БАРИМТ 1
Бүгд Найрамдах Хондурас улс нь 112,492 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Өмнөд Америк болон Хойд Америкийн их газруудыг холбодог Төв Америкийн (Хойд Америк тивийн нэг хэсэг) орон. Хондурас улс Атлантын болон Номхон далайд гарцтай ба Гватемал (баруун), Эль Сальвадор (баруун урд), Никарагуа (зүүн урд) гэх улсуудтай хиллэдэг.
БАРИМТ 2
Хондурас улсын нийт хүн амын тоо нь 10 сая бөгөөд тэдний 90 хувь нь Европ болон нутгийн уугуул иргэдийн цус холилдсон местизо хүмүүс байдаг бол үлдсэн 7 хувь нь нуттгийн уугуул овог аймгуудын цэвэр цусны иргэдээс бүрддэг. Харин шашны хувьд нийт хондурасчуудын 90 хувь нь христийн шашныг шүтдэг.
БАРИМТ 3
Одоогийн Хондурас улсын газар нутаг дээр хүн төрөлхтөн хамгийн анх манай эриний өмнөх 9000 оны үед амьдарч байсан гэх таамаг байдаг. Бидний сайн мэдэх Америк тивийн хамгийн алдартай эртний овог аймгуудын нэг болох маяачууд манай эриний 250-900 онд Хондурас улсын газар нутаг дээр маш их үр нөлөөтэй байсан.
БАРИМТ 4
Маяачуудын соёл иргэншилтэй холбоотой хамгийн чухал олдворуудын нэг болох Копан гэх маяачуудын сүйрсэн хот Хондурас улсад байдаг. Уг хот дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д хүртэл бүртгэгдээд амжсан ба маяачуудын улс төрийн, иргэний болон шашны хамгийн чухал цэг байсан гэгддэг.
БАРИМТ 5
Хондурас улсад хөл тавьсан хамгийн анхны Европ гаралтай хүн бол Америк тивийг нээсэн Христофер Колумб. Тэрээр анх Хондурас улсад 1502 онд очсон ба уг үйл явдлын дараа Испанийн эзэнт гүрэн тус бүс нутгийг хараандаа авсан. Улмаар испаничууд нутгийн уугуул иргэдтэй хүчтэй зөрчилдсөний дараа 1539 онд албан ёсоор Хондурасыг өөрсдийн колони болгосон.
БАРИМТ 6
Хондурас гэх нэрийг Христофер Колумб өгч байсан бөгөөд уг нэрийг испани хэлнээс орчуулбал “Гүн гүнзгий” гэх утгатай. Учир нь Хондурасын хойд хэсгийн далайн эргийн ус маш гүнзгий билээ. Хондурасын далайн эргийн зарим хэсэг рүү британичууд халдаж байсан ч тус улс Испанийн эзэнт гүрний колони улс хэвээр байсаар байлаа.
БАРИМТ 7
Хондурасчууд 1821 онд тусгаар тогтнолоо зарлаж Мексикийн эзэнт гүрний нэг хэсэг болоод байсан ч 1823 онд дахин тусгаар тогтнолоо зарлаж Коста Рика, Гватемал, Эль Сальвадор, Никарагуа гэх орнуудын харьяалагддаг байсан Төв Америкийн Холбооны Бүгд Найрамдах улсыг бүрдүүлэгч орнуудын эгнээнд элсэн орсон.
БАРИМТ 8
Гэхдээ хондурасчууд 1938 онд өөрсдийн улсаа байгуулан дахин нэг удаа тусгаар тогтнолоо зарласан нь тэдний сүүлийн удаагийнх байлаа. 1960 онд Шумуулын далайн эрэг гэгддэг байсан бүс газрын хойд хэсэг олон улсын шүүхийн шийдвэрээр Никарагуа улсаас Хондурас улс руу шилжүүлэгдсэн.
БАРИМТ 9
Тусгаар тогтнолоо зарласан цагаасаа хойш Хондурас улс нийгмийн олон төрлийн зөрчилдөөн, улс төрийн тогтворгүй байдал гэх мэт асуудлуудтай удаа дараалан нүүр тулсаар байгаа тул өнөөдрийн байдлаар дэлхийн бөмбөрцгийн баруун хагас дахь хамгийн ядуу орнуудын нэгээр нэрлэгдэж байна.
БАРИМТ 10
Олон зуун жилийн турш Испанийн эзэнт гүрний мэдэлд оршин тогтнож байсан тул хондурасчуудын амьдралын хэв маяг испаничуудынхтай тун төстэй. Жишээлбэл тус улсын албан ёсны хэл испани хэл бөгөөд испаничуудын адилаар католик шашныг олноороо шүтдэг.
БАРИМТ 11
Хондурас улсын эдийн засаг голчлон газар тариалангийн салбарын нөхцөл байдлаас хамаардаг. Уг салбараас хэт их хамааралтай тул 1998 онд 11,000 хүний амь насанд хүрч, тариалангийн талбайг тэр чигт нь үерт автуулсан Митч хар салхи мэтийн байгалийн гамшиг тохиолдоход Хондурас улс маш хүнд нөхцөл байдалд ордог.
БАРИМТ 12
Хондурас улс ерөнхийлөгчийн засаглалтай ба одоогийн удирдагчдыг нь нэрлэвэл Сиомара Кастро (Хондурас улсын 56 дахь ерөнхийлөгч ба анхны эмэгтэй ерөнхийлөгч), Сальвадор Насралла (анхны дэд ерөнхийлөгч), Луис Редондо (Үндэсний Конгрессийн ерөнхийлөгч) гэх мэтээр үргэлжилнэ.
БАРИМТ 13
Хондурасын их газраас гадна дор хаяж 99 арал нэгдэж байж Хондурас улсыг бүрдүүлдэг. Уг улсын нийслэл хотыг Тэгусигальпа гэдэг ба энэхүү хот нь 1578 онд байгуулагдсан 443 жилийн настай. Хондурас улс тивийнхээ хамгийн бага орлоготой орон бөгөөд сүүлийн хэдэн арваны турш авилгын хэрэгтэй тэмцсээр байгаа ч дорвитой үр дүнд хүрэхгүй байсаар байна.
БАРИМТ 14
Тус улсыг нэгэн цагт Бүгд Найрамдах Гадил улс хэмээн дууддаг байжээ. Үүний учир нь америк зохиолч О.Хенри 1904 онд зохиол дээрээ уг нэрийг анх хэрэглэж байсан ба тухайн цаг үед Хондурас улсын эдийн засаг зөвхөн гадил жимснээс хамааралтай байсан. Уг цагаас хойш хондурасчууд уг нэрээсээ салахын тулд олон төрлийн жимс болон бусад төрлийн барааг ургуулж эхэлсэн.
БАРИМТ 15
Хондурасын гэмт хэргийн бүлэглэлүүд үйлдэж буй хэргүүдээрээ нэлээд алдар нэрд хүрсэн. Тэдэн дундаас хамгийн хүчирхэг нь MS-13 буюу Мара Салватруча гэх бүлэглэл. Хамгийн сүүлийн үеийн судалгаанаас харахад байгалийн гамшгуудад хамгийн ихээр өртдөг орнуудын жагсаалтад Хондурас улс хоёрдугаар байранд жагссан ба тэдний өмнө бичигдсэн Пуэрто Рико нь албан ёсны улс биш.
БАРИМТ 16
Хондурас улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Хондурасын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 1921 оноос хойш олон улсын багуудтай албан ёсны тоглолт хийж эхэлсэн бөгөөд ДАШТ-д 1982, 2010, 2014 гэж нийт гурван удаа оролцсон. Мөн хөлбөмбөгөөс гадна бейсболын спорт Хондурас улсад нэлээд алдартай.
БАРИМТ 17
Дэлхийн түүхэн дэх хамгийн богино дайнуудын нэг болох “Хөлбөмбөгийн дайн” Эль Сальвадор болон Хондурас улсуудын хооронд ердөө 100 цаг үргэлжилсэн. Өөрөөр хэлбэл уг дайн 1969 оны долдугаар сарын 14-нд эхлээд 1969 оны долдугаар сарын 18-нд өндөрлөсөн.
БАРИМТ 18
Энэхүү дайн өрнөх болсон шалтгааныг тайлбарлавал 1970 оны хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох эрхийн төлөө Эль Сальвадор болон Хондурас улсын шигшээ багууд тоглож 3:2 харьцаатайгаар Эль Сальвадорын шигшээ баг ялалт байгуулсны дараа тун удалгүй дайн эхэлсэн.
БАРИМТ 19
Гэхдээ хөлбөмбөгийн тоглолтоор далимдуулж дайныг эхлүүлснээс биш уг дайны цаана хоёр улсын хоорондох газрын болон далайн хилийн маргаантай бүс, цагаачдаас болж үүссэн эдийн засаг, улс төрийн асуудлууд гэх мэт хүчин зүйлс байсан. Хэдхэн хоногийн турш үргэлжилсэн уг дайнаас болж олон мянган хүн амиа алдсан.
БАРИМТ 20
Хондурас улсын нийт газар нутгийн 46 хувийг ой модод бүрхдэг ба тус улс Төв Америкийн хамгийн том хэмжээний зэрлэг байгальтай орон. Гэхдээ харамсалтай нь Хондурас улс жил бүр зэрлэг байгалийнхаа 1.81 хувийг алдсаар байна. Хондурасчууд гэр бүлийн харилцааг бүхнээс илүүд тавьдаг ба хэд хэдэн гэр бүлүүд нийлж хамтдаа амьдрах нь энгийн үзэгдэл.
БАРИМТ 21
Хондурасчууд аливаа хүн болон эд зүйлс рүү заахдаа хуруугаа бус уруулаа ашигладаг. Тэд их хэмжээний хоолыг өглөөний цайнд ууж өдөр болон оройн хоолыг аль болох хөнгөн байлгахыг хичээдэг. Мөн Хондурас улс алт, мөнгө болон зэсийн хэд хэдэн ордтой ба сүүлийн үед уул уурхайн салбар газар тариалангийн салбартай энэ зэрэгцэн хөгжиж байгаа.
БАРИМТ 22
Хондурас улсын төрийн далбаа нь хөх болон цагаан өнгөнүүдээс бүрддэг. Хөх өнгөнүүд нь Номхон далай, Карибын тэнгис болон тэнгэрийг, цагаан өнгө нь ус, энх тайван, хондурасчуудын хөгжил цэцэглэлт болон цэвэр ариун бодол санааг тус тус бэлгэддэг. Мөн далбааны дунд байрлах таван ширхэг однууд Төв Америкийн Холбооны Бүгд Найрамдах улсыг байгуулсан таван улсыг илэрхийлдэг.
БАРИМТ 23
Хондурасчууд тод өнгийн улаан, цэнхэр болон шар өнгийн өдтэй тоть шувууг ариун амьтан хэмээн шүтдэг. Харин тус улсын үндэсний бэлгэ тэмдэг болсон амьтан бол Юкатаны цагаан сүүлт буга. Уг амьтан нь хүч чадал, эрч хүч, хөгжил цэцэглэлт болон амар амгалан байдлын бэлгэдэл.
БАРИМТ 24
Хондурас улсын байгалийн өвөрмөц бүтээлүүдийн нэг бол яах аргагүй цагаан өнгийн сарьсан багваахай. Хондурасын цагаан сарьсан багваахай Төв Америкийн орнуудын газар нутгаар тархан амьдардаг бөгөөд цагаан өнгийн үс, улбар шар өнгийн чих, хамар болон нүүртэй. Энэхүү ховор төрлийн хөхтөн амьтан нь хамгийн анх 2016 онд судлаачидтай нүүр тулан сарьсан багваахайн төрлийг нэгээр нэмсэн.