Солонгосын кино урлаг өнөөгийнх шиг дэлхий нийтэд танигдаагүй байсан 2000-аад оны эхэн үед жинхэнэ тэсрэлт болсон бүтээл бол найруулагч Пак Чан Вүүкийн “Old Boy” юм. Магадгүй энэ л кино одоогийн “Parasite”, “Train To Busan” “Minari” зэрэг алдартай бүтээлийг Холливүүдийн тавцанд гарахад чухал үүрэг гүйцэтгэсэн байх. Санаанаас гардаггүй, дахин үзэх болгонд догдлуулдаг, үзэх болгонд шинэ мэдрэмжийг төрүүлдэг киноны тоонд зүй ёсоор багтдаг энэхүү бүтээлийг онцолж байна. Хэрэв та үзээгүй бол энэхүү шүүмжийг уншсаны дараа заавал олж үзээрэй.
Гол дүрийн залуу У Тэ Сү халамцуу цагдаагийн газарт баривчлагдан ирснээр киноны үйл явдал эхэлнэ. Найз нь ирж түүнийг суллах ба телефон утасны бүхээгээс охиндоо удахгүй очлоо гэж хэлээд найздаа үргэлжлүүлэн ярь гээд утасаа өгнө. Найз нь ярьж дуусаад эргээд хартал гол дүрийн залуу алга болсон байдаг. Ийнхүү бүхэл бүтэн 15 жилийн турш үл мэдэгдэх газар баншнаас өөр хоол идэлгүйгээр хоригддог. Ор, ширээ, зурагт, угаалгын машинаас өөр зүйлгүй, нэг ч цонхгүй өрөөнд хоригдоно. Нэгэн хөгжим явж эхэлмэгц өрөөг хорт хийгээр дүүргэн ухаан алдуулаад сэрэхэд нь бүх зүйлийг цэвэрлэж, үсийг нь зассан байдаг. Эхний хэдэн жил яагаад энд ирснээ мэдэхийн тулд бүх хүчээ баран уйлж, хашгирч, тэмцэлдэж байлаа. Ингээд ямар ч нэмэргүй гэдгийг ойлгон тулааны бэлтгэл хийж, өнгөрсөн амьдралдаа уурлуулж, гомдоож байсан бүх хүмүүсийнхээ нэрсийн жагсаалтын бичин чухам хэн намайг энд хорьж байгаа юм бол, хэн ч байлаа гэсэн би түүнийг хэсэг хэсгээр тасдаж хорооно гэж өөртөө амладаг.
Гэнэт үл мэдэгдэх шалтгаанаар тэр ухаан ортол суллагдсан байх бөгөөд эхнэр нь өөрт нь алуулсан гэх мэдээ гарч, охин нь Шведэд үрчлэгдсэн байдаг. Ийнхүү энэ олон жилийн хугацаанд хэн, ямар шалтгаантай түүнийг хорьж байсныг мэдэхийн тулд хайж эхэлснээр кино цааш үргэлжлэнэ.