БАРИМТ 1
Бүгд Найрамдах Суринам улс нь 163,821 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Өмнөд Америк тивийн хойд хэсэгт байрладаг орон. Суринам улс хойд хэсгээрээ Атлантын далайд гарцтай ба Францын Гвиана (зүүн), Гайана (баруун), Бразил (урд) гэх улсуудтай хиллэдэг.
БАРИМТ 2
Тус улс Өмнөд Америк тивийн хамгийн жижиг газар нутагтай бүрэн эрхт улс бөгөөд хүн амын нийт тоо нь 2018 оны байдлаар 576,000 байсан. Тэдний 52.3 хувь нь христийн, 18.8 хувь нь хинди, 14.3 хувь нь исламын шашныг шүтдэг бол 6.2 хувь нь ямар нэгэн шашин шүтлэггүй.
БАРИМТ 3
Ихэнх суринамчууд далайн эрэгтэй ойролцоох буюу улсынхаа хойд хэсэгт суурьшин амьдардаг ба нийслэл хотыг нь Парамарибо гэдэг. Газарзүйн байршлын хувьд Экваторын шугамын үл ялиг хойно оршдог Суринам улс халуун орны уур амьсгалтай бөгөөд ихэнх хэсгийг нь ширэнгэн ой бүрхдэг.
БАРИМТ 4
Одоогийн Суринам улсын газар нутаг дээр манай эриний өмнөх дөрөвдүгээр мянганд аравак, кариб, суринен гэх Америк тивийн уугуул овог аймгийн хүмүүс анх оршин сууж эхэлсэн. Тус улсын далайн эрэг дээр 1498 онд хамгийн анх хөл тавьсан өөр тивийн хүн бол Америк тивийг нээсэн Христофер Колумб юм.
БАРИМТ 5
Үүний дараа 1593 онд испанийн эрэл хайгуулчид Суринам улсын бүс нутгийг судалж нутгийн уугуул суринен хүмүүсээс хамааран Суринам гэж нэрлэсэн. Суринам улсыг анх Британи улс удирдаж байсан ч 1667 онд тус улсыг Нидерланд улстай наймаалцсанаар Суринам улс дахь тэдний эрх мэдэл дуусгавар болсон.
БАРИМТ 6
Нидерландын колоничлолд байх үедээ Суринам улс Нидерландын Гвиана гэж нэрлэгддэг байсан ба 1954 онд бие даасан байдалтай болж, 1975 онд албан ёсоор тусгаар тогтнолоо зарлаж бие даасан бүрэн эрхт улс болсон. Гэхдээ Суринам-Нидерланд улсууд хоорондын дотно харилцаагаа эдийн засаг, худалдаа наймаа, дипломат харилцаа, соёл гэх мэт салбарууд дээр онцгой түвшинд хадгалсаар байгаа.
БАРИМТ 7
Олон зуун жилийн турш Нидерландын колоничлолд байсан тул суринамчуудын амьдралын хэв маяг нидерландчуудынхтай нэлээд төстэй. Мөн тус улсын албан ёсны хэл нь нидерланд хэл юм. Суринам 1975 онд тусгаар тогтносон улс болсноосоо хойш олон тооны төрийн эргэлт болон иргэний дайнд нэрвэгдсэн.
БАРИМТ 8
Гэхдээ 1990-ээд оноос тус улсын нөхцөл байдал харьцангуй тогтворжиж иргэний засаглалд шилжсэн. Суринам улсын алдартай удирдагчдын нэг болох Деси Бутерсе 1980-аад онд уг улсыг цэргийн засгийн газрын тэргүүний хувиар удирдаж 2010 болон 2015 оны сонгуулиудад ялалт байгуулсан.
БАРИМТ 9
Харин одоогийн байдлаар Суринам улс нэгдмэл чуулганы засаглалтай бөгөөд одоогийн удирдагчдыг нь нэрлэвэл Чан Сантохи (Суринам улсын ес дэх ерөнхийлөгч), Ронни Брюнсвийк (дэд ерөнхийлөгч), Маринус Бий (үндэсний чуулганы дарга) гэх мэтээр үргэлжилнэ.
БАРИМТ 10
Деси Бутерсегийн хувьд 1999 онд хар тамхины наймааны хэргээр Нидерландын шүүхээр орж 11 жил хоригдох ялаар шийтгэгдсэн. Гэхдээ тэрбээр шоронд ял эдэлсэн ч Суринам улсын ерөнхийлөгчөөр дахин хоёр удаа сонгогдсон гэдэг нь маш хачирхалтай.
БАРИМТ 11
Тэрбээр 2019 онд дахин шүүх хурлаар орж ял авсан. Гэхдээ энэ удаад харийн орны шүүхээс бус эх орныхоо шүүхээс ял авсан байлаа. Түүнийг Суринам улсын шүүх 1982 онд өрсөлдөгч намынхаа 15 гишүүнийг цаазаар авсан гэх хэрэгт буруутган түүнд 20 жил хоригдох ял олгосон.
БАРИМТ 12
Тус улсын газар нутгийн 80 хувийг ширэнгэн ой эзэлдэг ба хамгийн гол экспортолдог бараа нь алт юм. Суринам улс жилд дунджаар 1.8 тэрбум ам.долларын үнэлгээтэй алтыг экспортолдог ба энэ нь тухайн улсын нийт экспортын 67 хувийг бүрдүүлдэг.
БАРИМТ 13
Суринам улсад дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн нийт хоёр газар бий. Тэдгээрийг танилцуулахад Суринамын төвийн бүсийн байгалийн нөөц газар болон Парамарибо хотын эртний түүхэн хотууд юм. Суринамын төвийн бүсийн байгалийн нөөц газар нь улсынхаа газар нутгийн 11 хувийг бүрхдэг ба 5000 төрөл зүйлсийн ургамал болон 400 төрөл зүйлсийн шувуудын орон гэр.
БАРИМТ 14
2013 оны Суринам улсад зохион байгуулагдсан шинжилгээний аяны үеэр биологичид нийт 60 ширхэг шинэ амьтдын төрөл зүйлсийг олж илрүүлсэн. Тэдгээр амьтдын дунд мэлхийн зургаан төрөл, загасны арван нэгэн төрөл болон могойн нэг төрөл багтсан. Суринам улс хүн амынхаа тоогоор Өмнөд Америк тивдээ хамгийн доор бичигддэг.
БАРИМТ 15
19-ээр зууны дунд үед Баруун Африкаас их хэмжээний боолуудыг Суринам улс руу зөөж элсэн чихрийн талбай хөдөлмөр эрхлүүлдэг байсан ба өнөөдрийн суринамчуудын ихэнх нь тэдгээр боолуудын үр сад. Тус улсын үндэсний хоолнуудын үндсэн хоёр орц бол тахианы мах болон цагаан будаа.
БАРИМТ 16
1863 онд боолчлол Суринам улсад халагдсаны дараа Энэтхэг болон Индонезоос олон тооны хүмүүс ирж африк боолуудын ажлын байрыг орлон авсан. Суринам улсад хулгай дээрэмтэй холбоотой гэмт хэргийн тохиолдлууд элбэг бүртгэгддэг. 2018 онд гэхэд 12 далайчин барьсан загсаа дээрэмчдэд өгөхгүйн тулд тэднийг эсэргүүцсэн үйлдэл үзүүлээд амиа алдсан удаатай.
БАРИМТ 17
1989 онд Суринам Эйрвейс компанийн 764 дүгээр нислэг Парамарибо хотод осолдож 176 хүн нас барсан. Тэдний дунд Суринамын хөлбөмбөгийн шигшээ багийн гишүүд болох 15 тамирчид ч гэсэн багтсан. Тус улсын хамгийн өндөрлөг цэг нь далайн түвшнээс дээш 1,286 метрийн өндөр орших “Жулиана Оргил” юм.
БАРИМТ 18
Суринам улс тусгаар тогтнолоо зарлах үеэр буюу 1973-1980 оны хооронд олон тооны суринамчууд Нидерланд улс руу цагаачилсан. Тэд тухайн үедээ эх орондоо өөр өөрсдийн салбартаа хамгийн шилдэг гэгддэг хүмүүс байсан ба Нидерланд улсын төлөө насаараа хөдөлмөрлөж тэтгэвэрт гарсан хойноо 21-ээр зууны эхэн үед Суринам улсад эргэн ирсэн байдаг.
БАРИМТ 19
Суринам улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Суринамын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг тив дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд дорвитой амжилт гаргаж байгаагүй хэдий ч дэлхий нийтэд нэрээ таниулсан суринам гаралтай нидерланд хөлбөмбөгчид маш олон бий.
БАРИМТ 20
Тэднээс жишээ болгон дурдахад Кларенс Сийдорф, Виржил Ван Дик, Жеоржино Виналдум, Патрик Клюйверт гэх мэт. Суринамын баг тамирчид 1960 оны Ромын олимпоос хойш олимпын наадамд оролцож эхэлсэн ба одоогийн байдлаар нэг алт, нэг хүрэл медаль л тус улсад харьяалагддаг. Тус медалиудыг Суринам улсын тамирчин Энтони Нести 1988 (алт) болон 1992 (хүрэл) оны олимпын эрэгтэйчүүдийн эрвээхий сэлэлтийн 100 метрийн зайд хүртсэн.
БАРИМТ 21
Суринамчууд улсынхаа нийт газар тариалан эрхлэх боломжтой газар нутгийн тэн хагаст нь цагаан будаа тарьж жилд хоёр удаа ургацаа хурааж авдаг. Далайгаар хүрээлэгдсэн их хэмжээний зэрлэг байгальтай тул суринамчууд бол загас болон ан амьтан агнах нэлээд дуртай ард түмэн.
БАРИМТ 22
Тус улсын сургуулиуд хичээлээ нидерланд хэл дээр заадаг бөгөөд хүүхдүүд 12 нас хүртлээ сургуульд сурч боловсрол эзэмших үүрэгтэй. Насанд хүрсэн нийт суринамчуудын 95 хувь нь бичиг үсэг тайлагдсан ба 60 хувь нь нидерландаар хэлд ордог. Харин үлдсэн 40 гаруй хувь нь нутгийн уугуул болон олон хэл дундаас үүссэн өвөрмөц хэлнүүдийг өөрсдийн анхны хэл хэмээн үздэг.
БАРИМТ 23
Суринам улсын төрийн далбаа нь ногоон, цагаан, улаан өнгийн хэвтээ зурааснуудаас бүрддэг ба төв хэсэгт нь шар өнгийн одны дүрс байдаг. Улаан өнгө нь ахиц дэвшлийг, цагаан өнгө нь шударга ёс болон эрх чөлөөг, ногоон өнгө нь Суринам улсын байгалийн үржил шимийг, шар од нь эв нэгдэл болон сайн сайхан ирээдүйг тус тус бэлгэддэг.
БАРИМТ 24
Өмнөд Америк тивд замын зүүн талд машинаа жолооддог хоёрхон улсын нэг бол Суринам. Манай улсын хувьд баруун талдаа машинаа жолооддог тул Суринам улсын замын хөдөлгөөн бидний мэдэхээс арай өөр гэсэн үг. Мөн суринамчуудын ойролцоогоор 70 хувь нь санхүүгийн байдлын хувьд ядуу бүсэд харьяалагддаг.