БАРИМТ 1
Лесотогийн хаант улс нь 30,355 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай ба Өмнөд Африк улс дотор оршдог. Далайд гарцгүй уг улс Малоти уулсын өндөрлөг бүс нутагт оршдог ба энэ нь Африк тивийн өмнөд хэсгийн хамгийн өндөр уулсыг багтаадаг. Тус улсын нийслэлийг Масеру гэдэг.
БАРИМТ 2
Лесото улс анх Басутоланд гэх нэртэй байсан ба тус улсын иргэдийг лесоточууд бус басоточууд гэж нэрлэдэг. Лесото улсын нийт хүн ам нь 2.2 сая бөгөөд тэдний 93 хувь нь христийн шашныг шүтдэг бол 6.4 хувь нь уламжлалт итгэл үнэмшилтэй. Мөн тус улсын албан ёсны хэлнүүд бол сесото болон англи.
БАРИМТ 3
Одоогийн Лесото улс Басутоланд гэх нэртэй байхдаа буюу 1959 онд Их Британийн колони улс болсон ба 1966 оны аравдугаар сарын 4-нд тусгаар тогтнолоо зарласан. Улмаар тус улс НҮБ, Африкийн Холбоо, Хамтын Нөхөрлөлийн Орнууд, Өмнөд Африкийн хөгжлийн Нийгэмлэг гэх мэт олон улсын байгууллагуудын гишүүн болсон.
БАРИМТ 4
Лесото бол Африк тивд үлдсэн хамгийн сүүлчийн гурван хаант улсын нэг. Одоогийн байдлаар Морокко болон Эсватини улсууд хаант засаглалтай хэвээр байгаа. Нийт газар нутгийн 80 хувь нь далайн түвшнээс дээш 1,800 метрийн өндөрт байрладаг тул Лесто улсыг “Тэнгэрийн хаант улс” хэмээн нэрлэдэг.
БАРИМТ 5
Тус улсын хамгийн нам дор цэг нь далайн түвшнээс дээш 1,400 метрийн өндөрт орших Оранж болон Махаленг голуудын уулзвар. Энэхүү цэг нь дэлхийн аль ч орны хамгийн нам дор цэгээс хамаагүй өндөрлөг газар байрладаг. Харин Лесото улсын хамгийн өндөрлөг цэг бол далайн түвшнээс дээш 3,482 метрийн өндөрт байх Табана Нтленьяна уул.
БАРИМТ 6
Лесото бол тэр чигтээ далайн түвшнээс дээш 1,000 метрийн өндөрт байдаг дэлхий дээрх цор ганц улс. Тус улсын хилийн нийт урт 1,106 километр бөгөөд зөвхөн Өмнөд Африк улстай хиллэх боломжтой. Мөн өнөөдрийн байдлаар тус улсын нийт хүн амын 40 хувь нь санхүүгийн байдлын хувьд ядуу буурай гэх ангилалд багтаж байна.
БАРИМТ 7
Хүн амын тоо нэмэгдэх тусам Лесото улсад цөлжилт, хөрсний элэгдэл, бэлчээрийн даац хэтрэх гэх мэт байгаль орчинтой холбоотой асуудлууд шүдний өвчин мэт нэмэгдсээр байгаа. Африк тивийн орнуудтай харьцуулахад Лесото улсад эмэгтэйчүүд маш ихээр хөдөлмөр эрхэлдэг. Энэ нь ядуурал, нөхөр нь нас барж бэлэвсэрч үлдсэн, нөхөр нь ажилгүй гэх мэт олон шалтгаантай.
БАРИМТ 8
Лесото улсын нийт хүн амын ойролцоогоор 75 хувь нь хөдөө орон нутагт амьдардаг ба тэд ихэвчлэн газар тариалан болон мал аж ахуйн хөдөлмөр эрхэлдэг. Мөн Өмнөд Африк улсаар хүрээлэгдсэн тул Лесото улс тус улсаас хэт их хамааралтай. Жишээлбэл Лесото улс хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг зөвхөн Өмнөд Африк тивээс импортолж авдаг.
БАРИМТ 9
Хилийн чанадад хөдөлмөр эрхэлж цалингаа эх орон руугаа илгээдэг хүмүүс Лесото улсын эдийн засагт шууд хамааралтай. Үүнээс гадна Лесото улс алмазын ордтой бөгөөд уг үнэт чулуу тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 9 хувийг бүрдүүлдэг. Уг улсын хэвлэл мэдээллийн хамгийн чухал хэрэгсэл бол радио. Лесото улс радио болон зурагтын сигналаа Өмнөд Африк улсаас авдаг.
БАРИМТ 10
Лесото улсад борооны улирал болох аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл хур тунадас буух нь элбэг. Харин жилийн бусад үед борооны үүл гардаггүй тул Лесото улс жилийн 300 гаруй өдөр тод нартай цэлмэг байдаг. Мөн тус улс Каледон, Оранж, Тугела гэх үндсэн гурван том голтой.
БАРИМТ 11
Тус улсад Африк тивийн хоёр дахь том давхар мурийлттай нуман далан байдаг. Энэхүү Каце далан нь 185 метрийн өндөр, 710 метрийн урттай ба нийт 8 тэрбум ам.долларын төсвөөр 1996 онд баригдсан. Уг далангийн ихэнх цэвэр усыг Өмнөд Африк улс хэрэглэдэг ба мэдээж тэд үүнийхээ төлөө Лесото улсад төлбөр төлдөг.
БАРИМТ 12
Өндөрлөг уулын бүсэд оршдог тул Лесото улсын өвөл таатай байхгүй гэдэг нь лавтай. Тус улсын өвлийн улирал дахь дундаж температур Цельсийн -6.3 хэмээс 5.1 хэм хүртэл хэлбэлзэж байдаг. Гэхдээ ширүүн салхитай өдрүүдэд -21 хэм хүртэл хүйтрэх боломжтой. Африк тивийн улс гэхэд маш хүйтэн гэсэн үг.
БАРИМТ 13
Лесото улс дахь далайн түвшнээс дээш 3,050 метрийн өндөрт байрлах цанын бааз бол Африк тивийн хамгийн өндөрт оршдог цанын бааз. Мөн тус улсын иргэдийн өмсдөг хөнжил мэт уламжлалт хувцас нь өвлийн улиралд зориулагдсан ба бараг бүхэлдээ ноосоор хийгддэг.
БАРИМТ 14
Уг улсын албан ёсны мөнгөн тэмдэгт бол “Лесото Лоти” бөгөөд Өмнөд Африкийн Ранд бас тус улсын аль ч хэсэгт ашиглагдах боломжтой. Ийнхүү Өмнөд Африкийн мөнгөн тэмдэгтийг Лесото улс хүлээн зөвшөөрдөг ч Лесото улсын мөнгөн тэмдэгтийг Өмнөд Африк улс хүлээн зөвшөөрдөггүй.
БАРИМТ 15
Лесото улс нэгдсэн парламентын үндсэн хуульт хаант засаглалтай. Тус улсын одоогийн хааныг гуравдугаар Летсие, ерөнхий сайдыг Моэкетси Маджоро гэдэг. Лесото улсын нийт газар нутгийн 2-оос бага хувийг ой модод бүрхдэг ба 10 хувь дээр нь л газар тариалан эрхлэх боломжтой.
БАРИМТ 16
Лесото улсын хүн амын дор хаяж 23 хувь ДОХ-ын халдвартай. 2016 онд Лесото улс сүүлийн 40 жилд үзээгүй аймшигт ган гачигтай нүүр тулах шаардлагатай болсон. Тухайн хүнд цаг үед хүмүүс өдөрт нэг удаа хоол идэж ус авахын тулд өдөр бүр олон арван километр замыг туулдаг байв.
БАРИМТ 17
Сесото бол Африк тивийн хамгийн эхэнд бичгийн хэлбэрт шилжсэн хэлнүүдийн нэг бөгөөд тус хэл дээр бичигдсэн олон төрлийн эртний яруу найргууд байдаг. Конус хэлбэртэй нэхмэл малгай болох басото малгай жуулчдын анхаарлыг ихэд татдаг ба Лесото улсын төрийн далбаа дээр дүрс нь байдаг.
БАРИМТ 18
Лесото улсын нийслэл Масеру хотод 1998 онд өрнөсөн улс төрийн мөргөлдөөнөөс болж түүхийн дурсгалт олон барилга байгууламжууд дахин сэргээгдэх боломжгүйгээр гэмтэж үгүй болсон. Басоточууд хөрш Өмнөд Африк улсаасаа импортын бараа бага авахын тулд өөрсдийнхөө хэрэглээний улаан буудай, эрдэнэ шиш, байцаа, хулуу зэргийг боломжоороо ургуулдаг.
БАРИМТ 19
Лесото улсад хамгийн хүндтэй зоог бол үхрийн мах. Тэд зөвхөн онцгой тэмдэглэлт баярын өдрүүдээр үхэр нядалдаг бол хонь бол бусад үед хонь болон ямааны мах хэрэглэдэг. Басоточууд үхрийг үргэлж мөнгөнөөс илүүд үздэг. Мөн тус улсад зөвхөн чинээлэг хүмүүс л авто машин эзэмшдэг.
БАРИМТ 20
Уг улсад оршуулгын ёслол болон хурим хоёр бол хамгийн их зардалтай баярууд. Учир нь басоточууд уг баяруудын үеэр ойр дотнын хүмүүс болон хамаатан саднуудаа хамгийн амт шимттэй хоолоор дайлах ёстой. Ташрамд хэлэхэд Лесото бол дэлхий дээрх хамгийн буурай хөгжилтэй орнуудын нэг.
БАРИМТ 21
Уг улсын газар нутгаас үлэг гүрвэлтэй холбоотой олдворууд олдсон. 200 сая жилийн өмнө амьдарч байсан 1 метрийн урттай гүврвэл хэлбэрт “Лесотозавр” гэх үлэг гүрвэлийн нэр “Лестогийн гүрвэл” гэсэн утгатай. Мөн басоточууд усыг цагаан алт хэмээн маш ихээр хайрлан хамгаалдаг.
БАРИМТ 22
Лесото улсын төрийн далбаа цэнхэр, цагаан, ногоон өнгөнүүдээс бүрддэг ба өмнө нь хэлсэнчлэн төв хэсэгтээ басото малгайн дүрсийг багтаадаг. Уг далбаа 2006 оноос хойш ашиглагдаж эхэлсэн ба цэнхэр өнгө нь бороог, цагаан өнгө нь энх тайвныг, ногоон өнгө нь хөгжил цэцэглэлтийг тус тус бэлгэддэг.
БАРИМТ 23
Лесото улсын баг тамирчид 1972 оны Мюнхений олимпоос хойш олимпын наадамд оролцож эхэлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар ч медаль хүртэж чадаагүй. 1972 оноос хойш зөвхөн 1976 оны Монтреалийн олимпыг өнжсөн тэд урьд өмнө нь өвлийн олимпд оролцож байгаагүй.
БАРИМТ 24
Хамгийн сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд Лесото улсын насанд хүрсэн буюу 15-аас дээш насны иргэдийн 76 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Уг судалгааг илүү нарийвчлан авч үзвэл эмэгтэйчүүдийн 85 хувь, эрэгтэйчүүдийн 68 хувь нь бичиж уншиж чаддаг гэсэн үг. Харин тэдний дундаж наслалт бол ойролцоогоор 55 жил. Энэ нь дэлхийн дунджаас бараг 20 жилээр бага үзүүлэлт юм.