БАРИМТ 1
Бүгд найрамдах Гвиней улс нь 245,857 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Африк тивийн баруун хэсэгт байрладаг орон. Баруун талаараа Атлантын далайд гарцтай Гвиней улс Гвиней-Биссау (баруун хойд), Сенегал (хойд), Мали (зүүн хойд), Кот д’Ивуар (зүүн урд), Сьерра Леон (урд), Либери (урд) гэх улсуудтай хиллэдэг.
БАРИМТ 2
Гвиней улсын нийт хүн ам 12.5 сая бөгөөд тэдний 33.4 хувийг фула, 29.4 хувийг мандинка, 21.2 хувийг сусу, 7.8 хувийг кпелле үндэстний хүмүүс бүрдүүлдэг. Харин шашны хувьд нийт гвинейчүүдийн 90 хувь нь исламын шашныг, 6.8 хувь нь христийн шашныг шүтдэг.
БАРИМТ 3
Одоогийн Гвиней улсын газар нутаг дээр анх 30,000 жилийн өмнөөс Африк тивийн анчин овог аймгууд суурьшиж 3,000 жилийн өмнөөс фермийн аж ахуй хөгжиж эхэлсэн. Мөн Гвиней улс 13-15-аар зуунд Баруун Африкт өргөн уудам газар нутгийг эзэмшиж байсан Мали эзэнт гүрний нэг хэсэг байсан.
БАРИМТ 4
Гвиней гэх үгээр нэрлэгдсэн нийт дөрвөн улс байдаг. Эхнийх нь бидний өнөөдөр онцолж буй Гвиней улс бол үлдсэн гурав нь Экваторын Гвиней, Гвиней-Биссау, Папуа Шинэ Гвиней нар юм. Гэхдээ өнөөдрийг хүртэл Гвиней гэх үгний гарал үүслийг тодорхой тайлбарласан таамаглал байдаггүй.
БАРИМТ 5
Анх 15-аар зуунд португаличууд одоогийн Сенегал улсыг Гвиней гэж нэрлэдэг байсан бол 18-аар зуунд Баруун Африкийг тэр чигт нь уг үгээр төлөөлж дууддаг болсон. Португали, Британи, Франц гэх мэт Европчууд анх 15-аар зуунд Гвиней улсад хөл тавьсан ба тэнд 19-ээр зууны дунд үе хүртэл боолын наймааг эрчимтэй хийсэн.
БАРИМТ 6
1981 онд Гвиней улс Францын колони орон болсон бөгөөд 1906 онд Баруун Африкийн Францын Холбооны нэг хэсэг болж Францын Гвиней гэж нэрлэгдэх болсон. Улмаар гвинейчүүд 1956 онд тусгаар тогтнолоо зарласан бөгөөд олон арван жилийн турш зэвсэгт мөргөлдөөний амьд гэрч байсаар ирсэн.
БАРИМТ 7
Баруун Африкт байдаг Гвиней гэх нэртэй улсуудыг ялгахад маш хялбар. Гвиней улс Францын колони, Гвиней-Биссау улс Португалийн колони, Экваторын Гвиней улс Испанийн колони тус тус байсан. Мөн Баруун Африкийн хамгийн гол гурван гол болох Гамби, Нигер, Сенегал голууд бүгд Гвиней улсаар дамжин урсдаг.
БАРИМТ 8
Гвиней улсын төрийн далбаа нь улаан, шар, ногоон гэх гурван өнгийн ижил хэмжээтэй босоо зурааснуудаас бүрддэг. Улаан өнгө нь Гвиней улсын түүхэн дэх золиос болон хөдөлмөрийг, шар өнгө нь ашигт малтмалын баялаг, шударга ёс болон нарыг, ногоон өнгө нь эв нэгдэл болон газар тариалангийн баялгийг тус тус бэлгэддэг.
БАРИМТ 9
Гвиней улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш 20 жил үргэлжилсэн социализмын туршилт, цэргийн эргэлт, үндэстэн хоорондын зөрчилдөөн, сонгуулийн луйвар гэх зэрэг хүчин зүйлсээс үүдэлтэй улс төрийн болон нийгмийн тогтворгүй байдалтай нүүр тулсаар ирсэн.
БАРИМТ 10
2010 онд Гвиней улс анхныхаа ардчилсан сонгуулийг зохион байгуулсан ч тус улсад энх тайван тогтож өгөхгүй байлаа. Улмаар 2021 онд цэргийн бүлэглэл ерөнхийлөгч Альфа Кондег албан тушаалаас нь түлхэн унагаж, улсын үндсэн хуулийг түдгэлзүүлсэн. Одоогоор тус улсыг Мамади Думбуя тэргүүтэй цэргийн бүлэглэлийн тэргүүнүүд удирдаж байгаа.
БАРИМТ 11
Гвиней улс их хэмжээний боксит, төмөр, алт болон алмазын нөөцтэй боловч дэлхийн хамгийн буурай хөгжилтэй орнуудын эгнээнд багтдаг. Мөн тус улс дэлхий дээрх хамгийн их агаарын бохирдолтой орнуудын нэг бөгөөд агаарын бохирдлоос болж нас бардаг хүмүүсийнхээ хувиар дэлхийд долдугаар байранд жагсдаг.
БАРИМТ 12
2013-2016 оны хооронд Баруун Африкийг Эболо гэх аймшигт вирус хамарч олон мянган хүний аминд хүрсэн. Гвиней улс ч уг өвчнөөс болж их хэмжээний хохирол амссан улсуудын нэг. Ойролцоогоор 2,500 хүн Эбологоос болж амиа алдсан. Гвиней улс 320 километрийн урт үзэсгэлэнт далайн эрэгтэй.
БАРИМТ 13
Дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн нэг газар Гвиней улсад байдаг. Нимба уулын байгалийн дархан цаазат газар нь олон төрлийн ховор амьтад болон ургамлын гэр орон бөгөөд нийт 175 хавтгай дөрвөлжин километр газрыг бүрхдэг. Уг газрын 70 хувь Гвиней улсад, 30 хувь нь Кот д’Ивуар улсад харьяалагддаг.
БАРИМТ 14
Мөн Нимба уул нь далайн түвшнээс дээш 1,752 метрийн өндөрт оршдог бөгөөд уг хэмжээгээрээ Гвиней болон Кот д’Ивуар улсуудын хоёулангийнх нь хамгийн өндөрлөг цэгээр нэрлэгддэг. Уг дархан цаазат газарт чимпанзе нарыг зэвсэг болон зарим төрлийн багаж хийж, түүнийгээ ашиглан хоол хүнсээ жижиглэж байхыг эрдэмтэд анх анзаарсан.
БАРИМТ 15
Талботиелла Чеекий гэх нэртэй шинэ төрөл зүйлийн мод 2017 онд Гвиней улсын газар нутагт хамгийн анх бүртгэгдсэн. Уг төрөл зүйлийн мод нь 24 метр хүртэл өндөр болж ургах боломжтой бөгөөд дэлхий дээр нийт 1,600-2,400 ширхэг байдаг тул дэлхийн улаан номд багтсан.
БАРИМТ 16
Гвиней улсад уламжлалт анагаах ухааны аргууд нэлээд нэр хүндтэй. Нийт гвинейчүүдийн 80 гаруй хувь нь ямар нэгэн өвчин туссан үедээ хамгийн эхэлж орчин үеийн эмнэлэг бус нутгийн уламжлалт эмнэлэгт ханддаг. Эболо вирусын тархалтын үеэр уг уламжлалт эмч нар үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гэгддэг.
БАРИМТ 17
Гвиней бол суурин утасны шугамгүй дэлхий дээрх дөрөвхөн орны нэг. Нөгөө гурван улс нь Африк тивийн Өмнөд Судан, Гвиней-Биссау болон Ардчилсан Конго нар юм. Гвиней улсын нийслэл Конакри хотын тог буюу цахилгаан өдөр бүр тасардаг. Конакри хотын оршин суугчид өглөө эрт болон оройн цагаар л цахилгаантай байх боломжтой.
БАРИМТ 18
Гвиней улс ижил хүйстнүүдийг хүлээн зөвшөөрдөөгүй. 2010 онд тус улсын ерөнхий сайд “ижил хүйстэн байх нь хууль ёсны хүний эрх биш.” хэмээн хэлж байсан бөгөөд хэн нэгэн ижил хүйстэн гэдгээ мэдэгдэх юм бол хуулийн дагуу шийтгэгдэнэ. Тус улсын албан ёсны хэл нь франц ба гвинейчүүд үүнээс гадна 22 хэлийг идэвхтэй ашигладаг.
БАРИМТ 19
Гвиней улсын насанд хүрсэн иргэдийн дөнгөж 39.6 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Энэ нь дэлхийд хамгийн сүүлийн байруудад жагсах муу үзүүлэлт юм. Уг нь Гвиней улсын иргэн болсон хүүхдүүд зургаан жилийн турш бага сургуульд сурах үүрэгтэй боловч хүүхдүүдийн тэн хагас нь сургуульд сурдаггүй. Учир нь ядуу буурай орон тул хүүхдүүд бага наснаасаа газар тариалангийн салбарт хөдөлмөр эрхэлж гэр бүлдээ нэмэр болдог.
БАРИМТ 20
Мөн зарим охид нөхөрт гарснаас болж сургуульд сурах боломжгүй байдаг. Гвиней улс насанд хүрээгүй хүүхдийн гэрлэлтийн хувиараа дэлхийд дээгүүр бичигддэг. Эболо вирус тархснаас болж Гвиней улсын ДОХ-ын халдварын хяналт улам суларч тус улс дахь ДОХ-ын халдвартай хүмүүсийн тоо 2013 оноос хойш огцом нэмэгдсэн.
БАРИМТ 21
Тус улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Гвинейн хөлбөмбөгийн холбоо 1960 онд байгуулагдаж, Олон улсын хөлбөмбөгийн холбоонд 1962 онд элсэн орсноор тив дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд оролцох боломжтой болсон. 1970-аад он Гвинейн хөлбөмбөгийн алтан үе байсан бөгөөд тухайн үед Хафия Х.К Африкийн аваргуудын лигт гурван удаа түрүүлсэн.
БАРИМТ 22
Гвинейн хөлбөбөгийн үндэсний шигшээ баг “Үндэсний заанууд” гэх хоч нэртэй ба ДАШТ-д нэг ч удаа оролцож байгаагүй. Гэхдээ тэд Африк тивийн АШТ болох Африкийн Үндэстнүүдийн цомд 1970 оноос хойш 13 удаа оролцож 1976 онд хоёрдугаар байранд орж байсан амжилттай.
БАРИМТ 23
Гвиней улс дахь ихэнх тээврийн хэрэгслүүд 20-оос дээш настай. Гэхдээ ихэнх иргэд нь санхүүгийн хувьд ядуу буурай гэх ангилалд харьяалагддаг тул хувьдаа машин эзэмших ямар ч боломжгүй. Гвинейчүүдийн 75 хувь нь хөдөө орон нутагт газар тариалангийн салбарт хөдөлмөр эрхэлж амьдралаа залгуулдаг.
БАРИМТ 24
Үржил шим сайтай газар нутаг болон ашигт малтмалын арвин нөөцтэй Гвиней улсад Африк тивийн хамгийн баян улс болох бүрэн боломжтой ч чадваргүй засгийн газар болон авилгаас болж өнөөдрийг хүртэл дорвитой хөгжиж чадаагүй. Тус улсад Африк тивийн нүүр царай болсон бүхий л амьтдын төрөл зүйлс байдаг боловч сүүлийн үед хулгайн анчид, зэрлэг байгалийн хэмжээ багасах гэх мэт асуудлуудаас болж тэдний тоо толгой огцом багасаж байгаа.
Сэтгэгдэл (1)