсан. Өмнөх тоглолтуудыг болж өгвөл бага ядралд авч шидэх хувилбар сонгож байсан гэж ярьсан". Тэр аль хэдийн энэ туршлагыг өөртөө бий болгох хэмжээний туршлагатай ахмад тоглогч болгожээ. Хэсгийн тоглолтуудад 1989 оны төлөөлөл сайн тоглосон, тэд манлайлагч нар байсан гэхэд хэн ч маргахгүй. Т.Санчир, О.Сэргэлэн, Б.Билгүүн дасгалжуулагчийн багт Ц.Азбаяр нар энэ удаагийн шигшээд байлаа.
Спорт бол залуу насны ажил. “Инчеон-2014” Азийн наадамд дээрх тамирчид 25 настай залуус байлаа. Тэр наадмын шилдгээр Т.Санчир шалгарч гадаадын лигт тоглох санал авч тоглож байлаа. Тэр үед өнөөдрийн Б.Билгүүн өөрийгөө нөөж чухал тоглолтод ядралт багатай орно гэж бодох биш, бүх үед дайрж довтлох эрч хүч дүүрэн байлаа. Бүгд эд үедээ байсан залуус нэгэн үеийн сор төлөөлөл хоёр холбоо гэх эрх ашгийн золиосонд үрэгдсэн гэж бодохоор харамсал төрнө.
Одоо тэгэхдээ өнгөрсөнг харалгүй урагшаа тэмүүлэхээс өөр сонголт бидэнд үлдсэнгүй. 2025 оны ААШТ-д манай шигшээ орж, дэлхийн хэмжээнд тоглоно гэдэгт итгэж байна. 3,2,1 МОНГОЛ
А.Баатар