ЭШЛЭЛ 1
УИХ, Төсвийн байнгын хорооноос “Төсөв-2023” нээлттэй хэлэлцүүлгийг энэ сарын 19-нд анх удаа хийнэ.
ЭШЛЭЛ 2
Хэлэлцүүлгээс өмнө иргэдийг мэдээллээр хангах, төсөвтэй холбоотой мэдээллээр хангаж нэгдмэл нэг ойлголтод хүрэх, иргэдийн саналыг авах, ирсэн саналыг тусгах ажлууд арав хоногийн хугацаанд үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногоос эхлээд иргэдийн саналыг утсаар болон цахим хаяг dparliament.mn-ээр авч эхэлсэн.
ЭШЛЭЛ 3
Улсын төсвийг намрын чуулганаар буюу арваннэгдүгээр сарын 15-наас өмнө батлагдах дэгийн хуультай. Тиймээс хоёрдугаар хэлэлцүүлэг буюу арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө олон нийтийн хэлэлцүүлгийг хийдэг байя, иргэдийн саналыг тусгадаг байя, төслийг батлах шатанд иргэдийн оролцоог хангадаг байя гэх асуудлыг тавьж байгаа юм.
ЭШЛЭЛ 4
Дэлхийн 120 улсад хийсэн судалгаагаар төсвийн нээлттэй байдлаар Монгол Улс 100 оноо авахаас 60 оноо авч байна. Олон нийтийн оролцоо төсөвт 100 оноо авахаас 13 оноо авч байна. Энэ мэт нийтлэг дүнгээрээ 120 улсаас 38-т орж байна. Тиймээс зайлшгүй өөрчлөх, олон нийтийн оролцоог хангах, төсвийн сахилга бат хяналтыг сайжруулах зайлшгүй хэрэгтэй.
ЭШЛЭЛ 5
Төсвийн нээлттэй байдал гэдэг бол зөвхөн иргэдийн асуудал биш. Төсвийг боловсруулах, батлах шатанд оролцож буй засаглалын байгууллагууд бий. Засгийн газар, УИХ, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл зэрэг байгууллага тодорхой хугацааны өмнө мэдээлэл хангагдаж, үүнийг хуулиар баталгаажуулж байна уу гэдэг асуудлууд бий.
ЭШЛЭЛ 6
Аравдугаар сарын 1 гэхэд УИХ-д төсвийг өргөн барих ёстой гэж заасан. Аравдугаар сарын 1-нээс иргэд, олон нийтийн байгууллага ч бай төсвийн тухай мэдээллээр хангагдаж эхэлж байгаа юм. Тиймээс төсвийн цагалбарт өөрчлөлт оруулаач, мэдээллээр хангах эрхийг хуулиар баталгаажуулж өгөөч, хэлэлцүүлэг хийх батлах шатанд олон нийтийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагыг оролцуулдаг болооч гэсэн саналуудыг судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд хэлдэг. Тэгэхээр бид нар үүнийг зөвхөн хэлэлцүүлгийн шатанд биш тухайн төслийг боловсруулж байгаа, төлөвлөж байгаа үйл явцад олон нийтийн байгууллагын болон иргэдийн оролцоог сайжруулах хэрэгтэй гэж үзэж байна.
ЭШЛЭЛ 7
Өнгөрсөн баасан гарагаас ирэх оны төсвийн төсөлд олон нийтээс санал авч эхэлсэн. Оролцоо харьцангуй сул байна. Цахимаар 4500 гаруй иргэн төслийг харсан байна. Эдгээрээс яг бодитой ажил хэрэгч, тодорхой саналуудыг тавьсан иргэд 200 гаруй санал ирүүлсэн. Аппликейшнаар 30 гаруй хүн, утсаар 20 гаруй хүн, цахимаар 150 гаруй иргэн саналаа ирүүлсэн байна.
ЭШЛЭЛ 8
Төсвийн байнгын хорооны даргаар томилогдоод удаагүй ч төсөвтэй холбоотой хэд хэдэн реформ хийхээр төлөвлөсөн. Тухайлбал, төсвийн ил тод байдлыг дээшлүүлэх, төсвийн төлөвлөлтийг сайжруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах, эргээд тухайн төсвийн орлого зарлагатай холбоотой бодлогууд дээр шинэчлэл реформуудыг үргэлжлүүлэн хийх шаардлагатай байгаа. Ирэх оны төсвийг хэлэлцэх хүрээндээ арав гаруй хуулийн төслүүд дээр өөрчлөлтүүд хийгээд, төсвийн төлөвлөлт дээр бодлого гаргаж ирж байгаа.
ЭШЛЭЛ 9
Төсвийн тогтвортой байдлыг хангахтай холбоотой, төсвийн сахилга батыг сайжруулахтай холбоотой бодлогыг дөрөв таван хуулийн хүрээнд хийхээр төлөвлөж байна. Мөн гадаадын зээл тусламжуудыг үр ашигтай төлөвлөж, зарцуулдаг байх бодлогуудыг хийхээр төлөвлөөд явж байна. Эдгээр зүйл бол байнга зогсолтгүй хийж байх ёстой реформ шинэчлэлийн асуудал. Ингэж чадвал дараагийн жилээс эхлэн төсөв тогтолцоо талаасаа зөв болоод, сахилга бат хариуцлага сайжраад илүү олон нийтийн оролцоотой болоод явна. Төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдлийг ч мөн олон нийтийн оролцоотой хийдэг байх шаардлага бий.
ЭШЛЭЛ 10
Монгол Улсад мөрдөгдөж буй маш сайн төсвийн хуулиуд байгаа. Эдийн засаг, төсөв санхүү хүндэрсэн үед буюу 2014, 2015 онд, 2008,2009 онд энэ сайн хуулиудыг баталж байсан. Тухайлбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбоотой хуулиуд. Харамсалтай нь энэ хуулиудыг хэрэгжүүлэхгүй байна.
ЭШЛЭЛ 11
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлагдсанаас нь хойш нийтдээ 13 удаа өөрчилсөн.
ЭШЛЭЛ 12
2005 оноос хойш 19 жилийн хугацаанд Монгол Улсын төсөв 15 жилд нь алдагдалтай алдагдалтай батлагдсан. Зөвхөн дөрөвхөн жилд нь эерэг баланстай батлагдсан. Тиймээс хариуцлага байхгүй байна гэсэн үг.
ЭШЛЭЛ 13
Төсвийн төслийг Засгийн газар өргөн барихаас өмнө сар гаруй хугацаанд хуулийн төслийн боловсруулалтыг хийгээд явж байсан. Тэр дундаа аливаа бодлого шийдвэр болгон судалгаан дээр хийгдэх ёстой. Үүнийг шийдэхийн тулд их дээд сургуулиудын багш, эдийн засагч, судлаач нартай хамтран хэлэлцүүлгүүдийг аваад хамтран боловсруулаад явж байна.
ЭШЛЭЛ 14
Төсвийн суурь систем дээр реформ хийх шаардлагатай байгаа. Өнгөрсөн арав, хорин жилийн хугацаанд төсөв төвлөрсөн байдаг. Яаж төсвийн төвлөрлийг сааруулах вэ. Татварын системийг хэрхэн зөв болгох вэ зэрэг асуудлууд бий. Тиймээс үүнийг ирэх хавын чуулганаас өмнө хийхээр төлөвлөөд, их дээд сургуулиудын багш нарт захиалга өгөөд дүн шинжилгээ хийлгэж байна.
ЭШЛЭЛ 15
2023 оны эдийн засаг гадаад нөхцөл байдалтай ихээхэн хамааралтай байна. Тэгэхээр мөнгөний хатуу бодлого явуулахын зэрэгцээ түүндээ төсвийн бодлогоо уялдуулах шаардлагатай байгаа. Төсвийн бодлого чанга байх ёстой болж байна. Урсгал зардлууд, үр ашиггүй хөрөнгө оруулалтууд, халамжийн бодлогоо цэгцлэх шаардлагатай. Энэ хүнд сорилт, цаг үеийн боломж болгож ингэж л ашиглах шаардлага гарч ирж байна.
ЭШЛЭЛ 16
Иргэдийн ирүүлсэн саналын ихэнх нь тухайн орчинтой нь холбоотой хөрөнгө оруулалтууд байгаа. Сургууль, цэцэрлэг, авто зам гэх мэт өөрийн амьдарч байгаа орон нутгийн хөрөнгө оруулалтыг төсөвт суулгах талаар дурдсан байна. Иргэд төсвийг яаж тогтворжуулах вэ, таны төлж байгаа татварын мөнгийг яаж үр ашигтай зарцуулах вэ, нийгмийн даатгалын шимтгэлийг яах вэ, ямар бодлого яьуулбал таны бизнест төрөөс дэмжлэг болох вэ зэрэгт саналаа өгөөсэй гэж хүсч байна.
ЭШЛЭЛ 17
101 хууль, 6 тогтоол ирэх оны Төсвийн тухай хуулийг дагалдан орж ирж байгаа.
ЭШЛЭЛ 18
Засгийн газрын оруулж ирсэн төсвийн төсөл дээр бизнесийн дэмжсэн татварын бодлогууд орж ирж байгаа. Жишээ нь гарааны компаний орлого хөнгөлөх, IT чиглэлийн компанийн гадаад руу шилжүүлж байгаа гүйлгээний хувь, IPO гаргах компаниудад гээд татварын хөнгөлөлтүүд орж ирж байгаа. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлтэй холбоотой үйлдвэрлэл эрхлэх компаниуд тоног төхөөрөмж оруулж ирвэл гаалийн татвараас бүрэн чөлөөлөгдөнө зэрэг хөнгөлөлт орж ирж байгаа.
ЭШЛЭЛ 19
Иргэдтэй уулзахаар хавтгайрсан халамжийн бодлогыг хазаарлаач ээ гэлэг асуудал тавьдаг. Халамжийн бодлогыг зорилтот бүлэг рүү чиглүүлдэг, авах ёстой хүмүүс нь авдаг болгох ёстой. Улсын төсөв дээр хамгийн их ачаалал үүсгэдэг зардлуудыг ангилахад нийгмийн бодлоготой холбоотой зардлууд өндөр дүнтэй байдаг. Ирэх жилийн хувьд 35-40 орчим хувийн ачааллыг нийгмийн бодлогын зардлууд эзэлж байна.
ЭШЛЭЛ 20
Нийгмийн халамж байх ёстой. Гэхдээ өгч байгаа халамж бүхэн эдийн засгийг тэтгэдэг, ажлын байрыг нэмэгдүүлдэг, татвар төлсөн аж ахуйн нэгж, иргэдэд эргээд үр өгөөжөө өгдөг бодлого болох ёстой.
ЭШЛЭЛ 21
Хүүхдийн мөнгийг олгож болно. Харин энэ мөнгийг авч байгаа хүүхдийн эцэг эх ажил хөдөлмөр эрхэлдэг болооч ээ, эсвэл хөдөлмөрийг биржид ажил хайж тууштайгаар 6 сар бүртгэгдсэн хүмүүсийг хамруулдаг болооч ээ гэдэг зүйлийг судлаачид бидэнд хэлж байгаа. Ингэвэл 24 оноос хойш хүүхдийн мөнгө халамж болчихоод байгаа энэ явдал арилна.
ЭШЛЭЛ 22
Эдийн засгийг авч явах хоёр том салбар байдаг. Нэг нь уул уурхай, нөгөөх нь хөдөө аж ахуй, хүнсний хангамж хүртээмж, үйлдвэрлэлтийн асуудал. Улс орны авч явах цаашид эдийн засгаа тогтвортой хангадаг болох бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэдэг болох уу гэдэг бодлого татварын бодлогоор зохицуулагдаж байх ёстой. Энэ хоёр салбарт нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын асуудлууд байна. Энэ төвшнийг нэг шат ахиулах шаардлагатай гэж харж байна.
ЭШЛЭЛ 23
Улсын төсвийн нийт зарлага Засгийн газраас орж ирснээр 20.4 их наяд төгрөг байна. Үүний нийт урсгал зардал 15 их наяд төгрөг. Урсгал зардлын 61 хувийг юу эзэлж байна гэхээр халамж, хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмж эзэлж байна. Энэ асуудал дээр дүн шинжилгээгээ хийгээд зоригтой өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага байна.
ЭШЛЭЛ 24
Салбарын шинэчлэлийг хийх хэрэгтэй. Тэтгэврийн шинэчлэл, боловсрол, эрүүл мэндийн шинэчлэлүүд хийгдээд явж байна. Тэгэхдээ илүү энэ салбаруудын хувьчлах бие даалгах, төсөвт үзүүлж байгаа ачааллыг нь хөнгөлөх, төрөөс хийж байгаа үйлчилгээнүүдийг илүү хувийн сектор рүү шилжүүлэх энэ бодлогуудыг хурдацтай хийхгүй бол төсөв дээр ирж буй ачаалал, төсвийн хийж байгаа хөрөнгө оруулалт, зардал их байна гэж харагдаж байгаа.
Сэтгэгдэл (13)