Спортын буландаа МУГТ ДАШТ-ий хүрэл медальт тамирчин М.Нандинцэцэгийг урьлаа. Гавьяат тамирчны найраа хийгээд удаагүй байгаа түүний хувьд спортын салбараасаа түр зай авч рингэн дээр бус хувийн амьдралдаа илүү их цагийг өнгөрөөхөөр шийдсэн тухайгаа бидэнтэй хуваалцлаа.
-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Сүүлийн үеийн сонин сайхнаасаа бидэнтэй хуваалцаач. Өнгөрсөн сард гавьяат тамирчныхаа найрыг хийлээ шүү дээ?
-Миний хувьд боксын спортоор олон жил хичээллэсэн. Түүнийхээ үр шимийг хүртээд МУГТ цолыг хүртлээ. Цолныхоо мялаалга, цайллагыг есдүгээр сарын 19-нд хийсэн. Авсан даруйдаа хийх учиртай байсан ч нөхцөл бүрдэхгүй байсаар удчихлаа. Энэ амжилтад хүрэхэд нөлөөлсөн намайг дэмжиж, хайрлаж, тусалдаг хүмүүсээ нэгэн дээвэр дор цуглуулан хамтдаа нэг өдрийг баяртайгаар өнгөрүүлсэн сайхан мөч байлаа. Ирье гэсэн хүмүүс маань ирсэн, урилга өгсөн зарим хүмүүс нь ирээгүй тохиолдол байна. Миний хувьд сэтгэл хангалуун сайхан байгаа.
-Сүүлийн үед та ренгин дээр хэр олз омогтой байв?
-2019 оны 4 сард Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсноос хойш ренгин дээр гараагүй байсан. Саяхан төрснийхөө дараа бэлтгэлдээ ороод сая УАШТ-д оролцлоо. Энэхүү тэмцээнээр дэлхийн аваргат явах тамирчдын сонгон шалгаруулалт болж байсан учраас ач холбогдол өгч оролцсон. Гэхдээ манай залуу тамирчид сайжирсан байна. Хурдтай, хүчтэй байна.
Залуу үеийн Есүгэн гээд боксчин охинд 3:2-ын харьцаатайгаар эхний тулаандаа ялагдал хүлээсэн. Есүгэн маань улсад түрүүлээд, дэлхийн аваргад медалийн төлөөх тулаан хийгээд 3:2-ын харьцаатай харамсалтайгаар ялагдсан. Медаль авах боломжтой байсан ч бага зэргийн шалтгаанаар медалиас мултарсан.
Тэгэхээр миний хувьд тэр хүүхдийг сайн хурцалж өгсөн ч юм уу, магадгүй дэм болсон байх гэж бодсон. Түүнээс хойш ахиж ренгин дээр гараагүй байна. Ер нь сонирхогчдын боксдоо ахин ренгин дээр гарах үгүйгээ сайн мэдэхгүй байна. Ямартай ч хэсэг завсарлага авах ч юм уу, одоохондоо жингээ барих, зүрхэндээ анхаарах гэх мэт эрүүл мэндийн бэлтгэл хийгээд байж байна. Ойрын төлөвлөгөөнд тэмцээн уралдаан байхгүй.
-Таны хэсэг завсарлага авна гэхээр гайхаж л байна л даа. Өнөөдрийг хүртэл Монголын эмэгтэй боксд таны цолыг эвдэж чадсан хүн байхгүй шүү дээ. Яагаад боксын салбараа орхихоор шийдсэн юм бэ?
-Ер нь манай тамирчид сайжирсан байна. Мөн залуу үедээ боломж олгоё гэж бодож байгаа. Магадгүй, тэдэнтэйгээ барьцаад яваад байх нь зохимжгүй юм шиг санагдаад, дүү нартаа боломж олгоё гэж бодсны үндсэн дээр хэсэгтээ больё гэж бодож байна. Гэхдээ ахиад ренгин дээр гарч магадгүй. Хүн олон жил хийчихсэн зүйлээсээ больё, больё гээд маргааш нь больчихож чаддаггүй юм билээ. Тэмцээн үзэхээр ренгин дээр гармаар санагдана. Бэлтгэл хийгээд тулалдмаар санагдана. Тэгэхээр нэг өдөр УАШТ-дээ оролцох ч юм билүү. Юмыг яаж мэдэх вэ гээд одоохондоо зодог тайлаагүй байгаа. Түүнээс гадна боломж, бололцоо нь нээгдэх юм бол мэргэжлийн ренгинд гарах битүүхэн хүсэл бий.
-Боксын спортыг шимтэн үздэг үзэгчид таныг мэргэжлийн ренгин дээр харахыг хүсэж ч байгаа юм билүү. Мөн өнгөрсөн тавдугаар сард олон эмэгтэй тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд чамгүй амжилттай оролцлоо. Таны хувьд энэ ДАШТ-ыг үзэж байхад ямар сэтгэгдэл төр байв?
-Дэлхийн аваргын тэмцээнийг эхний өдрөөс нь эхлээд дуустал нь үзсэн. Мэдээж охидынхоо захыг мушгиад. Манай улсын тамирчид медальь бол авчихсан байгаа. Одоо аваргатай болох хэрэгтэй. Аваргад хүрчих байх гэж хараад байсан чинь төдийлөн амжсангүй. Дараа, дараагийн ДАШТ-д маш их боломж байгааг харууллаа. Яагаад гэвэл хоёр тамирчин хоёулаа медалын төлөө тоглоод 3:2 бой буюу алинд ч өгч болохоор бой хийсэн гэсэн үг. Ер нь миний үеийн тамирчдын ихэнх нь мэргэжлийн бокст гарсан байна. Одоо бүх л орнууд зауу шилдэг тамирчдаа явуулж байна. Ер нь сэлгээ хийгдсэн байна гэж хэлж болно.
-Дасгалжуулагч хийх бодол байгаа юу. Залуу үедээ өөрийнхөө туршлагаас хуваалцаад.
-Дасгалжуулагч болох сонирхол бий. Гэхдээ амьдралын боломж талаасаа дасгалжуулагчийн байр суурин дээр хадагдчихаж чадахгүй байна. Яагаад гэвэл би маш их цаг хугацаагаа бокст зарцуулсан. Тиймээс амьдралаа босгохдоо үлдсэн цаг хугацаагаа зориулъя гэж бодож байгаа. Хүний хань, ээжийн үүргээ биелүүлж, хувийн амьдралдаа анхааръя. Түүний дараагаар дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэхийг үгүйсгэхгүй. Би олон жил тоглосон, мөн сургуулийг нь төгссөн учраас охидтойгоо илүү ойр ажиллах боломжтой.
-Тамирчин хүний хувьд ээж байх, гэргий байх үүрэгтээ хэр хугацаа зарцуулдаг вэ? Энэ бүхнийг яаж зохицуулдаг вэ?
-Өмнө нь, тамирчин байхдаа их хугацааг хий дэмий өнгөрүүлж байсан юм шиг санагддаг. Бэлтгэл хийчихээд би ядраад байна гэдэг ч юм уу, ялархаад л. Ээж болсны дараа энэ хоёрыг зэрэгцүүлэх нь надад үнэхээр хэцүү санагдаж байсан. Бэлтгэлээ хийнэ, жингээ хасна, очиж хүүхдийнхээ хоолыг хийнэ, хүүхдээ унтуулна гэх мэт ачаалал нь нэмэгдчихсэн. Тамирчин байсан үе минь амархан, сурч хөгжих завтай, бүх зүйлд нээлттэй байсан ч юм шиг. Одоо бол зөвхөн өөртөө биш, нөхөртөө хүүхэддээ гээд олон зүйлд анхаарал хандуулах болсон болохоор жаахан хаагдмал байдалтай. Ээж байхын хажуугаар бэлтгэл сургуулилтаа хийгээд формдоо орно гэдэг хүнд юм билээ. Зарим тамирчдыг харахад формдоо ороод л, сэргээд амжилтанд хүрээд байдаг. Тамирчин хүн төрснийхөө дараа илүү сайжирдаг гэдэг нь хүн болгонд өөр, өөр юм шиг байна. Би бол тэр төрлийн хүн биш юм байна гэж бодсон. Нэлээд бэлтгэл хийсний дараа эргээд формдоо орох юм билээ.
-Эрүүл мэндийн бэлтгэл хийж байна гэсэн шүү дээ. Өдөрт хэдэн цагийг бэлтгэлдээ зарцуулж байна вэ?
-Өдөрт хоёр цагийн бэлтгэл хийж байна. Эрүүл мэндийн бэлтгэл гэхээр жин нэмэхгүй байх ч юм уу. Долоо хоногтоо хоёр гурван удаа ч юм уу.
-Токиогийн олимпийн өмнө та олон улсын чансааны гуравт бичигдэж байх шиг байсан. Одоо таны чансаа ямар байгаа вэ?
-Сайн мэдэхгүй байна. Олон улсын тэмцээнд ороогүй удаж байгаа болохоор доор байсан тамирчид дээшээ гардаг болохоор доошилсон байх гэж бодож байна. Гэхдээ орж хараагүй л байгаа. Ямартай ч Токиогийн олимпын өмнө гурваар бичигдэж байсан. Мэдээж гурваар бичигдэхэд хувьдаа баяртай байсан.
-Танд гарын шавь бий юу, бэлдэж байна уу?
-Шавь бэлдсэн юм байхгүй. Одоохондоо өөрөө өөрийгөө л бэлдээд байж байна. Хөгшин морь өөрийгөө бэлдээд уралдаад байдаг кино байдаг даа, түүн шиг өөрөө өөрийгөө бэлдээд байж байна.
-Боксын спортыг эмэгтэй хүнд хатуудна гэдэг. Эргээд гоо сайхан, гадаад төрхийг харахад ренгин дээр байхад олон удаагийн давтамжтайгаар толгой руугаа цохиулах ч юм уу, ийм үе байдаг байх. Үүнээс үүдэх хүндрэл бэрхшээл байдаг уу?
-Ер нь бокс бол хүнд спорт. Толгой руугаа цохиулна, байнгын хүчтэй бэлтгэл хийнэ. Хамтарч бэлтгэл хийх хүн бага учраас ихэвчлэн эрчүүдтэй хамтарч бэлтгэлээ хийнэ. Гэхдээ хамгаалалт сайтай. Толгойны хамгаалалт зэргийг өмсөж, зүүдэг учраас нэг их айхтар гэмтэл авч, нүүр ам мурийгаад байдаггүй. Гэвч олон улсын тэмцээнд, мэргэжлийн бокст тийм тохиолдол их. Харин сонирхогчийн бокст бол бага. Яагаад гэвэл бээлий зузаан, толгойны хамгаалалттай учраас доргилт бага.
-Таны хувьд ренгин дээр өөрийн биеийн аль хэсгийг илүү хамгаалдаг вэ?
-Мэдээж нүүрээ хамгаална. Хамар зэргээ цохиулчихвал гоо сайхан талаасаа хэцүү. Аль болох толгойдоо хүргэхгүй байх үүднээс ур ухаанаа уралдуулна.
-Ренгин дээр тоглож байхдаа бэртэж байв уу?
-Тэмцээний үеэр эрхий хуруугаа хугалж байсан. Тоглож байсан учраас тэр үеийг дуусгаад гарч ирэхэд эрхий хуруу хугарчихсан байсан. Ер нь хамраас цэс гарах, нүд хөхрөх гэх мэт байдаг л бэртэл. Гар хуруугаа хугалах л хэцүү. Хамгийн чухал нь шүү дээ. Ийм бэртэл авах юм бол нэг хоёр сараар ч бэлтгэл тасарна.
-Ямар тэмцээн дээр юм бол?
-Дэлхийн цомын тэмцээний хоёрдугаар раундад тоглож байхдаа гараа хугалж байсан. Ард нь ахиад нэг раунд үлдэж байгаа байхгүй юу. Тэр раундад нөгөө гараа дээш нь өргөж, хамгаалж байгаад дуусгасан ч юм уу тийм тохиодлууд бий.
-Шигшээ багийн дасгалжуулагчаар урьсан гэсэн. Энэ талаараа?
-Хувийн амьдралаас болоод хийх боломжгүй байгаа. Магадгүй хэдэн жилийн дараа хувийн амьдраалаа тэгштгээд ирэхээр хийх боломжтой болохоороо хийх бодолтой байгаа.
-Үүнийгээ хэлсэн үү?
-Хэлсэн.
-Дэлхийн аваргаас медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин шүү дээ. Тэр үеийнхээ сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Тамирчин болгон том зорилго тавьдаг. Дэлхийн аварга болно, Олимпийн аварга болно гэж орсон. Миний хувьд мөн л ижилхэн. Монголын эмэгтэй боксын хөгжлийн эхэн үеэс эхлээд би одоог хүртэл байж байна. Хамгийн анхны ази тивийн аварга, хамгийн анхны азийн наадмын медаль, хамгийн анхны шигшээ баг бүрдэж байхад би байсан. Түүнчлэн дэлхийн аваргын анхны медальтан боллоо. Энэ спорт маш сайн хөгжиж байна. Үүнд манай Энхбаатар багш үнэхээр том гавьяа байгуулсан гэж би боддог. Эмэгтэй шигшээ багийг анхлан байгуулсан. Дэлхийн аваргаас хүрэл медаль авахад минь гардаж бэлтгэл хийлгээд бид хоёр энэ амжилтад хүрсэн.
Тэр үед медалийн болзол хангалаа гэхэд эмоциороо үсрээд л, баярлаад л байсан чинь хүмүүс намайг медальдаа ханчихлаа ч юм уу эсвэл дараагийн тоглолт нь гарахгүй ч гэдэг юм уу, тэр утгаараа жаахан дарж байсан. Тэгэхэд медальтай болчихлоо шүү дээ гэсэн баяр төрөөд л, дараагийн тоглолтдоо итгэлтэйгээр орж байсан.
Дэлхийн аваргын эхний хоёр тулаанаа би дутуу гаргаж байсан. Гурав дахь тамирчин маань олимпт оролцож байсан туршлагатай хүн байсан. Хүний санаанд багтана гэж байдаг даа. Бэлтгэл хийж байхыг нь хараад миний санаанд бол багтаж байсан. Дэлхийн аваргаас медаль авч байсан үеийн сэтгэгдлээ ямар нэгэн зүйлтэй зүйрлэхэд хэцүү. Тухайн үедээ үнэхээр жаргалтай байсан.
-Боксын спортоос гадна Монголын ард түмэнд баяр бахдалыг авч ирсэн шүү дээ?
-Олон хүн баярлаж байсан. Зарим нь нулимс дуслуулж байсан. Намайг медаль авчихаасай, амжилтад хүрээсэй гэж бодсон олон хүн байсныг харсан. Тэр хүмүүсийн чин хүсэл, хайр халамжийн хүчээр амжилтад хүрсэн байх гэж боддог.
-Та багаасаа боксоор хичээллэсэн гэсэн. Хэдэн настайгаасаа эхэлж хичээллэсэн бэ?
-Арван таван нас.
-Тухайн үед аав ээж тань хэрхэн хүлээж авч байв?
-Ер нь дургүй байсан. Боксын спортыг зодолдож, нүдэлцдэг гэх маягаар л ойлгодог байсан байх. Аав бол гайгүй. Ээж бол нэлээн дурамжхан байлаа. Эхний УАШТ-ээс медаль аваад л гэрийнхэндээ хүлээн зөвшөөрөгдсөн гэж хэлж болно. Түүнээс өмнө дандаа нууцаар бэлтгэлдээ явдаг байсан. Давтлагандаа явлаа гэж хэлээд хувцсаа гадаа тавьчихаад үүрээд явах ч юм уу.
-Арван жилдээ хэр эршүүд байв. Боксоор хичээллэхээсээ өмнө хүнтэй гар зөрүүлж байв уу?
-Ер нь бол их эршүүд, ширүүн дориун, гүйж харайсан хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Манай сургуулийн Хүдэрбаатар гээд багш боксын секцэнд хүүхэд бүртгэж байна гэхэд нь үсэрч харайж яваад нүдэнд нь өртөөд надад анх бокст орох саналыг тавьж байсан юм. Тухайн багштай гурван сар бэлтгэл хийгээд УАШТ-д оролцож байлаа. Манай ангийн хүүхдүүд “Энэ Нандиа угаасаа эршүүд хүүхэд байсан. Ийм л болох байж” гэж хэлдэг. Харин гар зөрүүлэхийн тухайд бусад хүүхдийн л адил ангийнхантайгаа муудалцах, тоглоом шоглоомоор л. Бокс тоглосноос хойш аль болох юмыг эв зүйгээр шийдэхэд суралцсан. Мэргэжлийн тамирчдын хувьд хүнд гар хүрэх зэрэг бол хориотой байдаг. Хэл амаараа л учраа олохыг бодож явдаг.
-Боксын спортод томоохон үйл явдал сая болсон. Өрөг.мн сайтын бэлтгэсэн цуврал мэдээллүүдийг үзсэн. Ялангуяа эмэгтэй тамирчдын хувьд дасгалжуулагчаас ирдэг дарамт их байдаг аа гэж. Танд тийм зүйл тохиолдож байв уу. Таныг хичээллэж байхад тийм зүйл байсан уу?
-Надад бол ийм зүйл тохиолдож байгаагүй. Өөр багш нар байсан л даа. Тухайн үед тийм зүйл яригдаж байсан ч хажууд нь байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна.
-Эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Монгол Улсаас баг бүрэлдэхүүн оролцож байгаагаараа онцлог байна. Таны зүгээс энэ ДАШТ-ыг үзэхэд ямар сэтгэгдэл төрж байв?
-Манай эмэгтэй боксын хөгжил өндөр түвшинд хүрсэн байна. Бид нарын үед гадаадын тамирчдыг хараад “тасарчихсан юм бэ” гэдэг байсан бол одоо Монголын эмэгтэй тамирчидтайгаа харьцуулаад харвал тасарчихсан амьтан алга. Хэзээ ч хамаагүй Дэлхийн аварга, олимпын медальтан болохоор болжээ. Охидууд боксын спортыг сонирхдог болчихож. Ер нь нийгэм хэцүү болсон шүү дээ. Тиймээс эмэгтэй хүүхдүүд өөрийгөө хамгаалаг, түүний тулд боксоор хичээллээсэй, биеэ хамгаалах чадвартай болоосой гэж боддог. Өөрөө энэ талаар нэг зүйл хийе гэж бодоод явсан боловч болохгүй байсаар байгаад дуусаж байна. Мөн хөгжлийн өндөр түвшинд хүрчихсэн байгаа болохоор ахиад дэлхийн аваргын алт, олимпийн медаль ар араасаа цуврах байх.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)