БАРИМТ 1
Бүгд Найрамдах Йемен улс нь 555,000 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Ази тивийн баруун хэсэг дэх Арабын хойгийн хамгийн урд захад байрладаг. Тус улс хойд хэсгээрээ Саудын Араб, зүүн хойд талаараа Оман улстай хиллэдэг бөгөөд далайн хилээ Эритрей, Жибути, Сомали гэх Африк тивийн орнуудтай хуваалцдаг.
БАРИМТ 2
Йемен улсын нийт хүн ам 30.5 сая бөгөөд тэдний 92.8 хувийг араб, 3.7 хувийг сомали үндэстний хүмүүс бүрдүүлдэг. Харин шашны хувьд нийт йеменчүүд 99 хувь нь исламын шашныг шүтдэг. Тус улсын нийслэлийг Сана гэдэг ба уг хотод 2.5 сая гаруй хүн амьдардаг. Мөн Йемен улсын албан ёсны хэл бол араб хэл.
БАРИМТ 3
Йемен улсын газар нутаг дээр 2,000 жилийн өмнө буюу манай эриний өмнөх 1200 онд хэд хэдэн чинээлэг эзэнт гүрнүүд оршин тогтнодог байсан. Йемен улсын нутаг дэвсгэрт анх христийн шашин дөрөвдүгээр зуунд, исламын шашин долдугаар зуунд тус тус дэлгэрсэн. Гэхдээ исламын шашны нөлөө Йемен улсад илүү гүн тогтож үлдсэн.
БАРИМТ 4
Сана хот дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн. Уг хотыг 2,500 жилийн настай бөгөөд 7-8-аар зуунд исламын шашны хамгийн гол цэгүүдийн нэг байсан гэж үздэг. Мөн тус хотод исламын шашны түүхийг илтгэх 11-ээр зуунаас өмнө баригдсан 103 сүм, 14 хамм болон 6,000 гаруй байшин байдаг.
БАРИМТ 5
1800-аад онд Йемен улсын хойд хэсгийг Османы эзэнт гүрэн, урд хэсгийг британичууд тус тус эзлэн авч удирдах болсон. 1918 онд Османы эзэнт гүрэн бутран унасан бөгөөд энэ үеэр хойд йеменчүүд тусгаар тогтнолоо зарласан. Улмаар тэд дэлхийн нэгдүгээр дайны дараа Йемений Мутаваккилит хаант улсыг байгуулсан.
БАРИМТ 6
Үүний дараа йеменчүүд 1962 онд Арабын Бүгд Найрамдах Йемен улсыг байгуулсан бөгөөд өмнөд йеменчүүд 1967 онд тусгаар тогтнолоо зарласан. Уг явдлаас хоёр жилийн дараа буюу 1969 онд Өмнөд Йеменд төрийн эргэлт гарч Бүгд Найрамдах Ардчилсан Йемен Ард улс үүссэн. Энэ нь Арабын ертөнц дахь анхны болон цор ганц коммунист орон болж түүхэнд үлдсэн.
БАРИМТ 7
Хэдэн арван жилийн турш Йемен улсуудад үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөн болон улс төрийн тогтворгүй байдлууд нь 1962-1970 оны хооронд Хойд Йеменд өрнөсөн иргэний дайныг эхлүүлсэн. Улмаар Хойд болон Өмнөд Йемен 1990 онд нэгдэж Бүгд Найрамдах Йемен улсыг байгуулсан.
БАРИМТ 8
Улсын анхны ерөнхийлөгчөөр Али Абдалла Салех сонгогдсон. Гэхдээ хоёр улс нийлснээр нөхцөл байдал сайжирсангүй. 1990 оноос хойш Йемен улсад олон тооны бослого, иргэний дайн, террорист үйл ажиллагаа, салан тусгаарлах хөдөлгөөн зэрэг тохиолдсоор байгаа.
БАРИМТ 9
Али Абдалла Салехийн хувьд 2012 оны Йемений хувьсгалаас болж улсын ерөнхийлөгчийн суудлаасаа буусан бөгөөд түүний оронд Абдраббу Мансур Хади ерөнхийлөгч болсон. Уг цагаас хойш Йемен улсад иргэний дайн дэгдсэн бөгөөд Абдраббу Мансур хади энэ онд албан тушаалаасаа огцорсон.
БАРИМТ 10
2016 оны нэгдүгээр сараас хойш Йемений иргэний дайнаас болж 56,000 гаруй цэрэг болон энгийн иргэд амиа алдсан гэх албан ёсны тоо баримт байдаг. Уг дайн өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд үүнээс болж Йемен улс дахь хүний эрхийн асуудал олон улсын байгууллагуудын шүдний өвчин болоод байгаа.
БАРИМТ 11
Йемен улс нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ дэлхийд 195-аар байранд, хүний хөгжлийн индексээрээ 179-өөр байранд бичигддэг хамгийн буурай хөгжилтэй орнуудын нэг. НҮБ-ын гаргасан судалгаанаас үзэхэд нийт йеменчүүдийн 85 хувь буюу 24 сая хүнд яаралтай хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хэрэгтэй.
БАРИМТ 12
Йеменчүүд “Хат” (зөөлөн амфетамин) гэж дууддаг нэгэн төрлийн ургамлыг (хар тамхи) олон мянган жилийн турш их хэмжээгээр зажилсаар ирсэн. Насанд хүрсэн йемен эрчүүдийн 90 хувь, эмэгтэйчүүдийн 50 хувь нь хатыг өдөр бүр хэд хэдэн удаа тогтмол зажилдаг. Мэдээж уг ургамлыг хэтрүүлэн хэрэглэвэл хүний биед хортой.
БАРИМТ 13
Йемен улсын үндэсний бэлгэ тэмдэг болсон амьтан бол алтан бүргэд. Эрт цагт Йемен улсыг үржил шимтэй газар нутагтай нь холбож “Арабиа Феликс” буюу “Аз жаргалтай Араб” гэж нэрлэдэг байсан. Мөн Йемен бол эмэгтэйчүүдэд сонгуульд оролцох эрхийг хамгийн анх олгосон Арабын хойгийн улс.
БАРИМТ 14
Йемен улсын төрийн далбаа нь улаан, цагаан, хар өнгийн ижил хэмжээтэй хэвтээ зурааснуудаас бүрддэг. Хар өнгө нь өнгөрсөнд үлдсэн хар бараан өдрүүдийг, цагаан өнгө нь гэрэл гэгээтэй ирээдүйг, улаан өнгө нь тусгаар тогтнолоо олж авахын тулд урсгасан йеменчүүдийн цус болон эв нэгдлийг тус тус бэлгэддэг.
БАРИМТ 15
Йемен улсын газар нутгийн ихэнх хэсгийг Арабын цөл бүрхдэг. Уг элсэн цөл нь 2,300,000 хавтгай дөрвөлжин километр газар нутгийг хамран оршдог бөгөөд Ази тивийн хамгийн том, дэлхийн хоёр дахь том цөл юм. Мөн Руб аль-Хали гэх хүний гар хүрээгүй дэлхий дээрх хамгийн том элсэн цөлийн нэг хэсэг нь Йемен улсын газар нутагт харьяалагддаг.
БАРИМТ 16
Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд оногдох худалдан авах чадвараар жагсаавал Йемен улс Ойрх Дорнодын хамгийн ядуу, Арабын ертөнцийн хоёр дахь ядуу орноор нэрлэгддэг. Мөн Йемен улс нь Арабын хойгийн цор ганц бүгд найрамдах буюу хаант засаглалгүй орон.
БАРИМТ 17
Йемен улсад ойролцоогоор 2,000 гаруй арал харьяалагддаг бөгөөд тэдний хамгийн том нь Сокотра. Уг арал нь биологийн олон янзын шинж чанарыг багтаадаг ба ЮНЕСКО-д бүртгэлтэй Сокотра архелогийн газрын нэг хэсэг. Сокотра арал дээрх 825 ургамлын төрөл зүйлийн 37 хувь, мөлхөгчдийн 90 хувь, хуурай газрын эмгэн хумсны 95 хувь нь дэлхийн өөр хаана ч амьдардаггүй.
БАРИМТ 18
Сокотра арал дээр “Луугийн цуст мод” гэх өвөрмөц мод ургадаг. Уг модны гарал үүслийн тухай хоёр домог байдаг. Эхнийх нь ах дүү хоёрын хоорондоо тулалдаж урсгасан цуснаас уг мод ургаж эхэлсэн гэдэг бол хоёр дахь нь заантай тулалдаж шархадсан луугийн цуснаас энэхүү мод ургах болсон гэж өгүүлдэг.
БАРИМТ 19
Мөн Сокотра бол жуулчдад зориулсан Йемен дэх цор ганц аюулгүй газар. Учир нь уг арал дээр Саудын Араб болон Арабын Нэгдсэн Эмиратын цэргүүд байрладаг. Гэхдээ 2020 оны зургадугаар сард Өмнөд шилжилтийн зөвлөл Сокотра арлыг эзлэн авсан. Дэлхийн өлсгөлөнгийн индексээс харахад Йемен бол дэлхий дээрх хоёр дахь хамгийн их хэмжээгээр өлсгөлөнд нэрвэгдсэн улс.
БАРИМТ 20
Аялал жуулчлалын тухай нийтлэл бичдэг бүх эх сурвалжууд Йемен улсыг аялахад тохиромжгүй, хамгийн аюултай орнуудын дунд үргэлж багтаадаг. 2020 оны дэлхийн энх тайвны индексээр Йемен улс доороосоо тавдугаар байранд бичигдсэн. Иргэний дайнаас бол Йемен улс ихэнх гадаад нислэгээ идэвхгүй болгосон бөгөөд жуулчид Йемен улсад нэг бол газраар, эсвэл Оман, Саудын Араб, Энэтхэг гэх орнуудаар дамжиж нислэгээр очих боломжтой.
БАРИМТ 21
Мөн Йемен улс нь хүйсийн эрх тэгш байдлыг хангах тал дээр дэлхий дээрх хамгийн муу орон. Йемен улсад эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн хоорондох боловсрол, эрх мэдэл, эрүүл мэнд болон улс төрийн нөлөө зэрэг маш том зөрөөтэй. Йемен улсын насанд хүрсэн иргэдийн 70 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Засгийн газрын зүгээс бүх хүүхдийг 15 нас хүртлээ үнэгүй сургуульд суралцах боломжоор хангадаг ч иргэний дайнаас болж хүүхдүүд тэр болгон сургуульд сураад байх боломжгүй.
БАРИМТ 22
2011 онд йемен улс төрч, хүний эрхийн зүтгэлтэн, сэтгүүлч Таваккол Карман гэх эмэгтэй хүчирхийллийн бус замаар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ажлынхаа ачаар Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн. Улмаар тэрбээр Нобелийн шагнал хүртсэн анхны йемен улсын иргэн болон анхны араб эмэгтэй болсон.
БАРИМТ 23
Йемен улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Йемений хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг тив дэлхийн хэмжээнд өндөр амжилт үзүүлж байгаагүй ба 2019 оны Азийн цомд оролцож байсан удаатай. 1990 онд хоёр улс нэгдсэний дараа шигшээ багийн ихэнх хэсгийг хуучин Хойд Йеменээс гаралтай тоглогчид бүрдүүлэх болсон.
БАРИМТ 24
Йемен улсын баг тамирчид 1984 оны олимпд Хойд Йемений нэр дээрээс, 1988 онд Хойд болон Өмнөд Йемений нэр дээрээс оролцож байсан бол 1992 оноос хоорондоо нэгдэж Бүгд Найрамдах Йемен улсыг төлөөлөн олимпд оролцож эхэлсэн. Зуны олимп бүрд идэвхтэй оролцдог йеменчүүд одоогийн байдлаар нэг ч олимпын медаль хүртэж байгаагүй.