БАРИМТ 1
Бахрейны Вант улс нь 785.08 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай (дэлхийд 173-аар байранд) Баруун Ази дахь арлын орон. Илүү тодорхой болговол Бахрейн улс Персийн буланд байрладаг ба 50 байгалийн, 33 хиймэл арлаас бүрддэг. Хамгийн том арал Бахрейн арал нь улсынхаа нийт хуурай газрын 83 хувийг бүрдүүлдэг.
БАРИМТ 2
Бахрейн улсын нийт хүн ам нь 2020 оны байдлаар 1.5 сая байсан бөгөөд тэдний 53.2 хувийг араб, 43.4 хувийг ази, 1.4 хувийг африк гаралтай хүмүүс бүрдүүлдэг. Харин тус улсын албан ёсны шашин нь исламын шашин ба нийт бахрейнчуудын 70 хувь уг шашныг шүтдэг.
БАРИМТ 3
Бахрейн бол эртний Дилмун соёл иргэншилтэй газар. Энэ нь эрт дээр үеэс 19-ээр зуун хүртэл сувдан загас агнуураараа дэлхийд хамгийн шилдгээр тооцогддог байсан. Бахрейн улсын газар нутаг дээр исламын шашин манай эриний 628 онд анх нэвтэрсэн. Энэ нь тус улсыг хамгийн анх исламын шашны нөлөөнд автсан орнуудын нэг болгодог.
БАРИМТ 4
Арабуудын ноёрхлын дараа Бахрейн улсыг Португалийн эзэнт гүрэн 1521-1602 он хүртэл Савафи гүрний нэгдүгээр Шах Аббаст хөөгдөх хүртлээ дарангуйлсан. Улмаар 1783 онд Бани Утба овог Бахрейныг Наср аль-Мадхкураас булаан авсан. Уг цаг мөчөөс хойш Бахрейныг Аль Халифа хааны гэр бүл удирдсаар ирсэн.
БАРИМТ 5
1800-аад онд Британи болон Бахрейны хооронд хийгдсэн гэрээнүүдийн үндсэн дээр Бахрейн, Их Британийн хяналт хамгаалалтад орсон. Гэхдээ 1971 онд бахрейнчууд Их Британиас салан тусгаарлаж тусгаар тогтнолоо зарласан. Анх Эмират байсан боловч 2002 онд Бахрейн улс үндсэн хуульт хаант засаглалтай орон болсон.
БАРИМТ 6
Бахрейн улсын одоогийн хааныг Хамд бин Иса Аль Халифа (2002 оноос хойш) гэдэг бол ерөнхий сайд болон угсаа залгамжлах ханхүүг Салман бин Хамад Аль Халифа гэдэг. Улсын нийслэлийг Манама гэдэг бол албан ёсны хэлнүүд нь англи болон араб хэл.
БАРИМТ 7
Бахрейн гэх нэрийг араб хэлнээс орчуулбал “Хоёр далай” гэх утгатай. Бахрейн улс Ази тивийн гурав дахь жижиг газар нутагтай орон тул сүүлийн жилүүдэд маш олон тооны хиймэл арлуудыг бүтээсэн. Мөн тус Бахрейны нийт газар нутгийн дөнгөж 2.82 хувь дээр нь газар тариалангийн аж ахуй эрхлэх боломжтой. Үлдсэн 92 хувь дээр нь ган гачиг болон шороон шуурга байнга тохиолддог.
БАРИМТ 8
Бахрейн улсад ямар ч нуур, гол болон цөөрөм гэж байхгүй. Тийм учраас Бахрейн бол дэлхий дээрх хамгийн бага цэвэр усны нөөцтэй улсуудын нэг. Тус улс Даммамын уст давхаргын гүний уснаас хязгаарлагдмал хэмжээгээр авч хэрэглэдэг. Мөн цэвэр усны нөөцөө ихэсгэхийн тулд Бахрейн улс далайн усыг цэвэршүүлэх оролдлогыг хийсэн. Гэвч их хэмжээний эрчим хүч шаарддаг уг арга нь цэвэр усны үнийг улам нэмэгдүүлж шүүгдсэн давс нь далайд буцаж ордог тул байгаль орчинд хор хөнөөл учруулдаг.
БАРИМТ 9
Бахрейн улс Саудын Араб улстай 25 километр урттай гүүрээр холбогддог. Гэхдээ Саудын Араб улсад эмэгтэй хүн машин барих хориотой. Ийм учраас Бахрейн улсаас эмэгтэй хүн машинаа бариад уг гүүрээр дамжин явах боломжтой ч гүүрийн нөгөө захад гарч Саудын Араб улсад хүрэх боломжгүй.
БАРИМТ 10
Бахрейн улсын хамгийн өндөрлөг цэг бол далайн түвшнээс дээш 134 метрийн (Улаанбаатар хот далайн түвшнээс дээш 1,350 метрийн өндөрт оршдог) өндөрт орших Жабал ад Духан гэх уул. Уг нэрийг орчуулбал “Утаат уул” гэсэн утгатай бөгөөд энэхүү нэр нь чийглэг өдрүүдэд тус уулыг бүрхдэг өтгөн манангаас гаралтай.
БАРИМТ 11
Бахрейн улс 2001 онд талибанчуудын эсрэг цэргийн ажиллагаанд туслалцаа үзүүлж хүмүүнлэгийн болон хүмүүсийг аврах үйл явцад зориулж фрегат буюу усан онгоцнуудыг ашигласан. Тэдний уг туслалцааг тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш тухайн жилдээ Бахрейн улсыг НАТО-гийн албан бус томоохон холбоотон орноор зарласан.
БАРИМТ 12
Бахрейн улсын хуулийн систем Их Британи болон исламын шашны үнэт зүйлсийг багтаадаг. Тус улсын зэвсэгт хүчин бусад орнуудыг бодвол маш сул бөгөөд 15 нас хүрсэн эрчүүд сайн дураараа армид элсэн орох боломжтой. Гэхдээ НАТО-гийн холбоотон орон тул Бахрейн улсыг хамгаалах хүчирхэг гүрнүүд мундашгүй олон.
БАРИМТ 13
Бахрейн улсыг удирдах албан тушаалтнууд ихэвчлэн уламжлалт хувцсаа өмсдөг бол энгийн иргэд барууны хувцсыг өмсөх нь илүүтэй. Исламын шашинтай орон гэхэд эмэгтэйчүүдийн эрх тийм ч ихээр зөрчигдөөд байдаггүй. Гэхдээ олон нийтийн газар бахрейн эмэгтэйчүүд толгойн ороолт болох жижабыг өмсдөг.
БАРИМТ 14
Далайгаар хүрээлэгдсэн улс тул Бахрейны үндэсний хоолнууд ихэвчлэн загас сам хорхой гэх мэт далайн бүтээгдэхүүнүүд болон цагаан будаа гэх үндсэн орцоос бүрддэг. Мөн бахрейнчууд зочдоо гүргэм эсвэл кардамон амтлагчтай кофегоор дайлдаг уламжлалтай
БАРИМТ 15
Бахрейн дахь хэвлэл мэдээллийн бүх төрлийн байгууллагууд мэдээллээ араб хэл дээр гаргадаг ба хааны гэр бүлийг огтхон ч шүүмжилдэггүй. Тус улсад ямар нэгэн орлогын татвар гэж байхгүй. Өөр үгээр хэлбэл бахрейнчууд цалингаа бүтнээр нь өөрсдөдөө авдаг гэсэн үг. Ийм учраас маш олон тооны цагаачид Бахрейн улсад очиж хөдөлмөр эрхэлдэг.
БАРИМТ 16
Дөнгөж төрсөн хүүхдүүд Бахрейн улсын иргэн болохын тулд тухайн хүүхдийн эцэг нь заавал Бахрейн улсын иргэншилтэй байх ёстой. Тус улс иргэдээ хоёр иргэншил эзэмшихийг хүлээн зөвшөөрдөггүй. Харин 25 нас хүрсэн хүмүүс Бахрейн улсын иргэншлийг авахын тулд тодорхой хэдэн шалгуурыг хангасан байх ёстой.
БАРИМТ 17
Бусад исламын шашинтай орнуудын бодвол Бахрейн улсын 20 нас хүрсэн иргэд хүйс хамаарахгүйгээр сонгуульд оролцох боломжтой. Бахрейн улс ихэнх хоол хүнсээ гаднын орнуудаас импортоор хүлээн авдаг. Газрын тосноос болж Бахрейны далайн эрэг орчмын ус бохирдсон тул тэд далайн гаралтай бүтээгдэхүүнээ ч импортоор хүлээн авдаг гэнэ.
БАРИМТ 18
Бахрейн улсын нийт орлогын ихэнх хэсгийг бүрдүүлдэг зүйл бол яах аргагүй газрын тос. Анх 1932 онд тус улсын газар нутгаас газрын тос олдсон ба өнөөдрийн байдлаар улсын төсвийн орлогын 85 хувь нь газрын тосноос хамааралтай. Гэхдээ Бахрейны газрын тосны нөөц багасаж байгаа тул Бахрейн улс хөнгөн цагаан, санхүү, барилга байгууламж гэх салбаруудад онцгойлон анхаарал хандуулан хөгжүүлж байгаа.
БАРИМТ 19
Бахрейн улсын нийт хүн амын 97.46 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Бүх хүүхдүүд 6-14 нас хүртлээ сургуульд суралцах үүрэгтэй бөгөөд улсын сургуулиуд нь хүүхдүүдээс төлбөр авдаггүй. Харин эмэгтэйчүүд бичиг үсэг тайлагдсан байдал нь 94.95 хувь байдаг. Уг үзүүлэлтээрээ тэд Персийн булангийн бүх орныг тэргүүлдэг.
БАРИМТ 20
Бахрейн улс нэг хүний жилд ялгаруулдаг хогийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Нэг бахрейн хүн жилд дунджаар 906 килограмм хог хаягдал ялгаруулдаг юм байна. Мөн дэлхий дээрх хамгийн анх 3D хэвлэгчээр хэвлэгдсэн шүрэн хад Бахрейн улсад байдаг ба үүнийг 2012 онд далайд байрлуулсан
БАРИМТ 21
Бахрейн улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Бахрейны хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг Ази тивийн АШТ-д зургаан удаа оролцож 2004 онд дөрөвдүгээр байранд шалгарч байсан боловч ДАШТ-д оролцож байгаагүй. Харин тэд Арабын булангийн орнуудын дунд зохиогддог цомын тэмцээнд 2019 онд түрүүлсэн.
БАРИМТ 22
Орчин цагт амьдарч байсан хамгийн том биетэй шувуу бол “Араб тэмээн хяруул”. Нас бие гүйцсэн араб тэмээн хяруул 2.74 метр өндөртэй, 154 килограмм жинтэй болдог аварга том амьтан байсан. Гэхдээ дэлхийн нэгдүгээр дайны дараа уг шувууг их хэмжээгээр хараа хяналтгүй агнасны улмаас хамгийн сүүлийн араб тэмээн хяруул 1941 онд Бахрейн улсад амиа алдсан.
БАРИМТ 23
Бахрейн улсын баг тамирчид 1984 оны олимпоос хойш тасралтгүй зуны олимпд оролцсоор ирсэн ба одоогийн байдлаар 2 алт, 2 мөнгөн медаль хүртээд байна. Эдгээр медалиудыг 2012 оны Лондонгийн олимпоос хойш Кени болон Этиоп улсуудад төрсөн Африк гаралтай дөрвөн эмэгтэй тамирчид холын зайн гүйлтийн төрлүүдэд авсан.
БАРИМТ 24
Бахрейн улсад Үндэсний өдөр, Шинэ жил, Ахурагийн өдөр, Нэгдсэн өдөр гэх мэт нийт 10 ширхэг улс даяараа тэмдэглэдэг амралтын өдөр бий. Гэхдээ зарим баяр нь нэг бус хэд хэдэн хоногийн турш үргэлжилдэг. Мөн Бахрейн улс нэг хүний ашигладаг цахилгааныхаа хэмжээгээр Ази тивийг тэргүүлж, дэлхийд гуравдугаар байранд жагсдаг.