БАРИМТ 1
Бүгд Найрамдах Маврики улс нь 2,040 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Африк тивийн эх газрын зүүн өмнөд хэсэгт буюу Мадагаскар улсын зүүн талд оршдог арлын орон. Уг улсын хамгийн гол арал нь Маврики бөгөөд үүн дээр Родригес, Агалега гэх мэт 49 арал нэмэгдэж Маврики улсыг тэр чигт нь бүрдүүлдэг.
БАРИМТ 2
Маврики улсын арлууд нийтдээ Энэтхэг далайн Маскарен арлуудын бүлэгт харьяалагддаг. Тус улсын нийт хүн амын ихэнх хэсэг нь Маврики арал дээр амьдардаг ба улсын нийслэл Порт-Луи ч мөн уг арал дээр байдаг. Маврики улсад албан ёсны гэх тодотголтой ямар нэгэн хэл байдаггүй ба ихэнх мавиричичууд англи болон франц хэлээр ярьдаг.
БАРИМТ 3
Маврики улсын нийт хүн ам 1.3 сая бөгөөд тэдний 50 хувь нь хинди, 30 хувь нь христийн, 17 хувь нь исламын шашныг шүтдэг. Хамгийн анх хүн амьдардаггүй Маврики арлыг араб далайчид манай эриний 975 онд олж “Дина Ароби” гэх нэрийг өгч байсан. Гэхдээ уг үйл явдал жинхэнэ амьдрал дээр болж өнгөрсөн гэдгийг нотлох баттай баримтууд хомс.
БАРИМТ 4
Харин тус арлыг оршдог гэдгийг нотолсон хамгийн эртний нээлтийг 1507 онд Португалийн далайчид хийсэн. Улмаар 1598 онд нидерланчууд уг арал дээр ирж суурьшсан бөгөөд 1710 он хүртэл амьдраад Маврики арлыг бүр мөсөн орхин явцгаасан. Үүний дараа Франц улс уг арлыг эзэмшилдээ авч “Францын арал” гэх нэрийг өгсөн.
БАРИМТ 5
Гэхдээ 1810 онд Их Британи улс уг арлыг эзлэн авсан бөгөөд 1814 оны Парис дахь олон улсын гэрээний дагуу Франц улс Маврики арлыг ойр хавийн жижиг арлуудынх нь хамт Их Британи улсад шилжүүлэн өгсөн. Ийнхүү Их Британийн захиргаа дор оршин тогтносоор байсан мавирикичууд 1968 онд тусгаар тогтнолоо зарлаж 1992 онд улсынхаа албан ёсны нэрийг Бүгд Найрамдах Мавирики улс болгосон.
БАРИМТ 6
Их Британи улс Мавирикиг колоничлож байх үедээ олон тооны африк боолуудыг элсэн чихрийн талбайд хөдөлмөр эрхлүүлдэг байсан. Харин 1835 онд Маврики улсад боолчлол халагдсанаар боолуудын нөхөн төлбөрийг тариаланчид өөрсдөө авсан. Ийнхүү африк боолуудыг хүчээр хөдөлмөр эрхлүүлэх боломжгүй болсон тул тус улсад хөдөлмөрийн хүч эрс дутагдаж байв.
БАРИМТ 7
Энэ үед тариаланчид Энэтхэгээс их хэмжээний ажилчдыг авч ирэн уг асуудлыг шийдсэн. Мөн элсэн чихрийн талбай дээр ажиллах хүмүүсээс гадна 9,000 гаруй энэтхэг цэргүүд Мавирики улсад ирсэн. Олон зуун жилийн турш Мавирики улсын газар нутаг дээр өөр өөр гарал үүсэлтэй хүмүүс ээлж дараалан амьдарсаар байсан тул одоогийн мавирикичууд Ази, Африк, Европ тивийн цус маш сайн холилдсон хүмүүс.
БАРИМТ 8
Маврики улсын хамгийн халуун үе нэгдүгээр сараас хоёрдугаар сарын хооронд байдаг бол хамгийн хүйтэн үе нь таваас арван хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг. Харин Маврики улсаар аялахад хамгийн тохиромжтой үе жуулчдын хэлж буйгаар таваас арван хоёрдугаар сар байдаг гэнэ.
БАРИМТ 9
Нэгээс гуравдугаар сарын хооронд халуун орны циклон буюу хар салхи Маврики улсыг дайран гарах магадлал нэлээд өндөр. Маврики улсад 700 гаруй устаж үгүй болох аюулд өртөөд буй ховор төрлийн ургамлын төрөл зүйлсээс гадна ягаан өнгийн тагтаа тэргүүтэй ховор төрлийн шувууд ч байдаг.
БАРИМТ 10
1507 он хүртэл хүний хөлөөс хол байсан Маврики арал нь нисдэггүй шувууд болон аварга том хэвлээр явагчдид гэх мэт амьтдад хувьсан өөрчлөгдөж, бий болох боломжийг олгосон. Тэдний нэг нь бол өдгөө устаж үгүй болсон додо гэх дөрвөн сая жилийн өмнө тагтаатай нэг төрөл зүйл байсан нисдэггүй шувуу юм.
БАРИМТ 11
Маврики арал дээрх 22 гаруй килограмм жинтэй додо шувуу руу дайрах амьтад байгаагүй тул тус шувуу аажим аажмаар хувьсаж нисэх чадвараа алдсан гэгддэг. Харин хүн төрөлхтөн Маврики арал дээр суурьшиж эхэлснээр амттай махтай додо шувуу тэдний хамгийн дуртай хоол болж хувирсан.
БАРИМТ 12
Мөн нидерландчууд сармагчин, харх, хонь гэх мэт олон төрлийн амьтдыг Маврики арал дээр аваачсанаар уг амьтад додо шувууны өндгийг хулгайлж, хагалж, гэмтээх болсон. Хүн төрөлхтөн Маврики арал дээр ирснээс дөнгөж 100 жилийн дотор уг амьтан маш ховор амьтан болж хувирсан ба хамгийн сүүлчийн додо шувуу 1681 онд алагдсан.
БАРИМТ 13
Хэдийгээр устаж үгүй болсон ч додо шувуу өнөөдрийг хүртэл Маврики улсын бэлгэ тэмдэг байсан хэвээр. Маврики улсын нэг хавтгай дөрвөлжин километр газар нутагт 618 хүн амьдардаг. Тэд уг үзүүлэлтээрээ Африк тивийн хамгийн өндөр хүн амын нягтшилттай орноор нэрлэгддэг ба дэлхийд 21-ээр байранд жагсдаг.
БАРИМТ 14
Ихэнх Маврикичууд энэтхэгчүүдтэй тун төстэй хувцасладаг бөгөөд тэдний амьдралын хэв маяг нь ч хоорондоо тун төстэй. Мөн Маврики нь хинди шашны нөлөөнд хамгийн их автсан Африк тивийн орон боловч тус улсын иргэд Энэтхэгт хэрэглэгддэг ямар ч хэлээр ярьдаггүй.
БАРИМТ 15
Маврики улсын эдийн засаг голчлон элсэн чихэр, цайны экспорт болон аялал жуулчлалын салбарууд дээр тогтдог. Мөн Япон болон Энэтхэг улсын тусламжтайгаар Маврики улсы загас агнуурын салбараа сэргээн хөгжүүлэхээр зорьж байгаа. Маврики арлын 150 километр үргэлжлэх цагаан элсэн далайн эрэг үнэхээр үзэсгэлэнтэй.
БАРИМТ 16
Маврики үндэсний хоолнуудын хувьд франц, хятад, энэтхэг хоолнуудын шинж чанаруудыг тэнцүүхэн хадгалдаг ба хоолыг өвөрмөц болгодог хамгийн гол зүйл нь халуун ногоо. Маврики арлын Плейн Магниен гэх тэгш талын урд талд нь долоон ширхэг чулуун пирамид байдаг ба эдгээрийг хэн ямар зорилготой барьсан тухай баттай таамаг байдаггүй.
БАРИМТ 17
Мөн дэлхий дээрх цор ганц усан доторх усан хүрхрээг Маврики улсын далайн эргийн ойролцоогоос олох боломжтой. Уг үзэгдлийг хүмүүс зөвхөн дээрээс нь харах боломжтой бөгөөд далайн ёроолын ирмэгээс урсах элсэн урсгал нь хүрхрээний хуурмаг байдлыг бий болгож маш үзэсгэлэнтэй харагдуулдаг.
БАРИМТ 18
Маврики улсад “Долоон өнгийн дэлхий” гэх улаан, хүрэн, үзмэн ягаан, цэнхэр, шар, ногоон өнгөнүүдээс бүрддэг элсэн манхан бүхий жижиг талбай байдаг. Уг газрын байршлыг илүү дэлгэрэнгүй тайлбарлавал Маврики арлын баруун өмнөд хэсэгт орших Чамарелийн хөндийд байдаг. Уг талбайн өвөрмөц өнгөний тогтоц нь борооны дараа ч хэвийн хадгалагдан үлддэг бөгөөд жуулчдын Маврики улсад хамгийн ихээр зорьж очдог газруудын нэг.
БАРИМТ 19
Маврики арлын Флик ен Флак далайн эрэг дээр 200 хүн 5 минутын турш шүршүүрт зэрэгт орсноор дэлхийн хамгийн том шүршүүр гэх амжилтыг эвдэж Генисийн номд бүртгэгдсэн. Маврики улс дотоодын болон олон улсын ямар нэгэн мөргөлдөөнд оролцож байгаагүй дэлхий дээрх дөрвөн улсын нэг. Маврикичууд эв нэгдэл, энх тайвныг юу юунаас илүү эрхэмлэдэг хүмүүс.
БАРИМТ 20
Маврики улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 66-аар байранд бичигддэг ба энэ нь бүх Африк тивийн орнуудын дээр жагсдаг гэсэн үг. Дэлхийн Банкны гаргасан мэдээллээс харахад Маврики улс нь өндөр орлоготой, хүчирхэг эдийн засагтай орон бөгөөд хүн амьдрахад хамгийн тохиромжтой Африк тивийн орнуудын нэг юм.
БАРИМТ 21
Маврики улсад хамгийн алдартай спорт бол ихэнх орнуудын адил хөлбөмбөг. Тус улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийг “Додо шувууд” гэж нэрлэдэг ба тэд одоогийн байдлаар ДАШТ-д оролцож үзээгүй. Мөн тус улсад морин уралдааны спорт 1812 оноос хойш хөгжсөн арвин түүхтэй.
БАРИМТ 22
Маврики улсын баг тамирчид 1984 оны олимпоос хойш зуны олимпд тасралтгүй оролцсоор ирсэн ба 2008 оны Бээжингийн олимпоос түүхэн дэх цор ганц медаалиа хүртсэн. Уг медалийн эзнийг Бруно Жюли гэдэг ба эрэгтэйчүүдийн боксын 54 килограммын жинд тулалддаг байсан.
БАРИМТ 23
Маврики улсын төрийн далбаа улаан, цэнхэр, шар, ногоон өнгийн ижил хэмжээтэй хэвтээ шулуунуудаас бүрддэг. Улаан өнгө нь маврикичуудын тусгаар тогтнол, эрх чөлөөнийхөө тэмцэж явсан хүнд хэцүү цаг үеийг, цэнхэр өнгө нь Маврики улсыг хүрээлдэг Энэтхэгийн далайг, шар өнгө нь тусгаар тогтнолын шинэ гэрлийг, ногоон өнгө нь тус улсын хөдөө аж ахуйг тус тус бэлгэддэг.
БАРИМТ 24
Коронавирусын халдвараас өмнө Маврики улсаар жилд ойролцоогоор 1.4 сая жуулчид аялдаг байсан. Маврики улс очиж үзэхэд хамгийн тохиромжтой арлын орон гэх шагналыг сүүлийн арван жилд гурван ч удаа хүртсэн. Мөн тус улс нь албан ёсны армигүй дэлхий дээрх цөөн хэдэн орнуудын нэг.