“Ташкент-2022” жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн ОУХМ Э.Ариунболдтой ярилцлаа. Тэрбээр манай цагаан өмсгөлтнүүдээс ДАШТ-ий түүхэнд дөрөв дэх мөнгөн медалийг эх орондоо авчирсан билээ. Энэ тэмцээн түүний хувьд анхны ДАШТ байсан юм.
-Юуны өмнө халуун баяр хүргэе ээ. Таны хувьд анхны ДАШТ-дээ маш амжилттай оролцлоо шүү дээ.
-Баярлалаа. Анхны ДАШТ-дээ амжилттай оролцсондоо маш их баяртай байна.
-Мөнгөн медалийн болзол хангаад медалийн тавцан дээр зогсох үе ямар санагдаж байв?
-Би тухайн үед өөртөө итгэж чадахгүй байсан. Энгэр рүүгээ харахаар медалиа зүүчихсэн. Бүр медалийн тавцан дээр зогсчихсон, урдаас гэрэл тусчихсан байгаа нь үгээр хэлэхийн аргагүй байсан. Тухайн үед сэтгэгдэл маш өндөр байлгүй яах вэ.
-Алтан медалийн төлөө Японы алдарт Наохиса Такатотой барилдсан шүү дээ. Барилдаанаа эргэн дурсахгүй юу?
-Наохиса Такатог ялах боломж бий. Гэхдээ миний сурсан мэдсэн зүйл ДАШТ-ийн аварга, алтан шаргал медалийн хэмжээнд арай хүрээгүй учир дэд аварга болсон. Дараа дараагийн тэмцээн дээр дахин таарвал алдаагаа давтахгүйгээр дахин урагшлах болно.
-Дэвжээнд гарахдаа сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ? Дасгалжуулагч тань хэлэхдээ сэтгэл зүйчтэй явсан нь онцлог байлаа гэсэн.
-Элдэв янзын зүйл бодохгүй байхыг хичээдэг. Энийг давчихвал медаль авна гэх бодол хайрцагт оруулдаг. Харин дуртай зүйлээ хийж байгаа учир чөлөөтэй байх ёстой гэж боддог доо.
-Тэмцээн уралдаанд тамирчид өрсөлдөгчөө их судалдаг шүү дээ. Таны хувьд өрсөлдөгчөө сайн судалж амжив уу?
-Тийм ээ. Манай спортод судалгаа хийх нь дээд зэргээр хөгжчихсөн. Албан ёсны сайт дээр бүх барилдаан, бичлэгүүд тавигдчихсан байдаг. Тиймээс нэрийг нь бичээд бичлэг барилдааныг нь үзээд судалгаа хийдэг. Энэ удаагийн ДАШТ-ын бэлтгэл дээр судалгааг маш сайн хийсэн. Өдөр бүр оройн хоолны дараа нэг тамирчин сонгож аваад бүх бичлэгийг нь үзсэн. Бичлэгийг бэлтгэл хангагч нартайгаа хамт үзсэний дараа бэлтгэл хангагчаа нөгөө тамирчныхаа дүрд оруулж бэлдсэн. Энэ бол маш үр дүнтэй байсан.
-Таны дасгалжуулагч гавьяат тамирчин Х.Болдбаатар медалийн төлөө барилдах агшинд юу гэж захисан бэ?
-Бэлтгэл дээр хэлж байсанчлан балансаа хадгалах, барицандаа түрүүлж хүрэх, урд гарсан гарыг салгах зэргийг хэлж байсан. Мөн үүнээс гадна сэтгэл зүйг тайван байлгах зүйлсийг хэлж байсан даа.
-Таны жинд Дэлхийд хэн тэргүүлж байна вэ?
-Манай жинд Токиогийн олимпоор мөнгөн медаль хүртсэн Тайваны залуу бий. Миний хувьд ранкаараа тав дээр бичигдэж байна.
-Өрсөлдөгч нарынхаа тухай ярихгүй юу?
-Орон орны шилдгүүд шалгараад ДАШТ-д оролцож байгаа. Тиймээс бүх тамирчид маш сайн. Би цолтой нь биш, биетэй нь барилдана гэдэг үгийг баримталдаг. Адилхан гар, хөл, толгой байна. Хийдэг дархан мэх байна. Харин судалгаан дээр ажиллаж өрсөлдөгчөө судалдаг.
-Өнөөдөр Биеийн тамир спортын хороо хүлээн авч уулзлаа. Биеийн тамир, спортын Тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалаа шүү дээ.
-Тамирчин хүнд урам өгдөг зүйлийн нэг нь яах аргагүй шагнал урамшуулал байдаг. Засгийн газраас тэргүүний ажилтан, спортын хорооноос шагнал авлаа. Маш сайхан байна. Миний гаргасан энэ амжилт зөвхөн миний амжилт биш. Маш олон тусалж дэмжсэн хүмүүс бий. Тухайлбал, Гэр бүлийнхэн, Холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга, Биеийн тамир спортын улсын хороо, үндэсний шигшээ баг, шигээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатар, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, Нямлхагва, Б.Хишигбаяр, Д.Цэрэнханд, М.Бундмаа зэрэг шигшээ багийн багш нар, бэлтгэл хангаж өгсөн дүү нар, Зэвсэгт хүчний Алдар спорт хороо, Талын хишиг компани, Мөнхий үсэг грүппийн Ганбат ах болон Сүхбаатар нутгийнхандаа баярлаж явдаг шүү гэдгээ хэлмээр байна.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-Тамирчин хүний зорилго бол Олимп, дэлхийн аварга байдаг. Тиймээс цаашид олимпын наадамд аваргалах, энэхүү медалиа бататгах, өнгийг нь хувиргах зорилготой. Үүний тулд бэлтгэл сургуулилтаа сайн хийнэ хэмээн бодож сууна.
-Ярилцсанд баярлалаа. Олимпын аварга болох болтугай.
-Баярлалаа. Хичээнэ ээ.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)