БАРИМТ 1
Гренада улс нь 348.5 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай (дэлхийд 185 дугаар байранд) ба Карибын тэнгис дэх Гренадины арлын гинжин хэлхээний өмнөд төгсгөлд нь оршдог. Гренада улс гол арал болох Гренада арал, Карриаку ба Бяцхан Мартиник гэх хоёр жижиг арлууд болон Гренада арлын хойд хэсэгт байрладаг бичил арлуудаас бүтдэг.
БАРИМТ 2
Гренада улс самар, булцууны үр тариа зэргийг ихээр тариалдаг бөгөөд үүнээс болж “Амтлагчийн Арал” гэх хоч нэртэй болсон. Тус улстай Тринидад ба Тобаго, Венесуэл, Винсент ба Гренадин гэх орнууд хамгийн ойрхон оршдог. Улсын нийслэлийг Сент-Жоржес гэдэг.
БАРИМТ 3
Гренада улсын нийт хүн ам нь 112,000 бөгөөд тэдний 90 гаруй хувь нь христийн шашинтай. 80 гаруй хувь нь Африк гаралтай хүмүүс байдаг. Христофер Колумб өөрийнхөө Америк тив рүү хийсэн гурав дахь аяллынхаа үеэр 1498 онд Гренадаг анх нээсэн. Тухайн цагаас өмнө Гренада улсын газар нутаг дээр Өмнөд Америкийн уугуул иргэд суурьшин амьдарч байв.
БАРИМТ 4
Европчууд тус арлуудыг эзлэн авахын тулд хэд хэдэн дайралтуудыг хийсэн ч амжилтад хүрэхгүй байсаар байв. Харин Францын эзлэн түрэмгийлэл 1649 онд эхэлж бүтэн зууны турш үргэлжилсэн. Улмаар францууд Парисын гэрээний дагуу Гренадаг удирдах эрхийг Их Британид шилжүүлэн өгсөн.
БАРИМТ 5
Тухайн цаг үеэс хойш Их Британи, Гренадаг 1974 он хүртэл колоничлосон (1779-1783 оны хооронд Францын эзэнт гүрэн түр зуур Гренадаг удирдсаныг эс тооцвол). Гэхдээ 1967 онд Гренада нь холбоот улсын хувьд дотоод хэрэгтээ бүрэн бүрэн автономит эрх олгосон ба 1958-1962 оны хооронд Британийн Карибын тэнгисийн колон улсуудын буюу Баруун Энэтхэгийн холбооны нэг хэсэг байсан.
БАРИМТ 6
Тэд 1974 оны хоёрдугаар сарын 7-нд Эрик Гейригийн (Гренадагийн анхны ерөнхий сайд) удирдлага дор тусгаар тогтносон бөгөөд хоёрдугаар Элизабетийг өөрсдийн улсын хатан хаанаар хүлээн зөвшөөрч Хамтын нөхөрлөлийн орнуудын эгнээнд элссэн. Гэвч 1979 оны гуравдугаар сард цуст төрийн эргэлт болж Морис Бишоп тэргүүтнүүд Эрик Гейригийн Засгийн газрыг түлхэн унагааж Ардын хувьсгалт Засгийн газрыг байгуулсан.
БАРИМТ 7
Уг төрийн эргэлтийн үеэр Эрик Гейри амиа алдсан. Гэхдээ 1983 оны аравдугаар сард Ардын хувьсгалт армийн гишүүд Морис Бишопыг баривчилж цаазаар авсан. Тус цагаас хойш Гренада улс буцаад ардчилсан засаглалтай болсон бөгөөд тус улсын улсын төр өнөөдрийг хүртэл тогтвортой хэвээр байна.
БАРИМТ 8
Гренада улсын албан ёсны хэл нь англи хэл боловч ихэнх иргэд нь англи болон франц хэлийг хольж өвөрмөц байдлаар ярьдаг. 2004 оны есдүгээр сард тохиолдсон Иван гэх хар шуурга Гренада улсын айл өрхийн 90 хувьд нь хохирол учруулсан. Тэд хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 74 дүгээр байранд бичигддэг.
БАРИМТ 9
Гренада улсад “Харайх дов” гэх алдартай газар бий. Түүхэнд өгүүлдгээр францчуудын эсрэг тулалдаад тэдэнд хөөгдөж байсан нутгийн уугуул иргэд буланд шахагдаж оргох гарцгүй болсон бөгөөд аргагүйн эрхэнд уг довноос үсэрч амь үрэгдэцгээсэн. Тус улсын үндэсний хоолны нэр нь “Тослох” гэж орчуулагддаг ба гренадачууд коконатын сүүг хоолон дээрээ хийж ширгэх хүртэл нь буцалгадаг юм байна.
БАРИМТ 10
Гренада улсын оршдог бүс нутгаар хар салхи ихээхэн салхилдаг хэдий ч Гренада улс сүүлийн 50 жилд гурван удаа л хар салхины хохирогч болсон. Ихэнх хар салхи тус улсын урдуур тойрон өнгөрдөг юм байна. Гренада улсын үндэсний бэлгэдэл болсон шувуу бол гренада тагтаа. Уг тагтаа нь бор өнгөтэй бөгөөд маш ховор төрөл зүйл.
БАРИМТ 11
Гренада улсад дэлхийн хамгийн анхны усан доорх хөшөөн парк бий. Уг хөшөөнүүд нь Гренада арлын баруун эргийн ёроолд байрласан бөгөөд шүрэн хадыг боловсруулж далайн амьтдын амьдралд сөргөөр нөлөөлөхгүй байхаар байгалийн жамаар суурилуулагдсан. Уг хөшөө нь бие биеийнхээ гараас барин тойрог хэлбэрээр зогссон хүмүүсийг дүрсэлдэг.
БАРИМТ 12
Гренада улсын анхны олон улсын нисэх онгоцны буудал 1985 онд байгуулагдсан. 1985 оноос өмнө Гренада улс руу хүмүүс усан онгоцоор болон хувийн нисдэг тэргээрээ ирдэг байсан. Гренада улсын албан ёсны хэл нь англи гэж бид өмнө нь хэлсэн. Тэгвэл тэд АНУ-тай илүү ойрхон оршдог хэдий ч хүүхдүүдэд британи маягийн англи хэлийг зааж сургадаг.
БАРИМТ 13
Гренада бол дэлхийн бөмбөрцгийн баруун хагас дахь хамгийн жижиг орнуудын нэг. Гренадачууд бие биетэйгээ үргэлж мэндэлдэг. Энэ нь тэдний өдөр тутмын амьдралын хамгийн гол хэсгүүдийн нэг. Мөн гадаад худалдааны хувьд тэдэнтэй хамгийн дотно улс бол АНУ. Гренада улсын ихэнх бараанууд АНУ-аас импортлогдож орж ирдэг.
БАРИМТ 14
Батлан хамгаалахын хязгаарлагдмал төсвөөс болж Гренада улс зэвсэгт хүчнээ эх орондоо бэлтгэж чаддаггүй. Тиймээс тэд хууль сахиулах ажилтнуудыг цэргийн мэргэжил эзэмшүүлж, чадварыг нь ахиулахын тулд өөр улсуудад алба хаалгадаг. Мөн Гренада улсын хүүхдүүдэд Куба болон Их Британи улсууд их хэмжээний тэтгэлэг өгч эх орондоо чанартай боловсрол эзэмшүүлдэг.
БАРИМТ 15
Дэлхий дээр байдаг гурван төрлийн кокоанууд бүгд Гренада улсад ургадаг. Ийм учраас Гренадагийн шоколаднууд маш амттай байдаг бөгөөд тэд их хэмжээний шоколад үйлдвэрлэдэг. Та Гренада улс дахь Белмонт эдлэн газар, Шоколадны байшин гэх зэрэг газруудад очиж шоколадыг хэрхэн үйлдвэрлэдэг үе шатыг нь өөрийн нүдээр үзэх боломжтой.
БАРИМТ 16
Гренада улсын загасчид зөвхөн 85 онгоцоор туна загас агнадаг. Тэдгээр нь жил бүр олон сая ам.долларын ашгийг улсынхаа эдийн засагт оруулдаг. Гэхдээ зарим тохиолдолд тэдгээр онгоцнуудыг далайн дээрэмчид болон үл мэдэгдэх хөлөг онгоцнууд дээрэмдэж бүх тунаг нь хураан авдаг гэнэ.
БАРИМТ 17
1983 онд АНУ, Гренада улс руу довтолж байсан бөгөөд долоо хоногийн дотор өөрсдийнхөө ялалтыг зарласан. Сонирхолтой нь АНУ-ын довтолж эхэлсэн өдөр Талархлын баяр буюу Гренада улсад бүх нийтийн амралтын өдөр тохиолддог. Мөн Гренада улсад 50 гаруй далайн эрэг байдаг бөгөөд тэдгээр нь бүгд маш үзэсгэлэнтэй.
БАРИМТ 18
Гренада улс бол үлэг гүрвэлүүдтэй мөр зэрэгцэн дэлхий дээр амьдарсаар ирсэн дэлхийн хамгийн том хэвлээр явагч арьсан хуягт далайн яст мэлхий өндөглөдөг гол цэгүүдийн нэг. Одоогоор дэлхий дээр уг төрөл зүйлийн 35,000 гаруй эмэгтэй бодгаль үлдсэн. Мөн 1,000 өндөг тутмын зөвхөн нэг нь л амьд үлдэж насанд хүрсэн яст мэлхий болдог.
БАРИМТ 19
Гренада улсын нийт газар нутгийг тал гаруй нь ой моддоор бүрхэгддэг боловч арлууд дээр нь ямар ч хортой могой байхгүй. Уг улсын албан ёсны мөнгөн тэмдэгт нь “Зүүн Карибын Доллар” (нийт 8 улсын албан ёсны мөнгөн тэмдэгт) бөгөөд өнөөдрийн байдлаар 2.69 зүүн карибын доллар нэг ам.доллартай тэнцэж байна.
БАРИМТ 20
Гренада улсад Гранд Этанг гэх нэгэн сонирхолтой нуур бий. Уг нуурыг хүмүүс ёроолгүй гэж үздэг. Учир нь урьд өмнө нь хэн ч Гранд Этангийн ёроолд хүрч байгаагүй. Тус нуур нь унтарсан галт уулан дээр тогтсон юм байна. Энэ мэт шалтгаануудаас болоод Гранд Этанг жуулчдын хамгийн ихээр цугладаг газруудын нэг болсон.
БАРИМТ 21
Гренада улсын хамгийн чухал баяр бол багт наадам. Уг баярыг тэд наймдугаар сарын хоёр дахь долоо хоногийн турш өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Гренадачууд дундаж наслалт 75.2 жил бол бичиг үсэг тайлагдсан байдал нь 98.6 хувь. Тэд боловсролыг нэлээд чухалчилдаг ард түмэн бөгөөд 2016 онд улсынхаа нийт төсвийн 10 хувийг тэр чигт нь боловсролын салбарт зарцуулж байсан удаатай.
БАРИМТ 22
Гренада улсад хамгийн алдартай спорт бол крикет. Тэд 2007 оны Крикетийн Дэлхийн цомыг Карибын тэнгисийн орнуудтай хамт зохион байгуулсан. Мөн Гренада улсын тамирчид олимпын наадамд 1984 оноос хойш оролцож байгаа бөгөөд 2012 оны Лондоны олимпоос анхныхаа алтан медалийг хүртсэн.
БАРИМТ 23
Тус медалийн эзнийг Кирани Жеймс гэдэг бөгөөд эрэгтэйчүүдийн 400 метрийн гүйлтийн төрөлд өрсөлддөг тамирчин. Тэрбээр 2011 оны дэлхийн аварга, 2012 оны олимпоос гадна 2016 оны олимпоос мөнгө, 2020 оны олимпоос хүрэл медалийг тус тус хүртсэн. Гренада улс түүхэндээ нийт гурван удаа олимпоос медаль хүртэж байсан ч тэдгээр медалиуд нь бүгд Кирани Жеймсийнх.
БАРИМТ 24
Гренада улсын төрийн далбаа нь улаан, шар, ногоон өнгөнүүдээс бүрддэг, нэлээд өвөрмөц загвартай. Ногоон өнгө нь арлуудын газар тариалан болон байгалийн үзэсгэлэнг, шар өнгө нь нар болон гренадачуудын мэргэн ухааныг, улаан өнгө нь эв нэгдэл, эр зориг болон эрч хүчийг тус тус бэлгэддэг.