БАРИМТ 1
Маршаллын арлуудын бүгд найрамдах улс нь 181.43 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай (дэлхийд 189-ээр байранд) Экваторын шугамын дээд хэсэгт байрладаг Номхон далайн арлын орон. Уг улс тусгаарлагдсан таван арал болон 29 ширхэг шүрэн атолл (жижиг хэмжээний арал) болон тэднийг бүрдүүлэгч маш жижиг хэмжээтэй 1,132 арлаас бүрддэг.
БАРИМТ 2
Маршаллын арлуудын нийт хүн ам 2018 оны байдлаар 58,413 байсан бөгөөд тэдний 92 хувийг үндсэн маршаллчууд бүрдүүлдэг. Харин шашны хувьд тус улсын иргэдийн 97 хувь нь христийн шашныг шүтдэг. Уг улсын нийслэл хотыг Мажуро гэдэг ба албан ёсны хэлнүүд нь маршалл болон англи хэл.
БАРИМТ 3
Маршаллын арлуудтай хамгийн ойрхон оршдог улсуудыг нэрлэвэл Кирибати (зүүн урд), Науру (урд) болон Микронези (баруун). Анх манай эриний өмнөх хоёрдугаар мянганд микронезичууд Маршаллын арлууд дээр очиж Аэлон Кейн Эд гэх нэрийг өгсөн. Үүнийг орчуулбал “Бидний арал” гэх утгатай.
БАРИМТ 4
1521-1529 оны хооронд Португалын Фердинанд Магеллан болон Испаны Мигель де Сааведра нар Маршаллын арлууд дээр хөл тавьсан анхны Европ хүмүүс болсон. Үүний дараа уг арлууд руу Англи болон Испаны эрэл хайгуулчдын хөлөг онгоцны цуваа тасралтгүй цувсан.
БАРИМТ 5
Маршаллын арлуудын одоогийн нэр нь 1788 онд эдгээр арлууд руу очсон англи далайчин Жон Маршаллын нэрээс гаралтай. Маршаллын арлууд дэлхий дээрх хамгийн нам дор газар оршдог орнуудын нэг. Тийм учраас дэлхийн дулаарлаас болж өдөр өнгөрөх тусам далайн усны түвшин нэмэгдэж буй өнөө цагт Маршаллын арлуудыг тийм ч таатай ирээдүй хүлээхгүй байна.
БАРИМТ 6
Түүхийн уртад Маршаллын арлуудыг хэд хэдэн хүчирхэг гүрнүүд эзлэн авч удирдсан. 1592 онд испаничууд Маршаллын арлуудыг эзлэн авч 1885 онд тэдний заримыг нь Германы эзэнт гүрэнд зарсан. Үүний дараа Маршаллын арлуудыг дэлхийн нэгдүгээр дайны үед Японы эзэнт гүрэн, дэлхийн хоёрдугаар дауны үед АНУ-ын зэвсэгт хүчин тус тус эзэмшсэн.
БАРИМТ 7
Маршаллын арлууд 1947-1994 оны хооронд Номхон далайн арлуудын итгэмжлэгдсэн нутаг дэвсгэрт харьяалагддаг байсан. Харин АНУ, Номхон далайн орнуудын өөрийгөө удирдах чадварыг нь нэмэгдүүлэх зорилтыг 1965 онд тавьсан. Улмаар Маршаллын арлууд 1979 онд тусгаар тогтнолоо зарлаж 1991 онд НҮБ-д элссэн.
БАРИМТ 8
1946-1958 оны хооронд Бикини болон Эниветак гэх атоллууд дээр АНУ 67 удаа цөмийн бөмбөг, 12 удаа биологийн зэвсгийн туршилт хийсэн. Эдгээр туршилтуудаас атолл дээр үлдсэн сөрөг үр дүнгүүд өнөөдрийг хүртэл арилаагүй бөгөөд маршаллчууд цахилгаан долгионтой холбоотой хорт хавдраар нэлээд их өвчилдөг.
БАРИМТ 9
Маршаллын арлууд дэлхий дээрх зэвсэгт хүчингүй 22 орны нэг бөгөөд тэднийг батлан хамгаалах үүргийг АНУ хариуцдаг. АНУ, Маршаллын арлуудад жил бүр хэдэн сая ам.долларын тусламж үзүүлдэг бөгөөд Эниветак атоллыг одоог хүртэл пуужингийн туршилт хийх газар болгон түрээсэлдэг.
БАРИМТ 10
Маршаллчууд бол дэлхий дээрх дөрөв дэх хамгийн их таргалалттай ард түмэн. Хамгийн сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд нийт маршаллчуудын 83.5 хувь нь илүүдэл жинтэй байсан. Мөн тус улс хамгийн цөөн тооны жуулчин хүлээн авдаг орнуудын нэг. Маршаллын арлууд руу жилд дунджаар 5000 жуулчин очдог.
БАРИМТ 11
Маршаллын арлуудын нийслэл Мажуро хот нь яг үнэндээ 64 арлаас бүрддэг атолл билээ. Мөн тус улсад шарк буюу аварга загасны дэлхий дээрх хамгийн том дархан цаазат газар байдаг. Маршаллын арлуудад харьяалагддаг Номхон далайн бүс нутаг дахь 1990530 хавтгай дөрвөлжин километр газар нутагт ямар ч аварга загас агнаж болохгүй.
БАРИМТ 12
Маршаллын арлуудын төрийн далбаа цэнхэр, цагаан, улбар шар өнгөнүүдээс бүрддэг. Цэнхэр өнгө нь Номхон далайг, цагаан өнгийн зураас нь илт тод байдлыг, улбар шар өнгийн зураас нь эр зориг болон эд баялгийг, уг зурааснууд нийлээд Экваторын шугамыг, 24 хошуутай од нь тус улсын 24 хотын захиргааг тус тус илтгэдэг.
БАРИМТ 13
Маршаллын арлууд нэлээд нарийн хэлбэртэй тул та тэнд очмогцоо зөвхөн нэг чиглэлд алхсаар байгаад арлуудтай бүрэн танилцах боломжтой. Маршаллын арлууд дээр анх ямар ч хөхтөн амьтан амьдардаггүй байсан ч далай доорх амьдрал нэлээд баялаг байсан. 1000 гаруй төрөл зүйлийн загас болон 250 гаруй төрлийн шүртэй уг арал дээр дэлхийн өнцөг булан бүрээс шумбагчид цугладаг.
БАРИМТ 14
Маршаллын арлууд дулаан уур амьсгалтай ба жилийн дундаж температур нь Цельсийн 28 хэм байдаг. Тус улсад арваас арван нэгдүгээр сарын хооронд ихэвчлэн бороо ордог тул уг үеэр Маршаллын арлууд руу аялах тохиромжгүй. Маршаллын арлууд цэвэр усны хязгаарлагдмал нөөцтэй тул иргэд нь борооны усыг тосож аван ундандаа хэрэглэцгээдэг.
БАРИМТ 15
Та бидний сайн мэдэх хоёр киноны гол дүрүүд цөмийн зэвсгийн туршилтын талбар болсон Бикини аралтай холбоотой. Спонж Боб гэх хүүхэлдэйн киноны үйл явдал Бикини арлын далайн эргийн ёроолд өрнөдөг тухай киноны найруулагч өөрийн биеэр мэдэгдсэн. Харин дараагийнх нь Годзилла гэх киноны гол дүрийн, үлэмж биетэй мангас Бикини арлаас гаралтай юм байна.
БАРИМТ 16
Маршаллын арлууд дээр хамгийн алдартай спортууд бол хөлбөмбөг, сагсанбөмбөг, волейбол болон бусад усан спортууд. Маршаллын арлуудын хөлбөмбөгийн холбоо 2020 онд байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар ямар ч олон улсын тоглолт хийгээгүй цор ганц бүрэн эрхт, тусгаар тогтносон улс юм.
БАРИМТ 17
Маршаллын арлуудын баг тамирчид 2008 оны Бээжингийн олимпоос хойш зуны олимпд тасралтгүй оролцсоор байгаа. Тэд ихэвчлэн усанд сэлэлт болон хөнгөн атлетикийн спортуудын төрөлд оролцдог. Гэвч өнөөдрийн байдлаар Маршаллын арлуудын нэрийн өмнөөс олимпын медаль хүртэж, өвлийн олимпд оролцсон нэг ч тамирчин байхгүй.
БАРИМТ 18
Мажуро бол дэлхий дээрх хамгийн завгүй туна загасыг шилжүүлэн ачих боомт. Тэд жилд дунджаар 704 удаа хөлөг онгоц дүүрэн туна буюу нийт 444393 тонн туна тээвэрлэж, бүс нутгийнхаа хэд хэдэн орны хэрэглээг хангадаг. Загас агнах зөвшөөрлийн төлбөр нь тус улсын засгийн газарт мэдэгдэхүйц орлого оруулдаг.
БАРИМТ 19
Маршаллын арлуудын нийт насанд хүрсэн хүн амын 98.27 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Хүүхдүүд нэгдүгээр ангиасаа эхлэн бүх хичээлээ маршалл хэл дээр үздэг ба гуравдугаар ангиасаа англи хэлийг үздэг. Мөн тус улсад хоёр их дээд сургууль байдаг ба маршаллчууд чанартай боловсрол эзэмшихийн тулд гадаадын орнууд руу явах нь элбэг үзэгдэл.
БАРИМТ 20
Маршаллын арлууд байгалийн баялаг муутайгаас гадна тэдний импортын барааны хэмжээ экспортын бараанаас хол давсан ялгаатай. Тус улсад орлого оруулдаг гол зүйлсийг нэрлэвэл наргил модны самар, мелон, улаан лооль гэх мэт газар тариалангийн салбарын бүтээгдэхүүнүүдээс гадна копра, гар урлал, загас агнуур болон аялал жуулчлалын салбарууд багтана.
БАРИМТ 21
Нийт маршаллчуудын 73.3 хувь нь (52 хувь нь Мажуро хотод) хотын бүсэд амьдардаг тул эртний маршаллчуудын өв уламжлал, ёс заншил бага багаар алдагдсаар байгаа. Маршаллын арлуудын уриаг орчуулбал “Хамтарсан хүчин чармайлтаар амжилтад хүрнэ” гэх утгатай.
БАРИМТ 22
Маршаллын арлууд нь ерөнхийлөгчийн гүйцэтгэх засаглалтай парламентын бүгд найрамдах улс бөгөөд одоогийн төрийн тэргүүнүүдийг нь Дэвид Кабуа (Маршаллын арлуудын ес дэх ерөнхийлөгч), Кеннет Кеди (Маршаллын арлуудын хууль тогтоох байгууллагын дарга) гэдэг.
БАРИМТ 23
Тус улсын албан ёсны мөнгөн тэмдэгт нь америк доллар. Мөн Маршаллын арлууд дэлхийд хүний хөгжлийн индексээрээ 117-аар байранд (Маршаллын арлуудын хувьд өндөр амжилт), хүн амын нягтшилаараа 28-аар байранд жагсдаг. Үүнээс гадна Маршаллын арлуудад хүмүүс машиныг замынхаа баруун гарын дүрмээр буюу манай улстай ижил дүрмээр барьдаг.
БАРИМТ 24
Маршаллчууд дунджаар 74.58 жил амьдардаг бөгөөд АНУ-ын цөмийн зэвсгийн туршилтаас болж одоогийн маршаллчуудын өмнөх үеийнхэн ихээхэн хохирол амсаж залуудаа өвчний улмаас нас барцгаадаг байсан. Маршаллын арлуудын хүн амын тоо жил өнгөрөх тусам өссөөр байгаа бөгөөд тэд хүн амын өсөлтийнхөө хувиар дэлхийд 42-аар байранд бичигддэг.