Өөрийн авьяас, ур чадвараараа Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулж яваа Монгол бүсгүй Д.Энхцэцэгийг энэ удаагийн ярилцлагын буландаа урилаа. Түүний бүтээлийг та магадгүй цэнхэр дэлгэцээрээ тольдон сууж байхыг ч үгүйсгэхгүй. Алдарт “The Beatles” хамтлагийн гишүүн Paul McCartney-ийн охин Stella McCartney-ийн үүсгэн байгуулсан брендийн оёдлын мастер Монгол бүсгүй байдаг тухай магадгүй та бүхэн сонссон байх. Тэгвэл энэ удаад тэрхүү Монгол бүсгүйн амьдрал болоод ажлын талаар хэсэг хөөрөлдсөнөө ийнхүү хүргэж байна.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Таныг Монголчууд “Stella McCartney”-ийн оёдлын мастер гэдгээр нь илүү таньдаг болсон байна. Тэгвэл Д.Энхцэцэг гэдэг хувь хүн талаасаа та ямар хүн бэ? Багадаа ямар хүүхэд байв, тухайн үеийн дурсамжаасаа хуваалцаач?
-Миний бага нас социализмын үед өнгөрсөн. Тийм ч учраас бусад хүмүүсийн туулсан замыг адилхан туулсан гэж боддог юм. Би дээрээ хоёр эгчтэй, өөрөө айлын бага охин. Аав маань бие нь ойр ойр өвдөж, эмнэлэгт хэвтдэг байлаа. Аавыг эмнэлэгт хэвтэх бүрд эгч бид гурав гэрээ хараад үлдэнэ. Бидэнд хоолтой, хоолгүй үеүд олон байсан. Намайг бэлтгэл ангид ордог жил аав эмнэлэгт хэвтэж таарав. Маргааш нь хичээл эхлэх гээд, гэтэл надад өмсөх форм байхгүй байсныг тод санадаг юм. Тэр үед том эгч, хөрш айлын эгч хоёр надад өөрсдийн багадсан хувцасаар форм оёж өгөөд явуулж байсан. Ингээд анзаараад байхад надад оёж хийж, бүтээсэн дурсамжууд олон байдаг юм билээ. Магадгүй тэр үеэс эхэлж оёдлын салбартай танилцсан байх.
- Тийм шүү. Эргээд харахад тухайн үед хүмүүс хөдөлмөрч байсан нь мэдрэгдэж байдаг.
-Тийм ээ. Манай хоёр эгч маань аав ээжийн өмсөхөө больсон богино цамцыг эсгээд майк болгож оёно. Тэр үед Герман сэтгүүлд оёдлын эсгүүртэйгээ зардаг байлаа. Тэр сэтгүүлийг аваад өөрсдийн размерт тааруулж эсгэнэ, янз янзын эрээн даавуугаар даашинз хийж өгөөд л амьхандаа дүүгээ гангалчихдаг байсан.
- Таны өгсөн нэг ярилцлагаас таныг аравдугаар хороололд сурч байсан гэсэн байсан. Хүүхэд нас чинь тэнд өнгөрсөн үү?
-Тийм ээ. Бүр бага насандаа бол дөрвөн замын нийтийн байранд амьдардаг байсан. Харин намайг дөрөвдүгээр ангид байхад манай гэр бүл аравдугаар хороололд шинэ байранд нүүж орж байсан юм.
-Та сүүлд хэзээ Монголдоо ирсэн бэ. Ирээд тэр хавиар явж үзэв үү. Хэр өөрчлөгдсөн байна вэ?
-Сүүлд дөрвөн жилийн өмнө эгчийнхээ хүүгийн хуриманд ирсэн. Тэр үед багадаа өссөн газраараа явж үзсэн. Олон барилга бариад, танихын аргагүй өөрчлөгдсөн байсан. Бидэнтэй хамт амьдарч байсан хөршүүд бүгд нүүгээд өөр хүмүүс амьдардаг болчихсон байсан шүү.
-Та “Enka Couture” брендийг үүсгэн байгуулаад хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. Монголын зах зээлд өөрийн хувцасны бизнесийг эхлүүлэхэд хүндрэл тулгарч байв уу. Монголд хувцас дизайнерийн өрсөлдөөн ямар түвшинд байна гэж харж байна вэ?
-Миний хувьд өөрөө гадаадад байгаа, дээрээс нь “Stella McCartney”-д давхар ажилладаг учраас өөрийн бренддээ цаг зав зарцуулж бүтэн ажиллах нь бага байгаа. Тиймээс удахгүй шинэ бүтээгдэхүүнээрээ Монголчууддаа очно. Мөн үнэ цэнийн хувьд эдийн засгийн уналттай байгаа энэ үед үнэтэй хувцас авах чадвар муудаж байгаа болохоор үнээ буулгах бодлого барьж ажиллах нь зөв юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.
-Тэгэлгүй яахав. Үнээ дагаад чанар байгаа байх.
-Миний харж байгаагаар Монголчууд маань чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж сурах хэрэгтэй. Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олон газар бий. Гэхдээ бүгд биш гэдгийг бас ойлгох хэрэгтэй байх. Чанарыг сайн шалгаж, өндөр түвшний үйлдвэрлэл хийснээр хаягдал, хэрэггүй зарцуулалт бага болно. Би ямарваа нэг зүйлийг хийсэн шиг хийх, чанартай хийх дуртай.
-Таны хувьд “чанар” гэж юуг хэлэх вэ. Та өөрийн хийсэн бүтээлдээ чанар үнэ цэнийг яаж шингээж байна вэ?
-Чанараа дагаад бүтээгдэхүүний үнэ цэн өсдөг. Чанартай бүтээгдэхүүн удаан бөгөөд эдэлгээ сайн даадаг. Магадгүй үргэлжлүүлээд хүүхдүүд, дүү нар нь өмсөж эдлэхийг үгүйсгэхгүй.Тиймээс хүмүүст чанартай, удаан өмсөх бүтээгдэхүүн хийж өгөхийг илүүд үздэг.
-Загвар эргэдэг гэдэг. Таны амьдарч байгаа Лондон хотод өдийд загвар хаашаа эргэж байна вэ?
-Залуу охид хуучин хувцасны дэлгүүрийг их зорих болсон байна. “Vintage” буюу дээр үеийн олон жил болсон бусдаас өвөрмөц хувцаслалтыг сонирхох хандлага их бий.
-Тийм шүү. Монголд ч мөн адил хуучин хувцасны дэлгүүр нээгдэх болсон. Комисс гэдэг ойлголтыг халж, загвар талаас нь ойлгох нь элбэг болсон байхнээ.
-Тэр ч утгаараа хүмүүс адилхан зүйл өмсөх сонирхолгүй болсон байна. Элбэг байдаг, олон хэмжээгээр үйлдвэрлэдэг хувцасыг мэдээж олон хүн өмсөнө. Тиймээс бусдаас өөр байхыг эрмэлзээд байгаа юм. Шинээр гарч ирж байгаа залуу дизайнерууд хүртэл цөөн тооны хувцас үйлдвэрлэдэг болсон. Миний хувьд энгийн хэр нь дэгжин хувцаслалтад дуртай. “Enka Couture” бренд маань ч тэр биед чөлөөтэй, тухтай хувцас үйлдвэрлэхыг зорьж байна
-Энэ талаар ярьсных, шинэ загварын ажилдаа орсон уу. Одоо ямар төсөл, загвар дээр ажиллаж байна вэ. Шинэ коллекц гаргах уу?
-Энэ зун Монголдоо очно. Тэр үедээ шинэ загваруудаа бүгдийг нь аваад очно. Хэд хэдэн дэлгүүртэй холбогдож үзсэн. Удахгүй Монгол дэлгүүрт хувцаснууд маань очиж хүмүүст хүрэх болно. Долоодугаар сарын сүүлээр Монголдоо очих болохоор тэр үед шинэ коллекцийн эвент зохион байгуулахаар төлөвлөж байна.
-Таныг олон алдартнуудын хувцасыг урласан Монгол бүсгүй гэдгээр нь хүмүүс илүү таних байх. Хамгийн дурсамжтай бүтэж байсан бүтээлээсээ танилцуулбал?
-Ханхүү Харри Меган Марклын хуримын хувцасыг урлахдаа маргааш өглөө нь өмсөх хувцасыг шөнийн 02:00 цаг хүртэл оёж байсан. Дэлхийн алдартнуудын хувцас хүртэл бүх зүйл нь 100 хувь төгс байх ёстой гэж үздэг учир өндөр шаардлага тавьдаг. Тэдний хуримын зочноор уригдсан Амал Клүүнэе мөн манай загварын даашинзыг тэр хуриманд өмссөн. Маш гоё чимж өгсөн харагдаж байсан. Тэр даашинз мөн их түүхтэй бүтээгдсэн.
Яг л хэмжээгээр нь эсгээд , оёсон байхад примерик өмсөөд үзэхээр юбка нь багадаад байсан. Хоёр, гурван удаа засаад яг л өөрийнх нь хүссэн загвараар хийгээд явуулахаар багадаад болохгүй байсан болохоор бүр гайхаад юбкаа ханзалж байгаад эсгүүр дээрээ дэлгээд үзтэл даавуу нь агшчихсан байсан. Гэтэл бид индүүдэх тусам агшдаг материал байна гэж мэдэхгүй засаад л индүүдээд байсан байгаа юм. Тэрийг мэдээд бараг арван удаа индүүдэж, агшхааргүй болсон хойно нь эсгүүрээ хийж дуусгасан. Өглөө нь Амал Клүүнэеэс маш сайхан хариу сонссон. Даашинз нь таалагдсан төдийгүй, амжилттай дуусгасанд баяр хүргэхтэй зэрэгцэж сэтгэл амарч байсан. Тэгэхээр оёдолоо хийхдээ материалаа мэдэрч, оёх тусам хэмжиж, алхам тутамдаа хянах хэрэгтэй болж байгаа юм.
-Таныг бага байхад ээж тань юу гэж сургадаг, юуг захидаг байв. Та түүнийг нь биелүүлж чадсан уу. Одоо та хүүхдүүддээ юу гэж захиж байна вэ?
- Ээж маань намайг юунд ч бууж өгөхгүй байхыг, урагш тэмүүлж байхыг захьдаг байсан. Тэр үг намайг одоо хэр нь хурцалж, урагш алхахыг сануулдаг. Би ч мөн адил хүүхдүүддээ тууштай байхыг, шантрахгүй байхыг хэлж өгдөг. Одоо болохгүй байвал тэр үед нь орхичих, дараагын удаа хийгээд үзэхэд болж л таараа. Тиймээс тэр үед нь оролдоод үз гэж зөвлөдөг. Ээж маань намайг тайван бай гэж үргэлж хэлдэг байсан болоод ч тэр үү би ч бас хүүхдүүдээ тайван бай гэж захидаг.
- Танай гэр бүлд амралтын өдөр хэр чухал вэ. Гэр бүлээрээ амралтын өдрийг хэрхэн өнгөрөөж байна?
-Амралтын өдрийг гэр бүлээрээ өнгөрөөх дуртай. Баасан гарагийн орой гэр бүлээрээ сууж байгаад гэр бүлийн кинотой үдэшийг өнгөрөөдөг. Яг л кино театрт байгаа юм шиг орчин бүрдүүлээд, гэрийн театраа авч ирж байгаад хүүхдүүддээ попкорн, амттангууд авч өгөөд кино үзэх дуртай. Долоо хоног бүрийн баасан гарагийн орой ингэж өнгөрдөг. Харин амралтын өдрүүдэд хүүхдүүд маань дугуйландаа явж, бид өдрийн хоолоо гэр бүлээрээ хамтдаа хийж иддэг ч юмуу, гэр бүлээрээ байхыг илүүд үздэг.
- Тантай ярилцахад таатай байлаа. Удахгүй Монголдоо ирээд хийх ажилд нь амжилт хүсье.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (3)