БАРИМТ 1
Бүгд Найрамдах Науру улс нь 21 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Номхон далайн арлын орон. Тус улс газар нутгийн нийт хэмжээгээрээ дэлхийд зөвхөн Ватикан хот болон Монако улсуудын дээр жагсдаг. Науру улстай хамгийн ойрхон оршдог арал бол Кирибати улсын Банаба арал. Уг арал Науру улсаас зүүн зүгт 300 километрийн зайд байрладаг.
БАРИМТ 2
Науру улсын нийт хүн ам 2020 оны байдлаар 10,834 байсан. Науру улс уг тоогоороо мөн дэлхийн гурав дахь хамгийн бага (Ватикан хот болон Тувалу улсуудын урд) хүн амтай орноор нэрлэгдсэн ба тэдний 80 гаруй хувь нь христийн шашныг шүтдэг. Науру улсад албан ёсны нийслэл хот байдаггүй боловч засгийн газрын ордон нь Ярен дүүрэгт байрладаг.
БАРИМТ 3
Науручуудын гарал үүсэл одоог хүртэл тодорхойгүй. Гэхдээ манай эриний өмнөх 1000-аад онд Микронези арлуудаас хүмүүс Науру улсад очиж суурьшсан тухай хүчтэй таамаг байдаг. 18-аар зуунд европчууд анх удаа Науру арал дээр хөл тавьсан бөгөөд тухай үед науручууд 12 овог аймгуудад хуваагдан амьдардаг байжээ.
БАРИМТ 4
19-ээр зуунд Германы эзэнт гүрний колони болоод байсан Науру улсыг дэлхийн нэгдүгээр дайны дараа Үндэстнүүдийн лигийн мандат буюу Австрали, Их Британи болон Шинэ Зеланд улсууд мэдэлдээ оруулсан. Науру арал дэлхийн хоёрдугаар дайны үеэр япон цэргүүдэд эзлэгдсэн ч Номхон далай дахь хамтарсан хүчний цэргүүдийн ачаар чөлөөлөгдсөн.
БАРИМТ 5
Науру улс 1968 онд тусгаар тогтнолоо зарлаж, нэг жилийн дараа буюу 1969 онд Номхон далайн холбоонд гишүүний хувиар элсэн орсон. Тус улс нь чулуулаг арал бөгөөд газрын гадаргатай ойрхон ашигт малтмал ихтэй тул уурхайн үйл ажиллагааг маш хялбар аргаар хийдэг байсан.
БАРИМТ 6
Гэхдээ өнөө цагт тэдний фосфатын нөөц аль хэдийнээ шавхагдсан. 1990-ээд онд уул уурхайн салбарын үйл ажиллагаа зогсонги байдалтай болсон тул Науру улсын эдийн засаг хямралд орсон. Улмаар тус улс мөнгө олохын тулд татварын тухай хуулиа сулруулан хүмүүсийг бизнес эхлүүлэхэд дэмжлэг үзүүлж, хүмүүсийн хууль бусаар мөнгө угаадаг төвүүдийн нэг болсон.
БАРИМТ 7
Австрали улсаас хэт их хамааралтай болсон Науру улс нь нам бус ардчиллын үед гүйцэтгэх ерөнхийлөгчийн засаглалтай, нэгдмэл парламентын бүгд найрамдах улс. Уг улсын төрийн тэргүүнүүдийг дурдвал Лайонел Энгимеа (Науру улсын 15 дахь ерөнхийлөгч) болон Маркус Стивен (парламентын дарга, Науру улсын 11 дэх ерөнхийлөгч) нар юм.
БАРИМТ 8
Науру улсын төрийн далбаа нь цэнхэр, улаан, цагаан өнгөнүүдээс бүрддэг. Цэнхэр өнгө нь Номхон далайг, далбааны дундуур татсан шар өнгийн зураас нь Экваторын шугамыг, цагаан од нь Науру арлын байршлыг, одны 12 ширхэг хошуу нь Науру улсын анхны 12 овог аймгийг тус тус бэлгэддэг.
БАРИМТ 9
Тус улс нь хамгийн цөөн тооны жуулчин хүлээн авдаг орон байх өндөр магадлалтай. Учир нь Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын тайланд орох хэмжээний олон тооны жуулчин хүлээж авдаггүй ба зарим эх сурвалжийн мэдээлснээр Науру улс руу жилд дунджаар 200 жуулчин очдог гэнэ.
БАРИМТ 10
Науручууд бол дэлхий дээрх хамгийн их таргалалттай ард түмэн. 2017 онд гарсан судалгаанаас үзэхэд нийт 18-аас дээш настай буюу насанд хүрсэн науручуудын 88.5 хувь нь илүүдэл жинтэй байжээ. Ер нь Номхон далайн орнуудын хүмүүс маш их хэмжээний таргалалттай байдаг гэдгийг та бүхэн өмнөх дугааруудаас анзаарсан байх.
БАРИМТ 11
Науру улс дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ зөвхөн Тувалу улсын дээр бичигддэг. Мөн тус улс дөнгөж 30 километр замтай ба тэдний 5 километр нь хурдны зам. Тэд уг хурдны замын хэмжээгээрээ мөн л зөвхөн Тувалу улсын дээр бичигддэг. Дэлхийн ихэнх орны элчин сайдын яамууд Науру улсад байдаггүй ба ихэвчлэн Фижи улсад суудаг элчин сайдууд Науру улсыг мөн хариуцаж ажиллацгаадаг.
БАРИМТ 12
Науру улсын нийт газар нутгийн 90 хувьд нь уул уурхай эрхэлсэн тул тус улсад зэрлэг байгаль гэх юм бараг л үлдээгүй. Тийм учраас 1963 болон 1970 онд эрдэмтэд хоёр ч удаа 1990 он гэхэд Науру арал дээр хүн амьдрах боломжгүй болно хэмээн үзэж науручуудыг Австрали улсын нэг арал руу нүүлгэн шилжүүлэх хүсэлт гаргаж байсан.
БАРИМТ 13
Гэвч науручууд төрөлх арлаа орхихыг хүсээгүй тул уг саналд татгалзсан хариу өгсөн. Зэрлэг байгаль гэх юмгүй болсон тул Науру улсад амьдардаг байсан шувууд устаж үгүй болж, зарим нь маш ихээр ховордсон. Мөн 2005 онд Науру улс хоёр дахь удаагаа фосфатын нөөц олж илрүүлэн уурхайн үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
БАРИМТ 14
Шинжээчдийн үзэж буйгаар уг уурхайн нөөц 2035 онд дуусах юм байна. Фосфатын уурхайн ачаар Науру улс 20-аар зууны эхэнд нэг хүнд оногдох улсын хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг байсан. Науру улсад ганцхан нисэх онгоцны буудал байдаг.
БАРИМТ 15
Науру улс бол дэлхий дээрх ямар ч зэвсэгт хүчингүй 22 орны нэг. Хэрэв Науру улс ямар нэгэн гаднын хадлагад өртвөл Австрали улс тэднийг хамгаалах үүрэгтэй. Гэхдээ дотоодын аюулгүй байдлаа хангаж, цагдаагийн албан хаагчдыг ажиллуулах нь Науру улсын өөрсдийнх нь үүрэг.
БАРИМТ 16
Науру улс бол улсынхаа нийт орлогын 10-аас их хувийг эрүүл мэндийн салбартаа зарцуулдаг дэлхий дээрх 17 орны нэг. Үүний үр дүнд сүүлийн арван жилд науручуудын илүүдэл жин нэг хувиар, цусны даралт өндөр байх өвчин зургаан хувиар тус тус буурсан.
БАРИМТ 17
Тус улс нь дунджаас дээш орлоготой орнуудын жагсаалтад багтдаг ба хүн амынх нь 25 хувь нь санхүүгийн байдлаараа ядуу буурай гэх нийгмийн бүлэг харьяалагддаг. Далайгаар хүрээлэгдсэн, гол горхигүй орон тул Науру улс цэвэр усны хомстолд орсон. Тэд хэрэглээний цэвэр усаа Австрали улсаас зөөвөрлөгдөн ирдэг усаар хангадаг.
БАРИМТ 18
Науру улсад хүүхдүүд 18 нас хүртлээ сургуульд сурч боловсрол эзэмших ёстой. Тус улсын насанд хүрсэн иргэдийн 96.5 хувь нь бичиг үсэг тайлагдсан. 2015 онд сургуулийн насны хүүхдүүдийн 80 гаруй хувь нь бага сургуульд, 40 хувь нь дунд сургуульд хамрагддаг байсан.
БАРИМТ 19
Науру улсын засгийн газар уг хувийг нэмэхийн тулд хүүхдүүдэд сургуульд сурсан өдөр болгоных нь тоогоор таван ам.долларын хуримтлал үүсгэж сургуулиа төгсөх үед нь гардуулж өгөх тухай хууль баталсан. Улмаар сургуульд сурдаг хүүхдүүд 11 хувиар нэмэгдсэн. Нэг ёсондоо тэд цалинтай сургуульд сурдаг гэсэн үг.
БАРИМТ 20
Науру улсад хамгийн алдартай спортууд бол Австралийн дүрэмтэй Америк хөлбөмбөг болон хүндийг өргөлт. Науру улсын баг тамирчид 1996 оноос хойш олимпд оролцож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нэг ч медаль хүртээгүй. 1996-2012 оны хооронд Науру улсыг төлөөлөн олимпд оролцсон бүх тамирчид хүндийг өргөлтийн тамирчид байсан.
БАРИМТ 21
Науру улсад зөвхөн хоёр зочид буудал үйл ажиллагаа явуулдаг. Мөн уг улсын ихэнх импортын бараа бүтээгдэхүүнүүд Асвтрали улсаас орж ирдэг. Насанд хүрсэн науручуудын 80 гаруй хувь нь хөдөлмөр эрхэлдэггүй. Уг үзүүлэлтээс харахад Науру улс ажилгүйтлийн түвшингээрээ дэлхийд тэргүүлэгч орнуудын жагсаалтад зүй ёсоор багтдаг.
БАРИМТ 22
Науру улсад аль нэг улстай хамтарсан зорчигч тээврийн үйлчилгээ болон нийтийн тээвэр гэж байхгүй. Тус улсад очсон жуулчид Науру улсыг ихэвчлэн алхаад төвөггүй туулчихдаг. Мөн тус улсын албан ёсны хэлүүд нь науру болон англи хэл. Тиймээс та науручуудтай англи хэл ашиглан төвөггүй ойлголцох боломжтой.
БАРИМТ 23
Далайн орон тул Науру улс загас агнуурын салбараа хөгжүүлэх бүрэн боломжтой. Гэвч Науру улсад дөнгөж хоёр ширхэг загас агнах зориулалттай хөлөг онгоц байдаг. Тэд эдгээр хөлөг онгоцнуудыг ашиглан дотоодын хэрэглээгээ л хангадаг. Науру улсад их дээд сургууль байдаггүй тул ихэнх науручууд их дээд сургуульд элсэн орохынхоо өмнө Австрали улсыг зорьж сургуульд сурахыг илүүд үздэг. Ингэснээр тэд Австрали улсын их дээд сургуулиудад элсэн орох бүрэн боломжтой.
БАРИМТ 24
Науру улс 1998 онд анх интернет сүлжээтэй болсон бөгөөд одоогийн байдлаар тус улсад ердөө ганцхан радио станц байдаг. Науручууд жил бүрийн нэгдүгээр сарын 31-ийг тусгаар тогтнолын өдөр хэмээн тэмдэглэдэг. Науру улс нийт 14 дүүрэгт хуваагддаг ба тэдгээрийн хамгийн их хүн амтай нь Денигомоду дүүрэг.
Сэтгэгдэл (1)