ЭШЛЭЛ 1
Манай улсыг Шри Ланк улстай харьцуулах шаардлагагүй. Шри Ланкын хувьд 2020 онд зээлжих зэрэглэл нь буурсан. Харин манай улсын хувьд 2016 онтой харьцуулахад C1 тогтвортойгоос B3 тогтвортой буюу таван шат ахисан. Үүн дээр нэмээд ДНБ-ий эзлэх хувь өнөөгийн үнэ цэнээрээ 50.7 хувьтай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиараа ирэх гурван жилд 65, 64, 60 хувь байхаар төлөвлөчихсөн. Эдгээр тоо хуулийнхаа хэмжээнд байгаа хэдий ч хамгийн эрсдэлгүй хэмжээ нь 40 хувь байх юм. Тиймээс бид болгоомжлох нь зүйтэй.
ЭШЛЭЛ 2
Шри Ланк улсын хувьд аялал жуулчлалын орон. Гэвч Исламын шашинт экстримистүүд үймээн дэгдээснээр аялал жуулчлалын хувьд долоо дахин буурсан. Үүний дараа Ковид дэгдэж энэ үед популист арга хэмжээ авсан байгаа юм. Жишээлбэл, НӨАТ-ын хэмжээг 14 хувиас найман хувь хүртэл буулгаж, иргэдэд өгдөг мөнгөний хэмжээг нэмж, валютын ханшийг барих гэж маш их оролдсон. Ингээд төсвийн бодлогын алдаанаас үүдээд нөхцөл байдал иймд хүрсэн.
ЭШЛЭЛ 3
Сүүлийн төсөв тодотголоор бол төсвийн баланс хэвэндээ байна. 2.4 их наядын алдагдалтай төсөв өргөн мэдүүлээд түүгээрээ батлагдсан шүү дээ, үүнийг өөрчлөлгүйгээр Засгийн газар өргөн мэдүүлсэн юм. Тиймээс УИХ 2.4 их наядын алдагдлыг тэр хэвээр нь баталсан.
ЭШЛЭЛ 4
Зарим хөрөнгө оруулалтыг зогсоосон, хассан. Гэтэл эргээд боловсролын салбарт ч юмуу зарим салбарт төсөв нэмэх арга хэмжээ авсан.
ЭШЛЭЛ 5
УИХ-ын гишүүд өөрсдийн тойргоосоо мөнгө хасуулахгүй гэсэн зүйл байхгүй. Энэ өөрөө худлаа яриа. Аль нэг салбарт зардал нэмэх санал гарвал эргээд өөр салбараас хасах санал гаргаж нийтээрээ балансална.
ЭШЛЭЛ 6
Хөшөө дурсгалтай холбоотой тодотгол аль хэдийн өмнөх тодотголоор хассан.
ЭШЛЭЛ 7
Алслагдсан сумын иргэд соёл, үйлчилгээ авах эрхгүй, боловсролын үйлчилгээнд огт хөрөнгө оруулалт хийж болохгүй гэдэг зарчим байж болохгүй. Үүнийг бол хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Харин зарим музей гэх мэт зүйлс дээр асуудал бий.
ЭШЛЭЛ 8
Хөрөнгө оруулалтыг нэмье гээд гишүүд саналаа аваад ирдэг. Энэ тохиолдолд миний зүгээс “Хөрөнгө оруулалтаа нэмж байвал, хаанаас төсвийг хасах талаар хамтад нь оруулаад ир. Хасах санал хүлээн зөвшөөрсөн хүмүүсийн гарын үсэг, зөвшөөрөлтэй нь хамт аваад ир” гэдэг.
ЭШЛЭЛ 9
Цагаан сарын өмнө төсөв тодотгоход тэтгэвэр дээр 617 тэрбум төгрөг нэмсэн. Үүнийг нэмэхийн тулд манай хорооноос 317 тэрбум төгрөгийг танасан. Ахиад энэ хэмжээний төсвийг ахиад танана гэдэг амаргүй.
ЭШЛЭЛ 10
Төсөв батлагдсаны дараа төсөвт нөлөөлөх арга хэмжээг авбал тэр нь дараа жилийн төсвөөс эхэлж хэрэгжиж эхэлнэ гэдэг хуультай. Тиймээс хууль зөрчигдсөн зүйл байхгүй. УИХ-ын чуулган завсарласан байсан үе. Тэр үедээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй хамтад нь оруулж ирээгүй.
ЭШЛЭЛ 11
Хөнгөн галт тэргийн хувьд нэгдүгээрт, Өрийн удирдлагын тухай хуульд зээлийн баталгааг Засгийн газар гаргаж өг гэсэн хүсэлт тавьсан. Тэгэхээр нэг компани шинээр байгуулаад түүнд зээлийн баталгаа гаргаж өг гэж байгаа юм. Харин өрийн тухай хуульд тийм зүйл байхгүй. Тиймээс байгаа хуульдаа нийцэж ярина. Хоёрдугаарт, Засгийн газрын өөрийнх нь өргөн мэдүүлсэн танилцуулга дотор өрийн хэмжээ нь ирэх 2-3 жилд босго давахуйц эрсдэлтэй байгаа юм. Өрийн босго давчхаар байхад би зээлийн баталгаа гаргаад өгч болохгүй.
ЭШЛЭЛ 12
Сэтгэл хууль хоёрыг хамтад нь ярих гээд байна. Эхлээд хуульдаа нийцэж сэтгэлээ гарга гэж хэлэх гээд байгаа юм.
ЭШЛЭЛ 13
Улаанбаатараас машинаар яваад Увсад очоод үзэх хэрэгтэй. Жишээлбэл, Улаанбаатар- Улаангом чиглэлийн засмал зам тавьсан. Сайн ч зам тавьсан. Үүний өртөг өндөр тусна. Увс аймагт ямар ч хэрэггүй хөрөнгө оруулалт байхгүй. Бүгд л хэрэгтэй хөрөнгө оруулалтууд бий.
ЭШЛЭЛ 14
Манай улсын өр зээлүүд УИХ-р батлагдсан зээлүүд. Мөн бондуудын өр орно. Энэ жил Чингис бондын өрийг төлнө. Ирэх жил нэг тэрбум америк долларын зээл бий. Үүнийг бас төлөх бүрэн боломж бий.
ЭШЛЭЛ 15
Эдийн засгийн бодлогод алдаа дутагдал гараад байна. Доллар, валют олдохгүй болчихсон. Тэгэхээр эдийн засгийн бодлого, түүнтэй холбоотой мөнгө санхүүгийн бодлогыг ил тод хэрэгжүүлж чадахгүй байна.
ЭШЛЭЛ 16
Бондыг бондоор солиод байвал өрийн хэмжээ буухгүй. Өрийн хэмжээг Засгийн газраас, тодорхой хэсгийг нь бонд гаргаж явахгүй бол хэтэрхий их төлбөрийг гадагшаа төлбөрт төлчхөөр валютын нөөц доошилно. Тэгэхээр эдийн засаг эмзэг болоод эхэлнэ. Эдийн засагт хэд хэдэн зүйлсийг анхаарч явах ёстой байдаг. Тэгж байж тухайн улсын эдийн засгийн бодлого зөв явж байна гэж үздэг. Тийм учраас би банк, санхүү, бодлого дээр анхаарал тавиад байгаа. Учир нь одоогийн нөхцөл байдал биш болчхоод байгаа юм.
ЭШЛЭЛ 17
Банкнууд өнөөгийн нөхцөл байдалд зээл олгохгүй байгаа байх. Би тэгж л бодож байна. Мөн доллараар зээл олгохгүй байна. Тэгэхээр мөнгөний урсгал зогсох эрсдэлтэй юм. Дээр нь банкнууд төрийн мөнгийг аваад буцааж өгдөггүй. Тийм байж өөр газруудаас зээлсээр байдаг. Ийм завхрал явж байна.
ЭШЛЭЛ 18
Эдийн засгийн бодлогод алдаа дутагдал гараад байна. Доллар олдохгүй, валют олдохгүй болчихсон. Тэгэхээр эдийн засгийн бодлого, түүнтэй холбоотой мөнгө санхүүгийн бодлогыг ил тод хэрэгжүүлж чадахгүй байна.
ЭШЛЭЛ 19
36 сая тонн нүүрс экспортоллоо гэсэн боловч одоогийн байдлаар гурван сая тонн орчим экспортолсон. Энэ хэмжээгээр орлого дутах боломжтой. Гэхдээ манай улсад инфляц явагдаж байгаа. Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Үнэ өссөн бараанаас татвар авахаар татварын мөнгө өндөр болно. Би бол тодотгол хийхгүйгээр он дуусгачих бүрэн боломжтой хэмээн харж байна.
ЭШЛЭЛ 20
Нүүрсний үнэ дэлхийн зах зээлд 400 орчим сая доллар байхад Монгол руу орж ирж байгаа орлого нь 200 орчим сая доллар байна уу хэмээн харж байна. Тал хувь нь тээврийн зардалдаа алдагдаж байна. Үүнд хамгийн гол асуудал бол төмөр зам. Урагшаа экспортын зах зээл рүү төмөр зам тавих ёстой.
ЭШЛЭЛ 21
Би Эрдэнэс Таван толгойн 1072 хувьцаа эзэмшдэг. Үүнээс өөр уурхай, уурхайтай холбоотой лиценз, бизнес байхгүй.
ЭШЛЭЛ 22
Нэг хүний банканд ард иргэдийн мөнгө байдаг байж болохгүй юм байна. Бүх зүйлээ ил тод тайлагнаж явдаг. Засаглал нь эрүүл болох юм байна гэж үзэж УИХ хууль баталсан. Хууль батлагдаад хагас жил болчихоод байхад юу ч байхгүй. Тэгэхээр үүнийг хийхийг хүсэхгүй байгаа хэрэг.
ЭШЛЭЛ 23
Цаашид валютын нөөц нэмэгдэхгүй, хорогдоно. Яагаад гэвэл явуулж буй бодлого нь буруу байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч байх үед валютын нөөц бараг таван тэрбум доллар байсан. Одоо гурав хавьцаа байгаа. Хэрвээ одоо явуулж буй бодлого хэвээрээ, ингээд үргэлжлээд байх юм бол валютын нөөц буурна.
ЭШЛЭЛ 24
Хууль гараад үнэ барьчихдаг жишээг би мэдэхгүй. Үүнийг чуулган дээр удаа дараа илэрхийлсэн. Яах вэ, богино хугацаанд барьж болно. Гэхдээ маш богино хугацаанд.
Сэтгэгдэл (4)