БАРИМТ 1
Сент Люси улс нь 617 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Карибын тэнгисийн зүүн хэсэгт байрладаг арлын орон. Уг арлыг нэгэн цагт Иёнола (аравакчуудын өгсөн нэр), дараа нь Хэванорра (карибуудын өгсөн нэр) гэх нэртэй байсан. Мөн тус улсын нийслэлийг Кастри гэдэг.
БАРИМТ 2
Сент Люси арал дээр хамгийн анх хөл тавьсан өөр тивийн хүмүүс бол францчууд. Тэд 1660 онд нутгийн уугуул карибуудтай олон улсын хэлэлцээр хийж арлыг эзэмших болсон ч 1663-1667 оны хооронд англичууд арлыг эзлэн авсан. Үүний дараа хоёр улсын хооронд тус арлыг колоничлох эрх нийт 14 удаа шилжүүлэгдсэн.
БАРИМТ 3
Улмаар 1814 онд Британи улс эцсийн ялалтыг авснаар албан ёсоор ямар нэгэн өрсөлдөгчгүйгээр Сент Люси арлыг удирдах болсон. Уг арлыг төлөөлөгч засгийн газар анх 1840 онд байгуулагдсан ба 1953 онд бүх нийтийн сонгуульд оролцох эрх бий болсон. Сент Люси улс 1979 оны хоёрдугаар сарын 22-нд Их Британи улсаас тусгаар тогтнолоо зарласан ба одоогоор Хамтын Нөхөрлөлийн орнуудын нэг.
БАРИМТ 4
Сент Люси улсын нийт хүн ам нь 184,000 бөгөөд тэдний 85 хувь хар арьстай буюу Африк гаралтай, 10.9 хувь нь англи, франц, африк, энэтхэг хүмүүсийн цус холилдсон хүмүүс байдаг. Харин шашны хувьд нийт сент люсичүүдийн 90 хувь нь христийн шашныг шүтдэг.
БАРИМТ 5
Боолуудыг Сент Люси арал руу олноор нь зөөвөрлөж хөдөлмөр эрхлүүлдэг байсан тул тус улсын газар тариалан, хөдөө аж ахуйн салбар хурдацтай хөгжсөн. Ялангуяа тэд чихрийн нишингийг их хэмжээгээр тариалдаг байсан ба 1964 оноос хойш чихрийн нишингэ бус гадил жимсийг түлхүү тариалдаг болсон. .
БАРИМТ 6
Сент Люси улсын албан ёсны хэл англи хэл боловч нийт ард иргэдийнх нь 20 хувь уг хэлээр огт ярьдаггүй. Харин хүн амынх нь 95 гаруй хувь нь сент люсийн франц хэлээр ярьдаг тул тэд ихэвчлэн уг хэлээр хоорондоо харилцдаг юм байна. Үүнээс харахад сент люсичүүдийн 75 хувь нь дор хаяж хоёр хэл мэддэг гэсэн үг.
БАРИМТ 7
Сент Люси улсын хамгийн өндөрлөг цэг бол далайн түвшнээс дээш 914 метрийн өндөрт орших Гими уул. Тус улс бусад Карибын тэнгисийн орнуудыг бодвол хамаагүй уулархаг бөгөөд галт уулын дэлбэрэлтүүдээс болж ийм нөхцөл байдалтай болсон. Мөн Сент Люси улсад Питонсын нуруу гэх ЮНЕСКО-д бүртгэлтэй дэлхийн үнэт өв болсон газар бий.
БАРИМТ 8
Коронавирусын тархалтаас өмнө Сент Люси улс жилд дунджаар 350,000 жуулчин хүлээж авдаг байсан. Аялал жуулчлал болон газар тариалангийн аж ахуйгаас гадна загас агнуурын аж ахуй сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж тус улсын эдийн засагт нэлээд хувь нэмэр оруулах болсон.
БАРИМТ 9
Маш жижиг арлын орон боловч Сент Люсигийн түүхэнд хоёр хүн Нобелийн шагнал хүртэж байсан. Артур Льюис 1979 онд Нобелийн шагналыг эдийн засгийн салбарт, Дерек Уолкотт 1992 онд Нобелийн шагналыг уран зохиолын салбарт хүртсэн. Мөн Артур Льюис нь Нобелийн шагналыг энх тайвны салбараас өөр салбарт хүртсэн анхны хар арьст эрэгтэй хүн болсон.
БАРИМТ 10
Хэванорра нисэх онгоцны буудал бол Сент Люси улсын цор ганц гадаадаас нислэг хүлээн авдаг онгоцны буудал. Тиймээс жуулчид Сент Люси улсад уг онгоцны буудлаар эсвэл хөлөг онгоцоор дамжин очих боломжтой. Уг улсын дундаж агаарын температур Цельсийн 30 хэм байдаг ба шөнийн цагаар 24 хэм байдаг. Аялагчдад маш таатай цаг агаар.
БАРИМТ 11
Сент Люси бол дэлхийн бүх оронтой нөхөрсөг харилцаатай байхыг эрхэмлэдэг олон улсын тавцанд ямар ч улстай юуны ч төлөө зөрчилддөггүй амар тайван орон. Тэд мөн зэвсэгт хүчингүй дэлхий дээрх цөөн тооны улсуудын нэг. Мөн уг арал дээр хэд хэдэн алдартай киноны зураг авалт хийгдэж байсны нэг нь Карибын тэнгисийн дээрэмчид киноны Хар сувдны харааал гэх анги.
БАРИМТ 12
Хэрэв та Сент Люси улсаар аялахыг хүсвэл АНУ, Канад, Их Британи, Герман, Франц болон бусад Карибын тэнгисийн орнуудаас шууд нислэгээр очих боломжтой. Уг арлын үзэсгэлэнт байгаль болон хөгжиж буй аялал жуулчлалын салбарынх нь ачаар Сент Люси дэлхийн оддын аялдаг, бал сараа тэмдэглэдэг нийтлэг газруудын нэг болоод байна.
БАРИМТ 13
Шигүү ургасан халуун орны ой моддын ачаар Сент Люси улсад 180 гаруй төрөл зүйлийн шувууд амьдардаг. Гэхдээ шувуу судлаачдын тэмдэглэн үлдээснээр Сент Люси арал дээр 540 төрөл зүйлийн шувууд үзэгдсэн бөгөөд тэдний 148 нь арал дээр үргэлж амьдардаг гэнэ. Мөн сент люсийн тоть гэх шувуу уг улсын үндэсний шувуу ба дэлхийн өөр аль ч улсаас олдохгүй.
БАРИМТ 14
Карибын тэнгисийн арлын орон боловч Сент Люсид байгалийн гамшиг тийм ч элбэг тохиолдоод байдаггүй. Уг улс хар салхины идэвхтэй бүсэд оршдог ба есдүгээр сараас аравдугаар сарын хооронд хар салхинд цохиулах хамгийн өндөр магадлалтай байдаг. Гэхдээ 1980-2007 оны хооронд Сент Люси арлыг нэг ч хар салхи дайрч өнгөрөөгүй.
БАРИМТ 15
Уг улсын үндэсний хоолны орц бол ногоон инжир, гадил жимс болон давсалсан загаснаас бүрддэг. Африк болон Европ хоолнуудын шинж чанарыг хослуулсан уг хоолыг Сент Люси арал дээр очсон жуулчид ядаж нэг удаа амсаж үзэх хэрэгтэй. Мөн тус улсад наантай карри гэх мэт Энэтхэг хоолнууд алдартай.
БАРИМТ 16
Дарвуулт завийн спортоор хичээллэдэг тамирчдад зориулсан Атлантын далайгаас карибын тэнгис хүртэл уралддаг алдартай тэмцээн бий. Уг тэмцээн 1986 оноос хойш жил бүрийн арван нэгдүгээр сард уламжлал болон зохион байгуулагдаж байгаа бөгөөд 200 дарвуулт завьтай 1,200 гаруй хүн оролцдог. Уралдаан Канарын арлуудаас эхэлж Сент Люсид өндөрлөдөг ба оролцогчид дунджаар 18-21 өдөрт барианд орж ирдэг.
БАРИМТ 17
Хүн орох боломжтой дэлхийн цор ганц галт уул Сент Люси улсад байдаг. Газрын гүний дулааны идэвхтэй бүс болсон уг газрын хөөсөрсөн шавар болон уурын хүхэр жуулчдыг олноор нь татдаг. Жуулчид тэнд очоод шавар баннд ордог бөгөөд энэ нь эмчилгээний болон хөгжилдөх гэх хоёр давуу талтай.
БАРИМТ 18
Сент Люси улсад жилийн турш олныг хамарсан нүсэр хэмжээний баяр наадмууд зохиогддог. Тэдний хамгийн том нь жил бүрийн тавдугаар сарын эхээр зохиогддог Сент Люсигийн жазз хөгжмийн баяр. Уг баярт зориулж дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид болон хөгжимчид Сент Люси улсад цугларцгаадаг.
БАРИМТ 19
Сент Люси улсад хамгийн алдартай спорт бол крикет. Сент Люси улсын тамирчид Виндвард арлуудын үндэсний шигшээ багийг төлөөлөн оролцдог бөгөөд уг шигшээ баг Гренада, Доминик, Сент Люси, Сент Люси Винсент гэх арлын орнуудын тамирчдаас бүрддэг. Одоогийн шигшээ багт Сент Люси улсыг төлөөлөн ганцхан тамирчин багтдаг нь Ларри Эдвардс.
БАРИМТ 20
Сент Люсигийн олимпын хороо 1987 онд байгуулагдаж 1993 онд Олон улсын олимпын хорооны гишүүнээр болсон. Сент Люсигийн баг тамирчид 1996 оны Атлантагийн олимпоос хойш зуны олимпд тасралтгүй оролцсоор ирсэн ба өвлийн олимпд нэг ч удаа оролцож байгаагүй. Одоогийн байдлаар Сент Люси улсыг төлөөлж ямар ч тамирчин олимпын медаль хүртээгүй.
БАРИМТ 21
Сент Люси улсын төрийн далбаа нь хөх, цагаан, хар, шар гэх өнгөнүүдээс бүрддэг. Цэнхэр өнгө нь тэнгэр болон тус арлыг бүрхдэг Атлантын далай болон Карибын тэнгисийг, хар болон цагаан өнгөнүүд нь Сент Юси улсын хар болон цагаан арьст хүмүүсийн хоорондын харилцаа холбоог, шар өнгө нь хөгжил цэцэглэлтийг тус тус бэлгэддэг.
БАРИМТ 22
Сент Люси улсад амьдардаг хүүхдүүд 5-15 нас хүртлээ улсын сургуульд үнэгүй сурдаг ба тэд энэ насандаа заавал сургуульд сурч боловсрол эзэмших үүрэгтэй. Сент Люси улсын иргэдийн 78 хувь нь бичиг үсэг тайлагдсан байдаг бөгөөд эх орондоо ид дээд боловсрол эзэмших бүрэн боломжтой.
БАРИМТ 23
Сент люсичуудын дундаж наслалт 1971 онд 64.2 байсан бөгөөд уг тоо жилд 0.36 хувиар нэмэгдсээр 2020 он гэхэд 76.34 хүрсэн байна. Тус улсад гэмт хэргийн тохиолдол бараг бүртгэгдээд байдаггүй боловч 2017 онд нийт 60 хүн амины хэрэг гарсан. Энэ нь тус улсын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм.
БАРИМТ 24
Сент Люси улс хүүхэд төрөлтийн хувиараа Карибын тэнгисийн орнууд дунд хамгийн доор бичигддэг. Нэг эмэгтэй амьдралынхаа турш 1.4 буюу 1-2 хүүхэд төрүүлдэг ба сент люсичүүд олноороо амьдралынхаа түвшинг сайжруулахын тулд Их Британи, Америкийн Нэгдсэн улс, канад гэх мэт өндөр хөгжилтэй орнууд руу цагаачилдаг.