БАРИМТ 1
Туркменистан улс нь 491210 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Төв Азийн далайд гарцгүй орон. Тус улс баруун талаараа Каспийн тэнгист гарцтай бөгөөд баруун хойд хэсгээрээ Казахстан, хойд, зүүн болон зүүн хойд талаараа Узбекистан, зүүн урд хэсгээрээ Афганистан, урд болон баруун урд талаараа Иран улстай тус тус хиллэдэг.
БАРИМТ 2
Туркменистан улсын нийт хүн ам 6 сая бөгөөд тэдний 81.8 хувийг Туркмен, 9.4 хувийг Узбек, 2.2 хувийг Орос, 1.6 хувийг Казах үндэстнүүд бүрдүүлдэг. Харин шашны хувьд нийт туркменистанчуудын 96 хувь нь исламын шашныг шүтдэг. Мөн тус улсын нийслэлийг Ашгабат гэдэг.
БАРИМТ 3
Одоогийн Туркменистан улсын газар нутаг дээр манай эриний өмнөх тавдугаар мянганаас эхэлж олон овог аймгууд амьдарсаар ирсэн. Торгоны зам гэх Хятадыг Европ болон Ойрх Дорнодын орнуудтай холбодог байсан худалдааны зам нь Туркменистан улсыг дайран өнгөрдөг байсан.
БАРИМТ 4
Туркменистан улсад байх Мерв гэх хот нь нэгэн цагт дэлхийн хамгийн том хот байсан бөгөөд дундад зууны үед исламын шашин болон Торгоны замын амин цэг болсон хамгийн чухал газруудын нэг байв. Мерв хот дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн ба хүн төрөлхтний 4000 жилийн түүхийг өөртөө хадгалдаг.
БАРИМТ 5
Далайд гарцгүй орон хэдий Туркменистан улс Каспийн тэнгист гарцтай гэдгийг та бүхэн мэдсэн. Уг тэнгис нь 386400 хавтгай дөрвөлжин километр газар нутгийг бүрхдэг. Энэ нь япон улсын газар нутгаас том гэсэн үг. Туркменистан улсын албан ёсны хэл нь туркмен хэл боловч ихэнх туркменистанчууд орос болон турк хэлээр чөлөөтэй ярьдаг.
БАРИМТ 6
Манай эриний өмнөх зургадугаар зуунд Туркменистан улсыг Персийн эзэнт гүрэн захирч байсан. Үүнээс хойш олон өөр хаант улсуудын эзэмшилд орсны дараа 1881 онд Оросын эзэнт гүрний мэдэлд орсон. Улмаар 1925 онд Туркмений Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах улс гэх нэрийн дор албан ёсоор Зөвлөлт Холбоот улсын нэг хэсэг болсон.
БАРИМТ 7
1991 онд Зөвлөлт Холбоот улсын задралын үеэр Туркменистан улс тусгаар тогтнолоо зарлаж, 1992 оны тавдугаар сарын 18-нд одоогийн үндсэн хуулиа баталсан. Туркменистан улс нь үе дамжсан тоталитар ерөнхийлөгчийн засаглалтай. Тус улсын одоогийн ерөнхийлөгчийг Сердар Бердымухамедов гэдэг. Тэрбээр 15 жилийн турш төр барьсан эцгийнхээ албан тушаалыг энэ оны гуравдугаар сард өвөлж авсан.
БАРИМТ 8
Туркменистан улс үндэсний хивсээрээ дэлхийд алдартай. Уг хивснүүд нь туркменистаны үндсэн таван овгийн аль нэгэнд нь хамаарах өвөрмөц өнгөтэй хээгээр чимэглэсэн нарийн бүтэцтэй нэхэгддэг. Тус улсад үндэсний хивсний өдөр гэх жил бүр тэмдэглэдэг баяр хүртэл байдаг гэнэ.
БАРИМТ 9
Туркменистан улсын төрийн далбаа ногоон, цагаан, улаан гэх үндсэн өнгөнүүдээс бүрддэг. Ногоо өнгө нь цагаан өнгийн хавирган сарны хамт исламын шашныг, Таван ширхэг од нь хүний таван мэдрэхүйг, од бүрийн таван ширхэг хошуу нь шингэн, хатуу, хий, плазм, кристал гэх таван шинж төлөвийг, таван ширхэг хивсний дүрстэй босоо судал нь туркменчүүдийн үндсэн таван овог болон Туркменистан хивсийг тус тус бэлгэддэг.
БАРИМТ 10
Туркменистан гэх нэрийг орчуулбал “Туркменчүүдийн газар нутаг” гэх утгатай. “Стан” гэх дагавар нь -чуудын газар нутаг гэх утгыг агуулдаг тул Казахстан, Узбекистан, Афганистан, Пакистан гэх мэт адилхан төгсдөг нэртэй орнууд олон бий. Туркменистан улс НҮБ-ын гишүүн бөгөөд Ази дахь Ерөнхий ассамблейн цор ганц төвийг сахидаг орон.
БАРИМТ 11
Туркменистан улсын нийт газар нутгийн 70 хувийг Каракум буюу хар элсэн цөл бүрхдэг. Мөн тус улс нийт байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд тавдугаар байранд жагсдаг. Туркменистан улс олон улсын тавцанд хүний эрхийг үл хүндэтгэдэг гэдгээрээ танигдсан. Туркменистан улсад үндэстний цөөнхийг ялгаварлан гадуурхах, эрх чөлөөгүй хэвлэл мэдээллийн салбар гэх мэт хэд хэдэн асуудлууд бий.
БАРИМТ 12
Туркменистан улс цаазын ялыг 1999 оны нэгдүгээр сард түдгэлзүүлсэн бөгөөд 2008 онд албан ёсоор цаазын ялгүй орон болсон. Зөвлөлт Холбоот улсын үед Туркменистан улс дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг байсан бол өнөөдрийн байдлаар хөгжиж буй орнуудын эгнээнд багтах болсон.
БАРИМТ 13
Туркменистан улсын өөр нэгэн алдартай зүйл бол Дарзава буюу “Тамын хаалга”. 1971 онд уурхайд гарсан ослоос болж хийн тогоо нээгдэж, ойр орчмын зэрлэг амьтад болон байгалийг хордуулах хийг гаргаж эхэлсэн. Тухайн үед эрдэмтэд уг хийнээс болж асаж буй гал хэдэн долоо хоногийн дараа унтарна гэж үзэж байсан ч өнөөдрийг хүртэл унтраагүй.
БАРИМТ 14
2014 онд Канадын адал явдал эрэлхийлэгч Жорж Курунис Дарзава руу орж ёроолд нь хүрсэн анхны хүн болсон. 1948 онд дэлхийн түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэг Туркменистан улсын нийслэл Ашгабат хотын бүс нутгаар тохиолдож 110000 хүний аминд хүрсэн. Уг газар хөдлөлтийг 7.3 магнитуд байсан гэж тогтоосон.
БАРИМТ 15
Туркменистан улсад мелон гэх та бидний сайн мэдэх тарвастай төстэй жимсэнд зориулсан амралтын өдөр байдаг. Уг баярыг туркменистанчууд 1994 оноос хойш жил бүрийн наймдугаар сарын хоёр дахь бүтэн сайн өдөр бүр мелон жимсийг улсынх нь түүх соёл болон өв уламжлалд нь томоохон байр суурь эзэлдэг хэмээн тэмдэглэсээр ирсэн.
БАРИМТ 16
Төрийн тэргүүнүүд нь олон нийтийн амьдралын ихэнх хэсгийг хяналтдаа байлгадаг тул Туркменистан улсын иргэд олон улсын мэдээллүүдийг хүссэн хэмжээгээрээ авч чаддаггүй. Үүнийг нотлох нэг үзүүлэлт байдаг нь Туркменистан улс хэвлэлийн эрх чөлөөгөөрөө дэлхийд доороосоо гуравдугаар байранд жагсдаг.
БАРИМТ 17
1991 онд Туркменистан улсын анхны ерөнхийлөгч болсон Сапармурат Ниязов тус улсыг 1985 оноос эхлэн 2006 онд нас барах хүртлээ Туркменистан улсыг удирдсан. Тэрээр опера, баллет, машины радио сонсох, эрэгтэй хүн сахал ургуулж, үсээ урт ургуулах гэх зэргийг хориглосон хуулиудыг баталж туркменистанчуудын эрх чөлөөг боогдуулж байсан.
БАРИМТ 18
Туркменистан улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Туркменистан улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг дэлхийн чансааны 135-аар байранд эрэмбэлэгддэг бөгөөд ДАШТ-д нэг ч удаа оролцож байгаагүй. Гэхдээ тэд Ази тивийн цомд 2004 болон 2019 онуудад оролцож хэсгийн шатнаас тэмцээнээ өндөрлүүлж байсан удаатай.
БАРИМТ 19
Туркменистан улсын баг тамирчид 1900-1912 оны хооронд Оросын эзэнт гүрэн, 1952-1988 оны хооронд Зөвлөлт Холбоот улс, 1992 онд Нэгдсэн орнуудын далбаан дор оролцож байсан бөгөөд 1996 оноос хойш Туркменистан улсыг албан ёсоор төлөөлж эхэлсэн. Туркменистанчууд одоог хүртэл өвлийн олимпд оролцож үзээгүй ба зуны олимпоос цор ганц мөнгөн медалийг хүртсэн.
БАРИМТ 20
1983 оны долдугаар сард Туркменистан болон Зөвлөлт Холбоот улсын түүхэн дэх хамгийн халуун температур бүртгэгдсэн. Тус өдөр агаарын температур Цельсийн 50 хэм байсан. Туркменистан улсын эх баригчид ард иргэдээ Фэйсбүүк, Юүтүүб, Твиттер гэх мэт цахим хэрэгслүүдийг ашиглахыг хориглосон тул ихэнх туркменистанчууд VPN ашигладаг.
БАРИМТ 21
2014 оны гуравдугаар сард 15,000 эрүүл мэндийн салбарын албан хаагчид ажлаа хүлээлгэн өгсөн. Уг үйл явдлаас хойш нэг жилийн дараа Ашгабат хотоос гадуур байдаг бүх эмнэлгүүд халгаа барьсан. Учир нь тус улсын засгийн газар бүх хүнийг эрүүл мэндийн үйлчилгээ авахын тулд Ашгабат хот руу ирэх ёстой хэмээх шийдвэр гаргасан.
БАРИМТ 22
1993 оноос хойш Туркменистан улсын засгийн газар ард иргэдээ ундны ус болон цахилгаанаар үнэ төлбөргүй хангасаар ирсэн. Туркменистанчууд бидний адилаар морийг дээдлэн шүтдэг ард түмэн. Тус улсын төрийн сүлд дээр адууны дүрс байдгаас гадна туркменистанчууд адууны мах иддэггүй.
БАРИМТ 23
Туркменистан улсын иргэд дор хаяж есөн жилийн турш сургуульд сурч дунд сургуулиа төгсөх үүрэгтэй. Туркменистан улсын 15-24 насны иргэдийн 99.8 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Туркменистан улсад хамгийн алдартай хоол бол Тажикстан улсын үндэсний хоол болох плов.
БАРИМТ 24
Туркменистан улсад “Алт, мөнгө хэвэндээ үлдэж, эцэг, эх хөгширдөг.” гэх алдартай үг бий. Энэ үгтэй холбоотойгоор туркменистанчууд эцэг, эхээ юу юунаас түрүүнд тавьж хүндэлдэг. Ихэнх насанд хүрсэн туркменистанчууд хөдөлмөр эрхэлдэг боловч олон улсын дундажтай харьцуулахад маш бага цалин авцгаадаг.