БАРИМТ 1
Коморосын Холбооны улс буюу Коморос улс нь 1,861 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай (дэлхийд 170-аар байранд) Африк тивийн зүүн талд Энэтхэгийн далай дахь Мозамбик сувгийн хойд төгсгөлд байрладаг арлын орон. Коморос улс далайн хилээ Мадагаскар, Танзани, Мозамбик, Сейшел гэх улсуудтай хуваадаг.
БАРИМТ 2
Коморос улсын нийт хүн ам нь 850,000 бөгөөд тэдний 98 хувь нь исламын шашинтай ба 86 гаруй хувь нь Араб, Африкчуудын цус холилдсон хүмүүс байдаг. Улсын нийслэлийг нь Морони гэдэг. Харин албан ёсны хэлнүүд нь Араб, Коморос болон Франц.
БАРИМТ 3
Коморос улс бол тэр чигтээ дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст байрладаг цор ганц Араб лигийн орон юм. Уг улс нь Араб лигээс гадна Африкийн холбоо, Энэтхэгийн далайн комисс, Исламын хамтын ажиллагааны байгууллага гэх мэт олон улсын холбоонуудын гишүүн.
БАРИМТ 4
Коморос улсын газар нутгийг маргаантай Майотта арлыг оруулахгүйгээр тооцвол тэд Африк тивийн дөрөв дэх жижиг улс. Янз бүрийн соёл иргэншлүүдийн уулзвар дээр үүссэн үндэстний хувьд Коморос улс өвөрмөц соёл, түүхээрээ алдартай. Коморос улсын төрийн дууллын нэрийг нь орчуулбал “Агуу арлуудын нэгдэл” гэх утгатай.
БАРИМТ 5
Коморос арал дээр хамгийн анх Австронезчууд буюу одоогийн индонез, малайз гэх мэт Зүүн Өмнөд Азийн орнуудын өвөг дээдэс суурьшсан ба тэдний ардаас банту, зүүн африкийн овог аймгууд, арабууд Коморос улсын газар нутаг дээр хөл тавьцгаасан. Коморосын арлууд 19-ээр зуунд Францын эзэнт гүрний колон улс болсон бөгөөд 1975 онд тусгаар тогтнолоо зарласан.
БАРИМТ 6
Коморос улс үндсэн гурван том арал болон хэд хэдэн бичил арлуудаас бүрддэг. Гурван том арал нь франц нэршлээрээ (англи нэрсийг нь хаалтан дотор бичсэн.) дэлхий нийтэд илүү танигдсан. Тэдгээр нь Гранде Коморе (Нгазиджа), Мохели (Мвали) болон Анжоуан (Ндзвани) гэх нэртэй.
БАРИМТ 7
Яг үнэндээ Коморос улс гурав биш дөрвөн арлаас бүрддэг байсан боловч Майотта арал 1974 онд Франц улсаас салан тусгаарлах тухай санал хураалтад тусгаар тогтнолын эсрэг байр суурьтай байгаа гэдгээ мэдэгдсэнээр Франц улсын эзэмшил хэвээр үлдсэн. Улмаар олон жил маргаан дагуулсны эцэст тус арал нь 2011 онд албан ёсоор Франц улсын гадаад дахь хэлтсийн хувиар тус улсын нэг хэсэг болсон.
БАРИМТ 8
Коморос улс тусгаар тогтнож бүрэн эрхт улс болсноос хойш тэнд 20 гаруй төрийн эргэлт болон төр эргүүлэх оролдлогууд бүртгэгдсэн ба хэд хэдэн төрийн тэргүүнүүд нь хөлсний алуурчдын гарт амиа алдсан. Тогтворгүй улс төрийн байдлаас болж Коморос улс нь дэлхийн хамгийн муу орлогын тэгш бус байдалтай орон болсон.
БАРИМТ 9
Мөн Коморос улс нь хүний хөгжлийн индексээрээ дэлхийн хамгийн сүүлийн бүлэг улсуудын дунд багтдаг. 2008 оны байдлаар Коморос улсын хүн амын тэн хагас нь нэн ядуу буюу өдөрт 4,000 төгрөгийн төсөвтэй амьдарч байсан. Мөн тус улс нь ерөнхийлөгчийн засаглалтай ба одоогийн төрийн тэргүүнийг нь Азали Ассумани гэдэг.
БАРИМТ 10
Анх Коморосын арлууд дээр 1503 онд Португалийн далайчид хөл тавьж дэлхийн газрын зураг дээр Коморос улсыг тэмдэглэсэн. Тэд 1978 оны аравдугаар сарын 1-нд Исламын Холбооны Бүгд Найрамдах Коморос гэх нэртэй болсон хэдий ч 2001 онд улсынхаа нэрийг Коморосын Холбооны улс болгон өөрчилж 2009 онд одоогийн үндсэн хуулиа баталсан.
БАРИМТ 11
Коморос улсын хамгийн өндөрлөг цэг нь далайн түвшнээс дээш 2,360 метрийн өндөрт оршдог Картала уул юм. Уг уул нь идэвхтэй галт уул бөгөөд 19-ээр зуунаас хойш нийт 20 удаа дэлбэрснээс хамгийн сүүлийнх нь 2007 онд тохиолдсон. Уг галт уулнаас болж Коморос улсын нийслэлийг Морони гэж нэрлэсэн. Учир нь Морони гэх үг “Галын зүрхэнд” гэх утгатай.
БАРИМТ 12
Коморос улсаас 146 төрөл зүйлсийн шувууд бүртгэгдсэн. Тэдгээр шувуудыг судлаачид бүртгэж авах үед 140 нь өөр улсаас олдож байгаагүй шинэ төрөл зүйлийн шувууд байв. Мөн Коморос арал нь “Үнэрт арлууд” гэх хоч нэртэй. Учир нь тус улсын арлууд дээр олон төрлийн анхилуун үнэртэй ургамлууд их хэмжээгээр ургадаг.
БАРИМТ 13
Шувуудаас гадна Коморос улсад хэд хэдэн төрөл зүйлсийн хөхтөн амьтад амьдардаг. Гэхдээ Коморосын арлуудын галт уулын дэлбэрэлтүүдээс болж тэдгээр нь зөвхөн сарьсан багваахай болон далайн амьтад байдаг юм байна. Коморос улс дэлхий нийтийн иланг-иланг гэх цэцгийн нийт хэрэглээний 80 хувийг нь дангаараа хангадаг. Уг цэцэг нь үнэртэй усны орцод ордог хамгийн чухал бүтээгдэхүүнүүдийн нэг юм.
БАРИМТ 14
Коморос улс Мохели усан паркийг 2001 онд улсын хамгаалалтад авсан. Уг паркт бөгтөр халим, аварга загас (акул), коэлакант загас гэх зэрэг ховор төрлийн загаснууд амьдардаг. Мөн тус парк нь тус улсын хамгийн анхны хамгаалалттай бүс нутаг болсон. Үүнээс гадна Коморос улсын галт уулсын аварга том тогоонууд дээр тогтсон давстай нууруудыг дээрээс нь харах үнэхээр үзэсгэлэнтэй.
БАРИМТ 15
Коморос бол дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн ямар нэгэн өвгүй дэлхийн 27 улсын нэг. Гэхдээ ирээдүйд ЮНЕСКО-д бүртгэгдэх боломжтой дөрвөн газар тус улсад бий. Мөн Коморос улс бол хамгийн цөөн тооны жуулчид хүлээн авдаг орнуудын нэг. 2017 онд 28,000 жуулчид Коморос улсаар зочилсон.
БАРИМТ 16
Коморос гэх нэр нь араб хэлний “Жузур ал Камар” гэх үгнээс гаралтай бөгөөд орчуулбал “Сарны арлууд” гэх утгатай. Тус улсын үндэсний хоол нь өтгөн ванилийн соустай шарсан хавч. Мэдээж арлын орон тул Коморос улсын иргэд ихэвчлэн далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг.
БАРИМТ 17
Коморос улсын албан ёсны мөнгөн тэмдэгт нь “Коморын франк” бөгөөд өнөөдрийн байдлаар 463 коморын франк нэг ам.доллартай тэнцэж байна. Тус улсад хумхаа өвчин маш өргөн цар хүрээг бүрхэн тархаж байсан ба 2007-2013 оны хооронд тус улсын бүх иргэдэд гурван тун хумхаа өвчний эмийг уулгаснаар 2014 онд хумхаа өвчин Коморос улсаас устан үгүй болсон.
БАРИМТ 18
Коморос улс ижил хүйстнүүдийг хуулийн дагуу хориглодог. Хэрэв хүмүүс уг улсад ижил хүйстэн гэдгээ мэдэгдэх юм бол 10 сая гаруй төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгуулж хамгийн ихдээ 5 жил шоронд хоригдох шийтгэлийг хүлээж магадгүй. Гэхдээ уг хууль нь тэр бүр хүчин төгөлдөр үйлчлээд байдаггүй.
БАРИМТ 19
Коморос улсын төрийн далбаа нь ногоон, цагаан, шар, цэнхэр, улаан, өнгөнүүдээс бүрддэг нэлээд өнгөлөг загвартай. Дөрвөн өнгийн хэвтээ зурааснууд болон дөрвөн одны дүрс нь Коморос улсыг бүрдүүлэгч дөрвөн арлуудыг бэлгэддэг ба далбааны захад байрлах хавирган сар болон ногоон өнгө нь исламын шашныг илтгэдэг. Шар-Мохели арал, цагаан-Майотта арал (Франц улсын эзэмшил), улаан-Анжоуан арал, цэнхэр-Гранде Коморе арал.
БАРИМТ 20
Коморос улсын зэвсэгт хүчин нь цагдаагийн алба хаагчдыг оролцуулбал 1,000 гаруй цэрэгтэй. Тэд ихэвчлэн далайн эргийн харуулд гардаг ба агаарын хүчний бэлтгэл хийдэг юм байна. Мөн Коморос улсын хүсэлтээр Франц улс хэд хэдэн цэргийн өндөр албан тушаалтнуудаа Коморосд ажлуулдаг бөгөөд Майотта арал дээр Францын усан цэргийн бичил бааз бий.
БАРИМТ 21
Коморос улсын тамирчид өвлийн олимпд оролцож үзээгүй бөгөөд зуны олимпоос мөн ямар нэгэн медаль хүртэж үзээгүй. Тус улсын Олимпын хороо нь 1979 онд байгуулагдаж 1993 онд Олон улсын олимпын хороонд хүлээн зөвшөөрөгдсөн. Коморос улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Гэхдээ тэдний шигшээ баг тив дэлхийн хэмжээнд дурдахуйц амжилт гаргаж байгаагүй.
БАРИМТ 22
Коморос улс халуун орны зөөлөн уур амьсгалтай бөгөөд хур тунадас унадаг хэмжээгээрээ ялгаатай үндсэн хоёр улиралтай. Борооны улирлын хамгийн халуун улирал нь тавдугаар сар бөгөөд агаарын хэм Цельсийн 29-30 хэм хүртэл нэмэгддэг. Харин хуурай улирлын хамгийн хүйтэн үед агаарын хэм Цельсийн 19 хэм хүртэл багасдаг. Мөн тус улсад хар салхи бараг л тохиолддоггүй.
БАРИМТ 23
Коморос улсын иргэдийн 90 гаруй хувь нь араб цагаан толгойг мэддэг бол тэн хагас нь латин цагаан толгой мэддэг. Учир нь тус улсад албан ёсны бичиг гэж байхгүй бөгөөд иргэд нь араб эсвэл латин цагаан толгойг мэдэж байвал бичиг үсэг тайлагдсан гэж тооцогддог. Мөн Коморос улсад багш нарын цалин нэлээд бага байдаг тул хүмүүс сургуульд багшлахын оронд өөр ажил хийхийг илүүд үздэг.
БАРИМТ 24
Коморос улсад ихэнх сурагчид Коран гэх хүүхдүүдэд багаас нь араб хэл зааж өгдөг сургуульд сурч байгаад Францын боловсролын системтэй сургууль руу шилжин суралцахыг илүүд үздэг. Ингэснээр тэдэнд ирээдүйд Францын их дээд сургуулиудад элсэн суралцаж чанартай боловсрол эзэмшиж, цаашлаад тэнд оршин суух боломж нээгддэг.