БАРИМТ 1
Соломоны арлууд нь 992 гаруй арлуудаас тогтдог (үндсэн зургаан том арал) Номгон далайн баруун урд хэсэгт оршдог бүрэн эрхт улс. Нийт 28,400 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай уг улсын нийслэл Хониара нь хамгийн том арал болох Гуадалканал дээр байрлалтай.
БАРИМТ 2
Соломоны арлуудын нийт хүн ам нь 650,000 бөгөөд тэдний 95 хувийг меланез буюу Шине Гвней, Тонга, Фижи гэх мэт далайн орнуудаар тархсан үндэстний хүмүүс бүрдүүлдэг. Харин шашны хувьд Соломоны арлуудын хүн ам бараг л тэр чигтээ буюу 97.4 хувь нь христийн шашныг шүтдэг.
БАРИМТ 3
Соломоны арлуудын 300 гаруй дээр нь л хүмүүс амьдардаг ба тэд Өмнөд Номхон далайн гурав дахь том бүлэг арлууд юм. Хамгийн анх 50,000 жилийн өмнө Соломоны арлууд дээр Шинэ Гвинейгээс анчин овог аймгууд очиж суурьшсан. Харин үүний дараа меланезчууд манай эриний өмнөх 4000 онд, лапитачууд манай эриний өмнөх 2000-1600 оны хооронд тус тус Соломоны арлууд дээр ирцгээсэн.
БАРИМТ 4
Уг арлууд дээр хамгийн анх хөл тавьсан Европ хүн бол Альваро де Мендана. Тэрээр 1568 онд Соломоны арлуудыг нээж, “Саломон арлууд” хэмээн нэрлэж, дэлхийн газрын зураг дээр нэмж зурсан. Саломон гэх нэрийг өгсөн нь учиртай. Тэрээр уг арлууд дээр их хэмжээний алт байгаа хэмээн бодож домогт Соломон хааны уурхайнуудын нэрээр нэрлэсэн.
БАРИМТ 5
Британичууд Соломоны арлуудыг ихэд сонирхож байгаа гэдгээ зарлаж улмаар 1893 оны зургадугаар сард арлуудыг өөрсдийн хамгаалалтдаа бүрэн авсан. 19-ээр зууны турш Их Британид колоничлогдсон уг арлуудыг тухайн үед “Аз жаргалтай арлууд” хэмээн албан бусаар нэрлэдэг байсан.
БАРИМТ 6
1942 онд буюу дэлхийн хоёрдугаар дайны үеэр, Соломоны арлууд Японы эзэнт гүрэнд эзлэгдсэн байв. Тус арлууд дээр Америкийн Нэгдсэн улс, Хамтын Нөхөрлөлийн орнууд болон Японы эзэнт гүрний хооронд ширүүн тулаанууд өрнөдөг байсан бөгөөд тэдгээрээс хамгийн алдартай нь Гуадалканалын тулаан.
БАРИМТ 7
Ширүүн тулаануудын ул мөр болон далайд живсэн байлдааны онгоц, усан онгоц, шумбагч гэх мэт хэрэгслүүдийн ачаар Соломон арлууд далайд шумбагчдын хамгийн дуртай цэгүүдийн нэг болсон. АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннедигийн хөлөг онгоц 1943 онд далайд живсэн. Улмаар түүнийг багийнх нь 10 хүний хамт Соломоны арлуудын хоёр иргэн аварсан.
БАРИМТ 8
1975 онд Соломоны арлууд албан ёсны нэрээ “Британийн Хамгаалалттай Соломон арлууд”-аас “Соломон арлууд” болгон өөрчилсөн. Улмаар тэд бие даасан засгийн газартай болж 1978 онд албан ёсоор тусгаар тогтнолоо зарласан. Хамтын Нөхөрлөлийн орнуудын гишүүн тул тус арлуудын хатан хааны албыг хоёрдугаар Элизабет хашдаг.
БАРИМТ 9
Соломоны арлуудын төрийн далбаа цэнхэр, шар, ногоон өнгөнүүд болон таван ширхэг цагаан одноос бүрддэг. Цэнхэр өнгө нь Номхон далайг болон усны ач холбогдлыг, ногоон өнгө нь мод болон үр тариаг, шар өнгө нь нарыг, таван од нь Соломоны арлуудыг анх бүрдүүлдэг байсан таван аймгийг тус тус бэлгэддэг.
БАРИМТ 10
1998-2003 оны хооронд Соломоны арлуудын нөхцөл байдал нэлээд хурцадмал байсан. Гуадалканал, Малайта гэх мэт арлууд дээр бүлэглэл болсон дайчдын хооронд зэвсэгт мөргөлдөөн өрнөдөг байсан. 2000 онд тус улсын ерөнхий сайд Бартоломей Улуфа’алу зэвсэгт бүлэглэлд барьцаалагдаж албан тушаалаасаа огцрохоос өөр аргагүй нөхцөл байдалд орсон.
БАРИМТ 11
Улмаар 2003 оноос Австралийн энхийг сахиулагчид Соломоны арлууд дээр байрлан үүрэг гүйцэтгэдэг болсон. Тэд 14 жилийн турш Соломоны арлууд дээр байрласны эцэст 2017 онд уг арлуудыг орхисон. Соломоны арлууд улирал солигдох хооронд цагаа өөрчлөн нэгээр урагшлуулж эсвэл хойшлуулалгүй жилийн турш нэг хэвийн байлгадаг.
БАРИМТ 12
Соломоны арлуудын иргэд олноороо 19-ээр зуунд Номхон далайн арлуудаас хүмүүсийг хулгайлж Фижи болон Австрали улсуудад аваачин хүчээр хөдөлмөр эрхлүүлдэг байсан гэмт хэргийн хохирогчид болцгоосон. Ойролцоогоор 30,000 хүн Соломоны арлуудаас хулгайлагдсан.
БАРИМТ 13
Албан ёсны хэл нь англи хэл боловч Соломоны арлуудын иргэдийн 1-2 хувь нь л уг хэлийг байнга ашигладаг. Тус арлууд дээр ойролцоогоор 120 нутгийн уугуул овог аймгуудын хэл ашиглагддаг. Мөн Соломоны арлууд нь ямар ч зэвсэгт хүчингүй дэлхий дээрх 22 орны нэг.
БАРИМТ 14
45 сантиметр, 0.5 килограмм болтлоо томордог аварга том хархны төрөл зүйл Соломоны арлуудаас 2017 онд олдсон. Уг харх нь наргил модны самрыг зөвхөн шүдээрээ онгойлгох чадвартай. Мөн тус арлууд дээр 173 төрөл зүйлийн шувууд амьдардаг ба тэдний 69 нь дэлхийн өөр хаана ч амьдардаггүй.
БАРИМТ 15
Реннелл бол шүрэн дээр ургасан дэлхийн хамгийн том арал. 86 километрийн урт, 15 километрийн өргөн уг арлын зүүн хэсэг болох Зүүн Реннелл дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн. Энэ нь Соломоны арлуудыг төлөөлөн ЮНЕСКО-д бүртгэгдсэн цор ганц газар юм.
БАРИМТ 16
Соломоны арлуудын 90 гаруй хувийг шигүү ургасан ширэнгэн ой бүрхдэг. Тус арлууд дээр 4,500 гаруй төрөл зүйлийн ургамал ургадаг бөгөөд тэдний 230 нь цахирмаа. Соломоны арлуудын иргэд ямар нэгэн тогтсон төрлийн хоол иддэггүй бөгөөд өлсөж байгаа үедээ өөрт тааралдсан загас, эмгэн хумс, дун, ногоо гэх мэт юуг ч хамаагүй идэж орхидог.
БАРИМТ 17
Соломоны арлуудын иргэд насанд хүрсэн хүмүүсийг насаар нь бус ур чадвараар нь дүгнэдэг. Тэдний соёлоор бол байшин эсвэл усан завь барьж чаддаг эрэгтэй хүнийг, ногоо болон жимс ургуулж, гэр бүлдээ анхаарал тавьж чаддаг эмэгтэй хүнийг насанд хүрсэн хүмүүс гэж үздэг.
БАРИМТ 18
Соломоны арлуудад очих аргыг танд зааж өгье. Уг арлууд руу та Энэтхэгийн хэд хэдэн хотууд болон Номхон далайн орнуудаас шууд нислэгээр очих боломжтой бөгөөд усан завь ч гэсэн байж болох хувилбар. Хониара олон улсын нисэх онгоцны буудал нь улсын нийслэл Хониарагаас зүүн зүгт 12 километрийн зайд байрладаг.
БАРИМТ 19
Тус улсын албан ёсны мөнгөн тэмдэгт бол “Соломон арлын доллар” бөгөөд өнөөдрийн байдлаар найман соломон арлын доллар нэг ам.доллартай тэнцэж байна. Мөн тус улсын томоохон дэлгүүрүүдээс бусад газар карт уншигч машин байдаггүй тул бэлэн мөнгө үргэлж биедээ авч явах хэрэгтэй.
БАРИМТ 20
Соломоны арлууд дэлхийн 72 орны иргэдийг ямар нэгэн визагүйгээр эх орондоо хүлээн авдаг. Гэхдээ одоогийн байдлаар коронавирусын халдвараас болж тэд гадаадын жуулчдыг хүлээж авахгүй байгаа. Тус улсад 21,200 хүн коронавирусын халдвар авч 150 хүн амиа алдсан (2022 оны зургадугаар сарын 16-ны байдлаар) гэх статистик бий.
БАРИМТ 21
Бусад арлын орнуудын адилаар Соломоны арлуудад хамгийн алдартай спорт бол регби. Тус улсын регбийн шигшээ баг 1969 оноос эхлэн өөр орны багуудтай тоглож эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл онцлохоор өндөр түвшний амжилт үзүүлж байгаагүй. Харин Соломоны арлуудын хөлбөмбөгийн шигшээ баг далайн бүсийн орнууд дундаа шилдэгт тооцогддог.
БАРИМТ 22
Футзалны шигшээ баг нь далайн орнуудын АШТ-д 2008, 2009 онуудад түрүүлж байсан ба ДАШТ-д дөрвөн удаа оролцсон. Соломоны арлуудын олимпын хороо 1983 онд байгуулагдаж, тус улсын баг тамирчид 1984 оноос хойш зуны олимпд тасралтгүй оролцсоор ирсэн. Одоогийн байдлаар Соломоны арлуудын нэр дээр бүртгэгдсэн ямар ч олимпын медаль байхгүй.
БАРИМТ 23
Соломоны арлуудад очиход хамгийн тохиромжтой үе бол арван хоёроос хоёрдугаар сар болон зургаагаас есдүгээр сарын хооронд үргэлжилдэг хуурай улирал. Агаарын температур дунджаар Цельсийн 32 хэм байдаг ба хур тунадас хамгийн бага хэмжээгээрээ унадаг. Гэхдээ арван хоёроос нэгдүгээр сарын хооронд жуулчид олноороо ирдэг тул Соломоны арлуудын барааны үнэ уг үед нэлээд нэмэгддэг.
БАРИМТ 24
Соломоны арлууд жилд хамгийн ихдээ 30,000 жуулчин хүлээн авдаг. Жуулчдын хувьд тус улсын ихэнх хэсэг аюулгүй боловч нийслэл Хониара хотод оройн цагаар гадуур гарахгүй байхыг илүүд үзэх хэрэгтэй. Нэмж хэлэхэд дэлхийн дулаарлаас болж далайн усны түвшин нэмэгдэж байгаа энэ цагт Соломоны арлууд аажим аажмаар живсээр байгаа.