Монгол Улсын жүдогийн тамирчин, дасгалжуулагч Хишигбатын Эрдэнэт-Од дэлхийн жүдогийн салбарт аль хэдийнэ танигдсан. 2008 оны Бээжингийн олимпод Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөж байсан түүний хорин жилийн карьерийн туршлага зөвхөн олимпод оролцох мөрөөдлөөр хязгаарлагдаагүй. Зодог тайлсныхаа дараа Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагч, улсынхаа Хил хамгаалах ерөнхий газар дасгалжуулагчаар ажиллаж байсан. Одоо бол Олон улсын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх хороонд томилогдсон анхны таван эмэгтэйн нэг болж, эмэгтэйчүүдийн эзлэх хувийг анх удаа 18 хувьд хүрэхэд хувь нэмрээ оруулж байгаа эрхэм.
Дэлхийн жүдо бөхийн өдөр нь олон хүнд маш их ач холбогдолтой боловч үүний нэг хэсэг болох хүйсийн эрх тэгш байдал нь дэлхийн түүх, соёл, улс орон бүрт өөр өөрөөр ханддаг асар том асуудал юм. Х.Эрдэнэт-Од нь эмэгтэй хүнийхээ хувьд аль болох олны анхаарлыг татахгүйгээр өөрийнхөө сонгосон карьераар урагшилсаар байна. Дэлхийн жүдогийн өдрийг тохиолдуулан Олон улсын жүдо бөхийн холбооноос Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Одыг онцлон ярилцлага авчээ. Түүний ярилцлагыг хүргэж байна.
-Та улсынхаа Хил хамгаалах газар ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Хэзээ анх бүртгүүлж байсан бэ?
-2008 оны Бээжингийн олимпод оролцсоныхоо дараа анх Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин спорт хороо”-нд дасгалжуулагчаар орсон. Хил хамгаалах ерөнхий газар нь Монгол улсын өргөн уудам нутаг дэвсгэрийг аюулгүй байлгахын тулд 300 гаруй нэгжийн 3000 гаруй цэргийн албан хаагчийг тасралтгүй ажиллуулж байна.
-Таны мэргэжлийн дасгалжуулагчийн үүрэг юу байсан бэ?
-2008 онд Хилийн цэргийн спорт хороонд дасгалжуулагчаар ажиллаж байгаад 2009 оноос Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн. 2009-2019 оны хооронд жүдо бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан.
-Тамирчин байх үеийн хамгийн сайхан дурсамж тань юу вэ?
-1988 оноос эхлэн Монгол Улсад эмэгтэйчүүдийн жүдо бөх хөгжиж эхэлсэн. Тухайн үедээ би хамгийн анхны элссэн гишүүдийн нэг байсан. Улмаар бид 1991 оны жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож гурван медаль авсны нэг нь минийх байсан. Эдгээр медаль нь Монголын эмэгтэй тамирчдад олон улсад өрсөлдөх боломжийг олгосон. Учир нь Монголд эмэгтэйчүүдийн жүдо бөх дөнгөж хөгжиж эхэлж байсан болохоор төрөөс нэг их дэмжлэг байгаагүй.
Энэхүү медалийг авснаар жүдо бөхөөр үргэлжлүүлэн хичээллэх, улс орон даяар охид, эмэгтэйчүүдийн дунд хөгжүүлэх боломж бүрдсэн. Тийм учраас миний хувьд маш үнэ цэнэтэй медаль бас хамгийн нандин дурсамж.
-Дасгалжуулагч байх үеийн хамгийн сайхан дурсамж юу вэ?
-1988 онд Монгол улсад эмэгтэйчүүдийн жүдо бөх хөгжиж эхэлснээс хойш эмэгтэй багийн хувьд олимдийн медальгүй байсан. Тамирчдын дунд 2016 онд Рио-де-Жанейрогийн олимпоос -57 кг-ын жинд Доржсүрэнгийн Сумъяа мөнгөн медаль хүртсэнээр мөрөөдөл нь биелсэн. Би тэр олимпид Сумъяаг дасгалжуулж байсан. Тийм ч учраас би тэр үед түүний дасгалжуулагч болсондоо маш их баярлаж, бахархаж байсан.
Х.Эрдэнэт-Од нь Монголын анхны эмэгтэй тамирчдын дунд олон улсад өрсөлдөх үүд хаалгыг нь нээж өгөхийн тулд тамирчны хувьд бүгдийг хийсэн. Тэрээр цэргийн алба хааж, олимпийн медаль хүртэх тамирчдыг дасгалжуулж, одоо Дэлхийн жүдо бөхийн холбооны дээд түвшний бодлого, зохицуулалт бичих үйл явцын нэг хэсэг болон ажиллаж байна. Түүний туршлага маш онцгой бөгөөд өвөрмөц юм.
“Тулааны урлаг болон зэвсэгт хүчин аль аль нь эмэгтэй хүнээс маш их тэвчээр шаарддаг хүнд талбарт тооцогддог. Ялангуяа энэ хоёр салбарт эрэгтэйчүүд давамгайлах уламжлалтай бөгөөд нь албан хаагчдын дийлэнх нь эрэгтэйчүүд байдаг. Гэсэн хэдий ч эмэгтэйчүүд бид төр засаг, улс орон, үндэсний шигшээ багийнхаа төлөө хүндтэй үүрэг гүйцэтгэж чадна. Төвлөрсөн ажил, хичээл зүтгэл, шаргуу бэлтгэлийн ачаар бид суралцаж, хувь нэмрээ оруулж, улмаар удирдан чиглүүлдэг”.
Оролцоо нь үргэлж хүлээн зөвшөөрснөөс болж тохиолддог ахиц дэвшлийн энгийн үйл явц биш. Энэ нь заримдаа хил хязгаарыг эвдэх, байр сууриа, өөрийн чадвараа сорьж, ажлын ёс зүй болон өсөж дэвжих сэтгэлгээтэй байсанаар дэлхийг өөрчлөхөд хангалттай гэдгийг нотлох явдал юм.
Сэтгэгдэл (4)