БАРИМТ 1
Монакогийн вант улс нь дөнгөж 2.02 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай (дэлхийд 194 буюу доороосоо хоёрдугаар байранд) Газар дундын тэнгисийн Баруун Европ дахь Италийн Лигуриа мужаас баруун тийш хэдхэн километрийн зайд оршдог Францын Ривьера дахь тусгаар тогтносон хот-улс буюу бичил улс юм.
БАРИМТ 2
Монако улсын нийт хүн ам нь 38,300 бөгөөд тэдний 86 хувь нь христийн шашныг шүтдэг бол 11.7 хувь нь ямар нэгэн шашин шүтдэггүй. Мөн тус вант улсын албан ёсны шашин нь христийн шашны нэгэн урсгал болох ромын католик юм. Тус улсын албан ёсны хэл нь Франц хэл ба ихэнх Монакочууд Итали, Англи болон монегаск хэлнүүдээр ярих чадвартай.
БАРИМТ 3
Нэг хавтгай дөрвөлжин километр газар нутаг дээр ойролцоогоор 19,000 хүн амьдардаг гэх үзүүлэлтээр Монако улс дэлхий дээрх хамгийн их хүн амын нягтшилтай орноор нэрлэгддэг. Мөн тус улсын Газар дундын тэнгис дэх далайн эрэг нь 3.83 километрийн урттай ба энэ нь дэлхийн хамгийн богино далайн эрэг юм.
БАРИМТ 4
Монако улс хаант засаглалтай ба ханхүү хоёрдугаар Альберт төрийн эрхийг барьдаг ба улс төрийн асар их эрх мэдэлтэй. Харин засгийн газрын тэргүүн болох ерөнхий сайд нь франц улсын иргэн байх боломжтой ба Монакогийн хаан шинэ ерөнхий сайдыг томилохоосоо өмнө Францын засгийн газартай зөвлөлддөг. Газар нутгийг дахин сэргээх үйл ажиллагаануудын үр дүнд Монако улсын хуурай газрын хэмжээ 20 хувиар ихэссэн.
БАРИМТ 5
Монакогийн шүүхийн гол шүүгчид ихэвчлэн франц хүмүүс байдаг. Монакочууд 1814 оны тавдугаар сарын 17-нд тусгаар тогтнолоо зарласан ба 1861 оны Франц-Монегаскийн гэрээг байгуулсны дараа олон улсад бүрэн эрхт улс хэмээн хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн.
БАРИМТ 6
Үүний дараа тэд 1911 оны нэгдүгээр сарын 5-нд одоогийн үндсэн хуулиа баталж 1993 онд НҮБ-д санал өгөх эрхтэй гишүүнээр элсэн орсон. Монако нь тусгаар тогтносон өөрсдийн гэсэн гадаад бодлоготой улс хэдий ч тэднийг батлан хамгаалал үүргийг Франц улс хүлээдэг. Гэхдээ Монако улсад хоёр жижиг цэргийн ангиуд бий.
БАРИМТ 7
19-ээр зууны сүүл үед Монако улс Парис хоттой хурдны замаар холбогдож Монте Карлогийн казино үүд хаалгаа нээснээр тус улсын эдийн засаг огцом өссөн. Үүнээс хойш Монако улсын таатай цаг агаар, байгаль орчин болон мөрийтэй тоглоомын байгууламжууд нь жуулчдыг ихээр татах болсноор Монако улс баячуудын амралт зугаалгын төв болсон.
БАРИМТ 8
Монако улс татварын диваажин гэдгээрээ алдартай. Тус улсад орлогын татвар гэж байдаггүй ба бизнесийн татвар нь бусад орнуудтай харьцуулахад маш бага. Ойролцоогоор нийт монакочуудын 30 хувь нь их хэмжээний хөрөнгөтэй саятнууд гэгддэг ба улсын нэг метр квадрат дахь үл хөдлөх хөрөнгө нь 116,374 ам.долларын үнэлгээтэй.
БАРИМТ 9
Монако улс албан ёсоор Европын холбооны гишүүн биш боловч уг холбооны хил гаалийн хяналт гэх мэт бодлогуудыг баримталдаг. Мөн Франц улстай маш ойрхон харилцаатай тул Монако улсын албан ёсны мөнгөн тэмдэгт бол евро. Монако улс нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэмжээгээр дэлхийд хоёрдугаар байранд жагсдаг.
БАРИМТ 10
Монако улс мөрийтэй тоглоомын газруудаараа дэлхийд алдартай гэж дурдсан. Тэгвэл тус улсын засгийн газар нь өөрсдийн ард иргэдийгээ мөрийтэй тоглоомын газраар үйлчлүүлэхийг хориглодог юм байна. Тэгэхээр уг газруудын олж буй ашиг нь 100 хувь гадаадын орнуудаас орж ирдэг гэсэн үг.
БАРИМТ 11
Монако улсад нисэх онгоцны буудал байхгүй. Учир нь тус улсын газар нутаг хэтэрхий жижиг. Монакотай хамгийн ойрхон нисэх онгоцны буудал Франц улсад байдаг ба 2016 онд тэд Ницагийн онгоцны буудлыг хамтран эзэмших хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ баячууд Монако улс руу Франц улсаа дамжихын оронд нисдэг тэргээрээ очих боломжтой. Зуны улиралд Монако улс 20 минут тутамд нэг нисдэг тэрэг хүлээж авдаг.
БАРИМТ 12
Монако улс бол дэлхийн хамгийн их хүн амын нягтшилтай орон гэдгийг өмнө нь дурдсан. Тэгвэл Франц болон Итали улсуудаас өдөр бүр 50,000 хүн Монако улс руу ажилдаа ирдэг ба тэдэн дээр олон тооны жуулчдыг тооцож үзвэл Монакогийн хүн амын нягтшил үлэмж хэмжээгээр нэмэгдэнэ.
БАРИМТ 13
Далай судлалын музей бол жуулчдын хамгийн ихээр очдог Монако улс дахь үзвэрүүдийн нэг. Уг музей 1910 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба далайн гүн дэх махчин амьтад болон халуун орны ховор загаснуудын олдворуудыг хадгалдаг. Мөн Монако улсад гэмт хэргийн тохиолдол бараг л бүртгэгддэггүй. Монако бол нэг цагдаагийн албан хаагчид хамгийн бага тооны иргэн харьяалагддаг орон юм.
БАРИМТ 14
Монако улсын өнцөг булаан бүрд хяналтын камер байдаг тул та тус улсаар аюулгүй байдалдаа санаа зовохгүй аялж болно. Уг улсын иргэдийн нас баралтын хувь төрөлтийн хувиасаа өндөр. Энэ нь монакочуудын хүн ам багасаж байгаа гэдгийг илтгэж байна. Монако улс жилд дунджаар 1.5 сая жуулчдыг хүлээн авдаг.
БАРИМТ 15
Монако улс нь бичил улс тул Монако хотоос өөр тусдаа нийслэл гэж байхгүй. Казиногоос өмнө Монако улсын эдийн засгийг 20-аар зууны эхээр шар айраг, шоколад, гурилын үйлдвэрүүд нуруун дээрээ авч явж байв. Харин одоо казиногоос гадна банк санхүүгийн салбарууд Монако улсад маш эрчимтэй хөгжиж байна.
БАРИМТ 16
Монако улсад ядуу хүн гэж байдаггүй ба ажилгүйтлийн түвшин нь бараг л тэг хувь. Мөн монакочууд дунджаар 89.5 жил амьдардаг бөгөөд тэд уг үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг. Монако улсын уугуул иргэдийг монагескууд гэж дууддаг ба гадаадын оронд төрөөд Монако улсын иргэн болсон хүмүүсийг монакочууд гэж нэрлэдэг. Харин энэхүү нийтлэл дээр эдгээр хүмүүсийг нийтэд нь “монакочууд” хэмээн бичсэн болно.
БАРИМТ 17
Монако улсад хөдөө аж ахуй эрхлэх талбай байхгүй ба газар нутаг нь тэр чигтээ хотын бүс. Ийм учраас тус улс дахь цор ганц байгалийн нөөц буюу баялаг бол загас. Монако бол дэлхий дээрх үл хөдлөх хөрөнгийн хамгийн өндөр үнэлгээтэй хот. Мөн тус улсад ойролцоогоор нэг жилийн 300 гаруй хоног нь цэлмэг нартай байдаг.
БАРИМТ 18
Монако улсын төрийн далбаа нь улаан болон цагаан өнгийн хэвтээ зурааснуудаас бүрддэг ба загвар, өнгөний сонголтын хувьд Индонез улсын далбаатай яг ижилхэн. Уг далбаануудыг ялгах цор ганц арга бол далбааны хэмжээ. Индонез улсын далбаа нь Монако улсынхаас арай илүү өргөн байдаг.
БАРИМТ 19
Далбааны улаан өнгө нь хүний махан биеийг, цагаан өнгө нь сүнсэн амьдралын цэвэр ариун байдлыг тус тус бэлгэддэг. Та дөнгөж 56 минут алхаад Монако улсын нэг захаас нөгөө захад хүрэх боломжтой. Грималдигийн гэр бүл Монако улсыг 1297 оноос хойш 600 гаруй жилийн турш захирч байна. Монакочууд 1297 оны Бүгд Найрамдах Генуя улсаас тусгаар тогтнолоо зарласан билээ.
БАРИМТ 20
Монако улсын газар нутаг дээр хүн төрөлхтөн 3,000 жилийн өмнөөс амьдарсаар ирсэн гэдгийг батлах археологийн олдворууд байдаг. Монакочууд соёлд гэрлэлтийг амьдралын хамгийн чухал үйл явдлуудын нэгээр авч үздэг ба ромын католик шашны уламжлалт хэв маягаар ихэнх хосууд гэрлэдэг.
БАРИМТ 21
1929 оноос хойш Монакогийн Гранд При тэмцээн жил бүр уламжлал болон зохион байгуулагдсаар ирсэн. Энэхүү тэмцээн нь автомашины хамгийн өрсөлдөөнтэй, нэр хүндтэй тэмцээнүүдийн нэгээр нэрлэгддэг ба тус тэмцээний замыг босгоход зургаан долоо хоног шаардагддаг. Харин тэмцээний дараа буцаан хурааж авахад гурван долоо хоног хэрэгтэй.
БАРИМТ 22
Уг тэмцээн 2020 онд коронавирусын улмаас 1964 оноос хойш анх удаа цуцлагдсан. Мөн Чарльз Леклер гэх Монако улсын уугуул иргэн Формула нэгт уралддаг. Автоспортоос гадна Монако улсад хөлбөмбөгийн спорт нэлээд алдартай. Тус улсын Монако клуб хамгийн том хөлбөмбөгийн лиг болох Францын нэгдүгээр лигт тоглодог ба уг лигийн найман удаагийн аваргууд юм.
БАРИМТ 23
Уг клубээс төрөн гарсан тамирчдыг захаас нь дурдвал Килиан Мбаппе, тьерри Анри, Бернардо Силва, Радамель Фалкао гэх мэтээр үргэлжилнэ. Монако улс нь Европын хөлбөмбөгийн холбооны гишүүн орон биш тул тус улсын шигшээ баг олон улсын тэмцээнүүдэд оролцдоггүй. Мөн 1920 оноос олимпын наадамд оролцож эхэлсэн монакочууд нэг ч медаль хүртэж үзээгүй.
БАРИМТ 24
Монако хүүхдүүд 6-16 нас хүртлээ сургуульд сурч боловсрол эзэмших үүрэгтэй. Тус улсад нийт арван улсын сургууль (тэдний долоо нь өдөр өнжүүлэх буюу цэцэрлэг), хоёр хувийн сургууль, нэг олон улсын сургууль болон нэг их дээд сургууль байдаг. Насанд хүрсэн монакочуудын 99 хувь нь ямар нэгэн хэлээр бичиг үсэг тайлагдсан.