БАРИМТ 1
Бүгд Найрамдах Камерун улс нь 475,442 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Африк тивийн төв болон баруун хэсэгт байрладаг. Камерун улс Нигери (баруун болон хойд), Чад (зүүн хойд), Төв Африкийн Бүгд Найрамдах улс (зүүн), Экваторын Гвиней (урд), Габон (урд), Бүгд Найрамдах Конго (урд) улсуудтай тус тус хиллэдэг.
БАРИМТ 2
Камерун улсын нийт хүн ам нь 26.5 сая бөгөөд бамилеке, бамум, басса, мбам, биу, мандара гэх мэт Африк тивийн 250 гаруй үндэстний хүмүүс уг тоог бүрдүүлдэг. Харин шашны хувьд нийт камерунчуудын 70 хувь нь христийн шашинтай бол 24.4 хувь нь исламын шашныг шүтдэг.
БАРИМТ 3
Камерун улс Биафра буланд оршдог тул баруун хэсгээрээ Атлантын далайд гарцтай. Газарзүйн байршлаасаа болж Камерун улс Төв Африк болон Баруун Африкийн аль алинд нь харьяалагддаг. Тус улсын нийслэл хотыг нь Яунде гэдэг бол хамгийн том хот нь Дуала.
БАРИМТ 4
Камерун улсын газар нутаг дээр хамгийн анх Чад нуурын тэр хавиарх Сао соёл иргэншил болон зүүн өмнөд ширэнгэн ой дахь бака анчид оршин сууж байв. Харин 15-аар зуунд португали далайчид Камеруны далайн эрэг дээр хөл тавин тус бүс нутгийг Рио-дос Камаройес гэж нэрлэсэн нь өнөөдрийн Камерун гэх нэрийн эхний хувилбар.
БАРИМТ 5
Баруун Африкийн фулани дайчид Адамавагийн Эмират улсыг одоогийн Камеруны хойд хэсэгт байгуулсан ба тус улсыг хүрээлэн Африк тивийн хүчтэй овог айгууд оршин тогнож байлаа. Гэвч Камерун 1884 онд Германы колони болсон. Харин дэлхийн нэгдүгээр дайны дараа Камерун улсыг Франц болон Их Британи улсууд хувааж удирдах болсон.
БАРИМТ 6
Камеруны популяцийн холбоо гэх нам тусгаар тогтнох үйл ажиллагааг эхлүүлсэн боловч 1950-аад онд Франц улс тэдний үйл хэргийг няцааснаар үндэсний эрх чөлөөний бослого эхэлж 1971 он хүртэл Франц болон Камеруны попоуляцийн холбооны хооронд ширүүн тулаанууд өрнөсөн. Мөн 1960 онд Францын захиргаанд байсан Камеруны хэсэг тусгаар тогтнолоо зарласан.
БАРИМТ 7
Харин уг явдлаас нэг жилийн дараа Их Британийн захиргаан байсан өмнөд зүгээс камерунчууд тэдэнтэй нэгдэж Холбооны Бүгд Найрамдах Камерун улсыг байгуулсан. Гэхдээ тэд 1972 онд улсынхаа нэрийг Нэгдсэн Бүгд Найрамдах Камерун, 1984 онд Бүгд Найрамдах Камерун гэж тус тус өөрчилсөн.
БАРИМТ 8
Камерун улс нь нэгдмэл намын давамгайлсан эрх мэдэлтэй ерөнхийлөгчийн засаглалтай улс. Тус улсын ерөнхийлөгчийн албыг Поль Бийя 1982 оноос хойш хашиж байгаа. Мөн тэрбээр 1975-1982 оны хооронд Камеруны ерөнхий сайдын хувиар ажиллаж байсан удаатай.
БАРИМТ 9
Камерун улсын албан ёсны хэлнүүд нь англи болон франц бөгөөд камерунчууд тэднээс гадна 250 гаруй нутгийн уугуул овог аймгуудын хэлнүүдийг одоог хүртэл ашигласаар байгаа. Англи хэлээр ярьдаг бүс нутгууд улс төрийн болон зэвсэгт хүчний хурцадмал байдалтай үргэлж нүүр тулсаар байдаг ба 2017 онд тэд Амбазоны муж улсыг байгуулснаар тус бүс нутгууд дайны нээлттэй талбар болж хувирсан.
БАРИМТ 10
Камерун улсыг “Африк доторх бяцхан Африк” хэмээн хочилдог бөгөөд далайн эрэг, элсэн цөл, өндөр уулс, ширэнгэн ой гэх мэт байгалийн олон төрлийн тогтоцууд Камерун улсад бий. Далайн түвшнээс дээш 4,100 метрийн өндөрт орших Камерун уул бол тус улсын хамгийн өндөрлөг цэг.
БАРИМТ 11
Камерун улсад хур тунадас их ордог тул ихэнх ядуу камерунчууд тариалангийн талбай дээр ажилладаг Ерөнхийдөө Камерун улсын Дебундча цэг бол дэлхий дээрх хамгийн чийглэг улсуудын нэг юм. Тус улсын ажилгүйдлийн хэмжээ 4 хувь байсан бөгөөд Камеруны нутаг дэвсгэр дээрээс байгалийн өвөрмөц тогтоцуудын нэг болох халуун рашаанууд олддог.
БАРИМТ 12
Камерун улс байгалийн хий болон газрын тосны их хэмжээний нөөцтэй. Газрын тос гэхэд тус улсын экспортын бараанаас олдог орлогын 40 хувийг нь дангаараа бүрдүүлдэг. Мөн тус улсын хамгийн өндөрлөг цэг болох Камерун уулс бол тус улсад байгаа цор ганц идэвхтэй галт уул. Уг галт уулс хамгийн сүүлд 2012 онд дэлбэрсэн.
БАРИМТ 13
Археологийн олдворуудаас үзэхэд Камерун улсын газар нутаг дээр 50,000 жилийн өмнөөс хүн төрөлхтөн амьдарч эхэлсэн. Камерун улс хэл шинжлэлийн хувьд Африк бол тивийн хоёр дахь дэлхийн ес дэх хамгийн олон төрлийн хэлтэй улс юм. Германчуудаас өмнө Камерун улсын бүс нутгийг Португали дараа нь Нидерланд улсууд колоничилж боолын наймаа идэвхтэй хийж байсан.
БАРИМТ 14
1986 онд Ниос нуураас их хэмжээний хорт хий ялгарснаас болж 1,800 хүн, 3,500 ан амьтан, тоо томшгүй шувууд амь үрэгдсэн. Уг үйл явдлыг тодорхой тайлбарлавал дэлхийн царцдасны доор байрлах галт уулын магмын халааснаас үүссэн нүүрстөрөгчийн давхар исэл нуурын ёроолд аажмаар хуримтлагдаж эцэст нь Ниос нуураар гадагшилсан. Гэхдээ эрдэмтэд уг хорт хийг шүүж аван нуурыг аюулгүй болгосон.
БАРИМТ 15
Камерун улсад байх ЮНЕСКО-д бүртгэлтэй Джагийн нөөц газар бол Африк тивийн хамгийн том болон хамгийн сайн хамгаалагдаж үлдсэн ширэнгэн ой. Уг ширэнгэн ойн 90 хувь нь хүний гар хүрээгүй онгон дагшин байдлаараа хадгалагдан үлдсэн бөгөөд тэнд 107 төрөл зүйлийн хөхтөн амьтад амьдардаг.
БАРИМТ 16
Камерун улсын засгийн газар хулгайн анчдын эсрэг үргэлж хүчтэй тэмцсээр ирсэн ба 2016 онд 2,000 ширхэг зааны соёо, 1,753 ширхэг зааны ясыг шатаасан. Мөн та дэлхийн хамгийн том мэлхийг Камерун улсад харж болно. Голиат мэлхий нь 34 сантиметр хүртэл өсөж 3.2 килограмм жинтэй болдог бөгөөд хүнд чулуунуудыг ашиглан өөрсдийн эсэн цөөрмөө барьдаг юм байна.
БАРИМТ 17
Камерун улс гадил, кофе, хөвөн, тосны ургамал, какао гэх мэт экспортолдог бараануудаараа алдартай. АНУ-ын төрийн департаментын гадаад харилцааны зөвлөлийн гаргасан жагсаалтаас харахад Камерун улс бол аялахад дэлхий дээрх хоёр дахь хамгийн аюултай орон (уг жагсаалт 2020 оных). Боко Харамын террористуудаас болж Камерун улсыг ийм аюултай орон гэж дүгнэдэг.
БАРИМТ 18
Тус улсын хуулийг харвал хөвгүүдийн хүнтэй гэрлэх боломжит хамгийн бага нас нь 18 байдаг бол охид 15 насандаа нөхөрт гарах боломжтой. Ерөнхийдөө Камерун улсад эрэгтэй хүн хэдэн ч эхнэртэй болох боломжтой бөгөөд эхнэр авах болгондоо хариу болгож далдуу модны дарс, үнэт эдлэл, мал амьтан гэх мэт зүйлсийг өгөх ёстой.
БАРИМТ 19
Камерун улсад хамгийн алдартай спорт бол яах аргагүй хөлбөмбөг. Камеруны хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 1982 оноос хойш ДАШТ-д нийт найман удаа оролцсон бөгөөд 1990 онд шөвгийн наймын шат хүртэл явсан нь Африк тивийн багуудын ДАШТ дэх хамгийн том амжилтуудын нэг юм. Камеруны шигшээ багийг “Зовшгүй арслангууд” гэж нэрлэдэг.
БАРИМТ 20
ДАШТ-ээс гадна Зовшгүй арслангууд 1970 оноос хойш Африкийн цомд 20 удаа оролцож 1984, 1988, 2000, 2002, 2017 онуудад түрүүлсэн. Тэд уг амжилтаараа Африк тивийн АШТ-д хамгийн олон түрүүлсэн багуудын жагсаалтын хоёрдугаар байранд Египетийн шигшээ багийн ард бичигддэг.
БАРИМТ 21
Хөлбөмбөгөөс гадна сүүлийн үед Камерун улсад сагсанбөмбөгийн спорт нэлээд өндөр түвшинд хөгжсөн. Камерун улсыг төлөөлөн NBA-д тоглодог тоглогчдоос жишээ болгон 2019 оны NBA-гийн аварга, 2020 оны бүх одод Торонто Рэпторс багийн хүчний довтлогч Паскал Сиакам, таван удаагийн бүх одод, 2022 оны онооны аварга, лигийн хамгийн шилдэг төвийн тоглогчдын нэг болох Жоэл Эмбийд нарыг нэрлэж болно.
БАРИМТ 22
Мөн UFC-гийн хамгийн хүнд жингийн аваргын бүсийг эзэмшигч Францис Нганну Камерун улсын иргэн. Камерун улсын баг тамирчид 1964 оны Токиогийн олимпоос хойш зуны олимпд тасралтгүй оролцсоор ирсэн ба одоогийн байдлаар 3 алт, 1 мөнгө, 2 хүрэл медалийг хөнгөн атлетик, бокс, хөлбөмбөг, хүндийг өргөлт гэх спортуудад хүртсэн.
БАРИМТ 23
Камерун улсын төрийн далбаа нь ногоон улаан шар өнгөнүүдээс бүрддэг ба төв хэсэгтээ шар өнгийн одны дүрсийг багтаасан байдаг. Улаан өнгө нь эв нэгдлийг, шар өнгө нь нарыг, ногоон өнгө нь Камерун улсын өмнөд хэсэгт байдаг ой моддыг тус тус бэлгэддэг. Мөн тус улсын төрийн сүлдийг эдгээр өнгөнүүд голчлон бүрхдэг.
БАРИМТ 24
Камерун улсын 15-аас дээш насны иргэдийн бичиг үсэг тайлагдсан байдал нь 77.1 хувь. Гэхдээ уг хэмжээ 15-24 насны залуусын дунд 97 хувь буюу нэлээд өндөр байдаг. Мөн камерунчууд дунджаар 59 жил амьдардаг. Энэ нь дэлхийн бусад орнуудтай харьцуулахад дунджаас доогуур орох үзүүлэлт.