БАРИМТ 1
Бүгд Найрамдах Армени улс нь 29,743 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Баруун Азийн Арменийн өндөрлөг уулсын (Кавказ дахь) дунд байрладаг далайд гарцгүй орон. Тус улс баруун талаараа Турк улстай, хойд хэсгээрээ Гүрж улстай, зүүн талаараа Азербайжан улстай, урд хэсгээрээ Иран улстай тус тус хиллэдэг.
БАРИМТ 2
Армени улсын нийт хүн ам 3 сая бөгөөд тэдний бараг бүх хувийг армени үндэстнүүд бүрдүүлдэг. Гэгээн Грегори манай эриний 301 онд тус улсын албан ёсны шашнаар христийн шашныг зарласан ба тэрхүү цагаас хойш одоо цагт Армени улсын нүүр царай болсон христийн шашны үзэсгэлэнт сүмүүд баригдаж эхэлсэн. Мөн Армени бол христийн шашныг албан ёсныхоо шашин болгосон дэлхийн анхны орон.
БАРИМТ 3
Арменийн анхны улс болох Уратру манай эриний өмнөх 860 онд байгуулагдсан бөгөөд 260 жилийн дараа Арменийн Сатрапигаар солигдсон. Агруу Тиграны удирдлага дор Арменийн хаант улс манай эриний нэгдүгээр зуунд хөгжлийнхөө оргил үед хүрсэн ба тавдугаар зуунд Византийн болон Сасанийн эзэнт гүрэн хэмээх хоёр хэсэг болон хуваагдсан.
БАРИМТ 4
Багратуни гүрний үе болох есдүгээр зуунд Арменийн Багратидын хаант улс дахин сэргэсэн. Гэвч тус хаант улс Византийн эсрэг дайн хийсний улмаас 1045 онд уналтад орж удалгүй сельчук туркүүдэд эзлэгдсэн. Гэхдээ 11-14-ээр зууны хооронд Газар дундын тэнгисийн эрэг дээр Арменийн вант улс, Киликийн хаант улс гэх мэт гүрнүүд оршсоор байсан.
БАРИМТ 5
16-19-ээр зууны хооронд арменичууд зүүн, баруун армени хэмээн хуваагдаж байсан ба Османы эзэнт гүрэн болон Персийн эзэнт гүрнүүдэд тус бүр 100-аас олон жилийн турш захирагдсан. Харин 19-ээр зуунд зүүн армени Оросын эзэнт гүрний мэдэлд орсон бол баруун арменийн ихэнх газар нутаг Османы эзэнт гүрний харьяанд хэвээр үлдсэн.
БАРИМТ 6
Дэлхийн нэгдүгээр дайны үеэр баруун арменид амьдарч байсан 1.5 сая гаруй хүн геноцид буюу ард түмнийг үйл олноор нь алан хядах үйлдлийн золиос болсон. Харин 1918 оны Оросын хувьсгалын үеэр арменичууд тусгаар тогтнолоо зарлаж анхны Бүгд Найрамдах Армени улсыг байгуулсан. Гэвч тус улс 1922 он гэхэд Зөвлөлт Холбоот улсын анхны гишүүдийн нэг болсон.
БАРИМТ 7
Бидний мэдэх орчин цагийн Армени улс 1991 оны Зөвлөлт Холбоот улсын задралыг ашиглаж тус оныхоо есдүгээр сарын 23-нд тусгаар тогтнолоо дахин сэргээж 1992 оны гуравдугаар сарын 2-нд НҮБ-д элсэн орсон. Улмаар тэд 1995 онд одоогийн үндсэн хуулиа баталсан.
БАРИМТ 8
Армени улс нэгдсэн парламентын засаглалтай ба одоогийн удирдагчдыг нь нэрлэвэл Ваагн Хачатурян (5 дахь ерөнхийлөгч), Никол Пашинян (16 дахь ерөнхий сайд), Ален Симоня (УИХ-ын дарга) гэх мэт. Мөн Армени улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 81-ээр байранд жагсдаг ба ашигт малтмал олборлолт болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүн рүү чиглэсэн эдийн засагтай хөгжиж буй орон.
БАРИМТ 9
Армени улс геополитикийн хувьд Европ тивтэй олон талаараа нийцдэг тул Ази болон Европ тивийн олон улсын байгууллагуудын аль алинд нь харьяалагдах боломжтой. Мөн тус улс Арменийн төлөөлөгчдийн сүмийг дэлхийн хамгийн эртний аль нэг улсын үндэсний сүм гэж үздэг.
БАРИМТ 10
Армени улсын албан ёсны хэл бол армени. Тус хэл манай эриний 405 онд бүтээгдсэн 36 үсэгтэй маш өвөрмөц цагаан толгойтой. Дэлхийн хамгийн анхны дарсны үйлдвэр Армени улсад байдаг байх магадлалтай. 2011 онд Археологичид Арени тосгоны ойролцоох нэгэн жижиг агуй дотроос эртний дарсны үйлдвэрийг олсон. Мэдээж уг газар нь маш жижиг хэмжээтэй ба урьд өмнө нь олдож байсан дарсны үйлдвэрүүдээс хамаагүй эртнийх байсан.
БАРИМТ 11
Армени улсын бараг бүх иргэн шатар тоглож мэднэ. Учир нь тус улсын бүх сургуульд заавал судлах ёстой шатрын хичээл байдаг ба уг оюуны спорт арменичуудын өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон. Арменийн эрэгтэйчүүдийн шатрын баг 1999 оны Европын аварга болж байсан ба бусад олон улсын тэмцээнүүдэд армени шатарчид өндөр амжилт гаргадаг.
БАРИМТ 12
1915 оны Османы эзэнт гүрний үйлдсэн геноцидоос болж маш олон арменичууд эх орноосоо дүрвэсэн. Одоогийн байдлаар Армени улсад 3 сая хүн амьдардаг бол хилийн чанадад 5.6 сая арменичууд амьдардаг. Уг геноцидыг үйлдсэн гэх хэргийг Турк улс өнөөдрийг хүртэл хүлээлгүй үгүйсгэсээр байгаа.
БАРИМТ 13
Армени улсын нийслэл Ереван бол одоогийн дэлхий дээрх хамгийн эртний нийслэл хотуудын нэг. Тус хот Ром хотоос 29 жилийн өмнө баригдсан ба түүхийн дурсгалт олон тооны барилга, хөшөө дурсгал болон музейг агуулдаг. Мөн тус хотыг “ягаан хот” гэж нэрлэдэг. Учир нь Ереван хотын ихэнх эртний барилга галт уулын ягаан чулуугаар баригдсан.
БАРИМТ 14
Армени улс өнөөдрийг хүртэл идэвхтэй биш ч хөрш Азербайжан улстайгаа байлдаж байгаа. 1994 онд ОХУ-ын нөлөөллөөр хоёр талууд гал зогсоож нөхцөл байдал намжаад байсан ч сүүлийн жилүүдэд уулын Карабахын бүс нутгаар зэвсэгт мөргөлдөөнүүд гарч эхэлсэн. Гэхдээ одоогийн байдлаар ямар ч тулалдаан өрнөхгүй байгаа.
БАРИМТ 15
Кавказын бүс дэх хамгийн том, дэлхийн хамгийн том нууруудын нэг болох Севан нуур Армени улсын газар нутагт оршдог. Уг нуур далайн түвшнээс дээш 1,900 метрийн өндөрт оршдог ба 5,000 хавтгай дөрвөлжин километр буюу Армени улсын нийт газар нутгийг зургаа хуваасны нэгтэй тэнцэх нутгийг бүрхдэг.
БАРИМТ 16
Армени улсын бэлэг тэмдэг бол Турк улсад байх Арарат уул. Уг уулын дүрсийг та Армени улсын төрийн сүлд дээрээс харах боломжтой. Эрт цагт арменичууд Арарат уулын хавиар нутагладаг байсан ба тус уулын үржил шимт хөндийгөөр усан үзэм ургуулж дарс нэрдэг байсан байх өндөр магадлалтай. Энэ мэт олон саналуудыг нягталж үзвэл Армени улс яах аргагүй дэлхийн хамгийн эртний дарс үйлдвэрлэгч орнуудын нэг.
БАРИМТ 17
Арменичуудын өдөр тутамдаа иддэг “лаваш” гэх талх маш алдартай. Уг талхыг газар доорх зууханд барьдаг бөгөөд давс, гурил, ус гэх энгийн орцтой боловч бүтэн жилийн турш амт чанараа алдахгүйгээр хадгалагдах боломжтой. Лаваш талх бүр ЮНЕСКО-д бүртгэлтэй Армени улсын хамгийн үнэт өвүүдийн нэг юм.
БАРИМТ 18
Арменичууд Арарат уулыг хүчтэй газар хөдлөлтүүдийг зогсоож тэднийг хамгаалдаг гэдэгт итгэн ихэд дээдлэн шүтдэг. Арменичуудын хувьд Арарат уул бол ариун газар. Мөн тус улсыг илэрхийлэх зүйлсийн нэг бол чангаанз. Бүх төрлийн чангаанз Армени улсад зарагддаг бөгөөд далбааных нь өнгө хүртэл уг жимсийг илэрхийлдэг.
БАРИМТ 19
Гадаадын жуулчид Армени улсад гадуурхагдана гэж байхгүй. Арменичууд нэлээд найрсаг хүмүүс байдаг тул танд тусламж хэрэг болвол тэд үргэлж туслахад бэлэн. Дэлхийн хамгийн анхны математикийн сурах бичгийг армени эрдэмтэн Ялагдашгүй Дэвид гэх эрхэм бүтээсэн. Одоо тус сурах бичиг нь Матенадаран дахь эртний гар бичмэлийн хүрээлэнд хадгалагддаг.
БАРИМТ 20
Дэлхийн хамгийн эртний гутал Армени улсаас 2008 онд олдсон. Уг гутал 5,500 жилийн настай бөгөөд малын ялгадсаар хүрээлэгдэн олон мянган жилийн турш маш сайн хадгалагдан үлдсэн. Армени цагаан толгой дэлхий дээрх хамгийн боловсронгуй, мөн ярвигтай цагаан толгойгоор нэрлэгддэг. Тийм учраас армени хэлийг сурна гэдэг нэлээд хүнд сорилт байх болно.
БАРИМТ 21
Армени улсад Лада брэндийн машинууд маш их. Ойролцоогоор Армени улс дахь нийт машины гуравны нэг нь Лада байдаг. Тус улсад оройн цагаар хөгжмийн зэмсэг тоглохгүй байх тухай хууль байдаг. Хэрэв уг хуулийг зөрчвөл цагдан хоригдох боломжтой. Армени улс Зөвлөлт Холбоот улсын нэг хэсэг байсан тул ард иргэд нь орос хэлээр чөлөөтэй ярьдаг. Тийм болохоор орос хэлтэй жуулчид Армени улсад алзахгүй.
БАРИМТ 22
Армени улсад чөлөөт бөх, сонгомол бөх, жүдо, хүндийг өргөлт, бокс гэх мэт биеийн хүчний спортууд өндөр түвшинд хөгжсөн. Тэд Зөвлөлт Холбоот улсаас салан тусгаарласнаасаа хойш буюу 1996 оноос эхлэн бие дааж олимпд оролцож эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 2 алт, 8 мөнгө, 8 хүрэл медалийг хүртээд байна. Армени тамирчид Зөвлөлт Холбоот улсын эгнээнд байх үедээ ч өндөр амжилт гаргадаг байсан.
БАРИМТ 23
Хөлбөмбөг тус улсын хамгийн алдартай спортоор нэрлэгддэг. Гэхдээ Арменийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг Европ тивийн бүсэд харьяалагддаг тул урьд өмнө нь тив дэлхийн тэмцээнүүдэд эрхээ аван оролцож байгаагүй. Армени улсаас төрөн гарсан хамгийн шилдэг хөлбөмбөгийн тамирчин бол Боррусиа Дортмунд, Манчестер Юнайтед, Арсенал, Рома гэх мэт том клубүүдэд хагас хамгаалагчийн хувиар тоглож явсан Генрих Мхитарян юм.
БАРИМТ 24
Армени улсын төрийн далбаа улаан, цэнхэр, улбар шар өнгийн хэвтээ зурааснуудаас бүрддэг. Улаан өнгө нь Арменийн өндөрлөг бүс нутаг, арменичуудын эрх чөлөөнийхөө төлөө урсгасан цусыг, цэнхэр өнгө нь Арменийн хувьсан өөрчлөгдөөгүй газар нутгийг, улбар шар өнгө нь чангаанз, эр зориг болон ажлыг тус тус илэрхийлдэг.
Сэтгэгдэл (1)