БАРИМТ 1
Бүгд Найрамдах Кабо-Верде улс нь 4,033 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай ба нийт арван галт уулын арлаас бүрддэг. Эдгээр арлууд нь Африк тивийн хамгийн баруун зах болох Кап-Верт булангаас 600-850 километрийн зайд оршдог. Кабо-Вердегийн арлууд Азор, Канарын арлууд, Мадейра гэх зэрэг арлуудын хамт Макаронезигийн эко бүсэд харьяалагддаг.
БАРИМТ 2
Кабо-Верде улсын нийт хүн ам нь 484,000 бөгөөд тэдний 85.3 хувь нь христийн шашинтай бол 10.8 хувь нь ямар нэгэн шашин шүтлэггүй. Кабо-Вердегийн арлууд дээр 15-аар зуунд Португаличууд хөл тавьсан нь тус арлууд дээр очсон хамгийн анхны хүмүүс байв.
БАРИМТ 3
Ийнхүү португаличууд Кабо-Вердегийн арлууд дээр амьдрах болж өөрсдийн соёл иргэншлээ тогтоосон нь анхны Европын халуун орон дахь суурин болсон. Тус арлууд нь газар зүйн байршил сайтай бүс нутагт оршдог тул Атлантын далайгаар дамжин өнгөрдөг боолын наймааг амжилттай явуулахад нөлөө үзүүлдэг гол цэгүүдийн нэг байв.
БАРИМТ 4
Мөн 16 болон 17-аар зуунд худалдаачид, далайн дээрэмчид болон олон тооны хувь хүмүүс Кабо-Вердегийн арлуудыг зорих болсон. Даанч 19-ээр зуунд Атлантын далайн боолын худалдаа дарагдан үгүй болсны улмаас Кабо-Вердегийн эдийн засаг огцом унаж ард иргэд нь олноороо өөр улсууд руу цагаачилсан.
БАРИМТ 5
Гэхдээ Кабо-Вердегийн эдийн засаг буцан сэргэж бүс нутгийнхаа хамгийн чухал худалдаа болон далайн тээврийн зам дагуух зогсоол болсон. 1951 онд Португали улс Кабо-Вердег өөрсдийн хилийн чанад дахь хэлтэс болгосон боловч тус арлуудын оршин суугчид нь эрх чөлөөнийхөө төлөөх тэмцлээ үргэлжлүүлсээр тэд 1975 онд тусгаар тусгаар тогтнолоо зарласан.
БАРИМТ 6
1990-ээд оноос хойш Кабо-Верде улс төлөөллийн ардчилсан нийгэмтэй байснаар Африк тивийн хамгийн эрх чөлөөтэй, ардчилсан, өндөр хөгжилтэй орнуудын нэг болж хөгжсөн. Байгалийн баялаг муутай тул тус улсын эдийн засаг нь ерөнхийдөө аялал жуулчлал болон гадаадын хөрөнгө оруулалт нар дээр тогтдог.
БАРИМТ 7
Ихэнх кабо-вердечүүд Европ болон Африк цус холилдсон хүмүүс байдаг. Тус улсын албан ёсны хэл нь португали хэл бөгөөд кабо-вердечүүдийн амьдралын хэв маяг, ёс заншил нь ч мөн адил Португали улсынхтай нэлээд төстэй. Харин Кабо-Верде улсын нийслэл хотыг Прайа гэдэг ба уг хот нь 160,000 хүн амтай.
БАРИМТ 8
Кабо-Верде улс хагас ерөнхийлөгчийн засаглалтай ба одоогийн төрийн тэргүүн нь Жозе Мария Невеш гэдэг. Тэрбээр Кабо-Вердегийн тав дахь ерөнхийлөгч бөгөөд 2001-2016 оны хооронд улсынхаа ерөнхий сайдын албыг хашсан. Харин одоогийн ерөнхий сайдыг нь Улиссес Коррейа Силва гэдэг.
БАРИМТ 9
Кабо-Верде Африкийн холбооны гишүүн ба тус улсын нийт газар нутгийн 10-11 хувийг нь газар тариалангийн чиглэлээр ашиглах боломжтой. Уг улсын арлууд дундаас Сантиаго, Фого, Санто Антао гэх арлууд дээр хамгийн ихээр хур тунадас унадаг бол Сал, Боа Виста болон Майо арлууд дээр бараг л ямар ч бороо ордоггүй. Мөн Кабо-Верде улсыг бүрдүүлдэг арван арлын ес дээр нь хүмүүс суурьшин амьдардаг.
БАРИМТ 10
Кабо-Вердегийн хамгийн өндөрлөг цэг болох Пико до Фого уул нь далайн түвшнээс дээш 2,829 метрийн өндөрт оршдог. Уг галт уул нь 2014-2015 хүртэл он дамжин дэлбэрч байсан удаатай. Мөн тус улсын Сидаде Велха гэх хот хүн төрөлхтний соёлын үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн. Уг хотыг анх португаличууд Кабо-Вердегийн арлууд дээр хөл тавьсныхаа дараа барьж байгуулсан.
БАРИМТ 11
Кабо-Вердегийн хүн ам болон газар нутгийн хэмжээгээрээ хамгийн том арал бол Сантиаго. Тус улсын нийслэл Прайа уг арал дээр байдаг. Одоогийн Гвиней-Бисау болон Кабо-Верде гэх орнууд 1980 он хүртэл нэг улсын хувиар оршин тогтнож байсан. Карлес Дарвин, Христофер Колумб, Васко да Гама гэх мэт алдартай хүмүүс Кабо-Верде улсад очиж байсан.
БАРИМТ 12
Кабо-Верде бол НҮБ-ын ядуу буурай хөгжилтэй орнуудын жагсаалтаас гарч чадсан хоёр дахь улс. Эхнийх нь бидний онцолж байсан Ботсван улс. Кабо-Вердед газрын тос болон байгалийн хийн ямар ч нөөц байхгүй. Мөн тус улсын иргэд ямааг ихээр өсгөн тэжээдэг бөгөөд хоёр хүн тутамд нэг ямаа оногддог юм байна.
БАРИМТ 13
Кабо-Верде улсын төрийн далбаа нь цэнхэр, улаан, цагаан өнгөнүүд болон шар өнгийн арван ширхэг одноос бүрддэг. Шар өнгийн однууд нь Кабо-Верде улсыг бүрдүүлэгч арван арлыг илтгэдэг. Харин улаан өнгө нь хүчин чармайлтыг, цэнхэр өнгө нь далай тэнгисийг, цагаан өнгө нь энх тайвныг тус тус бэлгэддэг.
БАРИМТ 14
1968 онд хамгийн сүүлийн үеийн хөгжмийн хэрэгслүүдийг ачсан хөлөг онгоц Кабо-Вердегийн далайн эрэг дээр хөвөн ирсэн. Хачирхалтай нь тус хөлөг онгоцны багийн гишүүд хаанаас ч олдоогүй бөгөөд хожим тус хөлөг онгоцыг “Сүнс” хэмээн нэрлэсэн. Нэгэнт тус бараануудыг хариуцах хүн байгаагүй тул хөгжмийн цахилгаан гаруудыг сургуулийн сурагчдад тараан өгсөн.
БАРИМТ 15
Кабо-Вердегийн зэвсэгт хүчин түүхэндээ зөвхөн 1974-1975 оны хооронд Португалийн зэвсэгт хүчний эсрэг тусгаар тогтнолынхоо төлөө тулалдаж байсан. Одоогоор тус улсад 1,200 идэвхтэй цэргийн албан хаагчид байгаа. Мөн Кабо-Верде улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 0.7 хувийг батлан хамгаалахын салбартаа зарцуулдаг. Учир нь Кабо-Верде улс маш тайван, тогтвортой улс төртэй орон юм.
БАРИМТ 16
Кабо-Верде улсын арлууд дээрх цор ганц уугуул хөхтөн амьтан бол урт чихт сарьсан багваахай. Уг амьтан нь дунджаар 4-5 насалдаг бөгөөд 20-30 сантиметр далавчны урттай буюу маш жижиг хэмжээтэй. Мөн тус улсын үндэсний ундааг “Грог” гэдэг. Энэхүү ундааг чихрийн нишингэнээс гаргаж авдаг ба 43 хувь хүртэлх градустай байдаг.
БАРИМТ 17
Кабо-Вердегийн үндсэн хоол бол эрдэнэ шиш. Харин хамгийн алдартай хоолыг нь “Качупа” гэдэг. Капучаг шош, маниок гэх эрэг ургамлуудыг махтай хольж бэлтгэдэг. Энэхүү шөлийг амтлахаасаа өмнө хэдийн цагийн турш буцалгадаг. Кабо-Вердечүүдийн ядуурлын түвшин 2001 онд 37 хувь байсан бол 2007 он гэхэд 27 хувь болтлоо буурсан.
БАРИМТ 18
Олон тооны идэвхтэй галт уулс, хар шуурга, цунами, ган гачиг гэх зэрэг байгалийн гамшгаас болж 2020 онд Кабо-Верде улс дэлхийн 11 дэх, Африк тивийн хоёр дахь байгалийн гамшгийн хохирогч болох хамгийн өндөр магадлалтай орноор нэрлэгдсэн. Кабо-Верде улсад ямар ч хурдны зам байхгүй.
БАРИМТ 19
Дэлхий даяарх жуулчдаас авсан санал асуулгаас үзэхэд Кабо-Вердегийн Прайа де Санта Мариягийн далайн эрэг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 25 далайн эргийн жагсаалтад багтсан. Тус улсын албан ёсны мөнгөн тэмдэгтийг “Кабо-Верде Эскудо” гэдэг. Өнөөдрийн байдлаар 105 кабо-верде эскудо нэг ам.доллартай тэнцэж байна.
БАРИМТ 20
Кабо-Верде улс 2017 онд нэгэн чухал мэдэгдэл хийсэн. Энэ нь тус улс 2025 он гэхэд улсынхаа хэрэглээний бүх цахилгааныг дахин боловсрогдох эрчим хүчнээс гаргаж авах чадамжтай болох байв. Одоогоор тэд уг төслийнхөө хүрээнд бэлтгэл ажлуудаа идэвхтэй хийсээр байгаа.
БАРИМТ 21
Кабо-Верде улсад хамгийн алдартай спорт бол сагсанбөмбөг. Тус улсын сагсанбөмбөгийн үндэсний шигшээ баг 2007 оны Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож гуравдугаар байранд шалгарч байсан удаатай. Бидний хамгийн сайн мэдэх сагсанбөмбөгийн кабо-верде тамирчин бол NBA-гийн Атланта Хокс, Кливленд Кавальерс, Торонто Рэпторс гэх багуудад тоглож явсан Валтер Тавариш юм.
БАРИМТ 22
Сагсанбөмбөгөөс гадна Кабо-Верде улсад хөлбөмбөг нэлээд алдартай. Кабо-Вердегийн үндэсний хөлбөмбөгийн шигшээ баг 2015 онд дэлхийн шилдгүүдийн нэг болох Португалийн шигшээ багийг 2:0 харьцаатайгаар буулган авч байсан нь тус улсын хувьд түүхэн хожил байв. Учир нь Кабо-Верде улс Португалийн колон байсан.
БАРИМТ 23
Кабо-Вердегийн баг тамирчид 1996 оноос хойш олимпын наадамд оролцож эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл нэг ч медаль хүртээгүй. Тус улсын боловсролын систем нь Португали улсынхтай төстэй бөгөөд 15-аас дээш насны хүн амынх нь 90 гаруй хувь нь бичиг үсэг тайлагдсан. Мастер болон докторын зэрэг хамгаалж буй кабо-ведечүүдийн гуравны хоёр нь эмэгтэйчүүд байдаг.
БАРИМТ 24
Кабо-Верде улсыг зорьсон жуулчид бусад арлуудаас илүүтэйгээр Сал гэх арал руу ихэвчлэн очдог. Энэ нь тус арлын үзэсгэлэнтэй байгаль болон найман километрийн урттай үзэсгэлэнт далайн эрэгтэй нь холбоотой. Мөн Кабо-Верде улс хүний хөгжлийн индексээрээ Африк тивд 11-ээр байранд эрэмбэлэгддэг.
Сэтгэгдэл (1)