БАРИМТ 1
Бүгд Найрамдах Гамби улс нь 10,689 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай (дэлхийд 159-ээр байранд) Баруун Африкийн орон. Африкийн эх газар дээрх хамгийн жижиг газар нутагтай уг улс баруун талаараа Атлантын далайд гарцтай бол үлдсэн хэсгээрээ Сенегал улстай хиллэдэг.
БАРИМТ 2
Гамби улсын хүн амын нийт тоо 2.2 сая бөгөөд тэдний 35 хувийг мандинка, 24 хувийг фула, 14.8 хувийг волоф, 10.5 хувийг жола, 8.2 хувийг сонинке үндэстнүүд хүмүүс бүрдүүлдэг. Гамби гэх нэр нь баруун Африкийн түлхүүр голуудын нэг болох 1,120 километр урсдаг Гамби голын нэрээс үүсэлтэй.
БАРИМТ 3
Гамби улсын газар нутаг нь Гамби голыг дагаад баруунаас зүүн тийш урт сунгагдсан хэлбэртэй бөгөөд хойноос урд хил хүртэл хамгийн багадаа 25 километр, хамгийн ихдээ 50 километрээр зааглагддаг. Харин баруун захаас зүүн зах хүртэлх зай нь ойролцоогоор 480 километр байдаг.
БАРИМТ 4
1455 онд португалчууд Гамби улсын нутаг дэвсгэр дээр хөл тавьсан нь Гамби улс дахь анхны европчууд болсон. Гэхдээ тэд хэзээ ч Гамби улсад бүтээн байгуулалт болон чухал наймаа хийж байгаагүй. Харин 1765 онд британичууд Гамби улсыг ихэд сонирхон Британийн эзэнт гүрний нэг хэсэг болгосон.
БАРИМТ 5
Улмаар Давда Жаварагаар удирдуулсан гамбичууд 1965 онд тусгаар тогтнолоо зарласан. Давда Жаварагийн хувьд 1994 оны хүний амь эрстээгүй төрийн эргэлт хүртэл Гамби улсыг удирдсан. Тус улс ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд одоогийн төрийн тэргүүнийг нь Адама Барроу гэдэг.
БАРИМТ 6
Гамби улсын төрийн далбаа улаан, цагаан, цэнхэр, ногоон өнгийн хэвтээ зурааснуудаас бүрддэг. Цэнхэр өнгө нь Гамби голыг, улаан өнгө нь нар болон тус улсын Экваторын шугам дээр оршдог байрлалыг, ногоон өнгө нь Гамби улсын хөдөө аж ахуйн үржил шимийг, цагаан өнгө нь энх тайван болон эв нэгдлийг тус тус бэлгэддэг.
БАРИМТ 7
Одоогийн Гамби улсын хувьд Их Британиас гадна 5-11-ээр зуунд Ганын эзэнт гүрэн, 13-аар зуунд Малийн эзэнт гүрний нэг хэсэг байсан. Гамби улсын нийслэл хотыг Банжул гэдэг бол албан ёсны хэл нь англи хэл. 2013 онд Гамби улс Хамтын Нөхөрлөлийн орнуудаас албан ёсоор гарсан цөөн хэдэн улсуудын нэг болсон. Гэхдээ тэд 2018 онд дахин элсэн орсон.
БАРИМТ 8
1994 оны төрийн эргэлтээс 2017 оны ерөнхийлөгчийн сонгууль хүртэл Гамби улсыг дэслэгч Яхья Жамме удирдсан. Тэрбээр өөрийн хачирхалтай, хэрцгий байдлаараа алдартай бөгөөд Гамби улсыг төмөр мэт нударгаараа хяналтдаа байлгадаг байв. Яхья Жамме өөрийн улс төрийн өрсөлдөгчид болон бусад гэмт хэрэгтнүүдийг угсраа дараалан цаазаар авдаг байсан ба 2008 онд ижил хүйстнүүдийн толгойг тасдах тухай ам нээж байсан нэгэн.
БАРИМТ 9
Тэрбээр 2007 онд ДОХ-ын халдварыг эдгээх арга замыг олсон гэж худлаа хэлж байсан. Түүнд итгэсэн хүмүүс эмчилгээнд хамрагдахаар хэдэн сарын турш хоригдож ургамлын гаралтай хольцыг уудаг байжээ. 2017 онд албан тушаалаасаа буусных нь дараа гадаадын орнууд түүний эд хөрөнгийг царцаасан бөгөөд тэрбээр Экваторын Гвиней улс руу цөлөгдсөн.
БАРИМТ 10
Гамби голд байрлалтай Кунта Кинте гэх жижиг арал дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэн ЮНЕСКО-д бүртгэгдсэн. 1500-аас 1800–аад оны эхэн үе хүртэл олзлогдсон боолуудыг голын эрэг рүү хүргэж цааш тээвэрлэхэд уг арал маш том үүрэг гүйцэтгэдэг байсан.
БАРИМТ 11
Гамби голын бүс нутагт 600 гаруй төрөл зүйлийн шувууд болон, манат, матар, усны үхэр, колобус сармагчин гэх мэт олон төрлийн ховор амьтад амьдардаг. Гамби улсын эдийн засаг ихэвчлэн газар тариалан, загас агнуур, аялал жуулчлал болон фермийн аж ахуй дээр тогтдог.
БАРИМТ 12
Гамби улсын иргэдийн 46 хувь нь санхүүгийн байдлаараа ядуу гэх бүлэгт харьяалагддаг. Гэхдээ уг хувь хөдөө орон нутагт амьдардаг хүмүүсийн дунд 70 хувь буюу илүү их байдаг. Мөн гамбичууд боловсролын тал дээр нэлээд сул дорой ард түмэн. Эрчүүдийн 64 хувь, эмэгтэйчүүдийн 48 хувь нь л бичиг үсэг тайлагдсан.
БАРИМТ 13
Бичиг үсэг тайлагдсан хүмүүсийн тоо маш бага тул Гамби улс саяхныг хүртэл сонгуулиа цаасан дээр бус гантиг чулуу ашиглан явуулдаг байсан. Ерөнхийдөө ард иргэд сонгууль өгөхийн тулд нэр дэвшигчдийн зургийг наасан савнуудаас нэгийг нь сонгож өөрийн гантиг чулуугаа хийж саналаа өгнө гэсэн үг. 1960-аад оноос эхэлсэн уг системийг ашиглан тухай үеийн ерөнхийлөгч болон бусад албан тушаалтнууд сонгуулийн үр дүнг өөрсдийн талд эргүүлдэг байсан гэх таамаг байдаг.
БАРИМТ 14
Гамбичууд бол бүс нутгийнхаа хамгийн сайхан этгэлтэй, эелдэг найрсаг хүмүүсээр нэрлэгддэг. Ийм ч учраас тус улсыг зарим тохиолдолд “Африкийн инээмсэглэл дүүрэн далайн эрэг” хэмээн дууддаг. Уг улсын хамгийн өндөрлөг цэг бол далайн түвшнээс дээш 53 метрийн өндөрт байрладаг “Улаан хад” гэх газар.
БАРИМТ 15
Мөн Улаан хад гэх газар нь Африк тивийн бүх орнуудын хамгийн өндөрлөг цэгүүд дунд хамгийн нам дор байрлалтай нь. Качикали матрын усан сан гэх матраар дүүрэн газрыг гамбичууд ариун газар хэмээн шүтдэг. Байгалийн болон нийгмийн үржил шимийн хүчийг агуулдаг гэгддэг уг газар луу үр тогтдоггүй эмэгтэйчүүд очиж залбиран, усаар нь биеэ угаадаг.
БАРИМТ 16
Нийт гамбичуудын 96 хувь нь исламын шашинтай. Гэхдээ дэлхийн бусад исламын шашин давамгайлсан улсуудтай харьцуулахад Гамби улсад уг шашны нөлөө хамаагүй бага. Гамбичууд исламын шашны хатуу дүрмүүдийг тэр болгон дагаж мөрдөөд байдаггүй. Жишээлбэл исламын шашинтай хүмүүс хэрэглэх хориотой байдаг согтууруулах ундааг гамбичуу өргөнөөр хэрэглэдэг.
БАРИМТ 17
Гамби улсад амьдардаг есөн овог аймгууд өөр өөрсдийн гэсэн өвөрмөц зан үйлтэй. Тэдгээрээс нэгийг нь жишээ болгон хүргэхэд гамбичууд эрэгтэй хүүхдийг 11-12 нас хүрэх үед нь ганцааранг нь алслагдмал бүс нутаг руу явуулдаг гэнэ. Гэрээсээ холдсон хүү тухайн газартаа олон сарын турш амьдарч өөрийн эр хүний хувьд хүлээх ёстой үүрэг хариуцлага болон өв соёлынхоо тухай үнэт зүйлсийг ойлгох учиртай гэнэ.
БАРИМТ 18
Гамбичуудын дунд муу ёрын сүнснүүд байдаг гэдэгт итгэдэг. Тэд шөнө оройн цагаар гарч буй дуу чимээг муу ёрын сүнснүүдийнх гэдэгт итгэж, аль болох үл анзаарахыг хичээдэг бөгөөд дөнгөж хөвчөө тастуулсан эрэгтэй хүүхдийг муу ёрын сүнсний хорлолд өртөх хамгийн өндөр магадлалтай гэж үздэг. Мөн шар шувууны дуу хэн нэгний үхлийг бэлгэддэг тул гамбичууд уг дуу чимээнээс нэлээд айдаг.
БАРИМТ 19
Гамби улсад очиж буй ихэнх жуулчид Банжул олон улсын нисэх онгоцны буудал дээр анх буудаг. Уг онгоцны буудал нь Банжул хотоос 20 километрийн зайтай. Гамби улс руу Африк тивийн орнууд болон Энэтхэг улс долоо хоног бүр шууд нислэг үйлддэг. Мөн жуулчид Сенегал улсаар дамжин машинаар Гамби улс руу нэвтрэх боломжтой.
БАРИМТ 20
Гамби улсад хамгийн алдартай спорт бол сенегал бөхийн барилдаан. Хүч чадал ихтэй гамби залуус уг спортоор ихэвчлэн хичээллэдэг бөгөөд сагсанбөмбөг болон хөлбөмбөгийн спортууд уг улсад нэлээд өндөр нэр хүндтэй. Гамбийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг дурдахуйц өндөр амжилт үзүүлж байгаагүй бөгөөд дэлхийн чансааны 123-аар байранд эрэмбэлэгддэг.
БАРИМТ 21
Гамби улсын баг тамирчид 1984 оны Лос Анжейлесийн олимпоос хойш зуны олимпд тасралтгүй оролцсоор ирсэн. Гамби улсын хувьд 1980 оны Москвагийн олимпд оролцох бүрэн боломжтой байсан ч АНУ тэргүүтэй орнуудын зарласан боёкотод нэгдсэнээр олимпын дебүтээ 1984 онд хийсэн. Одоогийн байдлаар Гамби улсын нэр дээр бүртгэгдсэн нэг ч олимпын медаль байхгүй.
БАРИМТ 22
Улсынх нь хамгийн өндөрлөг цэг далайн түвшнээс дээш дөнгөж 53 метрийн өндөртэй гэдгийг өмнө нь хэлсэн. Ийм ч учраас та Гамби улсад уул гэх зүйл байхгүй гэдгийг ойлгосон байх. Тус улсын газар нутаг ихэвчлэн гол, горхи болон намгархаг бүс нутгаас бүрддэг.
БАРИМТ 23
Уг улс нь анх гамбын фунт гэх мөнгөн тэмдэгтийг ашигладаг байсан бол 1971 онд Гамби улс албан ёсны мөнгөн тэмдэгтээ “Даласи” болгон өөрчилсөн. Өнөөдрийн байдлаар 54 даласи нэг ам.доллартай тэнцэж байна. Мөн Гамби улсад зуны цагийн тухай ойлголт байдаггүй тул улирал солигдох үед хэзээ ч цагаа нэг цагаар урагшлуулдаггүй.
БАРИМТ 24
Гамби улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 172-аар байранд жагсдаг. Энэ нь тус улсын ядуурлын түвшин, чанаргүй боловсролын систем, чанарын шаардлага хангахгүй амьдрах орчин, асуудлаар дүүрэн эрүүл мэндийн үйлчилгээ гэх зэрэгтэй шууд холбоотой.